Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2018/0822

 

2018 оны 12 сарын 14 өдөр

  Дугаар  Улаанбаатар хот

128/ШШ2018/0822          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

 

          Нэхэмжлэгч: Т.Б

          Хариуцагч: Авлигатай тэмцэх газар

          Гуравдагч этгээд: Л.БС

          Нэхэмжлэлийн шаардлага: Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Эын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, П.Оюаг, З. н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: иргэн Т.Б миний бие 2016 онд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуурыг хангасан тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХЭГ/1293 дугаар албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.

          Авлигатай тэмцэх газар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянаж үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй атал хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хугацаа хэтрүүлэн Т.Б намайг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэх дүгнэлт өгчээ.

          Энэ асуудлыг тодруулахаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Эд 2016, 2017 онд, Засгийн газрын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.М-ад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, Засгийн газрын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З*******т 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус өргөдөл гаргасан боловч албан ёсны хариу ирүүлээгүй болно.

          Иймд Т.Б миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд нэр дэвшиж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газраас Т.Б миний талаар гаргаж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн захиргааны актыг захиргааны хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад бүрэн эхээр нь гаргуулах хүсэлт гаргаж байна.

          Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл: Авлигатай тэмцэх газрын дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-д заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг минь зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт зааснаар хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэж байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглоно, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д Шүүхийн шийтгэл тогтоол гарах хүртэл хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй, Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Авлигатай тэмцэх газар нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална гэснийг Авлигатай тэмцэх газар үйлдлээрээ зөрчсөн нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл болно.

          Авлигатай тэмцэх газраас Т.Б миний талаар гаргасан дүгнэлтийг бүрэн эхээр нь үзэж танилцсанаар нэхэмжлэлийн шаардлагад холбогдох эрх зүйн үндэслэлийн талаар нэмэлт тайлбарыг гаргах болно.

          Иймд Авлигатай тэмцэх газрын даргын 2016 онд гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн Т.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

          Гурав. Хөөн хэлэлцэх хугацаа: Авлигатай тэмцэх газрын даргын илт хууль бус дээрх захиргааны акттай танилцах талаар гомдол, хүсэлт удаа дараа бичгээр болон амаар гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй. Т.Б надад хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, танилцуулаагүй, гардуулж өгөөгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасан эрх зүйн зохицуулалт нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаанд хамааралтай.

          Иймд Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Авлигатай тэмцэх газрын даргын маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн тул захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж хуульчилсан.

          Тиймээс дээрх үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоохын тулд Авлигатай тэмцэх газрын даргад уг маргаан бүхий актыг гаргах хуулиар олгосон эрх хэмжээ байсан эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйчлэлд хамаарах этгээдийг жагсаасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.3-д төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж зааснаас үзвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д хамаарах албан тушаал гэж үзэхээр байна.

          Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6-д заасныг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад нэр дэвшсэн Т*******ийн Бын Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг-ийг хянуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ХЭГ/1293 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

          Авлигатай тэмцэх газар дээрх албан бичгийн хариуг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5316 дугаар албан бичгээр ...тус газрын мөрдөн шалгах хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Бх, Захиргаа хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Б нар нь 2011, 2012 онуудад Канад улсад байрлах Хойд Америкийн боловсролын нийгэмлэг Сабо институттай оюутан сургахад зориулж гэрээ байгуулж, гэрээний дагуу Канад улс дахь банкны холбогдох дансанд 1.631.238.89 ам долларыг шилжүүлж төсвийн хөрөнгийг үрэгдүүлж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

          С.Бнх нарт холбогдох эрүүгийн 201301000179 дугаартай хэргээс Т.Б нарт холбогдох эрүүгийн 201301000309 дугаартай хэргийг тусгаарлаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Цагдаагийн байгууллагын харьяалан шалгах гэмт хэрэг болох нь тогтоогдсон тул Х******* дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шалгуулж шийдвэрлүүлэхээр шилжүүлж, улмаар уг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

          Дээрх нөхцөл байдал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал-ыг бий болгохоор байна.

          Иймд Т.Б нь нэр дэвшсэн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад дээрх албан бичгийн хариуг хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

          Өөрөөр хэлбэл Т.Бын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт 2016 оны 08 дугаар сарын 10-нд ирүүлснийг хянах явцад 2013 онд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх/-ийн 150.3, 1661 дүгээр зүйл /мөнгө угаах/-ийн 1661.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 664 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн байцаалтын хугацаа тогтоох тухай 5/19 дүгээр прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 23 дугаар прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 37 дугаар тогтоол болон нэхэмжлэгч Т.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

          Харин хяналт, шалгалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсээс хийсний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 37 дугаар тогтоолоор Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуулийн хугацаанд буюу 10 өдөрт багтаан хянаж, хуульд заасан үндэслэлийн дагуу холбогдох хариуг албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж хариуцагчийг буруутган Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцэж гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан байх бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Т.Бд ямар нэг үүрэг хүлээлгэсэн, хориг тавьсан, эрх хассан, түүнийг төрийн албанд хэзээ ч орж болохгүй гэж хориглосон, эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн акт биш бөгөөд хариуцагч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийж дээрх хариуг хүргүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

          Нэхэмжлэгч Т.Б Авлигатай тэмцэх газрын дарга Х.Эд хандан урьдчилсан мэдүүлэг хянасан тухай тодруулахаар өргөдөл удаа дараа гаргасан боловч албан ёсны хариуг Т.Б надад хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, танилцуулаагүй, гардуулж өгөөгүй тул нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэх тайлбарын тухайд:

          Нэхэмжлэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 дугаар албан бичгийн хуулбарыг авах хүсэлтийг гаргасан байна.

          Авлигатай тэмцэх газраас хүсэлтийг хянаж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбарыг авах асуудлаар таныг тухайн албанд томилохоор нэр дэвшүүлж ирүүлсэн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариуг ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн ба уг бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан байх тул Авлигатай тэмцэх газар дээрх хариуг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид хүргүүлсэн байна гэж үзэхээр байна.

          Мөн Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 онд Иргэний нисэхийн үндэсний корпораци төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн энэ үед Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан үзээд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй байна гэж үзэж Зам тээврийн сайдад албан бичиг хүргүүлж байсан. Энэ үед би эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан гэтэл одоо болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэдэг 2 өөр дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

          Иргэний нисэхийн үндэсний корпораци төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан байх бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газар болоод тус агентлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Иргэний нисэхийн үндэсний корпораци төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь тус тусын дүрэмтэй, хоёр тусдаа байгууллага байна.

          Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн гадаад сургалт, түүний зардалтай холбоотой асуудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Иргэний нисэхийн үндэсний корпораци төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хамаарахгүй учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр Т.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 23.7-д заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дпагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.