Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

       2023            09                  22                                                   2023/ШЦТ/131                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С, 

Хохирогчийн өмгөөлөгч: Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2******** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 09-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт өөрийн гэртээ эхнэр М.М-тай үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2******** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

Гэр бүлийн янз бүрийн асуудлаас болоод архи уучхаад агсан тавьсан. Мд гар хүрсэндээ би буруутай. Архи уучхаад тийм үйлдэл гаргасан нь миний буруу гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Оын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хамгаалан оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай оролцох талаараа шүүх хуралдаан эхлэхэд хэлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн яллах дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оруулж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр яллах дүгнэлт дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 нь байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гээд орчихсон байгаа, орчихоод байхад давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэж оруулаад дахиад 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж оруулж байгаа нь боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар дангаар явах боломжтой. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 нь дотроо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлаа агуулчихсан байгаа. Гэм буруутай нь бол тогтоогдож байгаа. Хохирол төлбөрийн тухайд маргана гэдгээ илэрхийлсэн. Миний тооцоолсноор хохирогч талаас өнөөдөр 6,634,538 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгч байна гэж тооцсон. Өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан баримтыг мөн тооцоход 6,062,697 төгрөгийн баримт гаргасан. Ингээд хохирогчийн гаргаж өгсөн баримтууд нийлээд 12,697,235 төгрөг гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч боловч хуульч өөрөө шударга ажиллах ёстой. Нэгэнт М гэдэг хүний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна, зодсон байна, цохисон байна, гэмтэл учруулжээ. Нэгэнт бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан юм чинь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийн асуудал хуулиараа яригдана. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тооцооллоор бол 12,697,235 төгрөгийн баримтаас 1,692,705 төгрөгийн баримтыг үнэлж байгаа. Тэгэхээр үлдсэн 11,004,530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад гэхээр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал юм аа гэдэг агуулгаар түрүүнд миний асуултад хариулж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлсон. 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т өмгөөлөгчд төлөх зардал гэж байгаа. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам дээр өмгөөлөгчийн зардлыг гаргах боломж байна. Ямар тохиолдолд гаргах вэ гэхээр уг журмын 2 дугаар хэсгийн 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлж, гэрээнд заасан хэмжээгээр гаргана гэж заасан. Хэргийн хүрээнд хохирогч Мг төлбөрийн чадваргүй хохирогч гэж нотлогддоггүй, тийм баримт хэрэгт байхгүй. Тийм учраас өмгөөллийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт түрээсийн гэрээг хохирогч талаас ярьж байна. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Диваачимбуу гэдэг хүнтэй Х гэх хүн байгуулсан гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч биш хүний бусадтай байгуулсан гэрээний үндсэн дээр гарсан төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь шударга ёсонд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтод зааснаар оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно гэж заасан. Хавтаст хэргийн хүрээнд хохирогч түрээсийн гэрээ байгуулаагүй, Х гэх хүн байгуулсан байхад дүүгийнхээ төлөө явж байгаа гэдэг байдлаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мөн Хээс гэж шилжүүлж байгааг мөнгөний баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Х гэдэг хүн хэргийн хүрээнд гэрчийн мэдүүлэг өгсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хоёр хүн овог нэг юм чинь тодорхой, гомдол мэдээлэл өгөхдөө төрсөн эгч нь гэдгээ хэлсэн гэх тайлбар хэлж байна. Бид нар бүгд хуульч нар ажиллаж байгаа учраас ийм байдлаар буюу хүний ярьсан зүйлээр нотлогдохгүй. Иргэний бүртгэлийн байгууллагаар нотлоод эсхүл гэрчийн мэдүүлэгтээ би дүүгийнхээ хохирол төлбөрийн баримтуудыг өгөөд явж байгаа гэдэг агуулгаа өгсөн бол өөр хэрэг. Гэтэл энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүн. Энэ хүнийг шүүх дуудаагүй шүү дээ. Хэргийн оролцогч биш хүнийг дуудах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөө ирж очоод яваад байгаа. Тэгсэн мөртөө би ирсэн явсан зардлаа гаргуулъя гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мэдээж дүүдээ санаа зовоод явсан байж болно. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа бол үнэн. Гэхдээ бид нар нэгэнт хуульчид учир хуулиа л барина. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу оролцох ёстой. Тийм учраас бусад гарч байгаа зардлуудыг гаргах боломжгүй гэж үзэж байна. Харин эмийн сангаар үйлчлүүлсэн, томографаар харуулсан, эм тариа авсан, таяг авсан зэрэг зардлуудыг зайлшгүй гаргах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар гаргана гэж ярьж байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал гээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт байгаа. Уг хавсралтын 3 дугаар зүйлийн 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ аргачлал дээрх 5 хэргийг л заасан. Бусад хэргийн тухайд уг аргачлалын 3.2-т заасны дагуу Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. Тэгэхээр хэргийн хүрээнд хохирогчийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжилгээний байгууллагын дүгнэлт авагдаагүй. Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д заасан хэргийн хүрээнд хамаарахгүй байна. Тийм учраас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 7,150,000 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.О гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Б.Оын Мгийн бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг мөн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас дээрх 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэж байна. Мэдээж гэмт хэрэгт гэм буруутай учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх нь хуульд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан. Тус гэмт хэргийн улмаас Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хүндэвтэр хохирол учирсны улмаас 13,332,194 төгрөгийн, сэтгэл санааны хохиролд 7,150,000 төгрөгийн хор уршиг учирчээ гэж үзэж байна. Яагаад гэхээр М эрүүл мэндээрээ хохироод Өмнөговь аймагт ирж эмчилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотой зардлыг эгчийнх нь зүгээс шилжүүлсэн. Гүйлгээний утгыг нь харвал тодорхой байгаа. Мг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр 13А маягтаар Улаанбаатар хот руу явуулсан байдаг. Үүнтэй холбогдуулан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жолоочид түлшний зардал 660,000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ мөнгө бол зайлшгүй гарах зардалд орно. Энэ хүн өөрөө Цогтцэций суманд амьдардаг, хотод очоод амьдрах гэр орон байхгүй учраас Улаанбаатар хотод очсоныхоо дараа байр түрээсэлсэн. Цаг хугацааг нь харвал 02 дугаар сарын 14-ний өдрөөс гэж байгаа. байр түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулаад, түрээсийн төлбөрийг Мгийн эгч Хийн зүгээс төлсөн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, үнэлэхээр хуульчилсан. Эдгээр нотлох баримтуудыг болсон үйл явдал, бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад үнэлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Мэдээж хэрэгт огт хамааралгүй хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өгөхгүй. Өнөөдрийг хүртэл М Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд, өнөөдөр Хэнтий аймагт сувилалд очсон байгаа. Энэ хэргийн эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа гэртээ очно уу гэхээс бусдаар бол айгаад байна, гэртээ очсоны дараа гэнэт О ирээд дахиад бие эрх чөлөөнд нь халдвал яах вэ гэсэн айдас түгшүүртэй байгаа учраас гэртээ ирж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт орж байгаа шүү. Оаа чи бас энийг ойлгох хэрэгтэй. Чиний гаргасан үйлдлийн улмаас болж энэ хүн дээрх нөхцөл байдалд ороод өдий хэмжээний зардал гаргаад явж байгаа учраас сая баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Сая шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл Б.Оын зүгээс Хийг төрсөн эгч нь мөн, эгчийнх нь зүгээс хохирол төлбөртэй холбоотой гүйлгээ хийсэнтэй маргах зүйл байхгүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн. Тэгэхээр гүйлгээний утга дээр бичигдсэн “М-ийн Х” гэсэн агуулга, мөн гомдол, мэдээлэлд бүртгэгдсэн “М-ийн Х” гэх, мөн Мгийн мэдүүлэгт “...би өөрөө эгч рүүгээ утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад үзвэл Х гэх хүн Мгийн эгч гэдэг нь нотлогдож байна. Түрээсийн гэрээг Х гэдэг хүн байгуулсан учраас байрны түрээсийг гаргуулах боломжгүй гэдэг тайлбар хэлж байгаа нь учир дутагдалтай. Яагаад гэхээр Хийн гэрээ байгуулж, түрээсэлсэн байранд М амьдарч болохгүй, заавал М өөрөө түрээсийн гэрээ байгуулж байж М амьдрах ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. М өөрөө гэрээ байгуулах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас Х гэрээ байгуулсан. Эмчилгээ хийлгэж байсан хугацаатай холбоотой түрээсээ төлөөд баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээд хохирол төлбөрийг гаргаж шийдвэрлэнэ байх гэж үзэж байна. Иймд эмчилгээ болон байрны түрээс, ирж очихтой холбоотой гарсан зардлуудыг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхэд хохирогчоос дахин мэдүүлэг авахаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, мөн хавтаст хэргийн материал танилцуулахаар 05 дугаар сарын 31-ний өдөр, 07 дугаар сарын 27-ны өдөр, 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд өмгөөлөгчийн зүгээс ирж очсон. Энэ үйл баримт хэргийн хүрээнд нотлогдоно. Мөн эгч нь ирж очсон байгаа. Үүнтэй холбоотой гарсан зардлуудын баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийг мөн буруутай этгээдээс гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардал, өмгөөллийн үйлчилгээний хөлсний тухайд хохирогч өөрөө өөрийгөө төлөөлөөд оролцоод хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох гэх мэт эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байхгүй. Энийг өмгөөлөгч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой гарсан зардал бол уг гэмт хэрэгтэй холбогдуулж гарсан зардал, хор уршигт хамаарч байгаа учраас Б.Оаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудыг тооцоолоход 13,332,194 төгрөг болсон учраас дээрх зардлыг нь бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож болно гэж заасан. Хүснэгтээс харахад шинжээрээ бол 3-р зэрэгт орохоор байгаа. Энэ шинжийг яаж тодорхойлсон бэ гэхээр Мгийн өгсөн мэдүүлэг болон гэрч Мишээлийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээс харахад энэ хүн айдас түгшүүртэй байгаа нь харагдаж байна. Энэ нь хүснэгтийн 5-т сэтгэл хөдлөл гэдэг заалтаараа 3 дугаар зэрэгт хамаарч байгаа. 3 дугаар зэрэгт хамаарч байгаа тохиолдолд 13 дахин нэмэгдүүлснээс 22-99 дахин нэмэгдүүлсэнтэй гэж байгаа. нэгэнт шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс энийг хамгийн багаар нь тооцоолсон. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 13 дахин үржүүлэхээр 7.150.000 төгрөг болсон. Энэ хүн одоо болтол сэтгэл заслын эмчилгээ хийлгээд явж байгаа учраас энэ хохирол төлбөрийн Оаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Б.О нь энэ гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мишээлийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

-Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49, 50-56,  57, 59 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 09-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч М.М-тай үл ялих зүйлээр маргалдаж хоолойг нь боож нүүр толгой хэсэгт гараараа цохиж үснээс нь зулгаан газарт унаган өшиглөсний улмаас “тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.   

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,   

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-гийн өгсөн “...Манайх Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг Ханан хөөврийн хөшөө гэх газарт хөдөө байдаг юм. Тухайн өдрийн өглөө буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө манай нөхөр О /цагийг нь сайн санахгүй байна. саахалт айлын хүмүүстэй айлын машинаар сумын төв рүү яваад намайг шөнө гэртээ ганцаараа унтаж байхад сумаас архи уучихсан согтуу орж ирээд намайг хэл амар доромжилж, загнаад, хэрүүл маргаан хийж байгаад намайг боогоод газарт унаган миний гэдэс хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Намайг өшиглөөд байхаар нь би босоод зугтах гээд гэрээсээ гарах гэж байхад араас татаж унагаад "Би чамайг алчихъя" гээд түлхэхээр нь би гэрийнхээ хаалгаар гарч зугтаагаад уул руу хадан дундуур зугтаасан чинь араас чулуу шидээд байсан. Тэр чулуунууд миний ар нурууны хэсэгт хэд хэдэн удаа оносон. Тэгээд гүйж явж байгаад газар унасан чинь манай нөхөр О араас хүрч ирээд 2-уулаа гэртээ оръё гэхээр нь би даараад байсан учир гэртээ орсон чинь дахиж нүүр лүү алгадан хөл өшиглөөд намайг зодоод байхаар нь би дахиж зугтаагаад гэрээс гарсан чинь гадаа гараад намайг үснээс зулгааж газарт унагааж нүүр, нурууны хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь арай гэж өөрийгөө хамгаалж байгаад гэртээ ороход өглөө үүр цайж байсан. Гэрт ороод миний хоолой хэсэг рүү хутга тулгаад "чамайг би алчихъя гээд намайг сүрдүүлээд байсан. Тэгээд би өглөө болж байхаар нь би үхрээ усалчхаад ирье" гэж хэлээд гэрээсээ гарч зугтаагаад баруун талд Памаа гэх айл очиход Памаа байхгүй, тэдний гэрт байдаг Эрхэмээ гэх хүн ганцаараа байсан. Намайг тэнд очоод сууж байхад манай нөхөр О араас хүрч ирээд "2-лаа гэр рүүгээ явъя" гэж ярьж сууж байгаад Эрхэмээ гэх хүн малдаа тэжээл өгөх гэЭд гарсны дараа намайг дахиж боож унагаад хамар руу 2-3 удаа өшиглөсөн чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь О гэр рүүгээ явчихсан, намайг тэр айлын гэрт ганцаараа цусаа гоожуулаад сууж байхад Эрхэмээ орж ирээд намайг Саруул гэх айлд хүргэж өгсөн. Тэр айлд очсон чинь Саруул гэх эгч манай эгч, цагдаа, эмнэлэг утсаар мэдэгдээд би замын унаанд сууж аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...Тэр орой би гэртээ ганцаараа байсан...Хэрэглэсэн байсан. Нэлээд согтуу байх шиг байсан...Тухайн үед намайг өглөө гэрээсээ гүйгээд очиход Эрхэмээ гэх залуу ганцаараа байсан. Эрхэмээг малдаа тэжээл өгөх гээд гарсны дараа манай нөхөр О намайг дахиж нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн... Бид 2 гэр бүл болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд архи уух болгондоо хэрүүл маргаан үүсгэж миний бие эрх чөлөөнд халдаж намайг боож унагаад "чамайг алчихъя" гээд хутга хүртэл тулгаж айлган сүрдүүлж байсан. Эрүүл байхдаа мөн адил хэл амаар доромжилж, миний бие эрх чөлөөнд" халдаж байсан. Миний сайн санаж байгаагаар гэр лүү бензин цацаж шатаана гэж айлгасан, миний охин гэрт ирчихсэн байж байхад агсан тавиад байхаар нь бид 2 мотоцикл унаад зугтаасан чинь бид 2-ыг мотоциклтой хөөж дайрч унагаад манай охиныг бэртээж байсан. Миний зүүн гарын сарвууны хэсэгт хутгаар 2 удаа хатгаж гэмтэл учруулж байсан. Миний зүүн нүдний хэсэг рүү варены шил шидэж нүдний зовхины орчимд гэмтэл учруулж байсан, мөн нэг удаа намайг зодож миний толгойг хагалж байсан тэр үед манай охин Мишээл хамт байсан. Архи уух болгондоо намайг дарамталж, миний бие эрх чөлөөнд халддаг байсан...Намайг зоддог талаар би хэн нэгэнд ярьж байгаагүй. Би Оын төрсөн эгч, ахад нь хэлж байсан... Зодуулсны дараа толгой маш их хүчтэй өвдөж, хамраас их цус гарсан, хөдөлж, сайн ярьж чадахгүй болсон байсан. Миний нүүрний хэсэг бүхэлдээ хавдсан, хамар мөн гэмтэж яс янгинаж өвдөж байсан...Бид 2 хамт амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Дундаасаа хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай “1.М.М-гийн биед тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мишээлийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би төрсөн өдрөөрөө Даланзадгад суманд байсан. Тэнд байхдаа би хөдөө гэрт байх ээж М руу видео чатаар залгах үед манай ээжийн нүүр хэсэг зүгээр ярьж байсан юм. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэртээ очиход ээжийн зүүн нүд хөхөрчихсөн байсан. Үүнийг надад ээж хэлэхдээ “О согтуураад намайг зодсон” гэж хэлж байсан. Бас тухайн жилдээ шинийн хоёрны өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээж, О, бид 3 Оын ээжтэй нь золгочхоод Булган сумаас Даланзадгад сум руу явж байх үед О “Намайг архи уулгаж, айл хэсүүлсэнгүй, машин тэргээрээ боолоо” гэж явж байгаа машинаас буух гээд хаалга нээгээд буух гээд байсан. Тэгээд манай ээж машинаа зогсооход О машинаас буугаад явчихсан. Тэгээд ээж Оыг машинд суулгах гэхэд ээжийг боож, газарт унагаагаад цохих гэх үед нь болиулж байсан. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сард миний их сургууль төгссөн хонхны баяраар ээж Улаанбаатар хотод ирсэн. Ээжийг ирэхэд О араас нь удаа дараа согтуу залгаж “Би гараа хугалчихсан. Хурдан ир” гээд байсан. Тэгээд ээж хотод тухтай байж чадахгүй байсаар Цогтцэций сумын төвд ирээд Оыг аваад хөдөө гэр рүүгээ явж байх замд О ээжээс архи нэхэж ээжийг зодоод байхаар нь ээж Цогтцэций сум орж архи авч өгье гэж эргээд Цогтцэций сум руу ирж ээж өөрийн төрсөн ах Энхтайванд хэлэхэд Энхтайван Цагдаагийн байгууллагад хандаж Оыг эрүүлжүүлэгт өгсөн байсан. Үүнээс хойш буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ээж, О бид гурав хөдөө гэртээ байх үед О уурлаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд ээж бид хоёр хонио хариулаад мотоциклтой явж байтал О мотоциклтойгоо согтуу ирээд мал тараагаад, ээж бид хоёрыг дайрчих гээд яваад байсан. О тэгэхдээ мотоциклоо унагаачхаад та хоёроос боллоо гээд бид хоёрын ардаас явган гүйгээд ардаас чулуу, мод шидээд байсан. Тэгээд ээж намайг мотоциклоос буулгасан. Тэгтэл О гартаа чулуу барьчихсан ардаас ирээд ээжийн толгой, чихний ард тал, зүүн гар луу чулуугаар цохиж гэмтээсэн байсан. Тэгээд ээж ирж намайг аваад бид хоёр мотоциклтой хамт зугтааж овоон дээр гарч Цагдаагийн байгууллагад 88404308 дугаараас дуудлага өгч байсан. Тэгээд ээж бид хоёр гэртээ харихаас айгаад саахалт айлындаа очиж хоноход ардаас О ирж хамт уг айлд хоносон. Үүний маргааш өдөр нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр О уг айлаас гэр лүү бид хоёроос түрүүлээд яваад өгсөн байсан. Бид хоёр ардаас нь очиход О “Би Булган сум явлаа” гээд байсан. Тэгээд ээж бид хоёр сувай малаа харах гээд мотоциклтой явж байх үед О “Та хоёр надаас зугтаалаа” гээд мотоциклтойгоо давхиад ирсэн. Ирээд “Та хоёр намайг дээрэлхлээ” гээд хэл амаар доромжлоод “Гэрийг чинь шатаана” гээд гэр лүү давхиад явчихсан. Тэгээд ээж бид хоёр ардаас нь ирэхэд О 20 литрийн савтай бензин барьчихсан хоёр гэр лүү бензин цацаад байж байх үед нь бид хоёр арай гэж болиулсан. Тэгээд О би сум явлаа гээд яваад өгсөн бөгөөд удалгүй О согтуу бас архи авчихсан сумаас ирээд ээж бид хоёрыг мотоциклтой явж үхрээ услах гээд явж байтал мотоциклтойгоо хүрч ирээд бид хоёрын унаж явсан мотоциклийг мөргөөд унагаачихсан. Үүнээс болж миний зүүн талын хөл гэмтэж байсан. Тухайн өдөр саахалт айлын хүмүүс От яах гэж ингэж байдаг юм гэж хэлж байсан бөгөөд О өөр хүмүүсийн хажууд яах ч үгүй мөртлөө ээжийг хажуугаар нь гарахад нууцаар цохиод байсан. Одоо ээж бид хоёр Оыг гэнэт гарч ирээд зодож, дарамтлах вий гэж байнгын айдас түгшүүртэй байдаг болж манай ээж 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үйл явдлаас хойш сэтгэл санааны түгшүүртэй байдалд орж, хагалгаа хийлгэхээр болсон. Мөн манай ээж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа...Намайг байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ халдаж байсан. Намайг байхгүй байх үед эрүүлдээ ч зоддог байсан гэж ээж надад сүүлд хэлж байсан юм... Архинд дуртай, архи уухаараа агсан, тогтворгүй зантай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн “...Би М гэх хүнийг танина. М бид 2 нэг гэр бүл болоод 2 жил гаруй хугацаанд амьдарсан юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд дундаасаа хүүхэд байхгүй. М өөрийн нэг охинтой. Охиныг нь Мишээл гэдэг... Би хамтран амьдрагч Мг зодож, бие эрх чөлөөнд нь удаа дараа халдсан нь үнэн. Би энэ талаар өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй, ярьсан. Надад уг сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл огт байхгүй....Би одоогоор иргэн Б.Мд хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Хохирол барагдуулах гээд Мгийн дугаар луу залгахаар М өөрөө утсаа авахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байх бөгөөд 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжийг нарийвчлан тодорхой хуульчилсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.1-т “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж зааснаар шүүгдэгч Б.О, хохирогч М.М- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь шүүгдэгч болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.М-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М- нь “...бид 2 гэр бүл болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд архи уух болгондоо хэрүүл маргаан үүсгэж миний бие эрх чөлөөнд халдаж намайг боож унагаад “чамайг алчихья” гээд хутга хүртэл тулгаж айлган сүрдүүлж байсан. Эрүүл байхдаа мөн адил хэл амаар доромжилж, миний бие эрх чөлөөнд халдаж байсан. Миний сайн санаж байгаагаар гэр рүү бензин цацаж шатаана гэж айлгасан, миний охин гэрт ирчихсэн байж байхад агсам тавиад байхаар нь бид 2 мотоцикль унаад зугтаасан чинь бид 2-ыг мотоцикльтой хөөж дайрч унагаад манай охиныг бэртээж байсан. Миний зүүн гарын сарвууны хэсэгт хутгаар 2 удаа хатгаж гэмтэл учруулж байсан, миний зүүн нүдний хэсэг рүү варены шил шидэж нүдний зовхины орчимд гэмтэл учруулж байсан, мөн нэг удаа намайг зодож миний толгойг хагалж байсан тэр үед манай охин Мишээл хамт байсан. Архи уух болгондоо намайг дарамталж, миний бие эрх чөлөөнд халддаг” гэж мэдүүлж байгаа ч тухайн үйл явдал хэзээ болсон цаг хугацаа тодорхойгүйгээс Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл эсэх нь тодорхойгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.М-ын биед “тархины доргилт, зүүн хоншоор ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/-ээр тогтоогдож байна.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.М-г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь “...Хохирогчийн зүгээс эрүүл мэндэд учирсан хохирол, өмгөөлөгчид төлсөн зардал, байрны түрээсийн төлбөр, шүүх хуралдаанд ирж буцсан зардалд 13.332.194 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.150.000 төгрөг, нийт 20.482.194 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж нэхэмжилсэн.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 274.900 төгрөг /хх-109/, 710.500 төгрөг /хх-110/, 144.000 төгрөг /хх-111/, 467.377 төгрөг /хх-112/, 123.700 төгрөг /хх-163/, 92.827 төгрөг /хх-164/, 48.011 төгрөг /хх-165/, 126.000 төгрөг /хх-166/ төгрөг, нийт 1.987.315 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 4.500.000 төгрөг /хх-115, 116/, өмгөөлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 27, 31, 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд шүүх хуралдаанд ирсэн, буцсан замын зардалд 1.250.000 төгрөг /хх-117, 176, 177/-ийг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас засал ном хийлгүүлсэн гэх зардал, хөдөө байгаа малаа эргэсэн гэх зардал, хэргийн оролцогч бус М.Хийн ирсэн явсан гэх зардал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчид учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй, хохирогчийг хотод орон сууц түрээслэж байлгасан гэж тайлбарлаад байгаа орон сууцны түрээсийн гэрээг Д.Диваасамбуу, М.Х гэх хүмүүс байгуулсан, түрээслэгч талын гэрийн хаяг хэсэгт “БГД, V хороо, 12 А байрны 21 тоот” гэж түрээсийн байрны хаяг бичигдсэн нь “М.Х өөрийн байрыг түрээслэсэн” байж болзошгүй эргэлзээ бүхий байдлыг бий болгосон, мөн тухайн түрээсийн байранд хохирогч М.М- амьдарч байсан эсэх нь тогтоогдохгүй байсан тул нэхэмжлэлээс нийт 5.594.879 төгрөг (50.000 төгрөг /хх-111/, 80.000 төгрөг /хх-113/, 80.000 төгрөг /хх-114/, 100.000 төгрөг /хх-167/, 300.000 төгрөг /хх-168/, 6.000 төгрөг /хх-169/, 100.000 төгрөг /хх-170/, 1.400.000 төгрөг /хх-173/, 1.400.000 төгрөг /хх-174/, 1.700.000 төгрөг /хх-175/, 50.000 төгрөг /хх-178/, 10.000 төгрөг /хх-179/, 50.000 төгрөг /хх-180/, 100.000 төгрөг /хх-181/, 150.000 төгрөг /хх-182/, 26.000 төгрөг /хх-183/, 80.000 төгрөг /хх-184/)-ийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 7.150.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Оаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 1.987.315 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгч хөлс 4.500.000 төгрөг, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэн буцсан зардалд 1.250.000 төгрөг, нийт 7.737.315 төгрөгийг гаргуулж, хохирогч М.М-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 5.594.879 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 7.150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.О нь шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 7.737.315 төгрөгийг хохирогч М.М-д төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.      

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мээс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...хохирогчийн зүгээс Б.О нь дахин ирж дарамтлах, уулзах зэрэг нөхцөл байдал үүсэхээс айж байна гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Иймд Б.Оын үйлдсэн гэмт хэргийн төрөл, хохирогчид учирсан хохирлын шинж чанар, хохирогчийн одоогийн байгаа сэтгэл зүйн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн хохирогчтой уулзахгүй байх, хохирогчийн гэрт очихгүй байхыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Оын хохирогч М.М-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “хохирогч М.М-ы байгаа газар болон гэрт нь очих, түүнтэй уулзаж, харилцахыг хориглох” хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.От хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

4.Шүүгдэгч Б.О нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “хохирогч М.М-ы байгаа газар болон гэрт нь очих, түүнтэй уулзаж, харилцахыг хориглох” хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.От хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Оаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 1.987.315 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгч хөлс 4.500.000 төгрөг, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэн буцсан зардалд 1.250.000 төгрөг, нийт 7.737.315 төгрөгийг гаргуулж, хохирогч М.М-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 5.594.879 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.О нь шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 7.737.315 төгрөгийг хохирогч М.М-д төлсөн болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 7.150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН