Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 224

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Жаргал,                     

улсын яллагч У.Солонго,

хохирогч Ж.Энх-Амгалан,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Т.Хуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт Т.Хуягийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012315 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж, 708 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хөө хүүхэн овогт Түдэвийн Хуяг /РД:ПЮ71051914/.

Шүүгдэгч Т.Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-708 тоот хашаанд бариатай байсан хамтран амьдрагч Ж.Энх-Амгалангийн 5 ханатай монгол гэрийг доторх эд хогшилтой нь хамт санаатайгаар галдан шатааж 13.558.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Хуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би найзтайгаа 2 шил архи уугаад, согтуу байхдаа гэрээ шатаасан байсан. Би шатаасан үйлдлээ сайн санахгүй байгаа. Гэрч Отгондалай намайг хутга барьж явсан гэж худлаа мэдүүлсэн. Би тэр үеийг мэдэхгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1998 оноос хойш Хуягтай хамт амьдарсан. 2001 онд охин төрсөн. 2005 онд Хуяг гэрээ шатааж байсан. Галын дүгнэлт лаанаас болсон гэж гарсан байгаа. Тухайн үед шатсан гэр нь Хуягийн гэр байсан учраас би гомдол гаргаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Хуягийг манай гэрийг шатаана гэж бодоогүй. Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлээд 25-ны өдрийг хүртэл тасралтгүй архи уусан. Хуягийг архи уусан үед би охиноо дагуулаад айлуудаар хоног төөрүүлдэг, архи уусан үедээ шөнө унтуулдаггүй. Тухайлбал гэрээс хувцастай, хувцасгүй хөөгөөд гаргадаг. Цагдаад дуудлага өгдөг. Би миний хүүхдийн эцэг юм чинь гэж бодоод л охиноо дагуулаад айлд хоночихоод гэртээ буцаж ирдэг. 9 дүгээр сарын 25-нд би ажлаасаа ирэхэд эрүүл байсан бөгөөд миний толгой руу цохисон. Тэгээд би манай нөхөр анх удаа намайг эрүүл зодлоо гээд Отгондалай руу ярьсан. Би ажил дээрээсээ нөхөртэйгөө утсаар ярихад архи ууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүтэйгээ утсаар ярьсан. Хуяг та нар муу санаатай 3 настай хүүхдээр хянууллаа гээд 3 настай хүүхдийн араас гүйгээд манай дүүгийн гэрт ороод ирсэн гэж байсан. Хуяг Жаргалын охидууд муу санаатай чадаж байвал таарна гэж ярьж байсан. Тэгээд хутга бариад манай дүүгийн гэрт ороод одоо танай эгчийг чинь ална, хаана байна тэр Жаргалын Энх-Амгалан гэж хэлсэн гэсэн. Манай дүү үг хэлэлгүй айгаад, гараад явахаар нь хаалгаа түгжсэн гэсэн. Манай дүү чимээ тавихад хаалга нүдээд орж ирчихээд танай эгч ажилдаа явчихсан уу, би гэрийг нь шатаачихсан, гараад хар даа гэж хэлэхээр нь манай дүү арай үгүй байх гээд гараад харахад гэрийн зүүн талаас утаа гарч байсан гэж хэлсэн. Би хурлаас 15:30 цагт гараад 15:40 цагт дүүтэйгээ утсаар ярьсан. 15:50 цагт гэр ирэхэд бүрэн шатаж байсан. Би Хуягаас яагаад гэр шатаасан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Хажуу айлын Эрдэнэбаяр ус цацсан байсан. Удалгүй галын машин ирээд галыг унтраасан. Гомдолтой байна. Охин 10 дугаар ангид сурдаг. Эмэгтэй хүүхэд өмсөх хувцасгүй зогсож байна. Би Хуягт 2 удаа машин авч өгч байсан. Хүргэн дүүдээ би 3 сая төгрөгөөр машинаа зарсан юм. Би цалингаас уг машиныг авсан, Хуягт огт хамаагүй. Шатсан гэр болон доторх эд зүйлс нь цөм минийх бөгөөд Хуягийнх гэх эд зүйлс байхгүй. Иймд би учирсан хохирлоо нэхэмжилнэ. Хуяг нь гарч ирээд дахин ийм үйлдэл хийхгүй байх эсэхэд эргэлзэж байна. Би хохирлоо төлүүлмээр байна” гэв.

201626012315 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ж.Энх-Амгалангийн: “Манай нөхөр Хуяг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлүүлэн 8 хоног архи уусан. Тэр хооронд би Хуягийг цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгч байсан. ...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай төрсөн дүү Ж.Отгондалайгаас нөхрийнхөө талаар асуух гээд утсаар ярьсан чинь Хуягаа ах согтуу гэртээ орилж хашгичаад гэрээсээ хутга барьж манайд орж ирээд “Би танай эгчийг чинь алмаар байна” гэж хэлсэн гэсэн. Дүү маань Хуягийг гараад явахаар нь айгаад гэрийнхээ хаалгыг түгжээд байж байсан чинь дахиж хүрч ирээд хаалганы цаанаас “Би танай эгчийн гэрийг гуйлгачин болгох зорилгоор шатаалаа, чи энийг хар” гэхэд дүү маань сандраад өөрийнхөө гэрээс гараад манай гэр лүү харсан чинь тооноор болон хаалгаар хар утаа маналзаад шатаж байсан гэсэн. Би яг тэр үед л Отгондалай руу утсаар залгаад асуусан чинь “Танай гэр чинь шатаж байнаа, Хуяг ах гэрээ шатаачихлаа” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ “Чи манай гэр лүү ороод ядаж хувцас хунарыг маань аваадхаач” гэсэн чинь “Гэр рүү чинь орох боломж байхгүй, гал дүрэлзээд асаж байна” гэсэн. Тэгэхээр нь ажлынхаа газрын Ч.Догоод хэлээд 101-д дуудлага өгөөдөх гэж хэлээд гэрлүүгээ яараад такси бариад очтол манай гэр шатаад дуусаж байсан. Гал командынхан ирээд дутуу шатсан гал, нурмыг унтраасан. Би 102-т дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирсэн.

Намайг гэртээ ирэхэд Хуяг дүүгийн гэрийн гадаа согтуу зогсож байсан. Би Хуяг дээр очоод “Чи яагаад гэрийг маань шатааж байгаа юм бэ” гэсэн чинь “Би өөрөө гэрээ шатаасан, хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэсэн. Тэгээд би цагдаа нарт Хуягийг хүлээлгэж өгсөн. Юм болонгуут гэрийг чинь шатаана гэж заналхийлдэг. Миний эзэмшлийн гэр байсан. Би тухайн монгол гэрийнхээ хана, тооно, унь зэргийг хийх модыг 2011 онд Өвөрхангай аймгийн Уянга сумаас 1200000 төгрөгөөр захиалж авахуулаад Улаанбаатар хотоос дээвэр туурга зэргийг авсан. ...Гэр доторх эд зүйлсүүд шатаж үгүй болсон. Бүгдээрээ миний эзэмшлийн эд зүйлсүүд байсан. Манай гэрт Хуягийн ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйлс байхгүй. Харин хэдэн хувцаснууд нь л байсан. Маш их гомдолтой байна. Энэ хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч, хуульд зааснаар шалгаж өгөөсэй гэж хүсэж байна. Би охинтойгоо хамт тайван, аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй байна. Одоо батлан даалтанд гарвал бидний амь насанд аюул занал учрах магадлалтай тул хорьж цагдах арга хэмжээ авч өгөөсөй гэж хүсэж банйа.

...2005 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Т.Хуяг надтай маргалдаж байгаад намайг зодох гээд байхаар нь би гэрээсээ гарсан хойгуур гэрийг маань шатаасан байсан. Би тухайн үед нөхрийгөө уучлаад миний охины төрсөн эцэг юм чинь гэж бодоод цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл, гомдол өгөөгүй болохоор одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хуяг намайг зодож цохихоосоо илүүтэйгээр байнга ална, тална гэж үг хэлээрээ заналхийлж, сэрээ хутга байнга барьж айлгаж сүрдүүлдэг. Маш их гомдолтой байна.

...Хуягаас шатсан гэр орон, эд хогшлоо нөхөн төлүүлмээр байна. Үнэлгээний комиссын дүгнэлтийг зөвшөөрч байна. ...Би төрд боловсролын салбарт 26 жил ажиллаж хуримтлуулсан мөнгө, цалингаараа амьдралаа босгосон. Миний амьдралыг Хуяг үгүй хийлээ. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-38-45/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Бямбадоржийн: “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай урд хөрш айлын 5 ханатай монгол гэр шатсаны улмаас манай байшингийн гал тогооны вакум цонхны гадна талын рам болон цонх, үүдний таамбарны 3 ширхэг том модон цонх галын халуун дөлөнд хайрагдаж хагарсан, цонхны дээд талын 6 метр урт гарнез мод шатаж харласан. Гал тогооны өрөөний вакум цонхны шил, рамтай нь хамт захиалахад 150000 төгрөгийн үнэ ханштай байдаг юм байна. Нийт 205000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-47/,

Гэрч Ж.Отгондалайн: “Би эгч Энх-Амгалангийн хамт нэг хашаанд тус тусдаа амьдардаг. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...12-13 цагийн үед манай хүүхэд “Хуягаа ах хутга барьчихсан хашаан дотор явж байна гэхээр нь хаалга нээхэд урдаас Хуягаа ах хутга барьчихсан хамаг бие нь чичирчихсэн орж ирээд “Энх-Амгалан хаана байна ална, тална” гээд хальт орж ирээд гарсан. Би тухайн үед айгаад хаалгаа түгжээд хэсэг байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад юм оёх гээд сууж байтал Хуягаа ах орж ирээд “Тэрийг хар, би танай эгчийг гуйлгачин модыг нь бариулах гээд шатаачихлаа” гэж хэлээд гэрийн хаалга онгойлгоод эгчийн гэрийг харуулахад тооно, хаалга хоёроор нь улаан гал дүрэлзээд асаж байсан. Би эгчийнхээ гэр лүү орох гэхэд орох боломж байгаагүй, гал дүрэлзээд байсан. Хуяг ахын амнаас дандаа танай эгчийг чинь ална, тална, гэрээ шатаана гэх зэргээр айлгаж сүрдүүлдэг байсан. Эгчид өс санасандаа гэрийг нь шатаасан байх. ...Хуяг ах уухын хувьд уучихсан байсан. Миний ажигласнаар бол нээх их согтоогүй байсан. Гэр шатаахаас өмнө Хуяг ах таавчигтай, саарал цамцтай байсан. Харин гэр шатсны дараа дээгүүрээ улаан өнгийн нимгэн куртик, пүүз зэргээ өмсчихсөн байсан. Миний бодлоор дулаан хувцас давхарлаж өмсөөд гэрээ шатаасан байх гэж бодож байна. ...Цахилгааны утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Эгч маань одоо манай гэрт амьдарч байгаа. Хамаг эд зүйл нь шатаж үгүй болоод сэтгэл санаа нь тавгүй байх шиг байна” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Гэрч Ц.Эрдэнэбаярын: “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 14-15 цагийн орчим хашаандаа мод хөрөөдөөд байж байтал манай хөрш айл Хуяг гэж залуугийн хадам эмэгтэй дүү нь “Гал гараад байна” гэхээр нь хашааг нь давж ороод хартал Хуягийн 5 ханатай монгол гэр нь шатаж байсан. Гал даамжирах шинжтэй байсан бөгөөд арын тоосгон байшин болон урд талын таамбар луу нь галын дөл төөнөж байхаар нь гэрээсээ эхнэрээ дуудаж ус гаргуулж ирсэн. ...Байшингийн хүрээ мод руу хувинтай ус цацаж унтраасан. Гэр бүрэн шатаж дууссан. Удалгүй цагдаа, гал командынхан ирж дутуу шатсан үнс, нурмыг унтраасан” гэх мэдүүлэг /хх-51/,

Гэрч Т.Хуягбаатарын: “...Т.Хуяг ах зан аашийн хувьд уг нь зүгээр. Архи уудаг болохоор зан ааш нь эвдрээд байдаг. Архи уусан үедээ агсам тавьдаг, нилээн догшин зан ааштай байгаа юм” гэх мэдүүлэг /хх-60/,

Галын шинжээчийн 2016.10.17-ны өдрийн 411/1982 дугаар дүгнэлтэд: “1. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шатлага тархан дэлгэрэлтээс үзэхэд гал түймэр нь монгол гэрийн дотор талд баруун хэсгээс эхэлж гарсан байх үндэстэй байна. 2.7. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шатлагын явцаас үзэхэд ил галын нөлөөллөөс үүсвэрлэн гарсан байх ба гал түймэр шатах материалд цонож цаашид тархан дэлгэрэх нөхцлийг бүрдүүлсэн байна. 3. Шатах тослох материалын дээж аваагүй байх тул тогтоох боломжгүй. 4. Гал түймэр нь гадны ямар нэгэн нөлөөгөөр үүссэн байх үндэстэй байна. 5. Хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчийн тайлбар, цахилгаан дамжуулах утас, пийшинд үзлэг хийх явцад пийшин зуухны хэт халалт, цахилгаан дамжуулах утаснаас гал гарсан гэх шинж тэмдэг, баримт илрээгүй болно. 6. Санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс гал тавьсныг тогтоох боломжгүй байна. 8. Өөр зүйл илрээгүй” гэжээ /хх-62/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.10.24-ний өдрийн 1035 дугаар дүгнэлтэд: “1. Т.Хуяг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Т.Хуяг нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Т.Хуяг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Т.Хуяг нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Т.Хуяг нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Т.Хуяг нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байсан байна” гэжээ /хх-67/,

Т.Хуягийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнээтэй таарч, ...2 шил архи авч уусан. Би согтчихсон байсан болохоор гэртээ харьснаа санаж байна. Нэг мэдсэн чинь гал тавьчихлаа гээд хашаан дотроо би өөрөө орилоод зогсож байсан. Яаж гал тавьснаа санахгүй байна. Би согтуудаа гэрээ шатаасан байх. Гэрийг маань надаас өөр шатаах хүн байхгүй. ...Эхнэртэйгээ өнгөрсөн 7 хоногт муудалцчихсан, хэрүүл маргаантай байсан. Эхнэртээ уурласан уурандаа гэрээ шатаасан байх. Шатсан гэр болон доторх эд хогшил манай эхнэрийн эзэмшлийн эд зүйлс байсан. Эхнэр өөрийнхөө цалин хөлснөөсөө авдаг байсан. Миний гэхээр зүйл нь хуучин хэдэн хувцаснууд л байсан. ...Би тухайн болсон асуудлынхаа заримыг нь санаад заримыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-78-79, 81, 82/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-4-8/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-34/, гэрч С.Ням-Очирын мэдүүлэг /хх-52/, гэрч А.Сүрэнхорлоогийн мэдүүлэг /хх-54/, гэрч Т.Рийнаагийн мэдүүлэг /хх-59/, Т.Хуягийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/, хохирогчийн цалингийн дэлгэрэнгүй цэс /хх-115/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-117/, Ж.Энх-Амгалангийн хүсэлт /хх-118/, Х.Аззаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-119/, гал унтраасан тухай нотломж /хх-122-128/, эд зүйлийн үнэлгээ /хх-129-134, 137/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-145/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Хуяг нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж, 708 тоот хашаанд бариатай байсан хамтран амьдрагч Ж.Энх-Амгалангийн 5 ханатай монгол гэрийг доторх эд хогшлын хамт санаатайгаар галдан шатааж хохирогч Ж.Энх-Амгаланд 13558000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Бямбадоржид 180000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Хуягийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатааж аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Т.Хуягийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Хуягаас хохиролд нийт 13.738.000 /арван гурван сая долоон зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Энх-Амгаланд 13.558.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Бямбадоржид 180.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч Т.Хуяг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийн шатаасан гэр болон эд зүйлс цөм Ж.Энх-Амгалангийнх” хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хуяг “Манай найзын бэлэглэсэн хөргөгчийг 600 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргаж байх боловч хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайд уг хөргөгчийг бэлэглэхээс өмнө хөргөгч байсан, түүнийхээ оронд уг хөргөгчийг гэртээ хэрэглэж байсан юм. Тиймээс уг хөргөгчийн үнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг үндэслэж тухайн хөргөгчийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.    

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөө хүүхэн овогт Түдэвийн Хуягийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар Т.Хуягийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Хуягт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Хуягийн 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Хуягаас 13738000 /арван гурван сая долоон зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж, 708 тоотод оршин суух Ж.Энх-Амгалан /РД-ЧВ71072908/-д 13558000 /арван гурван сая таван зуун тавин найман мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамж, 707 тоотод оршин суух Ц.Бямбадорж /РД-ЙС70072515/-д 180000 /нэг зуун наян мянга/ төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Хуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР

                                   ШҮҮГЧИД                                 Б.БАТАА

                                                                                       И.ГАНБАТ