| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/139 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/139
2023 10 10 2023/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э,
Шүүгдэгч: О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өсөхжаргалд холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч О.Өнь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р баг, Б ***тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ц.Б-ийн бие, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дагзанд няцарсан шарх, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өсөхжаргалд холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө мэдүүлэхдээ:
Бид уг нь барилдаж байсан. Барилдаж байхад толгой нь хагарсан байсан. Толгой хагарлаа гээд энэ тэнд очиж унаад босож чадахгүй байсан. Босоод ирэхээр нь би толгойг нь угааж өгчихөөд гэртээ ороод унтсан. Б эхнэр дуудаад байна гэртээ харилаа гээд явсан. Бид хоёрт муудсан юм байхгүй зүгээр барилдаж байсан гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зохигчид өөрийн гэртээ хохирогч Б, Шинэжаргал, Хуяг-Эрдэнэ нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Хохирогч мэдүүлэгтээ Өсөхжаргалтай маргалдсан гэсэн мэдүүлэг байдаг гэтэл хохирогчийн мэдүүлгийг гэрч Шинэжаргал, Хуяг-Эрдэнэ нар тухайн үед маргаан болсон зүйл байхгүй гэж мэдүүлдэг тийм учраас хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна. Түүний маргаан болсон гэдэг мэдүүлэг гэрч Шинэжаргал, Хуяг-Эрдэнэ нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тухайн үед архи уугаад тасарчихсан байсан, нэг мэдсэн толгой руу хүчтэй зүйлээр цохих шиг болсон гэдэг мэдүүлэг өгдөг. Мэдүүлгээс харахад тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Яг цохих шиг болсон гэсэн мэдүүлэг нь яг миний толгой руу цохисон гэж ойлгох боломжгүй байна. Яллагдагчийн хувьд барилдаж байхад нэг мэдсэн толгой хагарчихлаа гэдэг нь үнэн байх магадлалтай. Тухайн үед хохирогч толгойгоо хагарсныг мэдэхгүй байгаад толгой руу нь ус хийхээр мэдээд гэнэт толгой руу нь цохисон юм шиг мэдрэмж авсан байх магадлалтай байна. Толгой руу нь ус хийсэн зүйл л болсон гэж яллагдагчийн мэдүүлгээс харагдаж байна. Тэгэхээр тухайн үед барилдаж байгаад дагзанд нь учруулсан гэмтэл санаатай хохирол учруулсан гэж үзэхгүй. Барилдаж байгаа үйлдэл нь болгоомжгүйгээр түүний биед хөнгөн гэмтэл учруулжээ гэж үзэхээр байна. Хамар ясны хугарал, цус хуралт гэсэн гэмтлүүд үүссэн гэсэн дүгнэлт гардаг. Өмнөговь аймаг Ханбогд суманд үзсэн эмч нь хамар нь бол мурийлттай байна. Мурийлт нь хуучин байх магадлалтай гэсэн онош тавьсан байдаг шинжээчийн дүгнэлтээр тухайн үед яллагдагч хохирогчтой уулзахад хамар нь мурийлттай байсан гэдэг. Тэгэхлээр хамрын гэмтэл нь шинэ хуучин гэхэд эргэлзээтэй байна. Тийм учраас түүнд яллагдагч бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч хохирогчтой сүүлд утсаар ярихад би чиний толгойг цохиогүй биз дээ чи намайг цохисон гэж хэлсэн байна гэхэд цагдаа нь ийм зүйл бичүүлсэн юмаа гэсэн зүйл ярьсан байдаг. Тиймээс түүний биед санаатай гэмтэл учруулсан зүйл байхгүй байна. Харин барилдаж байгаад унагаагаад болгоомжгүйгээр тархинд нь няцралт үүссэн байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иймд түүнд холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгөн үү гэсэн саналтай байна гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17- 19 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Хуяг-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9577 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
-Хохирогч Ц.Бэс гаргаж өгсөн эмнэлгийн бичиг баримтууд /хавтаст хэргийн 48-55 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 56-57, 59-62, 63-65 дахь тал/,
-О.Өсөхжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66, 67, 68, 69, 70-72, 73 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.Өнь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант 3-р баг, Б ***тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ц.Б-ийн бие, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дагзанд няцарсан шарх, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Хуяг-Эрдэнийн өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ...дөрвүүлээ 0.5 литрийн Ерөөл архи хувааж ууж байгаад би маргааш ажилтай гэж хэлээд явсан. Бат-Эрдэнийг явах уу гэсэн энд үлдээд байж байгаад явна гэсэн...маргааш нь Б над руу залгаад намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9577 дугаартай “...1. Ц.Б-ийн биед хамар ясны хугарал, дагзанд няцарсан шарх, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Өнь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9577 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Өнь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Өнь хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Өсөхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ө болон түүний өмгөөлөгч Н.Э нар нь “...Бид уг нь барилдаж байсан. Барилдаж байхад толгой нь хагарсан байсан...хоорондоо маргасан зүйл байхгүй. Барилдах явцад болгоомжгүйгээр тархинд нь няцралт үүссэн тул яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргаж, гэм буруугийн хувьд маргасан.
Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б, гэрч О.Хуяг-Очир нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9577 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч О.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ц.Б-ийн биед “хамар ясны хугарал, дагзанд няцарсан шарх, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9577 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-36 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Б-ийн хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 09 дэх тал/
Хохирогч Ц.Б нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “Миний бие Б нь Ханбогд суманд Ө гэдэг залуутай маргасны улмаас намайг цохиж гэмтээсэн. Ингээд намайг эмнэлгээр дагуулж явж үзүүлж харуулж эмчилгээ хийлгэж өгсөн. Иймд би гомдолгүй байна. Миний бие шүүх хуралд оролцохгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хохирогч Ц.Б нь шүүгдэгч О.Ө-аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч О.Өнь хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонсгосонтой санал нэг байна. Хугацааны хувьд 720 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хугацааг багасгуулах саналтай байна...Бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад улсын яллагчийн зүгээс 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү...” гэх саналыг,
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өсөхжаргалд 700 /долоон зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч О.Ө-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Өнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Өсөхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өсөхжаргалд 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч О.Өсөхжаргалд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.Б нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Өнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өсөхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН