| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2016/00200/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2016-11-24 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 205
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Э.Одончимэг, өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Э.Одончимэгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011934 дүгээр хэргийг 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежид сурдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамж, 122 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнийн Одончимэг /РД:НО97090209/.
Шүүгдэгч Э.Одончимэг нь тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-122 тоот хашаанд оршин суух иргэн М.Сарантуяагийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэж нэвтрэн Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 351750 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж, ухаарсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
201626011934 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч М.Сарантуяагийн: “2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад ажил дээрээ оччихоод буцаад 21 цаг 30 минутын үед гэртээ иртэл хаалга онгорхой, цоожийг нь эвдчихсэн, ...зурагт байхгүй болсон байсан. Тэгтэл үеэл эгч Солонгын охин Одончимэг манай гэрийн хаалгыг эвдэж зурагтыг маань ломбарданд тавьчихсан байсан. Маргааш нь нэг цагдаа тэр ломбарданд очиж манай зурагтыг надад авчирч өгсөн. Э.Одончимэг нь манай үеэл эгч Солонгын төрсөн охин бид нар нэг хашаанд амьдардаг хамаатнууд байгаа юм. Одончимэг нь манай гэр бүлийн гишүүн биш болохоор манай гэрийн эд зүйлийг надад хэлэлгүй дураараа захиран зарцуулах эрхгүй. Шарп маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, зурагтны нүүрэн хэсэгт манай хүүхэд балаар сарааччихсан, өөр содон шинжгүй. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хорооллын Арина дэлгүүрээс 469900 төгрөгөөр худалдан авч байсан. Надад гомдол санал байхгүй, алдагдсан зурагтаа олж авсан. Би шүүх хуралд оролцохгүй. ...Хэрэг гарсан өдөр хэргийн газраас олдсон шар өнгийн модон иштэй алх бол манайх биш, тэгэхдээ Одончимэгийн гэрт байдаг бор шаргал өнгийн алх байсан. CQC TOP security гэсэн бичигтэй цагаан өнгийн зүүдэг цоож нь бол манай гэрийн цоож мөн, би цагдаа нартай хамт Э.Одончимэгийн гэрийг онгойлгож ороход баруун талын орон дээр нь эвдэрчихсэн байдалтай байж байсан” гэх мэдүүлэг /хх-20, 22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4794 дүгээр дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 3.Шинжилгээнд тэнцсэн 5 ширхэг гарын мөр эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна” гэжээ /хх-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8/, хэрэг, учралын газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, гэрч Б.Рэнцэндоржийн мэдүүлэг /хх-23/, гэрч Д.Солонгын мэдүүлэг /хх-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-26/, “Сод” ломбардны барьцаат зээлийн 0001545 дугаар гэрээ /хх-39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-47-61/ зэргийг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Одончимэг нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-122 тоот хашаанд оршин суух иргэн М.Сарантуяагийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн эвдэж, орон байранд нэвтрэн Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 351750 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Одончимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 32 инчийн “Шарп” маркийн зурагтыг хохирогч М.Сарантуяад биет байдлаар буцааж өгсөн байх бөгөөд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Э.Одончимэгийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Одончимэг цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй алх 1 ширхэг, эвдэрсэн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн Одончимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Одончимэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Одончимэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Одончимэг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй алх 1 ширхэг, эвдэрсэн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Э.Одончимэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Одончимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Одончимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР