Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

     2023            09                  22                                                     2023/ШЦТ/132                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Т.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

-М.Угийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

-Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-24 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Угийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-31, 35-37 дахь тал/,

 

-Хохирогчоос ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтууд /хавтас хэргийн 52-57 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023.08.07-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Бын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

-Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, АСАП сангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.19-ний өдрийн 2020/ШЦТ/463 дугаартай, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021.02.17-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 70, 71, 72, 73, 74-93, 116-117, 120-124, 126-133 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 7 дахь километрт байх гэртээ хамтран амьдрагч М.Уг “...манай найз нараас хөндий байлаа...” гэх шалтгаанаар хазаараар олон удаа биед нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун бугалга, шуу, зүүн дал, нурууны баруун доод хэсэг, баруун гуя, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 14-24 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Угийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Батбаярын найз нар манай гэрт ирээд нэг шөлний юм гаргаж баярласан... манай нөхөр найз нарынхаа хамт гэрийн гадаа байсан учраас би очиж хамт суугаагүй. Батбаяр нөгөө ажлынхаа хүмүүстэй 2 цаг гаран суусан байх. Нөгөө хүмүүс нь яваад өгсөн. Би хоол идсэн хүмүүсийнхээ аяга тавгыг угааж байхдаа өдөржингөө гадуур яваад өлсөж байсан ч танай найз нар дээр очиж хоол идэхээс санаа зовоод гэсэн чинь “чи муу ялгуур үзэлтэй, найз нөхөд дундаа нийлж явдаг байж манай найз нараас хөндий байлаа” гэж хэлээд гэрийн уньд байсан хазаарыг аваад миний баруун талын хөл, гуя, дал руу ороолгосон. Нийт хэдэн удаа ороолгосоныг мэдэхгүй. Миний бие битүү хөх алаг болсон байсан... хамгийн анх намайг 2022 оны хавар Цогтцэций сумын 7 дахь километрт байхдаа гэртээ зодсон. Гэрт хүн байхгүй байсан.... энэ үед гар хөлөөрөө зодсон ба биеийн хөл, гар хөхөрсөн... хоёр дахь удаа зодохдоо 2023 оны одоогоос 03 сарын өмнө намайг зодож, миний зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөж нүд гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 35-37-р хуудас/

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023.08.07-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн “... 1.М.Угийн биед баруун бугалга, шуу, зүүн дал, нурууны баруун доод хэсэг, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.М.Угийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.М.Угийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Бын өгсөн: “...2023 оны 07 сарын 30-ны өдөр ...гэртээ ороод чи манай ажлынхныг тоосонгүй гээд эхнэртэйгээ маргалдаж байснаа санаж байна... нэг мэдсэн эхнэр уйлаад аймар чанга орилсон би тэгээд ухаан ороод орон дээр суусан. Эхнэр уйлаад гар өвдөөд байна гэсэн... тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... манай гэрийн хойд хэсэгт хазаар байдаг бөгөөд эхнэр Уртнасангийн баруун гар, баруун гуя болон нуруун ар талын далны баруун хэсэгт хазаараар цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Угийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Т.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч М.Угийн биед “баруун бугалга, шуу, зүүн дал, нурууны баруун доод хэсэг, баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/  

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Уг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/

 

Хохирогч М.У нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “М.У миний бие нь нөхөр болох Т.Бтай гэр бүлийн маргааны улмаас цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Цаашдаа гомдол саналгүй тул шүүх хуралд оролцох хүсэлгүй байгаа болно” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хохирогч М.У нь шүүгдэгч Т.Баас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Бын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.