Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хэргийн индекс: 171/2016/0129/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг *** тоотод оршин суух, Урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 6 жил хорих ял оногдуулсныг 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ***  дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, Урьд: 
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-наас 2015 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум 2 дугаар багийн нутаг “***” гэх газарт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “***” ХХК-ий ажилчдын гэрийн гадна байсан ус сорж, шахах зориулалттай насосны цахилгаан моторыг *** улсын дугаартай Мицубиши Миникап загварын машин механизм хэрэглэн хулгайлж 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                             
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *** надад дээрх уурхайн /нэрийг нь сайн мэдэхгүй/ ажилчдын гэрийн урд байсан шар өнгийн будагтай усны насосын зориулалтаар ашиглдадаг моторыг хулгайлж аваад зарж мөнгө болгъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд *** за за хоёулаа Дархан орж байгаад тухтай ярилцъя гэсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн орой 09 цагийн алдад *** машинаар *** бид 2 Дарханд хүргүүлсэн. Тэгээд Дарханд ирээд 1 хоноод маргааш нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой миний эзэмшлийн *** Миникап маркийн цагаан тээврийн хэрэгслээр шөнө 23 цагийн орчим *** бид хоёр *** ажиллаж байсан уурхайн дээрх *** яриад байсан усны моторыг хулгайлахаар Шарын гол сум уруу Дарханаас хөдөлсөн. Ингээд явсаар байгаад шөнийн 01 цагийн орчим уурхай дээр очоод машинд маань байсан түлхүүрээр моторын боолтыг тайлсан. Тухайн мотор нь гадна талаараа шар өнгийн амбаар шиг төмөртэй, дэлгэдэг хаалгатай байсан. Тэгээд уг моторыг *** бид 2 өргөөд дийлэхгүй байсан болохоор машинд байсан тороосоор машинаа мотортой холбоод машинаараа чирээд уулын энгэрт эгц уруу газарт аваачиж машинаа уруу талд нь тавьж байгаад төмөр дээр тавиад мотороо гулгуулж байгаад машиныхаа ачаан дээр гаргаж тавиад машинаараа тухайн моторыг ачиж Дарханд 06 цагийн алдад ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 137-138 дугаар хуудас/, 

    Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ёолк болох дөхсөн мөнгө хэрэгтэй байсан ба *** би Г***н уурхайн гадна мотор байсан тэрийг аваад зарвал мөнгө болох байх гэхэд *** аж авах юм бэ гэхээр нь би гэрээс нь мотор зайтай байдаг юм байна лээ чиний машинтай шөнө очоод авъя мэдэхгүй байх гэхэд *** зөвшөөрсөн. *** өөрийнх нь *** жижиг оврын цагаан өнгийн ачааны машинтай *** бид 2 Дарханаас *** ажиллаж байгаа Шарын голын тэнд байх уурхай уруу мотор хулгай хийхээр явсан. Ингээд уурхайн гадна 00 цаг өнгөрч байхад очсон. Тухайн мотор шар өнгийн будагтай, гадна талаараа шар өнгийн төмөр хайрцан дотор байрлаж байсан. Тухайн мотор ёроол хэсэгтээ 4 ширхэг боолтоор боолттой байхаар нь би *** машины багажны хайрцагнаас газу гэх багж авч ирж моторгй бэхэлсэн боолтыг тайлсан. ... Дарханд мотороо ачиж тэр шөнийн үүрийн 05 цагийн орчим ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 146-14 дугаар хуудас/    

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 10-11 шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн ***  нэртэй газарт орших компаний уурхайн кемпээс алт баяжуулах төхөөрөмжийн усны цахилгаан насос хулгайд алдагдсан. Насосны зах зээлийн үнэ нь 6,000,000 төгрөгний үнэтэй, Тайланд улсад үйлдвэрлэсэн байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Над уруу нэг залуу *** дугаараас залгаж мотор үзүүлэх гэсэн юм хүнээс асуусан чинь таны дугаарыг өглөө гээд залгаж байна гэсэн юм. Тэгээд над дээр 2-3 удаа ирж гуйсан юм. Тэгээд сүүлд амьжиргаа цагаан дээр том шар өнгийн мотор ачсан нөгөө миний таньд үзүүлэх гээд байсан мотор энэ, та хямдхан ч хамаагүй авчих гэсэн юм. Тэгэхээр нь би уг моторыг үзэхэд 2 хурдтай, 45 кв-ын, 1450 эргэлттэй Тайвань улсад үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй мотор байсан санагдаж байна. Тэгээд би уг моторыг тэр 3 залуугаас 600,000 төгрөгөөр авбал авъя гэж хэлэхэд за гэж хэлээд зарсан юм. Тэгээд би тухайн үедээ 560,000 төгрөгийг нь өгч явуулаад 2 хоногийн дараа над уруу утсаар залгаад байхаар нь шинэ Дарханд Хээтэйгийн голд уулзаж байгаад 20,000 төгрөг өгсөн. Одоо 20,000 төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 78 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Нэг өглөө над уруу ***  утсаар яриад танай гараашид мотор хийх зай байна уу гэсэн. Би байгаа гэхэд танай гараашид нэг мотор хэд хоног байлгах хэрэгтэй байна. Мотор тавих газар олддоггүй гэсэн. Тэгэхээр нь би санаанд ороогүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал *** өөрийнхөө амьжиргаа цагаан гэж нэрлэгдэх /улсын дугаарыг нь санахгүй байна/ машины ачаан дээр нөгөө мотороо ачаад ирсэн. Шар будагтай мотор байсан. Би тухайн моторыг машины мотор л гэж бодсон. Тэгээд манай гараашид тухайн мотор 10 гаран хоног байсан. Тэгсэн нэг өдөр *** утсаар яриад мотороо авъя гээд өөр хүний амьжиргаа цагаан гэж нэрлэгдэх ачааны машинтай ирсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 80 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна. Намайг Дархан сум 6 дугаар багт хуучин зах дээр зогсож байтал өдөр 14 цагийн үед саарал өнгийн Сонота-5 маркийн машинтай 3 залуу хүрч ирээд юм ачуулъя гэхээр нь дагаж яваад Дархан сумын 9 дүгээр багт орших “***” гэх оёдол автомашин засварын төв дээр очоод арын гараашнаас нь шар өнгийн мотор гэх зүйл ачаад Дархан сумын 7 дугаар багт орших *** төмрийн хог дээр аваачиж буулгаад би хөлс болох 6000 төгрөг аваад салсан” гэх мэдүүлэг /хэргийн 75 дугаар хуудас/,

Гэрч Г*** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 52, 63, 65, 68, 75, 88 дугаар хуудас/

Гэрч ***/хэргийн 81-84 дүгээр хуудас/

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-18 дугаар хуудас/

Моторыг үнэлсэн эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 37 дугаар хуудас/

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /166-167 дугаар хуудас/

Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 163 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 171-172 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд /хэргийн 173-175 дугаар хуудас/ 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирмжийн хуулбар /195-198, 218-225 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-наас 2015 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сум 2 дугаар багийн нутаг “***” гэх газарт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “***” ХХК-ий ажилчдын гэрийн гадна байсан ус сорж, шахах зориулалттай насосны цахилгаан моторыг *** улсын дугаартай Мицубиши Миникап загварын  авто машин  хэрэглэн хулгайлж бусдад  2,800,000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 48-49 дугаар хуудас/, гэрч Г*** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 80, 75 дугаар хуудас/  болон  судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. 
 
Шүүгдэгч *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан  хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 6 жил хорих ял оногдуулсныг 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш найман жил өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон  тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв..

Мөн шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан боловч  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон болох нь судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон болно. 
  Хэрэгт хохирогчоор тогтоогдсон *** мэдүүлэгт хулгайд алдагдсан  цахилгаан моторыг 6.000.000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэнэ гэсэн боловч эд зүйл үнэлсэн “Капитал зууч” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээрээр  цахилгаан моторыг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул 2.800.000 төгрөгийн  үнэлгээг бодит үнэ гэж  шүүх үзэв.

 Шүүгдэгч нар хохирогч *** дансанд  хохиролд тооцон 2.800.000 төгрөг шилжүүлсэн болох нь бичгийн баримтаар /хэргийн 217 дугаар хуудас/ тогтоогдсон тул  шүүдэгч  нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.       
 
 Иймд шүүгдэгч *** , *** нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч  *** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ *** улсын дугаартай “Мицубиши Миникап” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг  хэрэглэсэн  бөгөөд  энэ  авто машиныг  *** худалдан авсан гэх  боловч тухайн тээврийн хэрэгсэл нь *** нэр дээр түрээсийн гэрээтэй “Ариг банк”-ны эзэмшилд байгаа болох нь судлагдсан бичгийн нотлох  баримтаар тогтоогдсон тул 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 031 дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээгээр буюу 900,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар *** , *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж төрийн өмчлөлд буюу улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.     

 Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Хаан банкны *** тоот дансанд байгаа 749,993,08 /долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн гурван мянган төгрөг найман мөнгө/ төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр  байлгаж *** гаргуулан улсын орлогод оруулах 450.000 төгрөгийг барагдуулахыг  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцтгэх албанд  даалгаж  шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын  хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч *** нарт тус бүр 02 жил 03 сар /хоёр жил гурван сар/ хорих ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *** нарт тус бүр оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр  оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр  01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг *** нарт  мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 900,000 төгрөгийг шүүгдэгч *** 450,000 төгрөг, *** 450,000 төгрөг тус гаргуулж улсын орлого болгосугай.     
 
    7. Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол *** нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар энэ хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн данс битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгаж данснаас *** / гаргуулан улсын орлогод оруулах 450.000 төгрөгийг барагдуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцтгэх албанд даалгаж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгосугай. 
            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА