| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2020/01099/И |
| Дугаар | 182ШШ2020/01659 |
| Огноо | 2020-07-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 182ШШ2020/01659
| 2020 07 27 | 182/ШШ2020/01659 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.843.778 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д” ХХК нь иргэн Ц.Дтэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00142061 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай нэг сарын 3.00% хувийн хүүтэй зээлүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Ц.Д нь зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч Ц.Д нь зээлийн үндсэн төлбөр 2.270.158 төгрөг, зээлийн хүү 2.837.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735.923 төгрөг, нийт 5.843.778 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. “Д”-аас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4971 дүгээр захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар зээлдэгч Ц.Дг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2005 дугаар шийдвэрээр оршин суух хаягийг олж тогтоохоор цагдаагийн байгууллагад даалгасан. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2289 дүгээр албан бичгээр Ц.Дгийн оршин суух хаягийг олж тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн үндсэн төлбөр 2.270.158 төгрөг, зээлийн хүү 2.837.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735.923 төгрөг, нийт 5.843.778 төгрөгийг хариуцагч Ц.Дгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Д миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны тоотод оршин суудаг. Миний бие нь 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа н.А гэж эмэгтэй банкнаас зээл авах гэсэн батлан даагч хэрэгтэй байгаа тул Батлан дааж өгөөч гэж манай дарга болох н.Бг гуйхад, н.Бг миний нийгмийн даатгалын дэвтрийг бөглөхдөө урамшуулал гэж ордог учраас би боломжгүй байна гээд н.Д намайг гуйхад би татгалзаагүй зөвшөөрсөн. Тухайн үед би батлан даагчаар гарын үсэг зурсан боловч өөрийн нэр дээр зээл аваагүй болно. Гэтэл миний нэр дээр зээл авсан гэдгийг өдий хүртэл мэдээгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сард эрэн сурвалжлагдаж байгаа тухай мэдээд очиж уулзахад мэдсэн. Тэр үедээ иргэн н.А холбогдож чи ямар хариуцлагагүй хүүхэн бэ чамаас болж би цагдаа сэргийлэх болж байна гэхэд уучлаарай би тэр зээлээ төлж байгаа дахин чам руу залгуулж янз бүр болохгүй ээ би удахгүй төлж дуусгана гэсэн. Би тухайн үед н.Атай холбогдохын тулд дарга болох н.Бтэй холбогдож байж дугаарыг нь олж ярьсан. Д миний бие тухайн үед ажиллаж байсан тухай холбогдох бичиг баримтыг хавсаргасан болно. Мөн надад хаан банкны данс байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Ц.Дгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2.270.158 төгрөг, хүү 2.837.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735.923 төгрөг, нийт 5.843.778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч “Д” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00142061 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5.000.000 төгрөгийг “Д” ХХК-иас зээлдэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна
Хариуцагч нь уг зээлийг төлөхгүй гэж маргах хэдий ч зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүгээс болон зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл гэрээгээр болон хуулиар зохицуулаагүй байна. Талуудын гэрээгээр тохирсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан анзтай адилтгаж багасгах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж заажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “...хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан…” үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Капитал банкны шаардах эрх зээлийн сүүлийн төлөлт болох 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Ц.Дд зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Дг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Хариуцагч Ц.Д эрэн сурвалжлагдсан шийдвэр гарсныг 2019 оны 11 сард мэдсэн гэх тайлбар байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 2.270.158 төгрөг, зээлийн хүү 2.837.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735.923 төгрөг, нийт 5.843.778 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Дгээс үндсэн зээл 2.270.158 төгрөг, хүү 2.837.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735.923 төгрөг, нийт5.843.778 /таван сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун далан найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 108.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 108.500 төгрөгийг 0гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН