Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Зд холбогдох

 

зээлийн гэрээ цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч “АБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АБ” ХХК нь Г.Зтай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2100003078 тоот зээлийн гэрээ байгуулж 85 000 000 төгрөгийг зээлийг орон сууц худалдан авахад нь зориулж олгосон. Зээлийг 120 сарын хугацаатай, сарын 2,1 хувийг хүүтэй олгосон. Гэвч Г.З зээл авсан хугацаанаасаа хойш зээл, зээлийн хүүг огт төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Г.Заас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүү 33 274 355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 171 444.34 төгрөг, нийтдээ 118 445 800,14 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд “АБ” ХХК, Г.Зтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулах, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот хаягт байрлах 109.6 мет квадрат орон сууц, 14.31 метр квадрат талбайтай гражаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Эрдэнэ-Оргилтой хамтран Эрэл банкнаас 2013 оны 5 дугаар сард 50 000 000 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сард тухайн барьцаа дээрээ нэмэлтээр 50 000 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээлсэн. Тухайн үед барьцаа хөрөнгө Г.Эрдэнэ-Оргилын нэр дээр байсан.  2016 оны 6 дугаар сар хүртэл бид үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан. Үндсэн зээлээс 37 000 000 төгрөгийг төлж, зээлийн хүүд 50 000 000 гаруй төгрөг төлсөн. Тэгээд тодорхой хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүй улмаас үндсэн зээл дээр зээлийн хүү нэмэгдээд 2016 оны 6 дугаар сард 84 900 000 төгрөг болсон. Тухайн үед Эрэл банк нь АБ болж нэрээ өөрчилсөн байсан. “АБ” ХХК-ийн ажилтнуудтай байнга холбогдож байсан. Тэгэхэд “таны зээл эрсдэлтэй зээлийн ангилалд орж байна, энэ нь та нарын бизнесийн үйл ажиллагаа, хувь хүн дараагийн зээл авахад нөлөөлнө” гэдэг байсан. Бид тухайн үед зээлээ төлөх боломж байгаагүй. Өөр ямар боломжууд байна вэ гэхэд банк орон сууцны зээлийг 2.4 хувийн хүүтэй олгож байсныг хүүг 2.1 хувь болгож бууруулаад өмнөх зээлийг шилжүүлж 85 000 000 төгрөгөөр барьцаанд байсан орон сууц худалдах, худалдан авах үндсэн зээл болгож, Г.Эрдэнэ-Оргилын нэр дээрх барьцаа хөрөнгийг Г.Зын нэр дээр шилжүүлж, шинэ зээл болгож гаргасан гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан АБ, Г.З нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, Г.Заас 118 445 800 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулж АБинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2204028759 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7, 8 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 14.31 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 820 380 төгрөг гаргуулж АБинд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь өөр зээлийг хаах зорилгоор дүр эсгэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр биш. Өөрөөр хэлбэл зээлийн хүү тооцох эрх зүйн үндэслэл байхгүй атал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээр 118 445 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 33 445 800 төгрөг нь зээлийн хүү тул тус мөнгөн дүнг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг. Иймд шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээс 33 445 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “АБ” ХХК шүүхэд хандан, хариуцагч Г.Зтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулан, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 85 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Талууд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “АБ” ХХК нь зээлдэгч Г.Зд 85 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Зын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байрны Б блокын 7 тоотод байрлах 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон 14.31 м.кв талбай бүхий 8 тоот автозогсоолыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна. /хх-4-11 дэх тал/

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй, өмнөх зээлийн үүргийг хаах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл Эрэл банк /хуучин нэрээр/ нь иргэн Г.Эрдэнэ-Оргил, Д.Ундармаа нартай 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13/163 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тэдгээрт 50 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэн, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 39 дүгээр байрны 7 тоот  орон сууц, 8 тоот автозогсоолыг барьцаалсан байжээ. /хх-50-55 дахь тал/ Улмаар Г.Эрдэнэ-Оргил, Г.З нартай мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 13/295 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэн дээрх хөрөнгийг давхар барьцаалсан байна./хх-56-63 дахь тал/

Зээлдэгч Г.Эрдэнэ-Оргил, Д.Ундармаа, Г.З нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талууд харилцан тохиролцон тооцоо нийлж, өмнөх 2 зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон шинээр 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн болон барьцааны гэрээг Г.Зтай байгуулсан үйл баримт нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-4-7 дахь тал/

Үүнээс дүгнэвэл, талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон байх тул “АБ” ХХК, Г.З нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан зээлийн болон ипотекийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс гэрээний нэг тал нь нөгөөгөөсөө үүрэг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч Г.З нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 85 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Зохигчид гэрээгээр зээлийг хүүтэй олгохоор, мөн зээлийн гэрээний 1.10-т зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарь хавсралт 1-д заасны дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. 

Хариуцагч Г.З нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдэгт маргаагүй учир түүнээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 118 445 800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325 179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ч.ЦЭНД