Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/¬¬¬¬135

 

 

 

 

 

 

 

    2023              10                 04                                                      2023/ШЦТ/­­­­135                                        

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Хохирогч: Ч.У /цахимаар/,

Хохирогч Ч.Угийн өмгөөлөгч: Ш.У, Б.О /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Ц.Х /цахимаар/,

Иргэний хариуцагч: “М.т” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Г.Т /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н /цахимаар/,

Шүүгдэгч: Т.С нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сод холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян чиглэлд бүтээн байгуулалт явагдаж байгаа төмөр замын далангийн 11 дэх километрийн зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2021 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед **-**улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа,... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.У, С.М нарын эрүүл мэндэд хүнд, Л.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сод холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ:

Миний гэм буруугаас болж осол гарсан. Буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Шүүхээс шийдвэрлэсэн 27.735.051 төгрөгийн хохирлыг хохирогч нарт шийтгэх тогтоол гарснаас хойш 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Сын хууль ёсны эрх, ашгийг хамгаалан сонгон авсан өмгөөлөгчөөр нь оролцож байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Т.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчиж хохирогч У болон М нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж тууштай хүлээн мэдүүлж ирсэн учраас гэм буруугийн хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйл алга байна. Хохирол төлбөрийн хувьд М.т ТӨХК иргэний хариуцагчаар татагдсан. Хохирогч нарт нийт 30 сая төгрөгийн хохирол барагдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Эд 1,249,794 төгрөг, хохирогч Мд 1,141,700 төгрөг, хохирогч Уд 6,782,174 төгрөгийн эмчилгээний зардал, хохирол төлж барагдуулсан байгаа талаар хавтаст хэрэгт өөрийн банкны дансны хуулгаар нотолж тооцоог гаргаж өгсөн байгаа. Хэргийн материалд хохирогч Э, М нараас хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн зүйл байдаггүй. Угийн хувьд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн боловч учир дутагдалтай, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх энэ дээр шийтгэх учир дутагдалтай зүйлүүд харагдаж байна гэж үзэж байна. Цу-Эрдэнэ эмнэлгийн эмчилгээний төлбөр 3 хохирогчийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн асуудал байдаг. Энэ хохирлууд учирсан байна. Энэ төлбөрийг төлөх үндэслэлтэй байна гэж харж байна. Бусад нотлох баримтаар өгч байгаа сургалтын төлбөрүүд, БНСУ-д шинжилгээнд хамрагдах зардлын тооцоо нь өмнөх шүүх хуралдаанд өгч байсан шинэчлэгдээгүй, 4 мэс засалд орсон үр дүн нь ямар байна дахиад ямар эмчилгээ шаардлагатай талаар шинэчилж гаргаагүй нь учир дутагдалтай байна гэж миний зүгээс харж байна. Нэг удаагийн хагалгаа, эмчилгээний хувьд үр дүн гараад өнөөдрийн шүүх хуралдаанд хэдэн цаг суугаад эмчилгээний бодит үр дүн гарсан байна гэж миний зүгээс харж байна. Энэ зүйлүүдийг шинэчлээд БНСУ руу дахин эмчилгээний процессыг явуулаад Монголд ийм эмчилгээ хийлгэсэн цаашид ийм хагалгаанд орох чухал шаардлагатай юу гэдэг талаар хурлаас өмнө энэ хурал 2 жил гаруй өмнө хийгдсэн гэтэл эмчилгээний зардлыг хангалтгүй бэлдсэн байна гэж харж байна. Угийн хувьд гарсан дүгнэлт, гэмтэл дээр бидний зүгээс маргадаггүй. Гол нь нотлох баримтаа зөв бүрдүүлээд нухацтайгаар оруулаад ирсэн бол төлөх шаардлагатай үгүйсгэх нөхцөл байдал үүсэхгүй гэж харагдаж байна. Хохирол бодит байх ёстой. Монголд сүүжний яс нөхөх хагалааг хийх боломжгүй гэдэг зүйлийг ярьдаг гэдэг зүйлийг яриад суухаас гадна эмч нарын зөвлөгөөнөөр тогтоосон шийдвэр байна уу үгүй юу гэдгийг хохирогчоос бодит зүйлийг хийсэн байна гэж бидний зүгээс харах ёстой байсан болов уу гэж үзэж байна. Сургалтын төлбөрийн баримт дээр сургуулийн тодорхойлолт авагдсан байж байна. Нэг бол төлөгдөөгүй, диплом барьцаанд байгаа юм шиг, нэг бол диплом гарсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй байх үндэслэл байхгүй юм шиг харагдаад байна. Ер нь бол ойлгомжгүй нөхцөл байдал байгаа учраас хохирлын асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхэд учир дутагдалтай нөхцөл байдлууд байна гэж харж байна. Энэ асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол хор, уршгийг заасан байх ба тухайн хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан байгаа. Иймд шүүх бодит хохирлыг тооцон тогтоож өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргаж байна. Иргэний хариуцагч М.т ТӨХК-ийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой асуудлыг манайх төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг. Хэдийгээр авто машин М.т ТӨХК болон Ц.Х нарын хооронд автомашинаар үйлчлүүлэх гэрээ байгуулагдаад ажиллаж байсан.  М.т ТӨХК хариуцаад явж байсан нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн компанийн ажлыг амжуулж явснаас болж энэ осол гарсан. Энэ хэрэгт шалтгаант холбоо байна. Хариуцагчаар татагдсан компани хор, уршгийг арилгах үүрэг байна гэж харж байна. Энэ асуудал дээр тухайн жолоочоор гэрээ байгуулан ажиллаж байсан Ганзориг гэх хүнийг яагаад гэрчээр асууж болоогүй юм бэ, үнэхээр яагаад жолоодож явах болсон шалтгаан нөхцөлийг тодруулаагүй байгаа нь учир дутагдалтай юм болов уу гэж дүгнэлтдээ дурдаж хэлмээр байна. Т.Сын зүгээс Уд эмчилгээ, эм тарианы мөнгийг тухай бүрд нь зохицуулаад өгөөд  хохирогчтой байнгын холбоотой байдаг гэдгийг хохирогч Угийн зүгээс мэдүүлж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийг илэрхийлж байгаа учраас гэм буруугийн асуудал дээр нэмж гаргах тайлбар алга байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У мэдүүлэхдээ:

Биеийн байдал ерөнхийдөө сайн биш байна. Ер нь эмчийн хяналтад байнгын үзүүлдэг байнга хянуулж байгаа. Сая бас 7-10-аад хоногийн өмнө эмчилгээнд орсон. Ерөнхийдөө миний бусад эрхтнүүдэд нөлөөлөөд байгаа 5 цул гэх юм уу, зүрх, нойр булчирхай, тархи толгой, аваарт орсноос хойш тархи толгой маш их өвддөг болсон. Байнгын өвчин намдаах, байнгын нойрны эм ууж байна. Би компанид бол маш их гомдолтой байна. Би анх 2020 оны 04 дүгээр сарын 09-нд М.тд тогооч мэргэжлээр ажилд орсон байгаа. Гэрээгээ хийгээд тушаал гаргуулаад ажлаа хийж явж байгаад 2021 оны 02 дугаар сарын 25-нд ажил руугаа явж байгаад би аваарт орсон, олон хүнд хавсарсан гэмтэлтэй байгаа. Тэгэхэд энэ компани бол 2021 оныг дуустал миний цалинг өгсөн 2022 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл надтай холбогдоогүй биеийг минь асуудаггүй яасан ийсэн үхсэн, амьдыг нь мэдэхгүй байгаа байх. Т.С өнөөдрийг хүртэл надтай байнгын холбоотой бие асууж надад эм тарианы мөнгө төгрөг, эм тариа хийлгэх шаардлагатай юу байна гээд 6.700.000 төгрөг шахуу төгрөг дансаар авсан байдаг юм. Т.Сын хувьд бол байнгын эм тариа авч өгч байгаа болохоор бас тодорхой хэмжээнд дэм тусламж үзүүлж байгаа гэж бодож байгаа. Компанийн хувьд ямар ч хариуцлага байхгүй. Тухайн үед би компанийнхаа ажилд явж байж энэ аваарт орсон шүү дээ. Тэрнээс би өөрөө зугаа хөөж явж байгаад аваарт ороогүй. Яагаад өнөөдрийг хүртэл нэг удаа ч намайг бие чинь яаж байна гээгүй нэг удаа ч надад өвчин намдаах эмийг минь аваад өгөөгүй маш их гомдолтой байна. Одоо болтол би алхаад явж чадахгүй, тулгууртай байнгын хүний асаргаанд байна. Насаараа би эрүүл мэндээрээ хохирч байна. Амьдрал ахуй, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн байдлаараа маш их хохирч байна. Одоо би дахиад 2 удаа хагалгаанд орно. Саяхан орсон шагай болон түнхний хагалгаа дээр тайлбар өгье. Т.С бас сайн мэдэхгүй байгаа байх. Шагай дээр шагайны үеийг солиулна гэж ярилцсан байгаа. Тэгээд шагайны үеийг Монголд хагалгаанд орох юм бол миний бяцарсан шагайг тухайн үеийн хагалгаа яаж хийгдэх нь үү, өрөмдөж тайрч байгаад төмөр суулгаж өгнө гэж байгаа юм. Тэр нь маш их осолтой гэсэн яагаад гэхээр үе нь дэр болохоор үе хөдлөх ёстой тэгээд хөдөлгөөнгүй болно гэсэн тайлбарыг Мөнхбаяр эмч маань өгсөн. Би нэг тодорхойлолт аваад дахиад Мөнхбаяр эмч дээр очиж үзүүлсэн. Тэгэхэд намайг зөвлөх эмчдээ үзүүлээд, ганцаараа би шийдэж чадахгүй байна зөвлөх эмчдээ үзүүлээд энэ хагалгааг яаж хийх вэ гээд зөвлөхөөсөө зөвлөгөө авъя гэсэн. Надад нэг тодорхойлолт хийж өгсөн байгаа. Тэгээд би 11 дүгээр сарын 15-нд зөвлөх эмчид үзүүлэх цагаа авсан байгаа. Тэгээд энэ асуудлаа шийдье гэсэн. Түнхний  асуудал дээр 11 сарын өмнө түнхний хагалгаанд яаралтай орох болсон шалтгаан гэвэл зургаа харуулаад үзүүлсэн чинь миний дунд чөмөгний үе солих заалт байхгүй байсан. Гэтэл үзүүлээд зургаа авахуулсан чинь дунд чөмгөний шингэн нь гоожоод, шингэн нь гоожсон учир булчин, шөрмөс татаршина, миний хөл угаасаа татаршсан байсан хааяа ч гишгэж чадахгүй болсон байсан. Тэгээд цусны эргэлтгүй болоод явах юм бол чи цаашдаа хөлгүй болно. Тийм учраас түнхний хагалгаа хийх хугацаа нь болоогүй байсан шүү. Чамайг хөлтэй байлгахын тулд энэ хагалгааг яараад хийж байгаа шүү гэж Мөнхбаяр эмч маань хагалгаанд орохын өмнө надад маш сайн тайлбарлаж өгсөн. Тархиар бол  үхжилт явагдсан байна нөгөө талынх нь дунд чөмөгтэй харьцуулаад эмч маань зурган дээр харуулсан байгаа. Тэгээд энэ нь илэгдээд, үрэгдээд, шингэн нь гоожоод харлаад гөлгөр мөлчгөр байхад ийм байсан. Тэгээд ноднин дунд чөмөгтэй тогоог нь заавал суулгаж өгөх ёстой дунд чөмгийг суулгах орлуулах юм байхгүй учир тогоог суулгаж өгсөн. Сүүжний ясыг Монголд нөхдөггүй ямар ч нөхөх боломж байхгүй. Сүүжний ясыг Монголд хийх арга байхгүй. Тэгэхээр дахиж түнхний хагалгаанд орно шүү энэ түр зуурын хагалгаа шүү л гэж надад эмч маань тайлбарлаж өгсөн байгаа. Шагайны асуудал дээр эмчдээ үзүүлээд яармагт нэг эмнэлэгт зааж өгсөн байгаа. Тэр эмнэлэгт үзүүлэх талаар Т.Сод хэлсэн. Тэгээд би үзүүлж амжихгүй, Т.С ажил нь болохгүй, зав нь олдохгүй байгаад байгаа юм шиг байна. Тэгээд өөрөө ирж байгаад бас үзүүлэх байлгүй дээ. Ерөнхийдөө би М.тд маш их гомдолтой байна. Намайг хөл дээр нь бостол нь харж хандана, асарна, хамгаална гэсэн. Би 5 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, ганц ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн нь  тахир дутуу, эрэмдэг, хазгай насаараа ийм болчихлоо яагаад намайг хайхрахгүй байгаа юм бэ? компанид маш их гомдолтой байна. Энэ компанид би цоо эрүүл хөлөөрөө алхаж орсон. Тэгэхэд өнөөдөр хүний асаргаанд байна. Хэрэгт сүүлийн хагалгаанд орсон зураг байгаа байх, хоёрхон шрүф байгаа тэгэхэд 1 шрүф дээр л тогтож байгаа. Нэг шрүф нь сүүжний яс нөхөгдөөгүй учраас ороогүй, маш сайн гам бариарай, маш сайн дэглэм бариарай, наадах чинь хугарвал ер нь их аюултай шүү л гэж эмч маань тайлбар өгсөн. Дараагийнхаа хагалгааг Монголд сүүжний яс нөхөгдөхгүй учир би гадаад руу явж хагалгаа хийлгэе гэсэн бодолтой байгаа. Гадаад руу эмчилгээ явуулах бичиг баримт нь ирсэн. Нийт 132,110,707 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Угийн өмгөөлөгч Б.О гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Ч.Угийн эрх, ашгийг хамгаалан хохирлыг гаргуулах байр сууринаас оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хохирлыг гаргуулах тухайд улсын яллагчтай санал нэг байна. Т.Сын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол тухайн осол гарахгүй байх байсан. Өнөөдөр 2 жил 7 сарын хугацаанд энэ хүн улсаас 11 сая гаруй төгрөг аваад Т.С 6.700.000 төгрөгийг өгсөн. Гэтэл энэ хүн хүнд гэмтэл авсан, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн амьжиргаагаа хэрхэн залгуулах вэ, өнөөдөр эмчилгээнийхээ мөнгийг өөрөө чадан ядан салгуулж байгаа хүн. Нотлох баримтыг хохирогчийн хувьд ямар боломжит баримт байна тэрийг бид нар цуглуулж байгаа. Солонгос улсад баримтыг шинэчлэх ёстой гэж байна. Энэ хүний хувьд зардал мөнгө байсан бол төлбөрөө төлөөд эмчилгээгээ хийлгэх боломжтой. Гэтэл ямар ч боломжгүй өнөөдөр эмний ч мөнгөгүй байж байна. Амьдрал нь үнэхээр хэцүү байгаа. Дээрээс нь Солонгос улсад нэг удаа гуйгаад энэ эмнэлгээр явуулсан. 2 жил 7 сарын хугацаанд эрүүл мэнд нь дээрдсэн ямар ч асуудал байхгүй байгаад байгаа. Хагалгаанууд үргэлжлээд 4 удаа хагалгаанд орлоо. Энэ эмнэлэг рүү дахиад бичгээ явууллаа гэхэд энэ хэвээрээ гарч ирнэ өөрчлөлт байхгүй, яс шилжүүлэн суулгах ёстой бол яс шилжүүлэх ёстой гээд гарч ирнэ. Тэгэхээр эмнэлгийн бичиг баримтыг шинэчлэх ёстой гээд яриад байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хүний боломжит байдал нь энэ өөрөө мөнгө төлөх боломжтой байсан бол энэ бичгийг авахгүй юм. Хохирлын тухайд Солонгос улсаас ирсэн тодорхойлолт бол биеийн байдлыг үндэслээд гаргасан бодит тооцоо юм. “Цу Эрдэнэ” эмнэлгийн хохирлын тооцоог яагаад өгдөг вэ гэхээр цаашид эмчлүүлэхээ бодоод энэ төлбөрийг өгчихвөл надад бас ирэх ёстой байх гэж бодож өгсөн бичиг байгаад байгаа юм. Т.Сын хувьд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэдэг нь тодорхой. Иргэний хариуцагч Ц.Хийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл байгаад байгаа. Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тухайн хариуцлагыг хүлээх үндэслэл байгаа. Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тухайн хариуцлагыг хүлээх үндэслэл нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд байгаа. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хэн юм бэ гэвэл Ц.Х юм. Дээрээс нь автомашинаар үйлчлэх гэрээг хэн хийсэн юм Ц.Х өөрөө хийсэн. Жолоочоо өөрөө хариуцах үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдөр хэн аюулгүй байдлыг хариуцах байсан юм өөрөө гэрээнийхээ үүргийг ч ойлгоогүй орж ирж байгаа иргэний хариуцагч Ц.Хийн хувьд хохирогчид хохирлыг нөхөн төлнө гэж байсан боловч өөрөө төлсөн ямар ч баримт байдаггүй. Мөн энэ хэрэг дээр “М.т” ТӨХК иргэний хариуцагчаар татагдсан. Өмнөх хуралдаан дээр иргэний хариуцагч нар би төлөхгүй гээд шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр аливаа байгууллага ажилтан ажил олгогчийг ажиллуулж байгаа тохиолдолд заавал гэрээ хийх шаардлага хууль дээр заасан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ нь дууссан. Тэгсэн хэр нь ажилд явуулаад байдаг. Өнөөдөр  “М.т” ТӨХК ажилтныхаа аюулгүй байдлыг хангах ямар тушаал шийдвэр гарсан нь тодорхойгүй. Өнөөдөр хохирогч очдог бид нар энэ хүний төлөө удаа дараа очиж байсан. Гэтэл энэ байгууллагад мэдэх хүн байдаггүй, шийдвэр гаргах хүн байдаггүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг харна, хуулийг харна гээд сууж байдаг. Өнөөдөр мөн ийм байдалтайгаар шүүх хуралд орж ирж байна. Гэтэл хэн хохироод байгаа юм бэ хохирогч хохироод, ажилчид хохирч байна. Шинжээчийн дүгнэлтээр бүгд гараад ирсэн байгаа нэгт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хоёрт хөдөлмөр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөөгүй, ажлын байр дахь анхан шатны давтан заасан гурван хэлбэрээр өгөх ёстой. Өнөөдөр Гансүх гэх хүн гарах ёстой байсан. Т.С гэх хүн гарах ёстой байсан гээд хоорондоо маргаад байгаа. Иргэний хариуцагч “М.т”ТӨХК-ийг төлөөлөн оролцож байгаа хүмүүс хэргийн учрыг ойлгохгүй орж ирж байна. Гэхдээ хуульд заасан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтээр шийдэх болов уу гэж үзэж байна. Мөн тусгай журам бас гаргасан байдаг. Энэ тусгай журам дээр албан томилолтоор ажиллах автомашин, машин механизм хариуцсан жолоочийн хамт шалгаж аюулгүй байдлыг, ажлын бэлэн байдлыг хангасан байна. 6.4-т хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжлийн зааварчилгаа өгч зааварчилгаанд гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн заалтаа хэрэгжүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр “М.т” ТӨХК буруутай гэдэг нь тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм хорыг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн заалтууд байгаа. Хохирогч Ч.Угийн нэхэмжлээд байгаа хохирлыг хариуцах ёстой иргэний хариуцагч нараас гаргуулж өгөөч энэ хүний хүн чанар талаас нь харвал үнэхээр хүнд байна. Эмэгтэй хүн, тавын таван хүүхэдтэй, идэх хоолгүй ч энэ айл тэгж амьдарч байна. Тэгэхээр энэ байдлыг шүүх анхаарч үзээч ээ 2 жил 7 сарын хугацаанд 6.700.000 төгрөгийг Т.С өгсөн өөр хэн ч анхаараагүй байна. Зөвхөн өвчин намдаагч эмээр цаашид яаж амьдрах вэ, хүн чанар талаасаа анхаарч үзээч хохирлыг хуульд заасан дүрмийн дагуу гаргуулж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бол хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд байгаа. Таван хүүхдийн сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хавсаргасан, эмнэлгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт бүх дүгнэлтүүдээр батлагдан нотлогдож тогтоогдсон. Ч.Угийн хувьд өөрийн хэмжээнд хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүх энийг үндэслээд хохирлын баримтуудыг гаргуулж өгөөч хохирогчийн эрүүл мэндийн хувьд үнэхээрийн хэцүү байна. Таван хүүхдээ тэжээх хэмжээнд болгоод өгөөч шүүх энийг анхаарч үзэж хохирлыг гаргуулж өгөөч гэсэн саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Угийн өмгөөлөгч Ш.У гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Ч.Угийн хохирлын нийт тооцоо гээд материал явуулсан байгаа. Энэ дээр урьд нь явуулсан 157 сая гэдгээсээ татгалзаж шинээр хохирлын баримтаа бичиж явуулсан. “Цу Эрдэнэ” эмнэлгийн эмчилгээний төлбөр 9.085.000 төгрөг, Б.Хүслэнгийн сургалтын төлбөрт 1.999.000 төгрөг, Солонгос улсад шинжилгээ эмчилгээнд хамрагдах зардалд 115.176.707 төгрөг, Б.Өнөрбаясгалангийн Их засаг олон улсын их сургуулийг төгссөн байгаа. Сүүлийн 2 жилийн сургалтын төлбөрөө төлж чадаагүй диплом нь сургуульдаа барьцаа болоод үлдсэн 5.850.000 төгрөг, хүүхдийн эрх, ашиг хүртэл хохирч байгаа байхгүй юу. Гараад төгсөөд ажил хийе гэхээр төлбөрөө төлөөгүй, диплом нь сургууль дээр нь байж байдаг. Тэгээд нийт 132.110.707 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү.

Хохирогч Ч.Угийн хувьд гомдол саналтай, хохирлоо төлүүлэх урд өмгөөлөгчийнхөө саналыг дэмжээд хохирол төлбөрөө төлүүлэх саналтай байна. Улсын яллагчийн саналтай нэг байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргах журмын дагуу иргэний журмаар сэтгэцэд учирсан хохирлоо жич нэхэмжилнэ. Дээрээс Солонгос улсын Сун чон хян сөүл эмнэлгийн хариу бичгийг шүүгдэгчийн өмгөөлөгч сүүлийн байдлаар гаргасангүй гэж байна. Анх гаргахдаа цаг авах гэж маш их хугацаа шаардсан. Профессор эмчийн цаг бол олддоггүй. Энэ ирүүлсэн хариу бичиг бол хүчин төгөлдөр энэ хүнийг үзээгүй байж дахин дахин явуулаад манай Монгол шиг тийм юм хийдэггүй, өмнөх олдсон цаг нь энэ үүний дагуу хохирлоо нэхэмжилж байна гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Х мэдүүлэхдээ:

Машиныг тухайн үед миний нэр дээр би зээлээр авсан байсан. М.тд тухайн үед захирлуудынхан шийдвэрээр инженерүүддээ машин түрээслээд өөрсдийн ажлаа явуул гэсэн зөвшөөрөл өгсөн байсан. Тэгээд зээлээр аваад гэрээ хийсэн байсан. Тэгээд 6-7 хоногийн дараа  энэ машин онхолдсон. Манай нөхөр хэлэхдээ сэлбэг авах гэж байгаа Ерөнхий сайд маргааш очих гэж байна сэлбэг аваад явна гээд машинаа аваад явсан. Тэгээд гэрээ хийсэн жолооч маань ковид хариу гараагүй ээлж ээлжээрээ хуваарийн дагуу шинжилгээ авдаг байсан. Жолоочийн хариу өнжиж гарах гээд Ерөнхий сайд ирэх гээд байна хурдан явлаа оройдоо гарна гээд гараад явсан. Тэгээд замаараа энэ хүмүүсийг аваад явсан байсан. Шүүгдэгч Т.С бол миний нөхөр, тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад зам тээврийн осол гаргасан. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулаагүй, нөхрөөсөө тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй. Иргэний хариуцагчийн хувьд нөхрийнхөө хамтаар хохирогч нарын хохирлыг чадах чинээгээрээ төлөөд явсан. Хохирогч нарын хохирлыг “М.т” ТӨХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан хэдий ч тухайн машиныг хаашаа, хэзээ явахыг “М.т” ТӨХК-иас шийдвэрлэдэг байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “М.т” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Автомашинаар үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.4-д гүйцэтгэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтална гэсэн. 7.6-д гүйцэтгэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ автомашин жолоодохгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийн дагуу чанд мөрдөн ажиллах үүрэгтэй. 7.10-т гүйцэтгэгч нь жолоочийг солих тохиолдолд захиалагч буюу “М.т” ТӨХК-д мэдэгдэнэ гэсэн. Т.С мэдэгдээгүй, өөрөө явсан гэж байна. Энэ тохиолдолд жолоочийг гэрээний 3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж байгаа. Гэрээний 3.2-т жолоодох эрхийн ангиллын үнэмлэхтэй, хариуцлагын даатгалд хамрагдсан байна гэж тусгасан байгаа. Хохирогчийн хэлж байгаа зүйлд тайлбар хэлье миний хувьд “М.т” ТӨХК-д 2023 оны 09 дүгээр сарын 18-нд томилогдсон мэргэжилтэн байгаа. Хэргийн материал дээрээс хараад М.тын урд нь иргэний хариуцагчаар компанийг төлөөлөөд явж байсан албан тушаалтан ямар байр суурьтай байсан бэ гэхээр М.т ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч үйлчилсэн. Тусгай үүргийн нислэг онгоцны зардал, эмчилгээний зардал гээд яллах дүгнэлт дээр дурдсан 30.680.540 төгрөгийг нөхөн төлсөн гэдэг байр суурьтай оролцож байсан юм билээ. Энэ 132.111.707 төгрөгийн нэхэмжлэл тухайн үед манай дээр ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай туслахын зүгээс манай дээр ийм нэхэмжлэл ирсэн гэдгийг хэлээгүй, нэхэмжлээгүй, манай компанийн утас руу залгаагүй байгаа. Сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Архи уугаагүй бол энэ хохирол гарахгүй байх байсан гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх. “М.т”ТӨХК нь зүв зүгээр явж байгаад осол гарсан гээд байх шиг байна. М.т хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй гэж бодож байгаа. Өөр тайлбар байхгүй гэв. 

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-27 дахь тал/,

 

-Согтуурал шалгасан тэмдэглэгээ /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Угийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Төрбатын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “М.т” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулууны өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1911 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1912 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 678 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 46-50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 228 дахь тал/,

 

-Хохирогч Ч.Угаас гаргаж өгсөн хохирлын баримт /1 дүгээр хавтас хэргийн 230-232, 240-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-10, 4 дүгээр хавтаст хэргийн 135-152 дахь тал/,

 

-Хохирогч Л.Эаас гаргаж өгсөн хохирлын баримт /1 дүгээр хавтас хэргийн 234-238 дахь тал/,

 

-Хохирогч С.Мэс гаргаж өгсөн хохирлын баримт /5 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/

 

-Шүүгдэгч Т.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, жолоодох эрхийн онооны талаарх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа болон Т.Сын хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 215, 216, 217, 218, 219-221, 222, 223, 224, 225, 179-190, 194-200 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян чиглэлд бүтээн байгуулалт явагдаж байгаа төмөр замын далангийн 11 дэх километрийн зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед “Ланд круйзер 80” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа,... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.У, С.М нарын эрүүл мэндэд хүнд, Л.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-27 дахь тал/,

-Согтуурал шалгасан тэмдэглэгээ /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Угийн өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын төв оффис дээрээс ...Сын **-**улсын дугаартай Ланд-80 машинаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажил руугаа явсан. ...хамгийн сүүлийн пост өнгөрөөд зогсож байгаад хоол унд идээд байж байхад Төрбат 1 шил архи 0,5 литрийн Экс нэртэй архи гаргаж ирээд замын юм гээд хувааж уусан... замд дахиад нэг шил архи гаргаж ирээд өгөхөөр нь би уухгүй гээд уугаагүй. Чихэвч зүүгээд хөгжим сонсож байгаад унтсан байсан. Нэг мэдсэн чинь машин дээшээ харчихсан миний баруун хөлний шагай хэсгийг дарчихсан. Би гадаа нь хэвтээд байж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийхээр хамт ажилладаг С инженер машин жолоодож, Төрөө ах, У эгч, өөр нэг эмч гээд эгч бид 5 Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарцгаасан... Төрөө ах нэг архи гаргаж ирээд аягалж, тойруулж, юм яриад сууж байгаад замдаа ганц нэг татаад явсан. Цогтцэций сумын хойд талаар чигээрээ 0 кемпийн наагуур явж төмөр зам руу явдаг шороон замаар ороод би унтаад явж байсан чинь машин далийгаад сонин болоод ирэхээр нь хөөе наадах чинь уналаа ш дээ гээд сэрснээ санаж байна. Тэгээд ухаан алдсанаас өөр юм санахгүй байна. Тээврийн хэрэгслийг С инженер жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эын өгсөн “...Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн арын суудлын голд нь сууж хөдөлсөн. Намайг уг машинд суухад 1 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Надтай нийлээд 5-уулаа хөдөлсөн... Тэгээд явж байтал гэрэл харагдсан тэгэхээр нь би тэр юу юм гэхэд Цогтцэций гэсэн. Тэгээд шороон замаар нилээн явж байтал машин гэнэт чигээрээ явж байгаад гэнэт хажуу тийш дайвалзаад тэгээд хажуугаараа буцаад өнхөрсөн. Тэгээд нэг сэрсэн чинь би машины арын суудал дээр ганцаараа байсан... С намайг машин дотроос татаж гаргасан. Тэгээд гараад ирсэн чинь Уртаа эгч ёо ёо гээд орилж байсан. Уртаа эгчийн хөл нь машинд дарагдчихсан байсан... М машинаас нэлээн хол хэвтэж байсан... Мөнх-Эрдэнийн толгойноос их цус гарч байсан. Тэгэхээр нь цус тогтоох тариа хийгээд толгойд нь боолт хийж өгсөн... Цогт-Овоогоос наашаа явж байгаад зогсоод хөдлөхөд Төрөө ах нэг шил архи гаргаж ирээд тойруулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Төрбатын өгсөн “...би өчигдөр буюу 2021.02.25-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад Цогтцэций сумын төвөөр дайраад зүүн тийшээ яваад төмөр замын далангийн хажуугаар явдаг шороон зам руу ороод явж байх үед би унтаж байхад нэг мэдсэн чинь машин онхолдсон. Машин дээшээ харчихсан байхад жолооч С цонхоороо гараад араас нь би, миний араас Мөнхцэцэг гараад түүний араас Уртаа гарах гэхэд баруун хөл нь шагай хэсгээрээ машинд дарагдчихсан гарч болохгүй байна гэхээр нь бид 3 машиныг өргөж байгаад хөлийг нь хөндийрүүлж байгаад гаргаж авсан. Мөөгий машинаас шидэгдсэн байдалтай замын хойд талд газар хэвтэж байсан... машиныг Улаанбаатар хотоос эхлээд С жолоодож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “...Тоёота ландкруйзер 80” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа,... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, 3.4 б дэх хэсэгт заасан “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Тоёота ланд круйзер 80 маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болоход шууд нөлөөлсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1911 дугаартай шинжээчийн “...Ч.Угийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, баруун түнхний үений тогоо, умдагны хоёр талын дээд, доод салаа, ууцны 1-р нугалам баруун сүүжний үелэмж хэсэг, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн дунд чөмөгний их төвгөр, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархины доргилт, баруун зулайд шарх, баруун мөр, бугалга, баруун цавь, өгзөг, ташаа, гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.14, 3.6.1-д зааснаар амь насанд аюултай, ерөнхий хөдөлмөрийн чадварт их хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн “...Л.Эын биед тархи доргилт, сээрний Тh11, Тh12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, L5/S1-ийн завсрын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1912 дугаартай шинжээчийн “...С.Мөнх-Эрдэнийн биед гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их бага далавч суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 7, 9-р нугалмуудын их биеийн хугарал, дагзны хэсгийн хуйханд шарх, баруун зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хоёр гарын бугуй, сарвуу, зүүн хөлийн эрхийн хуруунд цус хуралт, хоёр талын мөр, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн “...1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн 1911 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2.Хохирогч Ч.Угийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, баруун түнхний үений тогоо, умдагны хоёр талын дээд, доод салаа, ууцны 1-р нугалам баруун сүүжний үелэмж хэсэг, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн дунд чөмөгний их төвгөр, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархины доргилт, баруун зулайд шарх, баруун мөр, бугалга, баруун цавь, өгзөг, ташаа, гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд учирчээ. З.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4.Ц.Угийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т, умдагны хоёр талын дээд, доод салаа, ууцны 1-р нугалам баруун сүүжний үелэмж хэсгийн хугарал нь 3.1.15-д, баруун талын түнхний үе буюу сүүж ясны тогооны бяцарсан хугарал нь 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн дунд чөмөгний их төвгөр, баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, баруун зулайд шарх, баруун мөр, бугалга, баруун цавь, өгзөг, ташаа, гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх баруун талын сүүжний тогооны хугарал, аарцаг ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэдэн хувиар алдагдуулах нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 46-50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Сын яллагдагчаар өгсөн “...би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаа кемп рүү явах гэж өөрийн **-**улсын дугаартай Ланд круйзер маркийн машинаар компаний ажилчид болох М, тогооч У, эмч Э, жолооч Төрбат нарын хамт явсан юм. ...замдаа түр зогсоод ...Төрболд нэг шил 0,5 граммын Экс нэртэй архийг гаргаж ирээд бид нарт өгсөн. Би тэр архинаас 3 удаа татсан. ...Тэгээд цаашаа явж Цогтцэций сумын зүүн талаар шороон замаар явсаар байгаад төмөр замын 0 цаг дээрээс сайжруулсан шороон зам руу ороод нээх удаагүй байх хонхордуу газарт жаахан хурдтай орчихоод зам мушгирах үед машин шарваад хажуу талаараа явж байгаад машин онхолдчихсон. ...машин нэг бүтэн өнхрөөд буруу талаараа унасан. Би машины жолооч талын хаалганы цонхоор гарахад миний араас Төрболд гарч ирсэн. Би тэгээд машины ар луу харахад Э машины суудлын гол харалдаа дөрвөн хөлөлчихсөн нэлээн манарсан байдалтай байхаар би гарнаас нь татаж гаргасан. Тэгэхэд машины гадаа хөл хэсгээрээ У дарагдсан байдалтай “ёо ёо” гээд байхаар ...Угийн дарагдсан хөлийг гаргаж авсан. Тэгээд машины цаад талаар ороод харахад М машинаас нэлээн зайтай зам дээр ухаангүй байдалтай хэвтэж байхаар ...үзэхэд толгойны ар дагз хэсгээрээ хагараад цус гарч байхаар нь толгойг боож цусыг тогтоох тариа хийсэн. ...Цагдаа нар намайг багажаар үлээлгэхэд 0,55 хувийн согтолттой байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.С нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Эрхэмбаатарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 19-27, 29, 99-100 дахь тал/,

 

Зам тээврийн осол гаргах үедээ жолооч Т.С нь 0.55 хувийн промилли согтолттой согтуурсан байсан болох нь жолоочийн согтуурал шалгасан тэмдэглээгээр нотлогдон тогтоогдсон. /хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Зам тээврийн ослын улмаас “Ланд круйзер 80” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.У, С.М нарын эрүүл мэндэд хүнд, Л.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1911 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 678 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1912 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 46-50 дахь тал, 1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал, 1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Сыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ч.Угийн биед “...хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, баруун түнхний үений тогоо, умдагны хоёр талын дээд, доод салаа, ууцны 1-р нугалам баруун сүүжний үелэмж хэсэг, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн дунд чөмөгний их төвгөр, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархины доргилт, баруун зулайд шарх, баруун мөр, бугалга, баруун цавь, өгзөг, ташаа, гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1911 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 678 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 111-113, 4 дүгээр хавтас хэргийн 46-50 дахь тал/,

 

Хохирогч С.Мөнх-Эрдэнийн биед “...гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их бага далавч суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 7, 9-р нугалмуудын их биеийн хугарал, дагзны хэсгийн хуйханд шарх, баруун, зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хоёр гарын бугуй, сарвуу, зүүн хөлийн эрхийн хуруунд цус хуралт, хоёр талын мөр, даланд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1912 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтас хэргийн141-143/,

 

Хохирогч Л.Эын биед “...Л.Эын биед тархи доргилт, сээрний Тh11, Тh12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, L5/S1-ийн завсрын жийргэвчийн урагдал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Ч.У, Л.Э нарыг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор С.Мөнх-Эрдэнийг тус тус тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 32, 40, 48 дахь тал/

 

1. Хохирогч Ч.Угийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У нь “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ”Цу-Эрдэнэ” эмнэлгийн эмчилгээний төлбөрт 9.085.000 төгрөг, БНСУ-д шинжилгээ эмчилгээнд хамрагдах зардалд 115.176.707 төгрөг, хүүхэд Б.Хүслэнгийн сургалтын төлбөрт 1.999.000 төгрөг, Б.Өнөрбаясгалангийн сургалтын төлбөрт 5.850.000 төгрөг, нийт 132.110.707 төгрөг”-ийг нэхэмжилсэн. Цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тайлбарласан.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Соос “Цу-Эрдэнэ эмнэлгийн эмчилгээний төлбөрт 4.165.000 төгрөгийг, БНСУ-д хийлгэх шинжилгээний зардалд 12.800.051 төгрөгийг, охин Б.Өнөрбаясгалангийн сургалтын төлбөрт 5.850.000 төгрөг, нийт 22.815.051 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Уд олгохоор, хохирогч Ч.Угийн нэхэмжлэлийн шаардлагаас 109.295.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.С, иргэний хариуцагч Ц.Х, “М.т” ТӨХК нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хохирогч Ч.У нь “Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 4.165.000 төгрөгийг төлж барагдуулахыг, шүүгдэгч Т.С нь хохирогч Ч.Уд эрүүл мэндэд учирсан хохиролд 6.782.174 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирлын тооцооллыг дүгнэвэл.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У нь “Цу-Эрдэнэ эмнэлгийн төлбөрт 9.085.000 төгрөг нэхэмжилсэн”-ээс “Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэг нь 2022.08.09-ний өдрийн 05 дугаартай, 2023.01.25-ны өдрийн 09 дугаартай, 2023.08.31-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр “Ч.Угийн 2021.10.09-2021.10.19-ний хүртэл DS:M16.5 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 4.165.000 төгрөг, Л.Э 2022.09.13-2022.09.22 хүртэл DS:G54.3 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.425.000 төгрөг, С.М 2021.10.25-2021.11.03 хүртэл DS:T90.9 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.495.000 төгрөг, 2023.09.13-ны дотор нийт 9.085.000 төгрөгийг яаралтай төлж барагдуулна уу” гэх албан бичигт үндэслэн шүүгдэгч Т.Соос Ч.Угийн 2021.10.09-2021.10.19-ний хүртэл DS:M16.5 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 4.165.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Уд олгохоор,

нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Л.Э, С.М нарын эмчилгээний төлбөрт нийт 4.920.000 төгрөг нэхэмжилсэнийг бусдын эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. /5 дугаар хавтас хэргийн 4, 5, 171, 172 дахь тал/

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У нь “БНСУ-д шинжилгээ эмчилгээнд хамрагдах зардалд 115.176.707 төгрөг нэхэмжилсэн”-ээс зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлийг оношлуулах, цаашид ямар эмчилгээг хэдий хугацаанд хийлгэхэд зөвлөгөө авахад шинжилгээ өгөх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Сүн Чон Хян Сөүл эмнэлгийн хариу бичигт үндэслэж, амбулторийн үзлэг 39.390 вон, түнхний рентген зураг 300.000 вон, түнхний MRI зураг 800.000 вон, спект CТ 800.000 вон, мэс заслын өмнөх цусны шинжилгээ 2.000.000 вон, ясны скэн 600.000 вон, мэс заслын өмнөх шинжилгээ 500.000 вон, нийт 5.039.390 вон буюу 12.800.051 төгрөг /Монголбанкнаас 2023.10.03-ны өдөр зарласан ханш болох 2.54 төгрөгөөр бодсон/-ийг шүүгдэгч Т.Соос гаргуулж, хохирогч Ч.Уд олгохоор,

Сүн Чон Хян Сөүл эмнэлгийн хариу бичигт: “...өвчтөн өөрийн биеэр ирж бүх шаардлагатай шинжилгээнүүдэд хамрагдсаны дараа мэс заслын бодит шийдвэр болон эмчилгээний ерөнхий төлөвлөгөө гарах болно” гэж дурдсан, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Х “...хохирогч нь түнхний тогоог дунд чөмөгтэй хиймэл үеэр холбож солих хагалгааг хийлгэсэн ба протез нь 10 жилийн хугацаатай гэсэн, энэ хагалгааны үр дүнг харалгүйгээр дахин БНСУ-д хагалгаанд орно гэж төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан учир хохирогчийн түнхний үе солих, түнхний тогооны хэсэгт металл хавтан бэхлэн суулгах мэс засал хийлгэх эсэх нь шинжилгээ, биеийн байдал, эдгэрэлт зэргээс шалтгаалах тул БНСУ-д хагалгаа хийлгэх зардалд нэхэмжилсэн 102.376.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. /4 дүгээр хавтас хэргийн 57, 58 дахь тал, 5 дугаар хавтас хэргийн 178 дахь тал/

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У нь “охин Б.Өнөрбаясгалангийн 2020-2021, 2021-2022 оны Их Засаг ОУИС-ийн сургалтын төлбөрт 5.850.000 төгрөг, хүү Б.Хүслэнгийн “Лингуа өсөх ирээдүй” англи хэлний сургалтын төлбөрт 1.999.000 төгрөгийг нэхэмжилсэн”-ээс хохирогч Ч.У нь өрх толгойлсон эх, 10-26 насны 5 хүүхдийн хамтаар оршин суудаг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэний тодорхойлолтоор, охин Б.Өнөрбаясгалан нь Их засаг Олон улсын их сургуульд эрх зүйчээр суралцдаг, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Их засаг Олон улсын их сургуулийн суралцагчийн тодорхойлолт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тус тус тогтоогдсон тул охин Б.Өнөрбаясгалангийн сургалтын төлбөрт 5.850.000 төгрөгийг шүүгдэгч Т.Соос гаргуулж, хохирогч Ч.Уд олгохоор,

Суурь боловсролд хамаарагдахгүй нэмэлт сургалтанд хамрагдсан хүү Б.Хүслэнгийн англи хэлний сургалтын төлбөр болох 1.999.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хохиролд тооцох боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.999.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. /3 дугаар хавтас хэргийн 83-91, 92, 93, 97 дахь тал/

 

2. Хохирогч С.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.М нь “С.М миний бие 2021.02.03-2022.12 сар хүртэл “М.т” ТӨХК-д оператороор ажилласан. 2021 оны 02 дугаар сарын 25-26 шилжих шөнө Улаанбаатар хотоос Цогтцэций руу ажил руугаа явах замдаа авто замын осолд орсон. Энэхүү осол нь үйлдвэрлэлийн осол гэж бүртгэгдсэн. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа ЭХМК-аар 69 хувь алдсан гэсэн дүгнэлт гарсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай дүйцэхүйц буюу 16.200.000 төгрөгийг “М.т” ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. /5 дугаар хавтас хэргийн 133 дахь тал/

 

Хохирогч С.Мөнх-Эрдэнийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг 2023 онд сунгасан эсэх нь тодорхойгүй, “М.т” ТӨХК-д ямар албан тушаалыг, хэдэн төгрөгийн цалин хөлстэйгээр, хэдийн хугацаанд гүйцэтгэсэн зэргийг нотолсон бичгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай дүйцэхүйц буюу 16.200.000 төгрөгийг “М.т” ТӨХК-иас гаргуулах”-аар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.С, иргэний хариуцагч Ц.Х, “М.т” ТӨХК нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

“Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэг нь 2022.08.09-ний өдрийн 05 дугаартай, 2023.01.25-ны өдрийн 09 дугаартай, 2023.08.31-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр “...С.М 2021.10.25-2021.11.03 хүртэл DS:T90.9 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.495.000 төгрөгийг яаралтай төлж барагдуулна уу” гэх албан бичигт үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Соос эрүүл мэндэд учирсан хохиролд 2.495.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Мд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч С.М нь “Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.495.000 төгрөгийг төлж барагдуулахыг, шүүгдэгч Т.С нь хохирогч С.Мд эрүүл мэндэд учирсан хохиролд 1.140.700 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

3. Хохирогч Л.Эын нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

“Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэг нь 2022.08.09-ний өдрийн 05 дугаартай, 2023.01.25-ны өдрийн 09 дугаартай, 2023.08.31-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр “...Л.Э 2022.09.13-2022.09.22 хүртэл DS:G54.3 оношоор 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.425.000 төгрөгийг яаралтай төлж барагдуулна уу” гэх албан бичигт үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Соос эрүүл мэндэд учирсан хохиролд 2.425.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Эд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Э нь “Цу-Эрдэнэ” ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2.425.000 төгрөгийг төлж барагдуулахыг, шүүгдэгч Т.С нь хохирогч Л.Эд эрүүл мэндэд учирсан хохиролд 1.249.794 төгрөг төлсөн, хохирогч Л.Э нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

4. Иргэний нэхэмжлэгч Ц.Хийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Зам тээврийн осолд өртсөн “Тоёота Ланз Круйзер-80” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Хийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 228 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Ц.Хийг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Х нь “...шүүгдэгч Т.С бол миний нөхөр, тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад зам тээврийн осол гаргасан. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулаагүй, нөхрөөсөө тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг гаргасан.

 

Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Х нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч “М.т” ТӨХК нь хохирогч нарт нийт 30.680.540 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Т.С нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол гарах шалтгаан болсон учир хохирогч нарын хохирлыг иргэний хариуцагч нараас бус шүүгдэгч Т.Соос гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Т.С нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Т.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Соос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 27.735.051 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Т.С нь шийтгэх тогтоол гарснаас хойш 1 /нэг/ сарын хугацаанд хохирогчид хохирлоо хэсэгчлэн нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Т.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.Сын 248305 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Сод буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Сод тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг гаргасан, уг саналыг хохирогч Ч.Угийн өмгөөлөгч нар дэмжсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Т.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлагыг тус тус хангасан гэж үзсэн учраас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагч болон хохирогч Ч.Угийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн аваагүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Соос гэм хорын хохиролд 22.815.051 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Уд, 2.495.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд, 2.425.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эд тус тус олгохоор, хохирогч Ч.Угийн нэхэмжлэлийн шаардлагаас 109.295.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.С, иргэний хариуцагч Ц.Х, “М.т” ТӨХК нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу 9 сарын цалинтай дүйцэхүйц буюу 16.200.000 төгрөгийг “М.т” ТӨХК-иас гаргуулах”-аар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.С, иргэний хариуцагч Ц.Х, “М.т” ТӨХК нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.С нь хохирогч Ч.Уд гэм хорын хохиролд 6.782.174 төгрөг, хохирогч С.Мд гэм хорын хохиролд 1.140.700 төгрөг, хохирогч Л.Эд 1.249.794 төгрөг тус тус нөхөн төлсөн, иргэний хариуцагч “М.т” ТӨХК нь хохирогч нарт нийт 30.680.540 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Л.Э, иргэний нэхэмжлэгч Ц.Х нар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.  

7. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Сын 248305 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Сод буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН