| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0074/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/124 |
| Огноо | 2013-07-10 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | 171/2013/0074/Э/ |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2013/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0074/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Батмөнх,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Ч.Эрдэнэгэрэл,
Иргэдийн төлөөлөгч Ч.Цэндсүрэн, С.Банди, Т.Ганболд,
Хохирогч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт Х овогт Л.Н т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000716 дугаартай хэргийг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Л Н /РД:ТЯ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .. сумын ..баг, .. байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг, .. тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу автомашины төмөр амартизатороор Х.Б ын толгойн тус газарт цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2012 оны 12 сарын 04-ны өдөр уурхайчдын урлагын үзлэгт би хүмүүсээ бэлдүүлээд байж байсан. Тэр өдөр Б намайг дуудаад О тай хүрээд ир гэхээр нь Г тэр хоёртой очсон чинь тэд нар хоол идээд ганц юм задлаад сууц байсан. Надаас Б ыг таниж байна уу гэхэд нь зүс хараж байсан юм байна гэсэн. Тэгээд бид анд хамт явж байсныг санаад тэр үед туранхай өндөр залуу байсан, одоо танигдахгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд архинаас ганц нэг татаад ажилтай гээд гарсан. Г бид гуравыг гарч ирэхэд Б араас гарч ирсэн. Чи иргэдийн хуралд гарсан гэсэн А эгчийг соёлын төвийн эрхлэгчээр тавиад өгөөч гэсэн. Тэгхээр нь би мэдэхгүй, наад асуудлыг чинь би мэдэж шийдэхгүй гэсэн. …Тэгээд би соёлын төв орж хүмүүсээ тараагаад Шаазшайтад байдаг аавынхруугаа очсон. Тэнд байж байхад Б утсаар байнга яриад А эгчийг эрхлэгчээр тавьж өгсөнгүй гэх мэтээр дарамтлаад, хаана байгаа юм, яваад очъё гээд байхаар нь аавынхыгаа зааж өгсөн. Тэгээд Б, Б, Б , О , Б нар ирсэн. Тэгээд би ширээ засаад сууцгаа гэсэн. Б утсаар яриад хүнтэй маргаад байсан. Ширээн дээр ирээд чи ингэж томрох болоогүй шүү гээд миний зүүн шанаа руу цохьсон. Би зөрүүлээд боссон чинь бүгд босоод ирэхээр нь намайг нийлж зодох гэж байна гэж бодоод ард байсан машины амарзитор аваад савахад Б ын толгой руу нь цохьсон. Би уг нь тэднийг намайг дарамтлаад байна гэж цагдаа Б д тэднийг ирэхээс нь өмнө нь утсаар хэлсэн тэгэхэд намайг Шарын голынхоо цагдаа руу утасд гэж хэлсэн. Б ыг цохьсондоо харамсаж байна гэв.
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Шарын гол сумын уурхайгаас хөдөө байдаг малчин ахындаа нүүрс авах зорилгоор Шарын гол суманд очсон. …Н том өрөөндөө өмнө нь Огонбаатарын гэрт цуг орж ирсэн 2 залуугийн нэгэнтэй нь хамт, мөн урьд харж байгаагүй танихгүй эрэгтэй хүнтэй цуг гуравуулаа нэг шил экс задлаад уугаад сууж байсан. Архи нь нилээд дундарчихсан байсан. Миний гар утас дуугаараад би утасаа авч шууд гал тогооны өрөөнд орж утсаар ярьсан. Тэд нар том өрөөнд суучихсан байсан. Намайг утсаар ярьж байхад ******* ын дуу нилээн чанга дуугараад байсан. Би утсаар ярьж дуусаад том өрөөнд ороход ******* пизда нар манай аавынд ирчихээд аавынхыг хүндэлсэнгүй, намайг хүндэлсэнгүй гээд ширээний цаанаас над руу босоод ирсэн. Би түүнийг Нараа хөгшөөн яасан бэ гээд зүүн мөрөн дээр нь гар хүрсэн. Тэгэхэд Н баруун гараараа миний зүүн шанаа руу цохьсон. Би түүнийг хөгшөөн яаж байгаа юм бэ гэхэд тэр цааш эргээд нэг зүйл авах шиг болсон. Тэр миний толгойн зүүн тал руу хатуу зүйлээр нэг удаа цохьсон. Миний толгой манарч би газар сөхрөөд суусан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс болиоч хүн аллаа гэж хэлж байсан. …Б гарч ирээд машинаа асаах гэж байсан, энэ үед ******* хадаасны лоом барьчихсан гарч ирээд муу пизда хаана байна, нэг мөсөн гүйцээчихье гээд орилоод байсан гэв.
гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Н чи утасны цаанаас юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд Тулга Н ын хүзүүнд нь гар хүрсэн. Тэгэхэд Н ширээний хажууд хана түшүүлээд тавьчихсан байсан машины амартизаторыг аваад Тулгын толгой руу цохичихсон. …Би архи огт хэрэглээгүй байсан. Би харахад Б Н ын хүзүүнд зүгээр хүрсэн харин Н цохисон гэж яриад байгаа юм” гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/,
гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Н , Г гэх залуутай хоёулаа сууж байсан. Байшин доторхи ширээ сандал ундуй сундуй болчихсон, шалан дээр нь цус гоожсон байдалтай байсан. Н тухайн үед архи уучихсан байсан гэхдээ их согтоогүй байсан түүнээс юу болсон талаар асуухад Тулгаа тэргүүтэй залуучууд ирээд намайг зодох гэж оролдлоо гэж товчхон зүйл ярьсан” гэх мэдүүлэг /хэргийн 62-63 дахь тал/,
гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…байшингийн том өрөөнд ширээ засчихсан байсан. Ширээний хажууд шалан дээр бага хэмжээний цус гоожчихсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 64-65 дахь тал/,
гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Н ямар нэгэн тайлбар хэож чадхааргүй их хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг /хэргийн 68-69 дахь тал/,
гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…18 цагаас 19 цагийн орчим 32 настай эрэгтэй Б гэж хүн толгойн зүүн талын чамархайн хэсэгт 4 см орчим зүсэгдсэн шархтай ирсэн. Б бага зэргийн согтолттой Н Шаазгайтад байдаг гэртээ машины том төмрөөр цохичихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 70-71 дахь тал/,
Шарын гол сумын эмнэлгээс Х.Б д анхны тусламж үзүүлсэн тухай бүртгэлд /хэргийн 72 дахь тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹14873 тоот дүгнэлт:
1.Б ын биед тархины баруун духны дэлбэнгийн эдийн няцрал, зүүн гарын саажил, зүүн чамархайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 84 дэхь тал/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэл “…шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохдоо тухайн хүний биед учирсан гэмтлүүдийн аль хүндээр нь гэмтлийн зэрэг тогтоодог. Б ын биед учирсан гэмтлийн хувьд зүүн чамархайн няцарсан шарх, тархины няцрал нь нэг үйлчилэлээр үүсэх бөгөөд уг тархины няцралын улмаас хүндрэл өгч зүүн гарын саажилт үүссэн учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан. …2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Б ирж үзүүлсэн бөгөөд үзүүлэх үед гарны саажилт гайгүй байсан тухайн үед Б нь “Сонгдо” эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гээд мэдрэлийн эмчийн тодорхойлолт авчирсан уг тодорхойлолтонд буюу надад үзүүлэхээс өмнөх үзлэгт зүүн гарын саажил нь оношлогдсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 85-86 дахь тал/,
Криминалистикийн шинжээчийн ¹21 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн подволконд гэмтэл байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ноосон цамцан дээр гэмтэл байна.
3.Уг гэмтэлүүд нь оёдол дагуу үүссэн ханзралт байна.
4.Уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчилэлээр үүсэх боломжтой.
5.Уг гэмтэл нь шинэ хуучин эсэхийг хэрэг болсноос хойш удсан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 101-103 дахь тал/зэрэг баримтуудыг шинэчилэн хэлэлцэв.
хохирогч Б “Өөрийнхөө хамаатан А гэж хүний ажилд оруулж өг” гэдэг шалтгаар удаа дараа гар утас руу залгаж дарамталж “Хаана байна. Очиж уулзъяа” гээд байсан учир ер нь зодоон болж магадгүй нь гээд би цагдаагийн 2 ажилтан руу утсаар мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа боловч доорхи баримтаар үгүйсгэгдэж байна.
Хавтаст хэргийн 28 дугаар талд шүүгдэгч Н ын *** дугаараас гарсан /залгасан/ ярианаас үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 04-ны 18 цаг 07 минутанд *** дугаар луу буюу цагдаагийн ажилтан И.Б руу, 18 цаг 08 минутанд *** дугаар луу буюу мөн цагдаагийн ажилтан Б.М луу залгасан байна.
Энэ 2 дуудлагын өмнө буюу 18 цаг 02 минутанд *** дугаарт залгасан ба энэ дугаарыг эзэмшигч А /Шарын гол сумын засаг дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... 2012 оны 12 дугаар сарын 04-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна Н над руу залгаад хүмүүс ирээд намайг зодчихлоо. Би Шаазгайтанд гэртээ байна гэж хэлсэн. Би Н гэдэг найзыгаа дагуулаад Шаазгайтад очиход Н Г 2 сууж байсан. Байшин доторхи ширээ сандал ундуй сундуй шалан дээр цус гоожсон байдалтай байсан. гэх мэдүүлэг /хэргийн 61 тал/ мөн Цагдаагийн ажилтан Б.М мэдүүлэгтээ ...Н над руу залгаж Намайг хүмүүс зодох гээд байхаар нь би зодчихлоо. Өөрийгөө хамгаалсан гэж ярьсан. гэх мэдүүлэг /хэргийн 65 тал/ болон утасны яриа тэмдэглэсэн баримтуудаар шүүгдэгч ******* Зодоон болсоны дараа дээрхи хүмүүс рүү залгаж ярьж байжээ гэж үзэхээр байна.
Гэрч Х. Н .. 2012 оны 12 дугаар сарын 04-ны орой А бид хоёр Н ын гэр хороололд байдаг гэрт очиход Хэдэн хүмүүс ирээд дарамтлаад хоорондоо зодолдлоо гэж ярьж байсан. /Хэргийн 65 дугаар тал/
Гэрч Г ийн “…Н ын *** дугаар луу Б гэж залуу хэдэн удаа залгаад байсан түүнийг залгаад ярих үед нь Н гар утасныхаа чанга яригч дээр тохируулж бид нарт сонсгож байсан тэгэхэд тэр Б гэж муу хогийн банди минь чи хаана байна, чамтай уулзая гээд удаа дараа залгаад байсан. Миний санаж байгаагаар 3-4 удаа залгасан.
Бид нар Н ын аавын гэрт очоод байж байтал тэр залуу дахиад залгаад хаана байна яваад очъё гэхэд Н би шаазгайтад байшиндаа байна гэж хэлсэн. 5-10 минутын дараа буюу 17 цагийн орчим Б, О , Б , Б, Б нар Н ын аавынх нь гэрт орж ирсэн. Тэд нарыг орж ирэх үед бид нар нэг шил 0.75 литрийн шилтэй экс архи задлаад уугаад сууж байсан. Тэд орж ирэхдээ хар шилтэй архи барьж орж ирсэн. Орж ирмэгцээ Б Н хоёр салахдаа хоорондоо маргалдаж байсан хэрүүлээ үргэлжлүүлж байгаад Б Н ын хүзүү рүү нь гараараа нэг удаа цохисон тэгэхэд Н яаж байна чи гээд Б ыг түлхээд босож ирээд ширээн доор байсан машины амартизатор шүүрч аваад Б ын толгойн зүүн тал руу нэг удаа цохьсон /уг нь бол хальт цохисон, түүний толгойн зүүг талд 3 см харагчихсан байсан/ түүний толгойноос цус гойжоод байсан учир би халаасанд байсан маскийг урж өгөөд, энэ маскны цэвэрхэн талаах нь дараарай гээд Б д өгсөн. Тэгээд Б , Б, О , Б, Б нар Б ын толгойг эмнэлэгт очоод оёулна гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 52 хуудас/
Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гал тогооны өрөөнөөс нэг том биетэй залуу том өрөөнд орж ирээд миний сууж байсан сандлын араар тойроод Н луу дөхөж очсон. Тэр залуу ширээнд дээр гараа тавиад Н луу “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн өнгө аястай үг хэлсэн. Тэгэхэд Н “Би чам руу утсаар залгаагүй, чи өөрөө надруу залгасан биз дээ” гэж хэлсэн. Тэр үед би тэдгээр залуучуудыг хоорондоо зодолдож магадгүй юм шиг байна гэж бодоод айгаад үүд рүү зүглээд 3-4 алхсан. Тэгэхэд хүмүүс хоорондоо ноцолдох чимээ гарсан, эргээд хартал гаднаас орж ирсэн том биетэй залуу толгойгоо барьчихсан өвдөглөөд суучихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дахь тал/,
Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Н ын байшинд Н , Г , С нар нэг шил 0.75 литрийн экс архи уугаад сууж байсан. Архи нь бараг дуусч байсан. Бид ширээг тойрч сууцгааж авчирсан архиа гаргаж ширээн дээр тавьсан. Энэ үед Б гар утсаараа хүнтэй ярьж байгаад ярьж дуусаад Н ын зүүн мөрөн дээр нь баруун гараа тавьж Нараа чи одоо юу яриад байгаа юм бэ гээд мэндлэх шиг болсон. Энэ үед Н буйдан дээр сууж байснаа босож ирээд -Чи муу өөрөө юу яриад байгаа юм бэ гэж хэлээд ширээний хажууд сандал дээр байсан машины амарзитороор Б ын толгойн зүүн талын хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 59-61 дахь тал/,
Гэрч Л.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Н гэртээ Гомбоо, Сүрэнжав нарын хамт нэг шил 0.75 литрийн экс архи талд нь ортол уугаад сууж байсан. Бид орж ирээд суусан. Энэ үед Б Н ын байшингийн гал тогооны өрөөнд гар утсаараа хүнтэй ярьж байгаад сүүлд орж ирсэн.
Би Г-той юм яриад байсан юм тэгэхэд Н Б хоёр маргах шиг болсон. Миний сонссон зүйл гэвэл Х.Б “Нараа чи яагаад байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхэд юм цохих чимээ сонсогдсон. Би тэр зүгт хартал Б шалан дээр уначихсан, түүний толгойны зүүн дагз орчмоос цус олгойдон гойжиж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44-47 дахь тал/ мэдүүлэгээр шүүгдэгч хохирогч нарын хооронд бага зэргийн үл ойлголцол байсан эсэх талаар өөр өөрийнхөө найзуудыг хамгаалсан байдлаар янз бүрээр мэдүүлэг өгсөн нь шүүх бүрэлдэхүүнд хэргийн сэдэлт санаа, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ төрсөн учир энэхүү эргэлзээг тайлах зорилгоор 201209000716 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан боловч 18 тоот магадлалаар Сум дундын шүүхийн тогтоолыг биелүүлэх боломжгүй болсон.
Хэрэг гарахын өмнө хохирогч болон түүний найзууд шүүгдэгч ******* луу удаа дараа залгаж /хэргийн 51-52 дугаар тал/ улмаар шүүгдэгчийн араас гэрт нь ирсэний дараа хохирогч Х.Б /хэргийн 47-60 дугаар тал/ шүүдэгчтэй мэндэлсэн байдлууд хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон ба эдгээр байдлуудыг хохирогч болон бусад хүмүүс /хэргийн оролцогч нар/ өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, ойлгож байгаа тул шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэхийн зэрэгцээгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэнэ.
Шүүгдэгч ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайрсан уу? Ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан уу? Эсхүл хохирогч шүүгч нарын хооронд үл ойлголцол үүссэн байснаас энэ асуудал болсон уу гэдгийг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Л.Н танхайн сэдэлтээр бусдын бие махбодыг гэмтээсэн гэдэг нь баттай нотлогдоогүй эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл: шүүгдэгч ******* нь хохирогч Х.Б тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд халдаж хүндэвтэр гэмтэл учируулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ******* үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчид учируулсан хохирол төлбөрийг төлж өнөөдрийн байдлаар 6 000 000 төгрөг өгч хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй байгааг, шүүгдэгчийн хувийн байдал /хавтаст хэргийн 62, 123, 124 дахь тал/, насанд хүрээгүй 2 хүүхэд болон өөрийн дүү нар нь шүүгдэгчийн шууд асрамжинд байдаг ар гэрийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297,298 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Н т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овогт Л Н ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учируулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л Н ыг 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л Н т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн ноосон цамц, пудволкийг хохирогч Х.Б д буцаан өгөхийг шүүгчийн туслах Ш.Б-д даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Л.Н т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Н т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л.Н т мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Н т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
З.ТУНГАЛАГМАА