Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 171/2016/0122/Э |
Дугаар | 2016/ШЦТ/113 |
Огноо | 2016-04-20 |
Зүйл хэсэг | 096.2.6, |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2016/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0122/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Баттулга, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч М.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Хохирогчийн өмгөөлөгч ***,
Шинжээч ***,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***/, 1962 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах 70 дугаар брак байрны коридорт 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим иргэн *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн *** 9 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Яагаад би тийшээ очих болсон талаар тайлбар хэлмээр байна. Надад *** й уулзах зорилго байгаагүй. ХААН
C:\Users\B.Goomaral\Desktop\Shiitgeh togtool-Tomorbaatar-96.2.6.docx
банкин дээр очиж группын мөнгөө авах гэсэн боловч миний дансыг хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хаасан байсан. Энэ талаар *** ярих гээд утсаар залгасан боловч утсаа аваагүй. Мөн би уулзах гээд ажил дээр нь очсон боловч уулзаж чадаагүй. Ингээд би *** уулзахаар 12 цагийн үед гэрт нь очиход хаалга нь онгорхой байсан. Тухайн үед гэрт нь ороогүй, хохирогч *** хэвтэж байсан. Би гайхаад юу асуухаа мэдэхгүй тулгамдаад зогсож байтал хохирогч ***ар нь намайг заамдаж аваад коридорт гарсан. Тэгэхээр нь намайг тавьчих хоёулаа ярилцъя гэж хэлсэн боловч миний куртикны захаар боогоод доош нь дараад толгой руу цохисон. Өглөө гэрийнхээ гадаа мод цуулж байсан эвхэгддэг тонгорог хутга миний куртикны халаасанд байсан. Уг эвхэгддэг хутгыг халааснаасаа гаргаж ирээд *** толгой болон биеийн тус газар нь 4-5 удаа цохисон. Тухайн үед гэрч *** гэх залуу байсан. Норов наадахаа алаад өг, алаад өг гэж хэлсэн. Би саажилттай байсан болохоор намайг толгой түрүүгүй цохисон. Тэгээд би хоёулаа тайван ярилцъя хүүхэдтэй хүн байж гэж хэлэхэд дуугараагүй. Гэрч гэх залуу надаас хутгаа өгчих гэж хэлэхэд нь би танихгүй залууд хутгаа өгчих юм бол намайг нийлээд яаж ч магадгүй гэж муу санаалаад өгөөгүй. *** наадхаа алаад өг гээд толгой түрүүгүй нүдсэн. Тэгээд манай хүү *** аав болиочээ гээд гартаа мод барьчихсан байхад эх нь түүнд наадахаа цохь гэж хэлээд цохиулсан. Намайг заамдаж хоолой боосон болохоор гар, хуруу даагдахгүй байсан ч тавиулахын тулд ноцолдсон. Боолтонд орсон болохоор би шоконд орсон. Тухайн үед яаж ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байсан,
… Гэрийн гадаа түлээний амбаар дотор мод жижиглэж байгаад модоо барьж орохдоо хутгаа халаасандаа хийгээд мартсан байсан. Тухай үед би гартаа хутга барьж гэрт нь ороогүй. Намайг заамдаж авчихаад тавихгүй байхаар нь айлгах гэж байсан юм,
…Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Юун түрүүнд хохирогчоос уучлалт хүсч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр би ганцаараа орон дээрээ сууж байхад *** нь саарал иштэй төмөр хутга гартаа барьсан байдалтай орж ирэхээр нь би түлхээд коридорт гаргасан. Хэрвээ надтай мэндэлсэн бол би мэндлэх байсан. Гэтэл *** нь мэндлээгүй, хутга барьсан байхад нь би биеэ хамгаалах үүднээс түүнийг коридорт түлхээд гаргасан. Биеэ хамгаалахын тулд куртикнээс нь барьж заамдсан. Миний толгойны ар талаас нэвт хатгахад тагнай цоорох шиг болсон. Тэгээд амнаас цус гаргасан. Тухайн үед зайлсхийгээгүй байсан бол миний зүрх рүү хутгалах байсан. *** нь алах зорилготой байсан. Би энэ талаар баттай хэлнэ. Шүүх хурал олон удаа болсон би нэг хэлсэн зүйлээ хэлж байна. Нийтийн байрны коридороор нил цус болсон байхад гаднаас *** эмч орж ирээд энэ байдлыг хараад зугатаагаад гарсан. Харин хажуу талын айлын залуу хөл нүцгэн гарч ирээд Төмөрбаатарын хутгыг авах гэж оролдоод чадаагүй. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Би ч өөрөө нил цус болсон байсан. Бараг наймын хувин тал цус гарсан байсан. Би сүүлдээ аргаа бараад гараад зугтаасан. Анхнаасаа хүн алах санаатай ирсэн. Саажилттай хүн мод хагалж чадахгүй. *** нь миний биед хүнд гэмтэл учруулсан. Үүнээс болж би 1 жил гаран ажил хийгээгүй,
…Ажилгүй байсан хугацааны мөнгө болох 1920000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Шинжээч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Урьд гаргасан *** тоот дүгнэлтэн дээр 1 дүгээрт нь *** биед цус хуралттай гэдэг нь тогтоогдлоо гэсэн байдаг. Энэ дүгнэлтэн дээр *** биед учирсан шархнуудыг хэлэхдээ ширхэгээр бичсэн байдаг. Үүнээс үзэхэд хоёр шархтай юм шиг ойлгогдож байгаа. Ширхэг биш см буюу хэмжээг нь бичсэн. Мөн урьд гаргасан дүгнэлтийн 3 дугаар заалтад *** биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарьниулах гэсэн заалтыг үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад вэ? гэхээр уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарьниулах заалтанд хамааралгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын хүнд зэргийн шалгуур шинжээр хүнд гэмтэл учирсан гэж үзэж байна. Урьд нь хүндэвтэр гэж үзсэн байдаг. Хүнд гэмтлийн заалтад удаан хугацаагаар сарьниулах гэсэн шалгуур шинж байхгүй. Энэ хоёр заалтыг үндэслэлгүй гэж гаргасан байгаа. Тэгээд урьд нь мэс заслын шарх, хутганы шарх хоёрыг ялгаж өгөөгүй. Энэ дээр гуурс тавигдсан, толгойн хэсгийн хоёр шарх нэмэгдсэн байдаг. …Давтан шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт *** биед учирсан духны үрчлээ хэсэг, толгойн орой хуйх, зүүн чамархай, зүүн чихний өмнө, ар, зүүн чихний суганд болон дэлдэнгийн доод хэсэг зүүн суганы шархнууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарьниулахаар хөнгөн зэргийн гэмтэлд орно гэдгийг ялгасан байгаа.” гэх мэдүүлэг
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 3-9 дэх тал/,
-Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хэргийн 1 дүгээр хавтасны 10-12 дахь тал/,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1 дүгээр хавтасны 13 дахь тал/,
-Яллагдагч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 14-17 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн эд зүйлийн үнэлгээ /хэргийн 1 дүгээр хавтасны 23-25 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт / хэргийн 1 дүгээр хавтасны 26, 28 дахь тал/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 27 дахь тал /,
-Хохирлын талаар ирүүлсэн баримтууд /хэргийн 1 дүгээр хавтасны 37-40 дэх тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний амьдардаг 70 дугаар бракын 7 номерын өрөөний эгч сандарсан байдалтай “хүн хутгалчихлаа, цагдаа дуудаарай” гээд надад утсаа өгөхөөр нь би хүүхдээ тэвэрсэн байсан тул бие засах өрөөнд ороод цагдаад дуудлага өгөөд байж байхад 7 номерийн ахыг хутгалсан гэх ах гарч зугтаах гээд нойлын өрөө рүү орж ирээд хаалга андуурсан бололтой сандарсан байсан. Тэгсэнээ буцаад гадагш гардаг хаалгаар гараад гүйгээд явсан, ...7 номерын эгчид утсыг нь өгөх гээд очиход нөхрийнхөө цусыг тогтоох гээд байж байсан. Тэгээд би юун хүн болох талаар асуухад тэр эгч “манай хуучин нөхөр байгаа юм, өчигдөр ажил дээр ирж намайг зодчихоод явсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтасны 44 дэх тал /,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 6 дугаар багт байрлах 70 дугаар брак байрны *** байр түрээслэн амьдардаг ба өнөөдөр намайг гэртээ байж байхад манай байрны *** амьдардаг *** гэх эмэгтэй манайд орж ирээд манай найзын зарж байгаа хониноос авсан тул намайг “хонь гаргаад өгөөч” гэж орж ирсэн. Тэгээд гараад явсан. Тэгээд удалгүй “Түмэнээ туслаарай, авраарай” гэж эмэгтэй хүн орилохоор нь коридорт гараад хартал *** эгчийн нөхөр *** гэх ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 1 эрэгтэй хүнтэй бие биенээсээ зуурсан заамдалцсан байдалтай, *** эгч тэр хоёр эрэгтэй хүний дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байсан. Тэгсэн *** ахтай заамдалцаж байсан эрэгтэй хүний гарт хутга байсан. Тэгээд ***эгч намайг “наадах чинь гараа хутгатай байна шүү, хутгыг нь аваарай” гэхээр нь би авах гэснээ над руу хутгалчихаж магадгүй гээд авч чадаагүй. Тухайн үед би гэрээсээ оймстойгоо гүйж гарч ирсэн хөл нүцгэн байсан тул гэртээ орж гутлаа өмсөөд гүйгээд гараад ирэхэд *** эгч хүн хутгалчихлаа, туслаарай гээд орилсон. Харсан чинь *** ахыг нөгөө заамдалцсан хүн нь гартаа барьсан эвхдэг тонгорогоороо хутгалчихсан. Гартаа хутга барьсан чигээрээ үүд рүү зугтаж байсан. Тэгээд *** ахыг хартал толгой, гэдэс хэсэгтээ хутгалуулсан тэндээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтасны 45-46 дахь тал /,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд *** гэрээс гараад иртэл манай хаалганы үүдэнд манай хуучин нөхөр *** ирчихсэн манай нөхөр *** тэр хоёр бие биенийхээ цамцны энгэрээс зууралдаад хоорондоо маргаад зогсож байсан,
...тэгээд тэр хоёр муудалцаад байж байхад манай хүү *** , *** “аав аа болиоч ээ” гээд шалны модоор *** цээж рүү хоёр удаа цохиж байсан. Тэгэхээр нь би “миний хүү болиоч ээ” гэсэн. Тэгсэн гэнэт *** чихний тэр хавиас болон гэдэснээс нь цус гарч эхэлсэн. *** хутгалсан бололтой байсан. Гэхдээ би яг хутгалж байхыг нь хараагүй. Тэгээд би “хүн хутгалчихлаа, цагдаа дуудаарай” гэж орилоход 9 номерт амьдардаг охин гарч ирсэн. Тэгээд би цус гараад сандралд ороод юу хийхээ мэдэхгүй сандраад байсан. Тэгсэн *** алчуураар *** цусыг дарах хэрэгтэй гэхээр нь өрөөнөөс 2 алчуур аваад цус гарч байсан толгой гэдэс хоёрыг нь дарсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 47-48 дахь тал /,
-Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 02 дугаар сард өдрийг нь би хэлж мэдэхгүй байна. Би ээжийндээ байж байгаад гадаа тоглож байгаад хичээлдээ явах гээд гэр рүү орж иртэл манай байрны коридорт миний төрсөн аав *** гартаа дэлгэдэг хутга барьсан *** ахыг хутгалсан. *** ахаас зөндөө цус гарч байсан. Тэгээд би аавыг “та болиоч” гэж хэлээд шалны модоор аавынхаа мөр рүү 2 удаа цохьсон. Тэгсэн ээж намйг “боль, тэгж болохгүй” гэж хэлээд болиулсан. Тэгсэн аав маань *** ахыг хутгалчихаад хутгаа гартаа бариад зугтаагаад явсан.” гэх мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтасны 54 дэх тал /,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... *** нь хэвлийн зүүн талд аюулхай орчим хутгалагдсан 4 см орчим хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай, сэмж гарсан, зүүн хавирга, чихний хэсэг, дух, зулай хэсэгтээ 1-1,5 см, 4-5 ширхэг зүсэгдсэн шархтай, зүүн чамархайн шарх нэвтэрч тагнай цоорсон, зөөлөн тагнайд 1.5 см шархтай байсан байна. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим эмнэлэгт хэвтээд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 20 минутанд хэвлийн хөндий нээж сул цусыг авч дэлүүний орчим нөжирсөн цустай, ходоодны урд хананд 3 см орим зүсэгдсэн шархтай тэр хэсэгт хоолны агууламжтай түүнийг цэвэрлээд ходоодны хананд 3 давхар оёдол тавьсан. Сэмжийг цоолж ходоодны ар ханыг шалгахад ар хананд 1 см шарх байсныг оёсон, биеийн байдал хагалгаанаас гарахад хүнд үнэлгээтэй гарч, эрчимт эмчилгээний тасагт 5 хоноод гэмтлийн тасагт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан. Эмнэлэгт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгээс гарахад биеийн байдал сайжирч гарсан, ...ходоод нэвт хатгагдсан, хэвлийн хөндий нэвтэрч хагалгаанд орсон байдал нь өвчтөний биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс хамаарч хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр хагалгааны дараа алдагдуулна. Эрүүл мэндийн байдалд цаашид нөлөөлөх нь бага тухайн хувь хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаална..” гэх мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтасны 56-57 дахь тал/,
-“*** биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, ходоод цоорсон, хэвлийн хөндийд цус хурсан, дух, толгойн орой, зүүн чамархай, зүүн чихний урд хэсэгт, зүүн чихэн дотор, зүүн чихний цэцгэнд, зүүн чихний хөхлөг сэртэнгийн урд талд, зүүн суганы урд талд мэс заслын шархтай, цээжний зүүн талд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдлгэрэлтээс хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 1 дүгээр хавтасны 60-61 дэх тал/,
-Шинжилгээнд ирүүлсэн куртиканд уранхай үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн куртиканд үүссэн 65 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ уранхай байна. Уг уранхай нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Харин ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй байна.” гэх 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 77-78 дахь тал/,
-Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа *** /хэргийн 1 дүгээр хавтасны 86 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтасны 113 дахь тал/
-Хохирогч *** өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтасны 131-155 дахь тал/,
-*** биед үзлэг хийж гаргасан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот дүгнэлтийн 2 болон 4 дүгээр заалт үндэслэлтэй байна. *** биед үзлэг хийж гаргасан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот дүгнэлтийн 1-д бичигдсэн “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, ходоод цоорсон, хэвлийн хөндийд цус хурсан, дух, толгойн орой, зүүн чамархай, зүүн чихний урд хэсэгт, зүүн чихэн дотор, зүүн чихний цэцгэнд, зүүн чихний хөхлөг сэртэнгийн урд талд, зүүн суганы урд талд мэс заслын шарх” гэсэн бичлэг үндэслэлгүй. Аюулхай орчмын шархыг томсгож хэвлийн голын шугамаар хүйснээс дээш хийсэн зүслэг нь мэс заслын шарх болно. Бусад дээр дурдагдсан шархнууд нь тус бүрдээ мэс заслын оёдол бүхий шарх болно. *** биед үзлэг хийж гаргасан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот дүгнэлтийн 3-д бичигдсэн “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах” гэсэн заалт гэмтлийн зэрэг тогтоох журмын “хүнд” гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжид хамааралгүй болно. *** биед тогтоогдсон аюулхай орчимд хатгагдаж хэвлийн хөндийд нэвтрэн, ходоодны урд болон ар хананд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. *** биед илэрсэн 9 шарх нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *** биед нийт 11 шарх илэрсэн бөгөөд эдгээрийн 2 нь хэвлийн хөндийг нээж ходоодны шархыг оёсон хагалгааны явцад тависан хяналтын гуурсны зүслэг болно. *** биед илэрсэн баруун зүүн чихний холимог хэлбэрийн мэдрэлийн гаралтай дүлийрэлт нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний гэмтэлтэй хамааралгүй, өмнө нь үүссэн болох нь тогтоогдлоо. *** учирсан аюулхай орчмын шархны улмаас ходоод бүтнээр болон хэсэгчлэн тайрагдаагүй байх тул хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хамааралгүй байна. /гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11-56-7 болон 8-д заагдсан заалтаар/ гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 179-180 дахь тал /
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энэ хүний сонсголын бичлэгээс харахад дээрх гэмтэл 2015 оны 2 дугаар сараас өмнө үүссэн хуучин мэдрэлийн гаралтай дүлий байна. Энэ хүн тархиндаа суурь яс, чамархай ясанд дээрх хугацаанд /2015 оны 2 дугаар сард/ гэмтэл авсан бол сонсголын мэдрэлийг гэмтээдэг. Харин чамархай яс хугарсан бол гэмтлийн гаралтай дүлийрэлт гэж үзэж болно. Энэ тохиолдолд буюу *** зүүн чих рүү хутгалж тагнай цоорсон ч гэсэн гавал тархи суурь яс гэмтээгүй учраас сонсголын дүлийн нь хутгалагдсан гэмтэлтэй огт хамаагүй юм,
…*** сонсгол бичлэгээс харахад түүнд холимог хэлбэрийн буюу мэдрэлийн гаралтай дүлий байна. Тэгэхээр гэмтлээс шалтгаалсан хэнгэрэг хальс гэмтээд тэр нь сорвижон эдгэрсэн ч З***х шиг бичлэг гарахгүй. Ийм учраас *** баруун, зүүн чих холимог хэлбэрийн мэдрэлийн гаралтай дүлийрэлт, харин баруун чих нь бүр бараг сонсголгүй 4 дүгээр зэргийн дүлийн сонсгол алдагдсан төдий гэж бичиж оношилсон байна.” гэх мэдүүлэг / хэргийн 2 дугаар хавтасны 181-182 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
-Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах 70 дугаар брак байрны коридорт 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим иргэн *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн *** 9 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *** “Төмөрбаатар нь саарал иштэй төмөр хутга гартаа барьсан байдалтай орж ирэхээр нь би түлхээд коридорт гаргасан. Хэрвээ надтай мэндэлсэн бол би мэндлэх байсан. Гэтэл *** нь мэндлээгүй, хутга барьсан байхад нь би биеэ хамгаалах үүднээс түүнийг коридорт түлхээд гаргасан. Биеэ хамгаалахын тулд куртикнээс барьж заамдсан. Миний толгойны ар талаас нэвт хатгахад тагнай цоорох шиг болсон.” гэх мэдүүлэг, гэрч *** “...7 номерын эгчид утсыг нь өгөх гээд очиход нөхрийнхөө цусыг тогтоох гээд байж байсан. Тэгээд би юун хүн болох талаар асуухад тэр эгч “манай хуучин нөхөр байгаа юм, өчигдөр ажил дээр ирж намайг зодчихоод явсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал /, гэрч *** “...харсан чинь *** ахыг нөгөө заамдалцсан хүн нь гартаа барьсан эвхдэг тонгорогоороо хутгалчихсан. Гартаа хутга барьсан чигээрээ үүд рүү зугтаж байсан. Тэгээд *** ахыг хартал толгой, гэдэс хэсэгтээ хутгалуулсан тэндээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дахь тал /, гэрч *** “...гэнэт *** чихний тэр хавиас болон гэдэснээс нь цус гарч эхэлсэн. *** хутгалсан бололтой байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дахь тал /, насанд хүрээгүй гэрч *** “...манай байрны коридорт миний төрсөн аав *** гартаа дэлгэдэг хутга барьсан *** ахыг хутгалсан. *** ахаас зөндөө цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 54 дэх тал/, *** биед тогтоогдсон аюулхай орчимд хатгагдаж хэвлийн хөндийд нэвтрэн, ходоодны урд болон ар хананд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 179-180 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь эмчилгээний зардалд хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1,376,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр шаардаж байх боловч ямар шалтгаанаар хэдийгээс хэдий хүртэл хугацаанд ажилгүй байсан талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 1 дүгээр хавтасны 113 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** “цаашид эмчилгээ асаргаа шаардлагатай, бүхэл хоол шингээхээ больсон, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ, гомдолтой” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан /хэргийн 203 дахь тал/ хохирол төлбөрийг өөрийн боломжийн хэмжээгээр нөхөн төлж байгаа зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч *** үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2 дах хэсэгт заасан хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт заасан “ялаас өршөөн хасах” хэсэгт хамаарч байх тул оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасав.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч *** ч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг /хэргийн 1 дүгээр хавтасны 23 дахь тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *** өмсөж явсан гэх хар хөх өнгийн цээжин хэсэгтээ “Live sport” гэсэн цагаан өнгийн бичигтэй хагас ханцуйтай цус мэт зүйлээр нилэнхүйдээ бохирлогдож хатсан, зүүн суганаас доош 1.5 см*0.2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалтай 1 ширхэг пудболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *** энэ хэрэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 446 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар шүүгдэгч *** 7 жил 10 хоног /долоон жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 7 жил 10 хоног хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлэх ялыг 5 жил 10 хоног хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч *** энэ хэрэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон, ял эдэлсэн 446 /дөрвөн зуун дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *** энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *** өмчлөлийн 2 хаалгатай 700000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 742 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч нь эмчилгээ сувилгаа, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *** өмсөж явсан гэх хар хөх өнгийн цээжин хэсэгтээ “Live sport” гэсэн цагаан өнгийн бичигтэй хагас ханцуйтай цус мэт зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдож хатсан, зүүн суганаас доош 1.5 см*0.2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалтай 1 ширхэг футболкыг устгасугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *** эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Г.ГЭРЭЛТ-ОД