| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
2023 10 12 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Шүүгдэгч: В.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бэд холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.Б нь хохирогч Д.Пг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхад буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Пгийн эзэмшлийн Голомт банкны 1********* дугаарын дансанд шилжиж орж ирсэн 17.500.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хувьдаа захиран зарцуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бэд холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б мэдүүлэхдээ:
Миний дансанд 17.500.000 төгрөг орж ирсэн нь үнэн. Тухайн мөнгийг өөрийн зээлийг төлөхөд зарцуулсан. Хохирогч Д.Пд 8.000.000 төгрөгийг өгсөн, үлдэх 9.500.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хохирогчид төлөхөөр харилцан тохиролцсон. Ах дүү нар маань үлдсэн мөнгийг төлөхөд тусалж байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй байна, хууль сайн мэдэхгүйгээс ийм асуудалд орлоо гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/38 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Пгийн эзэмшлийн Голомт банкны 1715153804 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 38 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/93 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Голомт банкны 1********* тоот дансны хуулга /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11/138 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Голомт банкны 1********* тоот дансны хуулга /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,
-В.Бийн Голомт банкны 1********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
-Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/332 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Хаан банкны 5194144228 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 60-69 дэх тал/,
-Буяннэмэхийн эзэмшлийн Хаан банкны 5194144228 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-В.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 89, 90, 91-92, 93, 99 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч В.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Д.Пгийн эзэмшлийн мөнгө болох 17.500.000 төгрөг Голомт банкны 1********* дугаарын дансанд шилжиж орж ирсэн, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хувьдаа захиран зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пгийн өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр фэйсбүүк ухаж байгаад “MNT Найдвартай санхүүжилт” гэсэн хаягаас “Урт хугацаатай, хүү багатай зээл түргэн хугацаанд олгоно, та сонирхож байвал ОК гэж бичнэ үү” гэсэн байхаар би ОК гэж бичсэн. Удалгүй миний Puujee Dorj гэсэн хаяг руу уг хаягаас чат бичиж “Анкет бөглөж байна” гээд миний овог, нэр, төрсөн газар, утасны дугаар, гэрийн хаяг, сонирхож байгаа зээлийн хэмжээ, авах хугацаа зэрэг мэдээллийг надаас авсан. Тэгээд би уг хаяг руу өөрийн мэдээллээ өгөөд 20 сая төгрөгийг 40 сарын хугацаатай хүсэхэд “Таны зээлийг 48 сараас 20 сая төгрөгөөр гаргахаар болж байна та өөрийн интернэт банк руу нэвтэрч дараах https://mr-sedjro.direct-millenium-p.com холбоос дээр дарна уу” гэсэн хариу ирсэн. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой санаандгүй уг холбоос дээр дартал миний утасны дэлгэц дээр голомт банк гэсэн холбоос гарч ирээд алга болсон. Тэгээд би өөрийн утасны интернэтийг унтраагаад сууж байтал оройн 18 цаг 36 минутад голомт банкнаас “Таны хадгаламж барьцаалсан зээл амжилттай холбогдлоо” гэсэн мессеж ирсэн. Би юу болоод байгаа талаар асуух гээд голомт банк руу ярьтал таны хадгаламжийн 1715153804 тоот харилцах данснаас 20 сая төгрөгийн зарлага хийгдсэн байна гэсэн хариу ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/38 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Пгийн эзэмшлийн Голомт банкны 1715153804 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 38 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/93 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Голомт банкны 1********* тоот дансны хуулга /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
-Голомт банкны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11/138 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Голомт банкны 1********* тоот дансны хуулга /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,
-В.Бийн Голомт банкны 1********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
-Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/332 тоот албан бичгээр ирүүлсэн В.Бийн эзэмшлийн Хаан банкны 5194144228 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 60-69 дэх тал/,
-В.Бийн эзэмшлийн Хаан банкны 5194144228 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн “...миний цалин 1.500.000 төгрөгөөс гадна 17.500.000 төгрөг байсан. Тэгээд өөрийн gmail хаяг руу ороод мэдэгдлээ шалгасан чинь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөгөөр нийт 8 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөг орсон байсан. Тэгээд тухайн үедээ 20.000.000 төгрөгийн орлого хийгдсэний араас шууд 2.500.000 төгрөгийн зарлага Энхтүвшин гэх хүний данс руу хийгдсэн байсан. Тэгээд би тухайн өдрөө дансанд орсон мөнгөнөөс зарлага хийгээгүй,...2-3 хоног болсон. Тэгээд надад мөнгөний хэрэг гараад тухайн миний дансанд орсон мөнгөнөөс авч хэрэглэхээр болоод...тухайн мөнгийг захиран зарцуулж эхэлсэн. Тухайн мөнгийг ашиглахдаа өөрийн ойр зуурын хэрэглээ, хаан банкны зээлийг дарахад ашигласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч В.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдагаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдана.
Шүүгдэгч В.Бийн хувьд бусдын эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй ч Голомт банкны 1********* дугаарын дансанд шилжиж орж ирсэн хохирогч Д.Пгийн эзэмшлийн 17.500.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хувьдаа захиран зарцуулж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч В.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч В.Бийг алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Алдаатай гүйлгээ болох 17.500.000 төгрөг нь хохирогч Д.Пгийн мөнгө болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Голомт банкны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/38 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Пгийн эзэмшлийн Голомт банкны 1715153804 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 24-25, 38, 33-34 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Пг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 20 дахь тал/
Хохирогч Д.П нь “шүүгдэгчээс В.Бээс хохиролд 8.000.000 төгрөг авсан, үлдэх 9.500.000 төгрөгийг 2023.11.05-ны дотор шүүгдэгчээс авахаар харилцан тохиролцсон” болох нь хохирогчийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 111 дэх тал/
Иймд шүүгдэгч В.Бээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Пд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь эд хөрөнгөд учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг хохирогчид 2023 оны 11 дүгээр сарын 05-ны дотор төлөхөө илэрхийлсэн, хохирогчид 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч В.Б хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч В.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай оорцог овогт Ванчинхүүгийн Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бэд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч В.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч В.Бээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Пд олгохоор, шүүгдэгч нь эд хөрөнгөд учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг хохирогчид 2023 оны 11 дүгээр сарын 05-ны дотор төлөхөө илэрхийлсэн, 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН