| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/0128/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/117 |
| Огноо | 2016-04-29 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0128/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 27 дугаар байрны гадна иргэн *** “самсунг мига” маркийн гар утсыг дээрэмдэн авч бусдад 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн. Мобиком орж дугаараа сэргээхээр явж байгаад үйлчилгээний төвийн тэнд *** утсыг нь гуйж утсаар нь ярьсан. Хоёулаа зугтааж явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дэлгүүр ороод явж байхад 2 залуу ирээд утсаар чинь ярья гэж хэлээд утсаар минь ярьчихаад өгсөн. Дараа нь дэлгүүр ороод гарахад дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд дахиж утсаар чинь яриад өгье гэхэд нь би яриулсан. *** утсаар яриад гараашийн тэндээс хүнээс машин авах гэж байгаа юм шиг яриад байхаар нь араас нь дагаад явсан. Гараашийн тэнд очоод нэлээн удсан. Тэгэхээр нь би *** утсаа авъя гэж хэлсэн тэгэхэд өгөхгүй нэлээн байж байгаад нөгөө залуудаа утсыг өгөөд намайг хавирч унагах гэхэд нь би унаагүй зууралдаж байгаад газар давхар унсан тэгээд шар куртикатай *** миний хоолойг гараараа боосон тэгэхээр нь би тийчлээд амьсгал боогдоод байж байтал намайг тавьсан тэгээд миний дал уруу цохисон. Дахиад жаахан ноцолдож байгаад зугтаагаад, эргээд харахад энэ 2 зугтааж байсан. Хашаа даваад цэцэрлэгийн хажууд хүнээс асуухад Од цогцолбор сургуулийн тийшээ явсан гэж хэлэхэд нь араас нь нэлээн явж байгаад замд явж байсан 2 хүнд хэлээд цагдаа дуудаад араас нь дагаж явж байгаад барьсан. Утсаа авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Сэрээтэртэй таарч ОУХТ-ийн хажууд нэг шил архи хувааж уугаад архиа дуусалгүй салсан тэгээд явж байгаад танил 2 охинтой таараад, тэр хоёртой хамт том 2.5 литрийн пиво авч ууж дуусгаад нөгөө 2 охин Улаанбаатар хот явна гээд явсан. Тэгээд би харих гэж яваад нэг залуу явж байхаар нь тамхи асууж танилцаад бид 2 нөгөө тал шил архиа уугаад, архиа ууж дуусаад хуучин хорооллын 27 дугаар байрны тэнд дэлгүүрээс нэг залуу гарч ирэхээр нь гар утсаар чинь яриадхъя гэхэд нэгж байхгүй гэсэн тэгээд дэлгүүр уруу орохоор нь бид 2 араас нь очиход өөрөө утсаар ярих юм уу гэхээр нь би утсыг нь авсан. Гар утсаар ярьж байхдаа нөгөө залууг түлхээд зугтаах гэхэд араас бариад авахаар нь тэр залууг унагаагаад зугтаасан би согтуу байсан болохоор яг яаж байснаа сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 61-63 дугаар хуудас/
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Дархан-Өргөө сургуулийн дотуур байрнаасаа ганцаараа хуучин хорооллын 27 дугаар байрны 1 давхрын дэлгүүр орж юм авахаар явж байсан юм. Тэгтэл 2 залуу таараад гар утсаараа яриулаач гэсэн тэгэхээр нь би нэгж байхгүй Мобикомын дугаар уруу үнэгүй гэхэд нэг яриадхъя гэсэн тэгээд яриад байгаа бололтой байж байсан за утсаа авахгүй байна гээд надад миний утсыг буцааж өгсөн тэгээд би дэлгүүр орчихоод гараад ирэхэд тосож ирээд дахиад утсаар яриадхъя ахын дүү гээд шар куртикатай залуу нь миний гар утсыг аваад тэгээд гар утсаар яриад намайг дагуулж явсаар байгаад гараашийн буланд очсон. Утсаар ярьж явахдаа гараашаас машин авах гээд байгаа бололтой яриад байсан юм. Тэгсэнээ гараашийн дэргэд байж байгаад шар куртикатай залуу нь өндөр залуудаа миний гар утсыг өгөөд надтай уулзаадхъя гэсэн тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чинь шууд намайг мөрнөөс татаад хавирсан би унаагүй юм. Тэгтэл надтай зууралдаж байгаад бид 2 газар унасан, өндөр залуу нь наадахаа босгоод унагаагаач гэхэд надтай зууралдаж байсан шар куртикатай залуу намайг боосон тэгэхээр нь би тийчлээд амьсгал боогдоод байж байтал намайг тавьсан тэгээд шар куртикатай залуу энэ ямар овоо гар вэ гээд миний дал уруу цохисон тэр үед намайг барьчихсан байгаад байсан юм тэгээд би гарнаас нь арай гэж мултраад зугтсан” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*** гэгч нь гартаа мэдрэгчтэй том гар утас барьсан байсныг нь түр хураан авч хохирогчийг дуудан гар утсыг харуулахад энэ миний гар утас мөн байна энэ 2 хүн намайг хоолой боогоод гар утас аваад зугтаасан гэж *** тайлбарлаж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,
2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай "*** биед ар нуруу бүсэлхийд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи зулгаралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хэргийн 19 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлэн тэнсэн хянан харгалзах хугацаанд байхдаа бусадтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын хуучин хорооллын 20.7 дугаар байрны 1 давхрын дэлгүүрийн гадаа *** гар утсыг яриулаач гэж аван улмаар хүнээс зайдуу гараашийн хажууд очиж /13 дугаар баг 27 дугаар байрны гадна/ *** хүч хэрэглэн биед нь халдан хавирч унагахыг оролдон газар унаган хоолойг нь боож, дал мөр уруу нь цохиж түүний “самсунг мига” маркийн гар утсыг дээрэмдэн авч бусдад 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэн судлагдсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх28-29 ху/, хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 7 ху/, мөрдөн байцаалтын шатанд гэрч *** /хх-14ху/ өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 379 дугаартай дүгнэлт /хх-19 ху/ болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тоогдоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан боловч тэнсэж хянан харгалзах хугацаанд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байх тул урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, ялтай байх хугацаандаа давтан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэхэд хамт явсан гэх яллагдагчаар татагдагдан шалгагдсан *** холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор хэрэг хариуцах чадваргүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгдэгч *** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлэн /ялтай байх хугацаандаа/ давтан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *** 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297 , 298, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Д*** эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 02 сарын /таван жил хоёр сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч *** энэ тогтоолоор оногдуулсан 05 жил 02 сар хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, *** биечлэн эдлэх ялыг 05 жил 06 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 47 хоног /дөчин долоо хоног/-ийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 304 дугаар зүйлийн 304.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД: Г.ГЭРЭЛТ-ОД
Т.ЭНХЖАРГАЛ