Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00833

 

 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1655 дугаар магадлалтай,

 

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар УТҮГ-ын нэхэмжлэлтэй

Ханхишиг ундарга ХЗХ-д холбогдох

 

388,219,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч С.Доржпагма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар УТҮГ-аас Ханхишиг ундарга ХЗХ-д холбогдуулан гэрээний үүрэгт 388,219,425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ханхишиг ундрага ХЗХ-ноос 384,040,886.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 4,178,538.04 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ханхишиг ундрага ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 2,078,154 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1655 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

4.1. Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олгосон зээл болох 388,219,425 төгрөгийг хариуцагч Ханхишиг ундарга ХЗХ-ноос зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 384,040,886.96 төгрөгийг хангаж, үлдэх 4,178,538.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ ...Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хариуцагч Ханхишиг ундарга ХЗХ-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 388,218,425 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс үнийн дүнг хулээн зөвшөөрөх боловч талуудын хооронд ямар гэрээний үүргийн харилцаа үүссэн болон 2018.03.21-ний өдрийн нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байдалд маргасан гэж үзэхээр байна гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн.

Хэдийгээр нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 384,040,886.96 төгрөгийг хангаж, үлдэх 4,178,538.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргах үедээ анхан шатны шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байгаа тухай тайлбарлахад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул энэ талаар тайлбар хүлээж авахгүй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй.

4.3. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2020.04.15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбар, тайлбарт хавсарган нотлох баримтаар гарган өгсөн нэхэмжлэгчийн санхүүгийн бүртгэл тооцооны баримт болох өглөг авлагын дэлгэрэнгүй журналд хариуцагчаас төлсөн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нь хэрхэн тооцсон тухай дэлгэрэнгүй дурдсан.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оноос 2019 оны хооронд нийт 28,246,000 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч нь үүнээс 13,411,660 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний хүүнд 14,834,340 төгрөгийг тус тус суутгасан байна. 2015 онд 904,000 төгрөг төлснөөс зээлийн хүүгийн төлбөрт 904,000 төгрөг, 2016 онд 2,982,000 төгрөг төлснөөс зээлийн хүүгийн төлбөрт 2,982,000 төгрөг, 2017 онд 3,750,000 төгрөг төлснөөс зээлийн хүүгийн төлбөрт 3,750,000 төгрөг, 2018 онд 16,610,000 төгрөг төлснөөс зээлийн үндсэн төлбөр11,358,232 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,251,768 төгрөг, 2019 онд 4,000,000 төгрөг төлснөөс зээлийн үндсэн төлбөрт 2,053,428 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,946,572 төгрөг тус тус суутгасан байна.

Ингэснээр хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2020.01.03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрт 386,588,340 төгрөг, зээлийн хүүнд 1,631,085 төгрөг буюу нийт 388,219,425 төгрөгийн төлбөртэй байсан тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 388,219,425 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Хариуцагч ч нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгийн талаар маргаагүй байхад анхан болон давж заалдах шүүх хариуцагчийн тайлбар болон дээрх нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан тайлбар, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар УТҮГ нь хариуцагч Хан хишиг ундарга ХЗХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 388,219,425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 384,040,886.96 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

7. Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,178,538.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т заасан давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэнтэй нийцээгүй, ...шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийг зөрчиж, тооцооны баримт болох өглөг, авлагын дэлгэрэнгүй баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн ИТХ-ын 2014.05.26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр-ийг баталж, Бичил бизнесийн дэмжих Нийслэлийн санг байгуулж, тус сангийн журам, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг баталсан.

Хөтөлбөрийн хүрээнд Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан, Ханхишиг ундарга ХЗХ-ны хооронд Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015.07.03-наас 2015.11.13-ны хооронд 4 удаагийн гэрээгээр Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас нийт 400,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай хоршоонд олгосон. Хадгаламж зээлийн хоршоо зээлийн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, гишүүдэд дамжуулан зээлдүүлэхээр, эх үүсвэр байршуулснаас хойш сар бүр хүүг тооцож төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй тул 2018.03.21-ний өдөр 87 дугаартай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах 2020.01.03-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 13,411,660 төгрөгийг төлсөн, 386,588,340 төгрөгийн үндсэн зээлийн, 1,631,085 төгрөгийн хүүгийн нийт 388,219,425 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой сангийн шаардах эрхийг 2019.09.11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарласан.

 

Хариуцагч Ханхишиг ундарга ХЗХ хариу тайлбартаа: ...хамтран ажиллах гэрээний хүрээнд гэрээг хэрэгжүүлж, дамжуулан зээл авсан гишүүдийн барьцаа хөрөнгө, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл шилжүүлсэн банкны хуулгыг тухай бүр албан бичгээр хавсарган хүргүүлсэн. ...200 гаруй иргэнд бага хүүтэй зээлийг олгож, гэрээний биелэлтийг хангуулахаар тасралтгүй ажиллаж байна, ...нийт зээл болон хүүгийн үлдэгдэл 375,780,836 төгрөг, зээлд хураагдсан хөрөнгө 23,217,071 төгрөг буюу зээлтэй холбоотой үлдэгдэл 398,997,907 төгрөг байна. Үүнээс 50,831,514 төгрөг нь 1-2 жил эрэн сурвалжлагдаж байгаа зээлдэгчид хамаарах, 14,140,365 төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлээд 1-2 жил болж байгаа, 58,432,445 төгрөг нь 1-5 жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гарсан, 44,547,775 төгрөгийн зээлийг шүүхэд нэхэмжлэл гарган хянагдаж байгаа..., 216,888,540 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь хуулийн дагуу хүү зогсож, орлого олохгүй харин зээлийг төлүүлэхэд байнга зардал гарган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 28,094,000 төгрөгийг Нийслэлийн хөдөлмөрийн газарт шилжүүлж, 400,000,000 төгрөгөөсөө суутгуулан үлдэгдэл 371,906,000 төгрөгийг харилцан тохиролцож, график гарган төлөх саналтай байна.

Тухайн үед бид төр засгийн зүгээс баталсан бодлогын дагуу Нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснийхээ төлөө буюу хамтран ажиллах гэрээний дагуу зээл авсан иргэдийн өмнөөс манай хоршоо, бусад хадгаламж эзэмшигчдийн эх үүсвэрээс хөтөлбөрийн мөнгийг төлөх нь шударга бус бөгөөд үр дагавар нь илүү олон хүн хохирол нөхцөлийг үүсгэх болно. Манай хоршоо нь ашгийн төлөө Нийслэлтэй зээлийн гэрээ байгуулж, өөрсдийн баталсан хүүгийн хэмжээгээр бусдад зээл олгоогүй, харин Нийслэлтэй дамжуулж зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж, Нийслэлийн баталсан хүүгийн хэмжээгээр бага хүүтэй зээл олгосон бөгөөд хамтран ажиллах гэрээнд зээл авсан зээлдэгч нь барьцаа хөрөнгөөрөө эрсдэлийг хариуцна гэж заасан, мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт манай олон зээлдэгчийн барьцаа хөрөнгө хадгалагдаж байгаа. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу бидний зүгээс зээлийг төлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахад хугацаа хэрэгтэй байгаа тул 5 жилийн хугацаанд зээлийг төлүүлж дуусгах саналтай байна... гэжээ.

 

9. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ханхишиг ундрага ХЗХ нь 2015.07.03, 2015.08.18, 2015.09.18, 2015.11.13-ны өдрүүдэд Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сантай Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж, 4 удаагийн гэрээгээр нийт 400,000,000 төгрөгийн зээлийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авч, зээлийн хүүг сар бүр зээлдүүлэгчид төлж, гэрээний хугацаа дуусахад төлбөрийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон бөгөөд бичил бизнесийг дэмжих зээлд хамрагдах шаардлага хангасан иргэдэд 5 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 24 сар хүртэл хугацаагаар дамжуулан зээлдүүлэх үүргийг хүлээжээ.

 

10. Гэрээний нөхцөл, агуулга, шинж, талуудын хүлээсэн үүргээс үзвэл зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т тус тус зохицуулжээ.

 

11. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, 123.4-т үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэжээ.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019.08.29-ний өдрийн 135 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шаардах эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлжээ. /хх-31/

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

12. Хариуцагч нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс 400,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй, гэрээний үүрэгт 28,094,000 төгрөгийг төлсөн тул 371,906,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж маргах боловч анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 384,040,889.96 төгрөгийг хангаж, үлдэх 4,178,538.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

13. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

 

14. Зохигч 2018.03.21-ний өдрийн Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 395,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,630,886 төгрөг, нийт 398,630,886 төгрөг болохыг баталгаажуулж, төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, 2019.12.05-ны өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн нэмэлт гэрээ байгуулсан 2018.03.21-ний өдрөөс хойш хариуцагчийн төлсөн 14,590,000 төгрөгийг төлбөл зохих үндсэн төлбөрт тооцон хасч үлдэгдэл 384,040,886.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1655 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД