Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

   2023            10                 19                                                     2023/ШЦТ/142                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: А.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: 

Өөрийн хийсэн  гэм бурууг ойлгож байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Байгалмаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Наранбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

-Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, /хавтаст хэргийн 45, 46, 47, 48, 49-51, 52, 53 дахь тал/,

 

-Хохирогч Б.Оийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 80 дахь тал/,

 

-А.Нын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 31-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хойно байрлах тоглоомын талбайд Б.Отэй "...нэгнийгээ байхгүй хойгуур эхнэрийг нь пиво ууя гэж дууддаг...’’ гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие, эрх чөлөөнд нь халдсаны улмаас хохирогчийн биед “духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оийн өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 00-ын нүх ухах гээд багаж хэрэгсэл хэрэг болоод найз Намсрайжав руу залгахад "Би Наркаагийнд байна. Бид хоёр машин янзалж байна. Хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд би Наркаагийн гэрт хүрээд очиход хашаанд нь Наранбаатар, Намсрай бас үл таних нэг залуу машин янзлаад пиво уугаад байж байсан. Тэгээд дахиж хэдэн пиво нэмж аваад Цогтцэций сумаас хойш хүүхдийн тоглоомын талбайн хашааны дотор орж пиво уусан. Тэгээд эхний нэг пиво ууж байгаад би бие засчхаад ирэхэд Намсрай надад “Чи Наранбаатарын эхнэрийг яах гэж дуудсан юм. Танай ажлынхан чинь угаа банзал гичийнүүд, дандаа нэг нэгэнтэйгээ явалддаг. Чи угаасаа явалдах гэж Наранбаатарын эхнэрийг дуудсан биз дээ" гэж хэрүүл эхлээд Намсрай миний зүүн хацар луу гараараа нэг удаа цохиж унагаад дээрээс дэвсээд нүүрэн дээр дарж байгаад гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би босоод явах гэхэд Намсрай ардаас татаж унагаад дахиад хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Байгалмаагийн өгсөн “...Манай нөхөр Отгонтөгс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шинэ авсан хашаандаа 00-ын нүх ухлаа гээд гэрээсээ гараад явсан.... Үүний дараа 21:00 цагийн үед нөхрийгөө авахаар эргээд уг талбай дээр очиход манай нөхөр Отгонтөгсийн дух нь хавдчихсан, хамт ууж байсан найзуудыгаа “та нар намайг зодсон” гээд байж байсан. Тэгээд би Отгонтөгсийг аваад гэр лүүгээ явах гэтэл Намсрай гэх залуу Отгонтөгсийн ардаас хүрч ирээд элэг рүү нь цохиж газар унагаагаад гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөсөн... бүгдээрээ пиво ууцгаасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Наранбаатарын өгсөн “...пиво ууж байх үед Отгонтөгс “Би танай гадаа очиж эхнэр лүү чинь пиво ууя гэж дуудаж байсан” гэж хэлсэн. Тэгээд уг асуудлаас болж Отгонтөгс бид хоёр маргалдахад манай хүргэн Нямсүрэн “Боль боль хэрүүл болоод яахав амарцгаа” гэж хэлж байсан. Тэгэхэд Намсрай уурлаад “чи ийм юм ярих байсан бол дотроо хадгалж явахад яасан юм. Нэгнийгээ байхгүй хойгуур эхнэрийг нь пиво ууя гэж дуудаад байдаг хогийн писда байна” гээд Отгонтөгсийн нүүр хэсэгт 2 удаа гараараа алгадсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бямбасүрэнгийн өгсөн “...Тухайн өдөр Наранбаатар, Намсрайжав бид 3 Наранбаатарын гэрийн гадаа машинд засвар хийгээд пиво уугаад байж байсан. Тэгэхэд Отгонтөгс гэх хүн хүрч ирсэн. Тэр хүн ирээд бид дөрөв хамт пиво ууцгаасан... тэгээд пивоо ууцгаагаад байж байтал Отгонтөгс гэх залуу Наранбаатарт хандан “Танай гэрийн гадаа очиж эхнэр лүү чинь залгаад пиво ууя гээд дуудаж байхад чи гараад ирж байсан” гэж ярьсан. Үүнээс болоод Наранбаатар Отгонтөгс хоёр бага зэрэг маргалдаж байтал Намсрайжав уурлаж “Чи ярих юмаа ярих газартаа очиж яриарай. Нэгнийгээ тээвэрт явсан хойгуур шөнө гэрийнх нь гадаа ирээд архи ууя гэж дуудаад байдаг нь ямар учиртай юм бэ” гэж хэлээд Отгонтөгс гэх хүний нүүр лүү 2 удаа гараараа алгадаж унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай “1.Б.Оийн биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Нын яллагдагчаар өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хойд талд байх тоглоомын талбайд Отгонтөгс, Наранбаатар, Нямсүрэн нарын хамтаар пиво ууцгаасан. Пиво ууж байтал Отгонтөгс Наранбаатарт "Танай хашааны зүүн хойд талд ирээд хамт пиво ууя гэж байх үед чи гарч ирж байсан” гэж өмнө болсон зүйлийн талаар яриад байсан. Тэгэхээр нь би Отгонтөгсөд хандан "Чи ярих юм аа ярих газартаа очиж ярь. Нууц бол нууц чигээр нь үлдээ. Нэгнийгээ тээвэрт явсан хойгуур нь эхнэрийг нь пиво ууя гэж дуудаад байдаг чинь юу юм. Ингэхээр чинь хэн дуртай байх юм" гээд Отгонтөгсийн нүүр лүү гараараа 2 удаа алгачихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч А.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Н нь хохирогч Б.Оийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч А.Н нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч А.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч Б.Оийн биед “духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/  

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Оийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 06 дахь тал/

 

Хохирогч Б.О нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт ирүүлсэн “Б.О надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтас хэргийн 80 дахь тал/

 

Иймд хохирогч Б.О нь шүүгдэгч А.Наас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Нын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.О нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН