| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0127/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/120 |
| Огноо | 2013-07-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2013/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0127/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч Э.Э ,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Гэрч Ц.Ц ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч овогт ******* ад холбогдох 201309000273 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дүгээр хороолол .. дугаар байрны 293 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ч овогт ******* /ТИ-..../
Шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Ихэр могой” төвийн гадаа болон ... тоотод хамтран амьдрагч Э.Э тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Э.Э тэй гэрээс гараад ихэр могойн гадаа салсан. Дээшээ гараад явж байтал араас дуудаад намайг ломбардны бичиг сунгуулаач гэхээр нь би ажилтай байна, чи өөрөө сунгуулчих гээд маргалдсан. Бид хоёр 5 жил хамт амьдарсан. Би Э.Э г зууралдаад хэрүүл хийгээд яваад байхаар нь 2 удаа л алгадсан гэв.
Хохирогч Э.Э гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гарсан. Тухайн өдөр ломбарданд юмаа тавьсан байсан учраас сунгуулах гэж байсан. М ад хасалт хийлгээд сунгачих гэж хэлсэн юм. Гэтэл мөнгө чинь хүрэхгүй байна 6000 төгрөг дутаад байна гэсэн. Гэхдээ би М ыг мөнгөтэй байж магадгүй гэж бодсон юм. Тэрнээс болж л маргасан. Өмнө нь намайг зодож байсан. Би
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munhbat 99.1.doc.docx
цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч өөрөө гомдлоосоо татгалзаж байсан. Хохирол төлбөрт 500.000 төгрөгийг авсан. Би М тай эвлэрээгүй, гомдолтой байна. Одоо үлдэгдэл 234000 төгрөг нэхэмжилнэ гэв.
Гэрч Ц.Ц гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэртээ байж байхад миний охин Э М зодчихлоо гээд үс нь сэгсийчихсэн, уйлаад орж ирсэн. Намайг гараад ороод ирэх хооронд барьж аваад үсдээд алгадсан байсан. Намайг дуугүй бай, балай авгай гэж хэлдэг. Б.М Э.Э г алгадахыг бол хараагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
-Хохирогч Э.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “М тай ломбардны бичгээс болж маргасан, гомдолтой байна. Одоо хохирол төлбөрт 234000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Ц гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэртээ байж байхад миний охин Э М зодчихлоо гээд үс нь сэгсийчихсэн, уйлаад орж ирсэн, Б.М Э.Э г алгадахыг бол хараагүй” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 10 цагийн үед М тай уулзсан ба хамт ажил хийхээр болсон. М нь эхнэртэйгээ ирсэн байсан ба надтай уулзаад ломбардны бичиг сунгана гээд яваад эргэж ирээд эхнэртэйгээ маргалдсан. Улмаар маргалдаж байгаад Э нь М ын хувцаснаас нь зулгаагаад явуулахгүй байсан, тэгж байхад М Э г түлхээд хоёр удаа алгадахаар нь салгаад аваад явсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Хохирогч Э.Э гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “Э.Э гийн биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 424 тоот дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
-Шинжээч эмч Д.Туяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тархи доргилт нь эрүүл мэндийг сарниулж, хөдөлмөрийн чадвар тогтонги байдлыг алдагдуулна. Эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоног хүртэл хоног сарниулна.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/
-“Э.Э гийн биед учирсан тархи доргилт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал нь 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр учирсан байх боломжтой, энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хавтаст хэрэг дэх Э.Э гийн амбулаториор эмчлүүлэгчийн картанд 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө үзүүлж байсан гэмтлийн тухай тусгагдаагүй байна. 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шинжээч эмч Э.Э гийн биед үзлэг хийж гаргасан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 424 тоот гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт үндэслэлтэй байна. Тархины доргилт гэсэн шинжээч эмчийн Э.Э гийн биед үзлэг хийгээд гаргасан онош нь /тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир/ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 442 тоот дүгнэлт /хэргийн 64-66 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Ихэр могой” төвийн гадаа болон Алтангадасын 6-54 тоотод хамтран амьдрагч Э.Э тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Э.Э нь тархины зураг авахуулсан 95000 төгрөг, эм тариа авсан 238350 төгрөг, 1 сарын лангууны түрээсийн төлбөр 150000 төгрөг, толгой бариулсан 80000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 200000 төгрөг, нийт 763350 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байна. Хохирогч Э.Э нь бариачаар толгойгоо бариулж, 80000 төгрөг төлсөн гэсэн баримт ирүүлсэн боловч тухайн бариач нь бариа заслын үйлчилгээг ямар зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг, олсон орлогоосоо хүн амын орлогын албан татвар төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн өмгөөлөгчийн хөлс 200000 төгрөг нэхэмжилсэн боловч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн 200000 төгрөгийг шүүгдэгч төлөх үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэлээс 280000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин тархины зураг авахуулсан 95000 төгрөг, эм тариа авсан 238350 төгрөг, 1 сарын лангууны түрээсийн төлбөр 150000 төгрөг, нийт 483350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Э.Э д 500000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болж байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютерт томографын шинжилгээ 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, цагийн өнгийн хатуу диск 1 ширхэг зэргийг хохирогчийн хүсэлтийн дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Э д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Ч овогт ******* ад 2 /хоёр/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг баримтлан шүүгдэгч ******* ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар баривчлах ял дээр 2012-12-06-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ******* ыг 6 /зургаа/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хохирогч Э.Э гийн иргэний нэхэмжлэлээс 280000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 292 дугаар зүйлийн 292.1.2-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютерт томографын шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, цагийн өнгийн хатуу диск 1 ширхэг зэргийг хохирогчийн хүсэлтийн дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Э д буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ