Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


              Хэргийн индекс: 171/2016/0109/Э

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,  
           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Энхцэцэг, 
           Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
           Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
      Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар. 

       Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ын *****д холбогдох 201509000876 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан  хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
             Монгол Улсын иргэн, ******д төрсөн,  **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****ын ***** /РД:*****/

         Үйлдсэн хэргийн талаар:
         Шүүгдэгч ***** овогт *****ын ***** нь *****гэх газар өөрийн адуунд нь ирж нийлсэн иргэн Х.*****ийн 2 тооны алдуул даагыг нядалж зарж хувьдаа завшиж 800.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ***** газраас иргэн С.Алтанайгийн адуунаас 1 тооны гүүг хулгайлж 750.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ***** гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.*****ын үхэрнээс хар зүсмийн хязаалан гунжийг хулгайлж 450.000 төгрөгний хохирол учруулж бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж  бусдад нийт 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.*****ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр би адуугаа хайж байгаад хэд хоногийн дараа олоход манай адуунд эр, охин 2 даага нийлсэн байсан. Тэгээд би адуутайгаа нийлүүлж тууж авчраад хэд хоногийн дараа 11 дүгээр сарын 10-ны орчим гэрийнхээ гадаа 2 даагыг төхөөрөөд махыг нь тухайн үед байсан талийгаач ахынхаа машинаар ачаад Дарханд оруулж ирж зарсан. Зарахдаа зах дээр идэшний мах авах гэж байсан нэг тахигүй хүнд захын гадна зогсож байгаад зарсан. Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 19-ний орчим би манай гэрээс хойш поолинд байсан 10 гаруй тооны бор гүүтэй адууг хөөж авчраад хашаандаа хашиж байгаад1 тооны халтар гүүг гэрийнхээ гадаа ганцаараа төхөөрөөд, *****ыг дуудаж түүнээс худалдаж авах гэж байсан машиныхаа өрөнд өгсөн. Намайг тэр гүүг хулгайлсанаас хойш 2 хоногийн дараа байх манай гэрийн ойрхон ***** ахын үхэрнүүдээс бэлчиж ирээд манай гадаа хонсон байхаар нь уг үхэрнүүдээс 1 хар гунжийг хулгайлж гэрийнхээ гадаа төхөөрөөд толгой гэдсийг нь махтай ширтэй нь*****аас худалдаж авч байсан машинд ачаад *****руу оруулаад толгой гэдсийг нь *****д өгөөд, махыг нь гудамжинд зогсож байгаад нэг машинтай эмэгтэйд бөөнд нь зарсан. 2 дааганы толгой шийр нь манай өвөлжөөнд байсныг цагдаа нар хурааж авсан. Хар хязаалан гунжны гэдэс толгойг *****д өгсөн, адууны махтай нь цагдаа хурааж авсан. Үүний дараа ***** наймаа буцна, хулгай мах өгсөн байна гээд машинаа буцааж авсан. Би алдуул 2 тооны даага ашигласан, иргэн Алтайнгийн 1 тооны гүүг, Ш.*****ын 1 тооны хязаалан гунжийг хулгайлан авч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 119-120, 121, 122-123 дахь тал/

            Хохирогч С.Алтанайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр адуугаа татаж авчраад гэрийнхээ хойно байлгаж байсан. тэгээд тэнд нь хонуулаад 20-ны өглөө манай нөхөр адуундаа явсан. Ер нь бол өдөр болгон адуундаа явж ойртуулж бүртгэж харж байдаг юм. Манай нөхөр өглөө эрт 9 цагийн орчим адуундаа явчихаад 11 цагийн орчим эргэж ирээд манай адуунаас 1 гүү байхгүй байна гэж хэлчихээд дахиад адуугаа хайхаар явсан. Тэгэхээр нь ***** руу утасдаад танай урд байсан манай адуунаас 1 гүү алга байна. Чи анзаарав уу гэхэд мэдэхгүй гэсэн. тэгэхээр нь би дүү чинь хэзээ  машин авсан юм бэ, танай гэрийн гадаа дуугааргүй цагаан машин зогсоод байна гэхэд машин авсан гэсэн. Би мэдэхгүй яаж авснаа хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд танай дүү хэнтэй байдаг юм бэ, би сэжиглээд байна гэхэд тусдаа байдаг болохоор мэдэхгүй байна. Чи өөрөө шалгуулахгүй юу гэсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би өмнө нь *****гийн нөхрийг сайн мэддэг байсан. манай нөхөр адуугаа хайгаад *****гийнд очиж асуусан гэсэн. Тэгээд тэр өдөртөө харахад *****гийн гэрийн гадаа мал төхөөрч байсан. Одоо *****аас хохирол төлбөрөө авсан тул санал гомдол нэхэмжлэхгүй зүйл байхгүй. Охиноо хараад эмнэлэгт хэвтэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/,

            Хохирогч Х.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө адуугаа бүртгээд гэрээсээ хойшоо бэлчээгээд орхисон ба гүвээний цаана бэлчиж байсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед би өөрөө очиж адуугаа харахад өглөө орхисон газраа  бэлчиж байсан. Тэгээд тэр шөнөдөө адуугаа дахиж таталгүй орхиод хээр хонуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн орчим манай дүү Хязатбек адуугаа хураахаар явсан. Тэгээд 15 цагийн орчим эргээж ирээд 2 тооны гүү байхгүй байна гэсэн. Хязатбекийн адуунаас шар хээр зүсмийн бүдүүн гүү байхгүй байсан. Намайг шалгахад адуунууд *****ы гэрийн урагшаа бүгдээрээ байсан. Дараа нь харин ***** хулгайлсан гэж байсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бас бэлчээрээс 2 тооны даага хулгайд алдсан. Нэг даага нь хар зүсмийн охин даага, сартай хээр зүсмийн эр даага алдаж байсан. *****ы гэрээс гарсан 2 дааганы толгой нь миний алдсан даага мөн байх гэж бодож байна. Одоо хохирол төлбөрөө авсан тул санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Мал төллөж байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 82-83 дахь тал/,

            Хохирогч Ш.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-25-ны орчим байх ***** гэрийн гадаа үхэрнүүдээ байхад нь очиж бүртгэж үзсэн юм. Тэгэхэд манай үхэрнээс анх удаа тугалласан, хязаалан насны хар гунж байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад байхгүй байхаар нь тэнд нь орхиод өглөө ирж авъя гээд явсан. Би гэртээ хариад байж байтал ***** манай гэрт машинтайгаа ирээд хаазлаад зогсоод байхаар нь би эхнэртээ байхгүй гэж хэл гээд уулзаагүй. Маргааш нь худаг дээр *****тай таараад дүү манайд очоо юу гэхэд тийм нөгөө хар үхэр чинь өвөлжөөнд байсан байна лээ гэж хэлэх гээд очсон юм гэсэн. Тэгэхээр нь би ашгүй байгаа юм байна гээд өнгөрсөн. Дахиад 2-3 хоноод гэрт нь очиход *****ы гэрийн гадаа үхэр малынхаа хашаанд 10 гаруй цагаантай адуу хашчихсан байсан. Тэгээд би үхэр ирсэн үү дүү гэхэд ирчихсэн бүгд байгаа гэсэн. Тэгэхэд нь харанхуй болчихсон 21 цагийн орчим байсан болохоор үхрээ харж тоололгүй шууд гэр рүүгээ яваад өгсөн. Намайг байхад лав тэр хашаатай адуунаас бариагүй, миний харснаас бол хашаан дотор нь нэг адуу уяатай харагдсан, зүсийг нь хараагүй. Тэгээд тоохгүй ахиад 2-3 хоноод байж байтал ***** цагдаад баригдаад явлаа гэж сонсогдсон. Намайг байхгүйд манай гэрт ирээд асуугаад явсан байсан. Би тэр үед үхрээ байгаа гэж бодоод тоохгүй байсан. тэгэхээр нь би үхрээ татаж ирье гэж бодоод цагдаад баригдсан өдөр нь үхрээ авах гээд очиход миний хар гунж байхгүй байсан. тэгэхээр нь би *****д миний хар гунж байгаа гээд байсан яасан юм гэхэд өөрийг чинь асууснаас хойш харагдаагүйшдээ гэж хэлсэн. Одоо *****аас хохирол төлбөрөө бүрэн авсан тул санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хурал болох өдөр би ажилтай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/,

            Гэрч Д.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А данснаас харахад өнгөрсөн жилийн 4 төл энэ жилийн 4 даага бүрэн бичигдсэн байна...“ гэх мэдүүлэг / хэргийн 88 дахь тал/,

            Гэрч Х.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд намайг цагдаагийн тасаг дээр ирэхэд гадаа нь ***** байж байсан. Тэгээд би чи энэ 2 толгойг алдагдсан 2 гүүний толгой гэж бодоод байгаа юм уу. Энэ чинь миний гаргасан 2 даагны толгой гэсэн. Тэгэхээр нь би чамтай гүү биш дааганы талаар ярьсан гэхэд тэгвэл би тэр 2 даагыг мэдэхгүй би тэр 2 адууны 8 шийрийг харахад шийрнийхээ байдлаар зүсээрээ өмнө ***** ахын алдаж байсан  2 даагатай адилхан байсан...“ гэх мэдүүлэг / хэргийн 89 дэх тал/,

           Гэрч Г.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхрийн хамт өөрийн 36-34 УБЗ дугаартай саарал өнгийн Аксент маркийн автомашиныг *****д зарахаар тохирсон. Анх яригдах нь 9 дүгээр сарын орчим яригдсан ба ***** 1.5 сая төгрөгөөр зарна гэж хэлэхэд малаар солихгүй биз гэхэд манай нөхөртөй ярь гэж хэлсэн. Гэтэл дараа нь манай нөхөр надад *****аас авахаар боллоо гэсэн. тэгээд 2 сар болоод авахгүй байсан манай нөхөр яах юм малаар өгөх үү ***** асуугаад байна гэхээр нь өөрөө мэд гэсэн. тэгээд манай нөхөртэй яриад нэг адуун дээр 300.000 төгрөг, бас нэг бүдүүн хонь өгөөд машиныг нь авахаар болсон. Гэтэл нэг өдөр манай нөхөр надад ***** утсаар ярьж байна. Адуу бэлэн байгаа маргааш ирээд ав гэж байна гэсэн. Тэгэхдээ 300.000 төгрөг хонь ч гэсэн байгаа гэж хэлсэн...“ гэх мэдүүлэг / хэргийн 90 дэх тал/,

         Гэрч С.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай байрны ***** гэх хүүхэн манай гэрт орж ирээд үхрийн толгой шийр цувдай байна та худалдаж авах уу гэж асуухаар нь үзье гээд хамтдаа гэрээс гарсан юм. Тэгээд гадаа гарахад мөнгөлөг саарал өнгийн суудлын машин дотор үхрийн толгой шийр цувдай хоёр байсан юм. Тэр машин дотроос хуучин байранд амьдарч байсан. ***** гэх залуу гарч ирээд бид хоёр хоорондоо юм яриад би толгой цувдайг нь 40.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгэхдээ мөнгийг нь ***** надад өгөх байсан өрнөөсөө тооцож хасч өгсөн юм. Толгой шийр нь тас хар өнгөтэй байсан юм...“ гэх мэдүүлэг / хэргийн 93 дахь тал/,

         Гэрч Н.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Яг сар өдрийг нь сайн санахгүй байна. ***** ах Болдбаатар нь ээжийнх нь хамт идшээ хийхээр манайд ирсэн. Тэгээд ***** адуугаа хөөж ирээд хашиж байгаад дотроос нь 2 даага бариад төхөөрсөн. Би адууны зүс мэдэхгүй бараан бордуу зүстэй хээр гэдэг зүс байсан. Хаанаас хэний малнаас гаргасан гэдгийг мэдэхгүй. Тэр 2 даага ямар учиртайг мэдэхгүй лав манай өөрийн адуунд байсан даага биш байсан. Манай дааганууд бол бүрэн эхтэйгээ байгаа...“ гэх мэдүүлэг / хэргийн 94 дэх тал/,

          Гэрч Д.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний харснаар бол адуунууд нь хэвэндээ дутсан алга болсон юм харагдахгүй байна. Тэр адуунууд нь 2014 онд төрсөн манай 2 унагатай нийлээд 5-6 унага байсан. 2015 онд энэ дааганууд нь хэвээрээ л байсан...“ гэх мэдүүлэг / хэргийн 100 дахь тал/,

           Гэрч Э.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоо байгаа А дансны бүртгэлээр бол *****гийн нэр дээр 11 тооны адуу тоологдсон. Үүнээс өнгөрсөн жилийн 2 төл байна. Харин хүнсэнд хэрэглэсэн буюу бусдад зарсан мал адуу байхгүй...“ гэх мэдүүлэг / хэргийн 102 дахь тал/,
            Гэрч Б.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эднийх нийт 22 тооны адуу байснаас 6 нь миний адуу байсан. Бас 4 тусдаа 4 морь байдаг. Одоо яг хэдэн даага байгааг мэдэхгүй байна ямар ч гэсэн 2 даага харагддаг. Талийгаач Болд өөрөө байхдаа хар гүү, хүрэн халзан даагтай авчраад зун даагыг нь уяаад байсан. одоо энэ гүү, даага нь адуундаа явж байгаа харагддаг...“ гэх мэдүүлэг / хэргийн 103 дахь тал/,

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 8-28 дугаар тал/

            -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 31-41 дүгээр тал/

           -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 29-30 дугаар тал/
    
          -Эд хөрөнгийн зах зээлийн судалааг /хэргийн 60-61 дэх тал/

           -Капитал зууч ХХК-ны үнэлгээ /хэргийн 62-63 дахь тал/

        2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 
       -Шинжилгээнд ирүүлсэн хоёр адууны толгойд хийсэн хэмжилт, үүдэн шүд нь ясан шүдээр солигдоогүй байдал, цөгцний элэгдэл байхгүй зэргээс харахад уг 2 адуу нь насны хувьд ойролцоо бөгөөд сараар тодорхойлбол ойролцоогоор 19-20 орчим сарын настай байгаа нь тодорхой байна.
           -Толгой хэсэгт үлдсэн бага хэмжээний арьсан дахь үсэн бүрхүүлийн байдлаас харахад хээр зүсмийн байж болох талтай боловч их биений арьс байхгүй тул зүйсийг бүрэн тодорхойлох боломжгүй.
          -Толгойн ясаар тухайн адууны хүйс тодорхойлох боломжгүй болно.

      Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 125 дахь тал/ зэрэг болно.

          Шүүгдэгч Л ***** овогт *****ын ***** нь *****гэх газар өөрийн адуунд ирж нийлсэн иргэн Х.*****ийн 2 тооны даагыг нядалж зарж хувьдаа завшиж 800.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ***** газраас иргэн С.Алтанайгийн адуунаас 1 тооны гүүг хулгайлж 750.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ***** гэх газар бэлчээрт байсан иргэн Ш.*****ын үхэрнээс хар зүсмийн хязаалан гунжийг хулгайлж 450.000 төгрөгний хохирол учруулж бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч С.Алтайн, Х.*****, Ш.***** нарын мэдүүлэг /хэргийн 81, 82-83, 84 дэх тал/, гэрч Х.*****, Г.*****, Н.***** нарын мэдүүлэг /хэргийн 89, 90, 94 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 8-28 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. 
 
     М.*****д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах, алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл  оногдуулах үндэслэлтэй байна.  
          Шүүгдэгч М.***** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
            Шүүгдэгч М.***** нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 
            Шүүгдэгч М. *****ы амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв.
           Шүүгдэгч М.***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан адууны шулсан толгой 2 ширхэг, мяндас олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1.Шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах, алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
    
          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.*****ы  эд  хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын  баривчлах ялаар  тус тус шийтгэсүгэй. 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар М.*****д оногдуулсан 01 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялд нэмж нэгтгэн М.*****ы эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоосугай. 

      4.Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар М.*****д  оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй. 

           5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.*****д  оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.   

            6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар М.*****ы  засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
    
           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

       8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ эд мөрийн баримтаар хураагдсан адууны шулсан толгой 2 ширхэг, мяндас олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
       9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.*****д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


    
                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАТТУЛГА