Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0113/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, 
Шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *****овогт *****ын *****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000003 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** овогт ***** *****, /РД:*******/,   ****** хотод төрсөн, **** настай, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, ****** нарын хамт ***** тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай боловч ****** тоотод байнга оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. 
 
    Шүүгдэгч Г.*****нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1-8а тоотод байрлах иргэн ***** эзэмшлийн гражийн цонхоор нэвтрэн орж 75 шуудай овьёос үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Г.*****гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би хашааны цасаа цэвэрлэж байхад ***** ахын гражийн цонх онгорхой байсан юм. Тэгэхээр нь би яагаад онгорхой байгаа юм бол гэж бодоод цонхоор нь харахад хураалттай цагаан шуудайтай зүйлүүд байсан юм. Тэгэхээр нь би цонхоор нь дотогшоо ороод нэг шуудай задарсан байхаар нь дэлгээд үзэхэд шар өнгөтэй будаа шиг зүйл байхаар нь гартаа атгаж авч гараад зах дээр очоод хивэг зардаг контейнор дээр очоод гартаа атгасан зүйлээ үзүүлээд “энэ юу юм бэ?” гэж асуухад “овьёос байна” гэж хэлсэн юм.  
…тэгэхээр нь би орой харанхуй болохоор ****** ахын граж руу ороод 10 шуудай овьёос гаргаж хашаандаа хураагаад дээгүүр нь аргал хучдаг хучлагаар хучиж тавиад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө зах дээрээс амьжиргаа цагаан нэртэй цагаан өнгийн жижиг машин 20000 төгрөгөөр хөлслөөд хашаандаа хураасан 10 шуудай овьёосоо ачаад хуучин захын хивэг авдаг цэг дээр 150000 төгрөгөөр зарсан. Ингээд 2 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Гантулга ахын гражийн цонхоор 9 шуудай овьёос гаргаж хашаандаа хураагаад захын барилгын материал зардаг газрын орчимоос амжиргаа цагаан машин хөлслөөд 9 шуудай овьёос ачаад анх аваачиж өгсөн газраа 135000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би дахиад орж овьёос авсан хэдэн шуудай овьёос авснаа санахгүй байна. Яагаад гэвэл би согтуу байсан юм. Би хулгай хийж олсон мөнгөөрөө хувцас авсан, архи уусан, Сэлэнгэ орж найзуудтайгаа уулзсан.
 …ийм хэрэг хийсэндээ харамсаж байна, намайг нэг удаа өршөөж өгнө үү, хохирол төлбөрийг ажил хийж байгаад төлнө.” гэх мэдүүлэг, 

-Илтгэх хуудас /хэргийн 8-15 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-18 дахь тал/, 

-Хохирогч П.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос 1000 шуудай овьёос аваад ****** тоотод байрлах граждаа хураасан юм. Би авч ирсэн овьёосноосоо 115 шуудайг зарсан юм. Би 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гражиндаа иртэл цонх онгорхой байхаар нь хулгай орсон байж магадгүй гэж бодоод овьёосоо тоолж үзэхэд 75 шуудай овьёос дутсан. 
…Манай гражийн хажуу талын айл болох ***** хүү *****г сэжиглэж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
 
-Гэрч Д.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өдрийг нь яг тодорхой сайн санахгүй байгаа юмаа. Би хөдөө яваад Дарханд ирээд гэрийн гадна хүний портер маркийн автомашиныг жолоодоод ирэх үед манай хүү ***** хашаан дотор Цагаан өнгийн амьжиргаа цагаан машинтай юм ачаад зогсож байсан, цаад талд нь нэг хүн зогсож байх шиг байсан. Би очиж хараагүй. Тухайн үед юу хийж байгаа юм бэ? гэж хүүгээс асуухад “манай найз будаа авсан юм, тэрийг нь ачиж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь санаад оролгүй машины цонхоор харчихаад яваад өгсөн юм. Тэгтэл нөхөр хамар хашааны гражийн цонхоор орж овьёос авсан юм байна.” гэх мэдүүлэг /хэргийн 23-25 дахь тал/,
      
-Гэрч Г.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өдрийг санахгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын дундуур ***** /*****/ гэж өөрийгөө танилцуулсан залуу намайг зах дээр зогсож байхад ирээд “эгч ээ, энэ юу вэ?” гээд гартаа овьёос атгаад үзүүлсэн юм. Тэгэхээр нь би “овьёос байна” гэж хэлэхэд “хэдээр авдаг юм бэ?” гэж надаас асуусан юм. Би 40 кг-ийн шуудайтай овьёосыг 15000 төгрөгөөр авна гэж хэлсэн юм. Ингээд тэр өдрийнхөө маргааш нь ***** гэх залуу амьжиргаа цагаан машин дээр 10 шуудай бил үү 15 шуудай бил үү санахгүй байна овьёос надад зарсан юм. Би нэг шуудайг нь 15000 төгрөгөөр авсан. Тэрнээс хойш ***** гэх тэр залуу надад 4-5 удаа 10-15 шуудай овьёос зарсан юм. Нийлээд 60-аас 75 шуудай л овьёос зарсан байх, би яг сайн тооцоог нь гаргаж мэдэхгүй байна. 
...ирэх болгондоо өөр, өөр машинтай ирдэг байсан, амьжиргаа цагаан, жижиг тэрэг гэх мэт. Би бодохдоо машин хөлсөлж ирж байна гэж боддог байсан. Ирэхдээ ганцаараа ирээд тооцоогоо хийгээд явдаг байсан.
...дан орос овьёосууд байсан. 
...Г.*****гийн надад зарсан овьёосыг хулгайн овьёос гэдгийг мэдээгүй. Г.*****надад хэлэхдээ манай ахын овьёос байгаа юм гэж надад хэлдэг байсан юм. Г.*****гийн надад зарсан овьёос одоо байхгүй бүгдийг нь зараад дуусгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31 дэх тал/,  
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1500000 төгрөг байна.” гэх 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ны үнэлгээний тайлан,  эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 34-35 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.*****нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1-8а тоотод байрлах иргэн П.Гантулгын эзэмшлийн гражийн цонхоор нэвтрэн орж 75 шуудай овьёос үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-18 дахь тал/, хохирогч П.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хулгай орсон байж магадгүй гэж бодоод овьёосоо тоолж үзэхэд 75 шуудай овьёос дутсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч Д.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тухайн үед юу хийж байгаа юм бэ? гэж хүүгээс асуухад “манай найз будаа авсан юм, тэрийг нь ачиж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь санаад оролгүй машины цонхоор харчихаад яваад өгсөн юм. Тэгтэл нөхөр хамар хашааны гражийн цонхоор орж овьёос авсан юм байна.” гэх мэдүүлэг /хэргийн 23-25 дахь тал/, гэрч Г.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***** гэх тэр залуу надад 4-5 удаа 10-15 шуудай овьёос зарсан юм. Нийлээд 60-аас 75 шуудай л овьёос зарсан байх, би яг сайн тооцоог нь гаргаж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан,  эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 34-35 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Г.*****г агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1500000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч П.***** нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа “75 шуудай овьёос буюу 1500000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбар бичсэн /хэргийн 144 дэх тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…намайг хохироосон хүн надтай уулзаагүй, хохирол төлбөр төлөөгүй байгаа, овьёосны үнэ болох 1500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж хариу өгсөн /хэргийн 160 дахь тал/ байх тул шүүгдэгч Г.*****гээс 1500000 төгрөг гаргуулж, хохирогч П.Гантулгад олгохоор шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.*****гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 54 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*****нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй болно.

Шүүгдэгч Г.*****гийн энэ хэргийн улмаас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1.***** овогт ***** *****г агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1500000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***** овогт ***** *****д эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар /дөрвөн сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Г.*****д оногдуулсан 4 сар баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Г.*****гийн энэ хэрэгт 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар шүүгдэгч Г.*****гээс 1500000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ төгрөг гаргуулж, хохирогч *****д /РД:******/ олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*****д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.*****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ