Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0424

 

 

 

 

 

 

 

 

  2026          06           18                                    221/МА2026/0424

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

“Х” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ”Б” ХХК-ийн цахилгаан эрчим хүч хязгаарласан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 125/2025/0061/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Х” ХХК-д холбогдуулан “Х” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ”Б” ХХК-ийн цахилгаан эрчим хүч хязгаарласан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 32 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Б” ХХК-ийн цахилгаан эрчим хүч хязгаарласан үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Х” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ, авлага хэсэгчлэн барагдуулах хуваарь гарган баталж хамтран ажиллаад 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Авлага хэсэгчлэн барагдуулах аж ахуйн гэрээ” байгуулсан. Тус гэрээний хавсралтаар өмнөх хуримтлагдсан цахилгаан эрчим хүчний хэрэглэсний төлбөрөөс 2024 онд 250.000.000 төгрөгийг төлөх ба үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлсэн актын дагуу 2025 ондоо багтаан төлж барагдуулахаар гаргасан хуваарийн дагуу “Б” ХХК нь сар болгон төлбөрөө төлөөд явж байсан. Гэтэл “Х” ХХК хуулийн дагуу мэдэгдэл өгөхгүйгээр удаа дараа цахилгаан гэнэт тасалдаг.

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар

хугацаа

Бичилтийн дүн

Төлсөн дүн

1

2023 оны 1 дүгээр сар

75,023,465.63

 

2

2023 оны 2 дугаар сар

68,750,990.75

 

3

2023 оны 3 дугаар сар

74,227,537.47

100,000,000

4

2023 оны 4 дүгээр сар

61,738,495.86

 

5

2023 оны 5 дугаар сар

25,613,679.52

 

6

2023 оны 6 дугаар сар

 

 

7

2023 оны 7 дугаар сар

 

 

8

2023 оны 8 дугаар сар

 

 

9

2023 оны 9 дүгээр сар

17,103,705.41

80,000,000

10

2023 оны 10 дугаар сар

59,558,492.13

 

11

2023 оны 11 дүгээр сар

71,894,816.75

 

12

2023 оны 12 дугаар сар

82,343,676.98

96,000,000

 

2023 оны дүн

536,254,860.50

276,000,000

1

2024 оны 1 дүгээр сар

72,599,187.34

 

2

2024 оны 2 дугаар сар

69,224,882.76

 

3

2024 оны 3 дугаар сар

70,053,984.67

159,000,000

4

2024 оны 4 дүгээр сар

54,182,457.15

 

5

2024 оны 5 дугаар сар

29,185,301.20

 

6

2024 оны 6 дугаар сар

4,325,423.55

100,000,000

7

2024 оны 7 дугаар сар

5,914,875.90

58,833,806

8

2024 оны 8 дугаар сар

 

53,161,240.13

9

2024 оны 9 дүгээр сар

25,985,616.98

50,000,000

10

2024 оны 10 дугаар сар

62,056,189.78

75,000,000

11

2024 оны 11 дүгээр сар

83,758,732.62

62,056,189.78

12

2024 оны 12 дугаар сар

105,187,389.89

213,758,733

 

2024 оны дүн

582,474,041.84

771,809,968.91

1

2025 оны 1 дүгээр сар

97,437,836

97,437,833

2

2025 оны 1 дүгээр сар

 

50,000,000

3

2025 оны 2 дугаар сар

90,118,513.93

 

4

2025 оны 3 дугаар сар

98,664,060.00

50,000,000

5

2025 оны 4 дүгээр сар

70,632,072.50

50,000,000

6

2025 оны 4 дүгээр сар

 

70,632,072.50

7

2025 оны 5 дугаар сар

31,598,984.23

50,000,000

8

2025 оны 5 дугаар сар

 

31,598,984.23

9

2025 оны 6 дугаар сар

1,229,314.74

50,000,000

10

2025 оны 7 дугаар сар

660,385.33

 

11

2025 оны 8 дугаар сар

 

50,000,000

12

2025 оны 9 дүгээр сар

13,521,355.27

 

13

2025 оны 10 дугаар сар

53,605,949.77

15,411,055.34

14

2025 оны 10 дугаар сар

 

53,605,949.77

15

2025 оны 11 дүгээр сар

79,878,523.90

79,878,523.90

16

2025 оны 12 дугаар сар

84,379,529.78

84,379,529.78

 

2025 оны дүн

621,723,525.45

782,546,263.62

1

2026 оны 1 дүгээр сар

86,287,299.07

86,287,299.07

2

2026 оны 2 дугаар сар

77,333,773.89

77,333,773.89

3

2026 оны 3 дугаар сар

82,558,570.77

82,558,570.77

4

2026 оны 4 дүгээр сар

54,140,438.67

54,140,438.67

 

2026 оны дүн

300,320,082.40

300,320,082.40

 

Нийт дүн

2,040,772,510.19

2,081,070,999

 

“Б” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын 25.000 иргэн, 200 гаруй албан байгууллагын аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангаж дулаан халаалтыг хариуцдаг онцгой объект юм. Энэ үүргээ биелүүлж 2025-2026 оны өвлийн их ачааллыг давах, Жаргалант сумын хэрэглэгчдийг ая тухтай өвөлжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах их засварын ажлыг цаг алдалгүй график, төлөвлөгөөний дагуу хийж байтал 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс цахилгаан тасалснаас зуухны их засварын ажил зогссон. Хариуцагч “Х” ХХК-ийн манай байгууллагын цахилгаан эрчим хүчийг хязгаарласнаас үүдэн манай компани Монгол Улсын Засгийн газар, Улс болон аймгийн Онцгой комисс, Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгаврыг биелүүлэх боломжгүй байдалд хүрлээ. Мөн түүнчлэн “Х” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан эс үйлдэхүйгээс шалтгаалж дулааны станц цаашид ажиллах боломжгүй болж дулааны эрчим хүчний хэрэглэгчдийг дулаанаар хангах боломжгүй хүндхэн нөхцөл байдал үүсэж эрсдэлээ бид хүлээж ажилласан.

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж заасан. Гэтэл манай компани нь Ховд аймгийн Жаргалант сумын дулааны хангамжийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрлийн дагуу дулаанаар найдвартай, тогтвортой, тасралтгүй хангасаар өнөөдрийг хүрсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил хийхэд ихээхэн саад учруулж, “Х” ХХК-ийн захирал нь монопол эрх эдэлж, гамшгийн байдал бий болгож нийгэмд, нийтэд хохирол бий болгох нөхцөл бий болгож, хийж байгаа ажлаараа Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний “... эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчиж 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрчим хүч таслаад 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буцааж өгсөн.

Нэгэнт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эрчим хүч буцааж өгсөн тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлсэн буюу нэхэмжлэл хангагдсан байхад хариуцагчийн зөвшөөрлийг нь батлаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Б” ХХК-ийг цахилгаан эрчим хүч хэрэглэсний өр төлбөртэй байсан мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдэхдээ хэтэрхий нэг талыг барьж, нэхэмжлэгч компанийн нягтланг асуухгүйгээр хариуцагч талын 2 нягтланг гэрчээр асууж мэдүүлэг авч, тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэс болгосон.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 15.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь шүүх эрх мэдлийн бие даасан, зарчимч, төвийг сахих зарчмыг чанд баримтлах бөгөөд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.”, 15.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч нь шүүх эрх мэдлийг шударга, төвийг сахиж хэрэгжүүлэх” үүргээ биелүүлэхгүй нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэсэн хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-ийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахдаа компаниас санал аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас анх “цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хязгаарласан Ховд аймаг “Х” ХХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-ийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хязгаарласан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3.1. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “Б” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах” шаардлагад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан нь хэрэгт авагдсан Баримт №4-өөр тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манайх 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “Б” ХХК-ийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хязгаарласан ч 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буцааж холбосон” гэж тайлбарласан зэргээс дүгнэн үзвэл “цахилгаан эрчим хүчээр хангахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч уг шаардлагаа багасгасан эсхүл татгалзсан эсэх нь мөн хариуцагч уг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй. Хэрэв даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад энэ нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь процессын зөрчил болжээ.

4. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3391 дүгээр захирамжаар “...2015 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний төлбөр болох 796,997,495 төгрөгийг бүрэн барагдуулж, илүү төлсөн 88,002,505 төгрөгийг 2022 оны 5 дугаар сараас хойш бичигдсэн цахилгаа, эрчим хүчний төлбөрт тооцохоор” нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ховд “Х” ХХК-тай авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулж,  хуваарь гарган баталж хамтран ажилласан ба  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Б” ХХК нь “Х” ХХК-д 88,002,505.00 төгрөг илүү төлснийг тогтоож “Х” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байтал  хиймэл өр бичиж, үндэслэлгүй цахилгаан тасалсан, үүнтэй холбоотой 2025-2026 оны өвлийн их ачааллыг давах, Жаргалант сумын хэрэглэгчдийг ая тухтай өвөлжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах их засварын ажил зогсож төлөвлөсөн засварын ажлаа 100 хувь биелүүлж чадаагүй, үүнээс болж тоног төхөөрөмжүүд эвдэрч, засаж янзлах тоног төхөөрөмжийн үнэ, инженер техникийн ажилтны цалин зэрэг хохирол учирсан, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд цахилгаан, эрчим хүч хязгаарлах талаар тусгаагүй” гэж, хариуцагч “Х” ХХК-иас “...нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй, цахилгаан, эрчим хүч хэрэглэсний төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй учир манай байгууллагын шийдвэр Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасантай нийцсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байх энэ тохиолдолд цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хязгаарлах үед нэхэмжлэгч хуулийн этгээд өр төлбөртэй байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.2. Тодруулбал, захирамжлах үйл ажиллагаа буюу захиргааны акт болж буй цахилгаан, эрчим хүч хязгаарласан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч “Б” ХХК нь хэдэн төгрөгийн өр төлбөртэй байсан талаарх баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “хоёр талаас тооцоо нийлээгүй” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн хэдий хэмжээний төлбөртэй байсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх уг тодорхойгүй нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

4.3. Нөгөөтээгүүр, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3391 дүгээр захирамжаар “...2015 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний төлбөр болох 796,997,495 төгрөгийг бүрэн барагдуулж, илүү төлсөн 88,002,505 төгрөгийг 2022 оны 5 дугаар сараас хойш бичигдсэн цахилгаа, эрчим хүчний төлбөрт тооцохоор” нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч хэрхэн биелүүлсэн талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “632,709,000 төгрөгийн өртэй байсан учраас цахилгаан, эрчим хүч хязгаарласан” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бид өр төлбөргүй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах тухай гэрээ байгуулснаас хойш төлбөрөө төлөөд явж байсан, Ховд аймаг “Х” ХХК тодорхойгүй өр төлбөр гаргаад байна” гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд маргааны энэхүү тохиолдолд шүүх захиргааны актын үндэслэл болсон цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн төлбөртэй холбоотой тодруулах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сараас хойш хэдий хэмжээний төлбөртэй байсныг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоох боломжгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж заажээ.

 5.1. “А” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “итгэмжлэл олгох тухай” 291 дүгээр албан бичигт “Х” ХХК нь Засгийн газрын 2025 оны 30 дугаар тогтоолоор өөрчлөн байгуулагдаж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “А” ХК болж өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн байх энэ тохиолдолд “Х” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгтгэгдэж байгаа буюу өөрчлөн зохион байгуулагдаж байгаатай холбоотой анхан шатны шүүх хариуцагчийг дахин тодорхойлж, эрх залгамжлагчийг томилох шаардлагатай байжээ.

5.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй бөгөөд “А” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Х” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлийн дагуу эрх залгамжлалын асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь процессын зөрчил болжээ.

6. Нэгэнт анхан шатны шүүх холбогдох шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд нэг мөр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт шүүхийн дүгнээгүй асуудлуудын талаар нөхөн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр шаардлагатай гэж үзсэн холбогдох баримтуудыг цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА

                 ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ