| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2020/01596/И |
| Дугаар | 182ШШ2020/01571 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182ШШ2020/01571
| 2020 07 06 | 182/ШШ2020/01571 |
|
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.А холбогдох
1.871.905 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Ч.А, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г нь Ч.Атой 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2715008231 тоот зээлийн гэрээгээр 3.500.000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч Ч.А нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн төлбөр 971.151 төгрөг, хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрөөс Ч.А нь 2018 онд төлсөн гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гнаас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3.500.000 төгрөгийг 21 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлэн авсан нь үнэн. Гэхдээ дээрх төлбөрийг төлж барагдуулсан. Зээл авснаас хойш осолд орж тахир дутуу болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ч.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 971.151 төгрөг, зээлийн хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 1.871.905 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гаргасан. Хамгийн сүүлийн төлөлтийг 2018 онд хийсэн. Тиймээс 1.871.905 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж,
Хариуцагч нь зээлийг төлж дуусгасан, зээл авснаас хойш олж орж тахир дутуу болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.
Хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Гтай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 271500 тоот зээлийн гэрээ байгуулж, 2 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай, 3.500.000 төгрөгийг, Гнаас зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан…үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н болон хариуцагчийн тайлбараар хариуцагч нь 2013 оны 03 дугаар сарын 22-нд 3.500.000 төгрөгийг авсан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусахаар байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.
Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ч.А 2018 онд зээлийн төлбөрөөс төлсөн гэж тайлбарласан.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ад холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол үндсэн зээл 971.151 төгрөг, зээлийн хүү 701.308 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.446 төгрөг, нийт 1.871.905 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.901 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН