| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/20218/0589/З |
| Дугаар | 128/ШШ2018/0627 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2018/0627
| 018 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 128/ШШ2018/0627 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Оад олгосон *******, *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох Д.Б миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах-ыг хүссэн Д.Бын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дон, П.Ар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Урэг, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гд, нарийн бичгийн дарга З.Э нарыг ороолцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч: Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Б миний бие өөрийн эзэмшлийн Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газар дээр орон сууц барих зорилгоор ХХК-ийг төлөөлж Б.А, Ц.О нартай Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан.
Дээрх гэрээ ёсоор миний бие Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол гудамж 54/3 байрны 4 давхарын 10, 11, 12 тоот нийт 175 м/кв талбай бүхий орон сууц, тус байрны В1 давхарын 01, 02 тоот авто машины 2 зогсоолыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгүүлэн гэрчилгээ авах эрх үүссэн байсан.
Гэтэл иргэн Ц.О нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2015/86 тоот улсын комиссын акт гарч ашиглалтанд орсон, миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө болох Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвгэрт Үйлдвэр /17041/ Туул гол гудамж 54/3 гэсэн дугаар хаягт байрлах 6 давхар орон сууц 11 тоот 2 өрөө орон сууцанд ******* тоот, В1 /зоорийн давхар/ давхарын 01 тоот автомашины зогсоолд ******* тоот, 02 тоот автомашины зогсоолд ******* тоот гэрчилгээг хууль бус аргаар гаргуулан авсан байна.
Улсын бүртгэлийн газар нь иргэн Ц.Оад дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож бүртгэхдээ бүрдэл дутуу материалаар бүртгэл хийсэн, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр өмчлөх эрх надад үүссэн байхад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй байна.
Х******* дүүргийн ******* хороо, Туул гол гудамж 54/3 байрны 4 давхарын 11 тоот 2 өрөө орон сууц, В1 давхарын 01, 02 тоот авто машины 2 зогсоолыг Ц.Оын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос өмнө 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээгээр надад өмчлөх эрх анх бодитой үүссэн тул Ц.Оын нэр дээр бүртгэгдсэн дараахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Б миний өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү.
Үүнд: Х******* дүүргийн ******* хороо, Туул гол гудамж 54/3 гэсэн дугаар хаягт байрлах 6 давхар орон сууцны 4 давхарын 11 тоот 2 өрөө орон сууц /*******/ тоот гэрчилгээ,
Тус байрны В1 /зоорын давхар/ давхарын 01 тоот автомашины зогсоол /*******/ тоот гэрчилгээ,
02 тоот автомашины зогсоол /******* тоот гэрчилгээ олгосон болон гэрчилгээ олгох бүртгэлийн ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11.5 дугаар зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Улсын бүртгэлийн газрын байцаагч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлоогүй, нягтлаж хянаагүй, бүрдэл дутуу бичиг баримтыг хүлээн авч хууль зөрчин байж хууль бус бүртгэл хийснээс миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол илтэд хохирсон ба дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй хүний нэр дээр бүртгэл хийж гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Хан-уул дүүргийн улсын бүртгэгч Х.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Х******* дүүргийн ******* хороо Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 54/3 байр 11 тоот ороны сууцны зориулалттай 54 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр иргэн Ц.Оын гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000411656 тоот гэрчилгээ олгосон байна.
Х******* дүүргийн ******* хороо Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 54/3 байрны зоорийн давхарын 01 тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Оын гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000411649 тоот гэрчилгээ олгосон байна.
Х******* дүүргийн ******* хороо Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 54/3 байрны зоорийн давхарын 02 тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Оын гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000411652 тоот гэрчилгээ олгосон байна.
Уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжилийн банктай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
Мөн Х******* дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2018/00297 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4/1384 тоот, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4/4835 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэл хөтлөх журмын 4-р зүйл 4,5-ын 3-т Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана гэж журамд зааснаар иргэн Ц.О нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн улсын комиссын акт, өмчлөгчөөр бүртгэгдэх этгээдийн нэр бүхий жагсаалт холбогдох нотлох баримт гаргасан байна. Дээрх жагсаалтыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.О мэдүүлэг гаргасныг хянаж, мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй тул бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн бүртгэл байна.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйл, 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг бөгөөд хэрэв иргэд хоорондын эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байгаа бол иргэн Ц.О нь хариуцах үүрэгтэй болно.
Нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн иргэн Ц.О, Б.А******* болон иргэн Д.Б нарын хооронд байгуулсан Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ-нд авах орон сууц гаражны тоотыг тодорхой заагаагүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно, гэсний дагуу бүртгэх боломжгүй болно.
Дээрх үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 7/4346 тоот албан бичгээр иргэн Д.Бд хариу өгч байсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.2-т заасан Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх ашиг, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөдөгдөж болох иргэн /хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна, гэж заасны дагуу гуравдагч этгээдээр Худалдаа хөгжлийн банк болон Ц.О нар оролцож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Эд хөрөнгө өчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүхий л баримтуудыг бүрдүүлж өгч маргаан бүхий эд хөрөнгүүдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дуусаагүй барилгын гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлээс чөлөөлсөн албан бичиг, барилгын бусад бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Эд хөрөнгө өчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дах заалт нь газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд хамааралтай заалт байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд дурдсан бүхий л шаардлагыг хангасан тул улсын бүртгэгч дээрх эд хөрөнгүүдийг миний нэр дээр бүртгэж авсан. Эд хөрөнгө өчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Энэ бол иргэний журмаар маргах маргаан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 1 жил гаруй хугацаанд Иргэний шүүхээр маргасан ч иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Надад хууль зөрчиж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Газрыг Худалдаа хөгжлийн банк ХХК-д барьцаалахад иргэн Д.Б нь зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдаагүй байна. Д.Б газраа барьцаанд тавьж барилга барихыг зөвшөөрсөн. Би нэхэмжлэгч Д.Б зохих ёсны төлбөрийг төлж 2 өрөө орон сууц 1 ширхэг, 3 өрөө орон сууц 1 ширхэгийг өгсөн. Бусдын газар дээр барилга байшин барих төсөл маань үр ашиггүй болсон учраас би ногдох хувийг өгч, үлдсэн хэсгийг өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлд дурдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлээгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар бүрдүүлбэрийг хангасан тул бүртгэл хууль ёсны болсон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Худалдаа хөгжилийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц.О нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа, хөгжлийн банктай ЗГ/82 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан таван зуун сая төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь цаг хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 193/ШШ2017/01211 тоот шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн бөгөөд одоо Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байгаа.
Банк тухайн үед зээл олгохдоо улсын бүртгэлийн газраас олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа мөн бусад банкны шаардлагийн дагуу зээлийн нөхцөл хангагдаж байна гэж үзэн зээлийг олгосон байдаг. Иймд Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.Оад олгосон *******, *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох, Д.Б миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах гэж тодорхойлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх Д.Б, Ц.О, Б.А******* нар нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Бын эзэмшлийн 0351348 тоот гэрчилгээтэй Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газар дээр 6 давхар Амины орон сууцны зориулалттай байшин барих, Ц.О, Б.А******* нар нь байшин барих хөрөнгийг 100% хариуцаж орон сууцыг хамтран барьж ашгийг 65% буюу 35%-иар тус тус авах, Орон сууцны барилга ашиглалтанд орсны дараа уг барилгаас өөрийн эзэмшлийн газрын үнэнд тооцон 4 давхарын нийт 175 м.кв талбайг, В1 давхарын 2 ширхэг авто машины зогсоолын хамт Д.Бын өмчлөлд шилжүүлэн авна гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газарт 6 давхар амины орон сууц баригдаж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр барилга ашиглалтанд орсон байна.
Улмаар иргэн Ц.О нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х******* дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Х******* дүүргийн ******* хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 54/3 байр 11 тоот 54 м.кв орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байх бөгөөд Х******* дүүргийн ******* хороо Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 54/3 байр 11 тоот орон сууцны зориулалттай 54 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн ******* дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000411656 тоот гэрчилгээ болон 54/3 байрны 01, 02 тоот авто зогсоолуудын *******, 2206041497 дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлд эрхийн улсын бүртгэлийн 000411649, 000411652 дугаартай гэрчилгээг авсан байна.
Үүний дараа Ц.О нь Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/82 тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗБ/82/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан төдийгүй Х******* дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2017/01211 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн газар нь иргэн Ц.Оад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгож бүртгэхдээ бүрдэл дутуу материалаар бүртгэл хийсэн, 2013 оны 03 сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр өмчлөх эрх надад үүсэн байхад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдүүлэх ёстой материалуудын 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4 дүгээр зүйлд заасан матриалуудыг бүрэн эсэхийг шалгаагүй хууль бус аргаар гэрчилгээ гаргуулж авсан, мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар бүрдүүлбэр дутуу тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж авахаас татгалзах ёстой байсан.... гэж маргажээ,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах, 13.1-д ...тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах..., 13.5.3-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар..., гэж заасны дагуу Ц.О нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авхаар мэдүүлгээ гаргаж түүнд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хүсэлтээ гаргасан байна.
Хариуцагч Ц.Оын гаргасан хүсэлт болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг шалгаж үзээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4-т Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудыг тулгаж хянана, гэж журамд заасны дагуу иргэн Ц.О нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг хүлээлцсэн улсын комиссын акт, өмчлөгчөөр бүртгэгдэх этгээдийн нэр, хамтран ажиллах гэрээ зэргийг үндэслэн Ц.Оын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосныг шууд буруутгах үндэслэлгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохиролыг нөхөн төлөх хуулийн зохицуулалттай байх бөгөөд нөгөөтэйгүүр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих тул нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий байрны болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгч гэж үзхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгч Д.Б нь өөрийгөө маргаан бүхий Х******* дүүргийн ******* хороо Туул гол гудамж 54/3 байрны 11 тоот орон сууц, уг байрны зоорийн давхарын 01, 02 тоот авто зогсоолыг өмчлөх эрхтэй гэж үзэж бусдын нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгохыг шаардаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Б, Ц.О, Б.А******* нарын хооронд байгуулсан Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ-г хууль бус гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.
Түүнчлэн Эд хөрөнгө өмлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 9 үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд тухайн үед мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. Иймд хариуцагч мэдүүлгийг хүлээн авсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасантай нийцжээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүргэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, 19 дүгээр зүйлийн 19.2-д Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан барьцаалагчийн эрх, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхэд хориглсон, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг үгүйсгэж маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг дээрх зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч иргэн Д.Бын нэр дээр давхар бүртгэх хууль зүйн хувьд боломжгүй төдийгүй хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, барьцаалагчийн эрхэд шууд халдах тул даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Улсын бүртгэлийн байгууллагад шүүхээр тогтоолгосон өмчлөгч болох талаарх баримтаа гаргасны үндсэн дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой ба хүчин төгөлдөр бүртгэл буюу барьцааны бүртгэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох барьцаалагч банкны зөвшөөрлийг авсны үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасан тул нэхэмжлэгч Д.Б нь уг эрхээ бүртгүүлэхийн тулд холбогдох мэдүүлгийг гаргах ёстой юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13.1.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х******* дүүргийн ******* хороо, Туул гол гудамж 54/3 байрны 11 тоот, В1 давхрын 01, 02 тоот авто зогсоолыг Ц.Оад олгосон *******, *******, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох, Д.Б миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Х******* дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.