| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0121/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/121 |
| Огноо | 2013-07-10 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2013/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2013/0121/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогч О.Л ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Д Г т холбогдох 201309000342 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан сумын ..баг . хороололын .. дүгээр гудамж .. тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор Дархан сумын ..-р баг .. хэсгийн .. тоотод оршин сууж байгаа, 1999 оны 05-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Я овгийн Д Г /РЭ-..../
Шүүгдэгч ******* нь 2013 оны 06-р сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр болох “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын замд “Ниссан Пресэж” маркийн .... ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн 10.1 /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөнөөс явган зорчигч О.Л г мөргөж, биед махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж, тэврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 6 дугаар сарын 4-ний орой 12:30 цагийн үед явж байсан. Магнай трейдийн шатахуун түгээх станцын наад талд миний урд стана явж байсан. Би 60-70 км цагийн хурдтай явсан. Гэрэл шилжүүлээд гүйцэж түрүүлээд ороод ирэхэд хохирогч хажуугаас гарсан ирсэн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад цагдаа түргэн тусламж дуудсан. Хөл гар чинь зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан. Гүйцэж түрүүлэхийн өмнө явган зорчигчийг харсан. Энэ хүн архи дарс ууж машины урдуур ороогүй бол ийм зүйл болохгүй байсан гэв.
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganbaatar-215.2.doc
Хохирогч О.Л гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 06 дугаар сарын 4-ний өдөр би орой 22 цагийн үед ажил руугаа замаар алхаж явсан. Автовокзал өнгөрөөд шатахуун түгээх станцын хажуугаар явсан. Гэтэл гэнэт хурц гэрэл гарч ирээд мөргөсөн. Мөргөсний дараа жаахан ухаан саатсан байсан. Би эрүүл байсан бол сарын 600.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Нэг жил ажиллах цалингийн хэмжээг нэхэж байна, цаашид эмчилгээ хийлгэнэ. Би хөдөлмөрийн чадвараа алдсандаа гомдолтой байна.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 06-р сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр болох “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын замд “Ниссан Пресэж” маркийн .... ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн 10.1 /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөнөөс явган зорчигч О.Л г мөргөж, биед махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж, тэврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэрэл шилжүүлээд гүйцэж түрүүлээд ороод ирэхэд хохирогч хажуугаас гарсан ирсэн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад цагдаа түргэн тусламж дуудсан. Энэ хүн архи дарс ууж машины урдуур ороогүй бол ийм зүйл болохгүй байсан” гэх мэдүүлэг,
-Хохирогч О.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Автовокзал өнгөрөөд шатахуун түгээх станцын хажуугаар явсан. Гэтэл гэнэт хурц гэрэл гарч ирээд мөргөсөн. Би хөдөлмөрийн чадвараа алдсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-7 дахь тал/,
-Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06-р сарын 05-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед байх Улаанбаатар хотоос Дархан чиглэлд Г Ганзоригийн машиныг бариад би хажууд нь суугаад Дархан-2 орчим явж байгаад Г урд нь явж байсан микро автобусыг гүйцэд түрүүлээд гараад иртэл жолоочийн эсрэг тал буюу ертөнцийн зүгээр замын баруун талаас гэнэт согтуу хүн гуйваад орж ирэхэд жолооч тэр хүнийг мөргөхгүйн тулд машинаа эсрэг тал руу нь дараад зогсолт хийх гэж байхад миний талын толь хэсгээр нөгөө хүн мөргүүлчих шиг болоод түс тас гэсэн чимээ хүчтэй гараад хүн мөргөлөө гээд машинаа замаас чөлөөлөөд Г хүн мөргүүлчихлээ гээд өөрөө эмнэлэг, цагдаа зэрэг дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06-р сарын 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос 2 машинтай Г миний эзэмшлийн .... ДАР улсын дугаартай Пресэж маркийн автомашиныг бариад Э эгчийн хамт миний ард явж байсан ба би өмнө нь машин бариад явж байсан юм. 00 цаг өнгөрсөн байхад Дархан-2 өнгөрөөд би Дархан руу орж ирж байхад ардаас Э эгч надруу яриад Г хүн мөргөчихлөө эргээд ирээ гэж хэлсэн. Тэгээд очиход замын голд согтуу эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан ба биеийг нь асуухад зүгээр ээ зүгээр гээд байсан. Тэгээд замын голд машинд дайруулах гээд байхаар нь замын хажууд мод түшүүлээд суулгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 16-19 дэх тал/,
-“Хохирогч О.Л гийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задрал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн гарын бугалга ясны болон зүүн хөлийн шагайны дотор хавчаар ясны, зүүн талын 4,7,8-р хавирганы хугарал, цус алдалт, цээжний хөндийн хий хуралт, арьсан доорхи хийжилт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11, 3.1.12, 3.3.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 557 тоот дүгнэлт /хэргийн 24 дэх тал/,
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-29, 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд түүний ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Хохирогч О.Л нь эмчилгээний төлбөр 554700 төгрөг, асран халамжилж буй хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 360800 төгрөг, цаашид сувилалд явахад шаардлагатай 800000 төгрөг, сарын 600000 төгрөгөөр тооцож 1 жилийн цалин 7200000 төгрөг, нийт 8915500 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч О.Л д 555000 төгрөг хүлээлгэн өгч байх тул шүүхийн тогтоол гарах үед ирүүлсэн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” боловч хохирогч О.Л нь сард 650000 төгрөгийн цалин авдаг гэсэн тодорхойлолтоос өөр баримт ирүүлээгүй учир О.Л нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас хэдэн төгрөгийн цалин дутуу авсан гэдгийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар нөхөн төлбөр гаргуулж, хохирогч О.Л д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг учрал 2013 оны 6 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед болсон байх тул хохирогчид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 140400 төгрөгөөр тооцож, өнөөдрийг хүртэл хугацаанд оногдох нөхөн төлбөрийг тооцож үзэхэд өдөрт 140400:21=6685 төгрөг 68 мөнгө болж байна. 6 дугаар сарын 5-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1404000 төгрөг, 7 дугаар сарын 5-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 5 хоног байх тул энэ хугацаанд оногдох 5x6685.68=33428 төгрөг 40 мөнгө, нийт 173828 төгрөг 40 мөнгө болж байна. Иймд шүүгдэгч ******* аас нөхөн төлбөрт 173828 төгрөг 40 мөнгийг гаргуулж, хохирогч О.Л д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 555000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* ын №... дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэх зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Д Г ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Я овогт Д Г ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сар баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд 555000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг баримтлан шүүгдэгч ******* аас 173828 төгрөг 40 мөнгө /нэг зуун далан гурван мянга найман зуун хорин найман төгрөг дөчин мөнгө/ гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суух Очирын Л д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч О.Л нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Шүүгдэгч ******* ын №.. дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ******* т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ******* т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ