Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/99

 

                                              
                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2016/0106/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Б.*****, Д.*****,
Хохирогч Б.*****ийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б*****овогт *****ын *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000868 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****д төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, *******  ажилтай, *****ийн хамт **** тоотод оршин суух, урьд ял шитгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б*****овогт *****ын *****, /РД:******/

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч М.***** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим ***** баг “*****” зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 21 дүгээр бүлгийн 21.8-д заасан заалтыг зөрчсөнөөс зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***** овогтой*****ийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч М.*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тараад “Шинэ Дарханы” хээтэй хорооллоос хуучин Дархан уруу гэртээ харих гэж явсан. Машинд надтай цуг ажилладаг 5 хүн хамт явж байсан юм. “*****” зочид буудлын урд талын зам дээр явж байхдаа урд талд зогссон машиныг тойрч гарах гэж байхад гэнэт хүн гарч ирсэн. Би тухайн хүнийг зам гарах юм байх гэж бодсон ч машины ард сууж байсан хүмүүс хүн дайрчихлаа гэж хэлсэн. Би замын эсрэг талын урсгал уруу орсон байсан бөгөөд машинаас буугаад очиж үзээд цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэр хүн доошоо хараад хэвтсэн байсан. Би хохирол төлбөрт 3 сая гаруй төгрөг төлсөн. Хохирогч нараас уучлал хүсч байна” гэх мэдүүлэг /хэргийн 111-113 дугаар хуудас/,

Хохирогч А.*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 15-ний 20 цагийн үед намайг ажил дээрээ байх үед ***** ах, ээж дүү хоёр осолд орсон байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Би эхнэрээсээ асуухад тухайн үед надад хэлээгүй. Би утсаар Уугантуяа гэх байцаагчтай ярихад газар дээрээ ээж чинь нас барсан, дүү чинь эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлсэн. Би тухайн өдрийн шөнө нь ирээд ээжийгээ нас барсан гэдгийг харсан. Маргааш нь юу болсон талаар уулзаж мэдсэн. Манай ээж тэтгэвэрт гараад 4 сар болсон. Улсад 35 жил ажилласан багш хүн юм. Би харамсахаас өөр зүйл алга. Ээжийн минь үр хүүхдүүд нь өсөж амьдрал сайхан болох гэж байхад ийм зүйл боллоо. Маш их гомдолтой байна. Хохирол төлбөрт оршуулгын зардал нэхэмжилсэн. Талийгаач минь маш олон хүний найз, маш олон хүнийг сурган хүмүүжүүлсэн хүн байсан. Бид нэхэмжилж байгаа энэ мөнгийг авсанаар гомдолгүй болно гэдэг зүйл байхгүй. Ийм зүйл болсоноос хойш бидний амьдрал эргэж байна. Одоо байраа түрээслүүлэх гэж байна. Талийгаач тэтгэврийн зээл авсан байсан юм. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөг байсан. Улсаас өгсөн оршуулгын зардлын 600.000 төгрөгийг банк татаад авсан. Иймд оршуулгын зардал, тэтгэврийн зээл бүгд ороод 35.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Д.*****ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 20 цаг 45 минутад би осол болсон талаар утсаар сонссон. Манай эхнэр утсаар яриад уйлаад байсан юм. Мөн би *****өд утсаар хэлсэн. Би эхнэрийн хамт Улаанбаатараас Дархан уруу очсон юм. Дарханд байдаг найз нартайгаа утсаар яриад эмнэлэг дээр очиж манай хүүхдийг мэдээд өг гэж хэлсэн. Намайг ирэхэд өвөө нь хажууд байсан юм. Би талийгаачийн төрсөн дүү нь юм. Намайг очих үед манай охины нүүр нь гэмтсэн, нүдний дотор зовхинд нь оёдол тавиулсан байдалтай байсан. Бид саяхан охиныхоо биеийг томографикаар үзүүлэхэд хоёр бөөр нь үрэвсэлтэй гарсан. Охин маань эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Мөн Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, бариулсан. Бид зарим шинжилгээг хийлгэж чадаагүй. Би одоо цалингүй ажлаасаа чөлөө авсан байгаа. Эхнэр маань мөн адил цалингүй ажил нь зогссон. Талийгаачийн 21 хоног, 49 хоногийг би гэртээ хийсэн. Энэ бүх зардалд нийт 1,025,000 төгрөг гарсан. Хүүхдийн эм тариа, эмчилгээний зардал 270.000 төгрөг болсон. Би хүүхдэдээ одоо нарийн шинжилгээ хийлгэж, зургийг нь дахин Улаанбаатар хотын эмнэлэгт харуулмаар байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Охин маань 1 нас 8 сартай байхдаа манай эгч дээр ирсэн. Одоо 5 настай. Хүүхэд маань сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Эмээгийнхээ дээлийг одоо хүртэл дэрлэж унтдаг. Мөн машинд суухаасаа айдаг болсон байна” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 250 дугаар хуудас/

Гэрч М.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хугацааг нь тодорхой сайн мэдэхгүй байна. ***** Батлан хамгаалахын жолооны курсыг төгссөн машин бариад 1 жил болж байгаа байх ” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ж.*****ын мөрдөн байцаалтын өгсөн: “...хуучин Дархан чиглэлд явж байсан бөгөөд тойрог өнгөрөөд “*****” зочид буудлын харалдаа явж байх үед би доошоо тонгойгоод хөгжмийг нь султгах гээд хартал гэнэт ард сууж явсан хүмүүсийн нэг нь Билэгээ чи хүн дайрчихлаа шүү дээ гээд орилоод мөн машин нэг гулсаад дайвалзаад байсан. Тэгээд л гэнэт замын хажууд машин гараад зогссон, би машинаас буухад ***** надаас түрүүлж буугаад машины хойно нэг эмгэнийг машинд дайруулчихсан доошоо хараад хэвтэж байхад тэр машинд дайруулсан эмэгтэйн наад талд нь ***** газар цохиод хүн дайрчихлаа би ингээд өнгөрөх гэж гээд орилоод байхаар нь би *****ийг босгоод эргээд машин уруу явахад нэг эмэгтэй надад энэ сая машинд дайруулсан хүний хүүхэд гээд дух хэсгээс нь цус гарсан 7-8 насны эмэгтэй хүүхэд өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/, 

Гэрч Д.*****ы мөрдөн байцаалтын өгсөн: “...би 2015 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчим “Магнолиа” дэлгүүрээс идэж уух юм аваад шинэ Дархан уруу өөрийн эзэмшлийн *****улсын дугаартай хар өнгийн “мицүбиши чайрот” маркийн машинаараа явж байтал “*****” зочид буудлын урд талын зам дээр шинэ Дарханаас хуучин Дархан явах чиглэлийн урсгалаас нэг машин замын тусгаарлах хэсэг давж миний явж байсан урсгал уруу цас бужигнуулаад орж ирэхэд миний урд явсан хар өнгийн сонота-5 маркийн машин гэнэт зогсоход би урд явсан машиныг мөргөөд машинаасаа буугаад урд явж байсан машины жолоочоос юу болсон талаар асуухад урд хүн машинд дайруулахаар нь би огцом зогсчихлоо гэж хэлэхээр нь зам уруу хартал зам дээр нэг эмэгтэй хүн машинд дайруулчихсан хэвтэж байсан. Цогцосноос ертөнцийн зүгээр зүүн урд зүгт нэг их холгүй эрэгтэй, эмэгтэй аль болохыг мэдэхгүй нэг жаахан хүүхэд орилоод сууж байсан” гэх мэдүүлэг /хэргийн  30 дугаар хуудас/, 

Гэрч З.*****ын мөрдөн байцаалтын өгсөн: “...цас манраад эсрэг талын урсгалаас цагаан өнгийн машин миний явж байсан замд өөдөөс орж ирээд бөгсөө хаяад шарваад миний машины хажуу талд зүүн урагшаа харсан байрлалтай далий зогссон. Тэгээд би зогсоод зам уруу харсан чинь замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд доошоо харсан толгой хэсэг нь хойшоо харсан нэг хүн хэвтэж байсан. Харин тэр хүний цаана замын гол хэсэгт нэг жаахан хүүхэд хэвтэж байсан. Тэгээд би машинаасаа буусан чинь тэр хүнийг дайрсан машины жолооч нь машинаасаа буугаад дайруулсан хүний хажууд очоод суугаад хашхираад уйлаад гараараа газар цохиод байсан. Тэгсэн тэр машинд нь хамт явж байсан хүн бололтой нэг залуу гараас нь татаад замын хажуу уруу болоод зогссон. Тэгсэн жаахан хүүхэд нь уйлаад байсан” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/, 

Гэрч Р.*****гийн мөрдөн байцаалтын өгсөн: “...*****ийн машинд суугаад хуучин Дархан уруу явж байсан. Машинд 6-лаа сууж байсан. Тэгээд гүүр уруудаад би цүнхнээсээ бээлий, малгайгаа гаргаж өмсөх гээд цүнхээ ухаж байхад машин гэнэт ганхаад сонин болчихоор нь би айсандаа нөхрийгөө дуудаж байсан. Тэгсэн нэг мэдсэн бид нарын сууж явсан машин нөгөө талын урсгалд гараад зогсчихсон байсан. Тэгээд бид нар машинаасаа буусан чинь зам дээр нэг эмэгтэй хэвтэж байсан. Харин хүүхдийг нь би анзаараагүй. Зам дээр хэвтэж байсан эмэгтэйг би хараад айгаад сандараад яахаа мэдэхгүй, цагдаа, түргэн дуудаарай гэж орилсон. Харин ***** болоод машинд сууж байсан хүмүүсийг хаана, яг юу хийж байсанг санахгүй байна. Тухайн үед би айсан, сандарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/, 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний акт №02 тоот дүгнэлтэд: “...
1.    Талийгаачийн биед нүүр, зүүн шилбэ, баруун чамархайн хуйхны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2.    Талийгаачийн биед илэрсэн гэмтэл нь шинэ гэмтэл болно.
3.    Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
4.    Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.
5.    Талийгаачийн биед дээрхи оношид бичигдсэн зүрх хатуурал, тархи зүрх бөөрний судасны хатуурал, 2 бөөрний уйланхайт архаг үрэвсэл, элэг өөхжилт зэрэг архаг хууч өвчнүүд илэрсэн болно.
6.    Талийгаач нь зүрхний цус хомрох архаг өвчин, зүрх хатуурал, тархи, зүрх, бөөрний судас хатуурал өвчний улмаас зам тээврийн ослын үед зүрхний хурц дутагдлаар нас баржээ.
7.    Талийгаачийн цусанд 0,6 промиль этилийн спирт илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна.
8.    Талийгаачийн цусны бүлэг AII байна” /хэргийн 47-48 дугаар хуудас/

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн: 
“1. Э.*****гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний зовхи болон холбох эд дэх цус хуралт, зүүн хацар ба нуруун дахь зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Э.*****гэд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 75 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад З.Ганбатын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: 
“1. М.***** нь *****улсын дугаартай Тоёото Ипсум маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчсөн.
2. Явган зорчигч Д.*****, Э.*****гэ нар нь зорчих хэсгээр гарах үедээ 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”.
3. Дээрх МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтуудыг явган зорчигч, жолооч нар нь зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан болсон.
4. М.***** нь ВС ангиллын ***** дугаарын жолооны үнэмлэхтэй хүчинтэй.
5. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт “Иргэн, албан тушаалтны үүрэг “4. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь ...замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтыг тухайн зам хариуцсан аж ахуй нэгж байгууллага нь зөрчсөн байна” гэх дүгнэлт: /хэргийн 79 дүгээр хуудас/

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, ахмад Г.Сүхбаатар, зохицуулагч, хошууч С.Хурцбилиг, зохицуулагч, ахмад Б.Өнөрбат нарын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн: 
“1. Т.Ипсум маркийн *****улсын дугаартай авто машины жолооч М.***** нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 21 дүгээр бүлэг 21.8/А “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу схем зураг, 2015.12.15-ны өдөр сэжигтэн М.*****ийн өгсөн байцаалт дээрээс тогтоогдогдож байна.
2. Д.***** нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлэг 3.9/Г “Явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” мөн бүлгийн 3.4 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг, 2015.12.18-ны 02 тоот шинжээчийн дүгнэлт дээрээс тогтоогдож байна“
3. М.***** нь 2012.06.25-ны өдөр жолооч болсон. ВС ангиллын ***** дугаарын жолооны үнэмлэхтэй хүчинтэй байна.
4. Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь ... МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 6 дугаар бүлэг 54.19-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлнэ гэсэн заалт зөрчсөн байна” гэх дүгнэлт: /хэргийн 89 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 15 дугаар хуудас/ 
Тээврийн хэрэгсэлийн тенхикийн байдлыг шалгасан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 55-59 дүгээр хуудас/ 
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 145-146 дугаар хуудас/
Хохирлын баримтууд /хэргийн 162-243 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын нэмж өгсөн хохирлын баримт /2 дугаар хавтас 56-63 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн  244 дүгээр хуудас/ 

Шүүгдэгч М.***** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим ***** баг “*****” зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талын засмал зам дээр *****улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 21.8/А-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаасс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.*****ийг мөргөж амь насыг хохироосон, Э.*****гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэлүүлэг /хх-11-113/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*****, Д.***** нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлэг /хх-18,20-21/, гэрч Ж.***** /хх-28/, Д.***** /хх-30/, З.***** /хх-32/, Р.***** /хх-41/ нарын мэдүүүлэг, Замын цагдаагийн  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай авто шинжээчийн дүгнэлт /хх-79, 89/ тээврийн хэрэгсэлийн тенхикийн байдлыг шалгасан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-59/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-145-146/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-15/, хуулийн дагуу хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв. 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад З.Ганбатын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, мөн тасгийн ахлах зохицуулагч, ахмад Г.Сүхбаатар, зохицуулагч, хошууч С.Хурцбилиг, зохицуулагч, ахмад Б.Өнөрбат нарын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай автотехникийн шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Д.*****, Э.*****гэ нар нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 дэх заалтыг, 
Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэг 54.19-д заасан заалтыг   тус тус зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд энэ байдал нь осол гарахад нөлөөлсөн боловч осол болсон үйл явдалаас дүгнэхэд шүүгдэгч М.***** нь уруу замд, урд нь машин зогсож байхад, ард явж байсан автамашинаас урьтаж нэгдүгээр эгнээ уруу  байр эзлэх гэж хурдаа нэмж, хэт хайрамжгүй хандаж улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасан заалтыг зөрчиж замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүй, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарч зам хөндлөн нэвтэрч замын зурвас хэсэг уруу орж явсан   Д.*****ийн амь насыг хохироож, 5 настай Э.*****гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгч М.*****ийн дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв. 

     Шүүгдэгч М.*****т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохирсоон, 1 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна     
           
           Шүүгдэгч М.***** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд өөрийн боломжоор 3.200.000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч М.*****т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.***** нь оршуулгын зардал, буяны ажилд гарсан зардал гэж 30,229,896 төгрөг, талийгаач банкнаас тэтгэврийн зээл авсан байсан тул зээлийн үлдэгдэл 3,969,546 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Д.***** нь охин *****гийн  эмчилгээний эм тарианы зардал 108,000 төгрөг,  мөрдөн байцаалтад болон, шүүх хуралдаанд ирж, явсан шатхууны зардал 181,000 төгрөг, талийгаач эгч   Д.*****ийн хоног хураах буяны ажилд зарцуулсан зардал 717,300 төгрөгийг  шүүгдэгч болон иргэний хариуцагч Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас гаргуулахаар нэхэмжилж байгааг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.*****ийн оршуулгын зардал, буяны ажилд гарсан зардал гэж 30,229,896 төгрөгийн нэмжлэлээс шатахуун авсан гэх зардлаас машины дугаар байхгүй баримтаар 1,013,000 төгрөг, ажил явдалд хэрэглэх гэж авсан халуун сав, тогооны үнэ 110,000 төгрөгийн нэхмжлэлийг гаргах үндэлэлгүй гэж хэрэгсэхгүй болгох,  зочид буудалд байрласан гэх 3 хүний зардал 630.000 төгрөг, талийгаачийн банкнаас  авсан зээлийн үлдэгдэл 3,969,546 төгрөгийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тухайн эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргах эрэхтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд гарсан шууд зардал болох  нотлох баримтаар /хх-162-243, 2-р хавтас 56-63/ тогтоогдсон 28,264,566 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн өгсөн 3,200,000 төгрөгийг хасч үлдэх 25,064,566 төгрөгийг  гаргуулахаар,  
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*****ын гаргасан нэхмжлэлээс  хохирогч *****гийн эмчилгээний эм тарианы зардал 108,000 төгрөг, мөрдөн байцаалтад болон, шүүх хуралдаанд ирж явсан шатахууны зардал 181.000 төгрөг нийт 282,800 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон тул хангаж, хоног хураах буяны ажилд зарцуулсан зардал гэх 717,300 төгрөгийн нэхэмжлэлийг оршуулгын шууд зардал гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч Б.*****, хууль ёсны төлөөлөгч Д.*****, тэдний өмгөөлөгч нар  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас гаргуулна гэж санал гаргасан боловч шүүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь замын хөдөлгөөнд оролцож автомашин жолоодож явсан жолооч М.***** Замын хөдөлгөөний дүрмйн 9.1, 9.2 дэх заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч  нэг хүний  амь нас хохирч,  нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан үйлдэл нь шууд хоорондоо шалтгаант холбоотой тул гэм хор учруулсан шүүгдэгч  М.***** Иргэний хуульд зааснаар хохирлыг хариуцах үндэслэлтэй бөгөөд иргэний хариуцагчаар тогтоогдсон Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар  хохирол  төлөх  үндэслэлгүй гэж үзэв.    

Шүүгдэгч М.***** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
 
          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №***** дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, *****улсын дугаартай “Тоёото Ипсум” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, битүүмжлэгдсэн автомашиныг төлбөрт тооцуулахаар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
    1. Шүүгдэгч Б*****овогт *****ын *****ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, нэг хүний амь нас хохироож, нэг хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт  зааснаар М.*****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.*****т оногдуулсан 03 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.***** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №***** дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, *****улсын дугаартай “Тоёото Ипсум” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг битүүжлэгдсэн автомашины хамт төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.*****т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар М.*****ээс хохиролд нийт 25,347,366 төгрөг  гаргуулж ******-д 25.064.566 төгрөг, ******* тоотод оршин суух Д.***** /РД:******/-д 282.800 төгрөг тус тус олгож, хохирогч Э.*****гээгийн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар Б.*****ийн гаргасан нэхэмжлэлээс шатахууны үнэ 1,013,000 төгрөг,   халуун сав, тогооны үнэ 110,000 төгрөг, зочид буудлын төлбөр 630.000 төгрөг, банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3,969,546 төгрөгийн нэхэмжлэлийг, Д.*****ын  гаргасан нэхэмжлэлээс хоног хураахад зарцуулсан гэх 717,300 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.             

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, *****гэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
                    
   10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.*****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                          
                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХТУЯА