| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2020/01236/И |
| Дугаар | 182ШШ2020/01641 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 182ШШ2020/01641
| 2020 07 22 | 182/ШШ2020/01641 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдуулан
80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Г ” ХХК нь 2013 онд иргэн Х.Мт бетон зуурмаг нийлүүлсэн боловч бетон зуурмагийн төлбөрөө төлөлгүй явсаар 2017 онд түүний өөрийн эзэмшлийн компани болох “Ж” ХХК нь өр төлбөрийг барагдуулахаар болж “Хамтран ажиллах гэрээ”-г 2017 оны 05-р сарын 11-ний өдөр байгуулан 80.000.000 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар болсон. Энэ төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр “Г ” ХХК нь удаа дараа “Ж” ХХК-д хандсан боловч “Ж” ХХК нь дээрх төлбөрт ямар ч төлөлт хийхгүйгээр өнөөдрийг хүргэлээ. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу төлөх 80.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Г ” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2017 оны 05 сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний нийтлэг үндэслэлд иргэн Х.Мын “Г ” ХХК-иас 2013 оны 06 сарын 22-ний өдрөөс 2013 оны 08 сарын 14-ний өдрийн хооронд авсан 64.562.000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагийн төлбөр болон реклам сурталчилгааны урамшуулал болох 15.348.000 төгрөг, нийтдээ 80.000.000 төгрөгийг “Ж” ХХК хариуцан төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ. Талууд Иргэний хуульд харшлахгүйгээр ямар ч нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж болно. Гэхдээ гэрээний үйл явдал нь 2013 оны 06 сарын 22-ний өдрөөс 2013 оны 08 сарын 14-ний өдрийн хоорондох буюу 2020 оны 07 сарын 22-ний өдрөөс 7 жил гаруйн өмнөх үйл явдал байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хөөн хэлэлцэх тусгай хугацааны талаар, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. 2013 оны 06 сарын 22-ны өдрөөс хойших үйл явдлыг одоо хэлэлцэж байгаа тул энэ гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Г ” ХХК нь “Ж” ХХК-д холбогдуулан 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр 2013 онд Х.Мт бетон зуурмаг нийлүүлсэн, түүний төлбөр 64.562.000 төгрөгийг Х.М нь төлөөгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүний эзэмшлийн компани болох “Ж” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. 2013 онд нийлүүлсэн бетон зуурмагийн 64.562.000 төгрөгийг төлөөгүй тул алданги 15.348.000 төгрөгөөр тохиролцож гэрээндээ, реклам сурталчилгааны урамшуулал 15.348.000 төгрөг гэж тохиролцон оруулсан учир “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу бетон зуурмагийн төлбөр 64.562.000 төгрөг, реклам сурталчилгааны урамшуулал 15.348.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөгийг гаргуулах гэж тодруулав.
Хариуцагч нь 2013 онд бетон зуурмаг нийлүүлсний төлбөр 64.562.000 төгрөгийг төлөөгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр талууд Хамтран ажиллах гэрээг байгуулсан хэдий ч гэрээний үйл явдал 2013 онд болсон тул гэрээний үүрэгтэй хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Г ” ХХК нь Х.Мт 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ны хооронд 444 м.куб бетон зуурмаг, помпны шахалтын үйлчилгээг нийлүүлсэн, нийт 65.126.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар захиалга өгч, худалдан авсан болох нь “Г ” ХХК, “Ж” ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ХА17001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баталгаа болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.
“Г ” ХХК, “Ж” ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ХА17001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ээр иргэн Х.Мын “Г ” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ний хооронд авсан 64.562.000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагийн төлбөр болон реклам сурталчилгааны урамшууллын 15.348.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөгийг “Ж” ХХК нь хариуцан төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна. Гэрээ байгуулсан тухайд талууд маргаагүй болно.
Энэхүү гэрээний дагуу “Ж” ХХК нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүргийг өөртөө шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “...эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ...”,
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-д “...шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй...” гэж заажээ.
“Ж” ХХК нь 2 гишүүнтэй, Х.М нь түүний 50 хувийн эзэмшигч байсан талаар нь маргаагүй болно.
“Г ” ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ний хооронд 444 м.куб бетон зуурмаг, помпны шахалтын үйлчилгээг нийлүүлсэн нийт 65.126.000 төгрөгийг төлөөгүй болох нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Х.Мын гаргаж өгсөн төлбөрийн баталгаагаар тогтоогдсон. Тиймээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон төлбөрийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн реклам сурталчилгааны урамшуулал 15.348.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь бетон зуурмагийн төлбөр болох 64.562.000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа Х.М нь төлөөгүй тул 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нд 64.562.000 төгрөгийн алдангийг Х.Мын хүссэнээр реклам сурталчилгааны урамшуулал гэж 15.348.000 төгрөг төлөхөөр гэрээнд оруулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Тиймээс хуулийн шаардлагыг хангаж алданги тооцож гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “...хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ...” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ний хооронд 444 м.куб бетон зуурмаг, помпны шахалтын үйлчилгээг нийлүүлсэн, нийт 65.126.000 төгрөгийн шаардах эрх төлбөрийн сүүлийн төлөлт болох 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Х.Мт төлбөрийг төлөхийг мэдэгдсэн, утсаа авахгүй байсан. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Х.Мандахбаяр нь “Төлбөрийн баталгаа”...” бичиж өгсөн. Мөн өөрийн компани болох “Ж” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэж тайлбарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрийг төлөхгүй, “Төлбөрийн баталгаа” гэх бичгийг иргэн Х.Мандахбаяр бичиж өгөөгүй, 2013 оны төлбөр нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөр 64.562.000 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас реклам зар сурталчилгааны урамшуулал 15.348.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 64.562.000 /жаран дөрвөн сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.348.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн урьдчилан төлсөн 161.213 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 113.111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН