Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                     Хэргийн индекс: 171/2016/0104/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч М.***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн *****т холбогдох 201609000050 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,  *****д төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *****ийн хамт ****** тоотод оршин суух, ******  ажилтай байсан урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ***** овогт *****ийн *****т /РД: *******/

Үйлдсэн хэргийн талаар :
Шүүгдэгч ***** овогт *****ийн *****т нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд ***** тоотод оршин суух иргэн Л.*****ын гэрт /түүний өөрт нь хувилуулахаар өгсөн гэрийн түлхүүрийг илүү хувилан авч уг түлхүүрийг ашиглан гэрт нь нэвтрэн орж цул алтан бөгж, монетон гинж, циркон шигтгээтэй монетон кулон, циркон шигтгээтэй монетон бөгж, зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.070.250 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ \

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 
-Шүүгдэгч М.*****ийн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 01 сарын эхээр ажил дээрээ байж байхад надтай хамт ажилладаг ***** гэдэг сувилагч намайг гэрийнхээ түлхүүрийг олшруулахаар бирж рүү явуулсан. Тэгээд би 13 цагийн орчим хуучин захын хажууд түлхүүрийг 1 хувь байсныг нэмж 3 хувь болгож нэг хувийг өөртөө авч үлдсэн 2 хувийг ажил дээрээ очиж *****д өгсөн. 2016 оны оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орой 17 цагийн орчим ажил тарахад би *****ын гэр рүү очиж өөртөө илүү нэг хувилж авсан байсан түлхүүрээрээ гэрийг нь онгойлгож ороод  гал тогооны хөрөгчинд байсан бууз, дарсан огурцы, мөн шармал өнгийн ямар нэг сорьцгүй бөгж 1 ширхэг, шармал өнгийн сорьцтой шигтгээтэй бөгж 1 ширхэг, шармал өнгийн гинж /585/ гэсэн сорьцтой кулоны хамт том өрөөний ширээн дээрээс ээмэг зүүлтний хайрцаг дотроос Channel  гэсэн бичиг бүхий 3 ширхэг шилэн савтай нүүрний тос, шилэн савтай үнэртэй ус, дотроо 6 ширхэгтэй Эссэ тамхи зэргийг том өрөөний ширээн дээр ил байхаар нь хулгайлж аваад өөрт байсан торон дотроо хийгээд аваад гарсан. Тэгээд тухайн өдөр намайг гэрт байж байхад цагдаа нар ирж надаас миний хулгайлсан эд зүйлийг хураан авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 52 дугаар тал/

-Хохирогч Л.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ороод барьж явсан юмаа хөрөгчиндөө хийх гээд хөргөгчөө онгойлгоход манай хөрөгчний дээд талд байсан бууз, мах, банш зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгэхээр нь би өөрийн хүү *****ийг нөгөө өрөөнд байхад нь дуудаад энд байсан бууз, мах, банш хааччихсан юм бэ гэж асуухад надад мэдэхгүй гэж хэлэхээр нь би хүүдээ манайд хулгай орсон юм бишүү гэж хэлээд ванны өрөө уруу ороход ванны өрөө хэвээрээ байсан. Тэгэхээр нь би том өрөө уруу орж үнэт эдлэл хадгалдаг савыг үзэхэд савтайгаа байхгүй болсон байхаар нь би бусад эд зүйлээ шалгахад том өрөөний ширээн дээр байсан үнэртэй ус, нүүрний иж бүрэн будаг байхгүй болсон байхаар нь би өөрийн бэр эгч ***** уруу залгаж миний эд зүйл алдагдсан байна гэхэд чи тэгвэл одоо цагдаад мэдэгдээч гэхэд нь би цагдаад мэдэгдсэн. Би алдагдсан эд зүйлээ олж авсан учраас надад хохирол гэх зүйл байхгүй. Надад М.*****т санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/

-Насан хүрээгүй гэрч Ц.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэрийн хаалга цоожтой байхаар нь би түлхүүрээрээ онгойлгож ороод цайгаа уучихаад шууд компьютер дээр тоглоом тоглож эхэлсэн. Ээж гэрт орж ирээд надад эд зүйл алга болсон тухай хэлэхэд л би мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/

-Гэрч Д.*****, Ц.***** нарын мэдүүлэг /хэргийн 38-39 дэх тал/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-11 дэх тал/

-Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болд-Эрдэний 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн илтгэх хуудас /хэргийн 12 дахь тал/

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 32-33 дахь тал/

-Капитал зууч ХХК-ийн 2016 оны 02 дугар сарын 25-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 42 дахь тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 61 дүгээр талд авагдсанаар  шүүгдэгч М.***** нь урьд ял шийтгэлгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудар шүүгдэгч ***** овогт *****ийн *****т нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд ***** тоотод оршин суух иргэн Л.*****ын гэрт /түүний өөрт нь хувилуулахаар өгсөн гэрийн түлхүүрийг илүү хувилуулан авч уг түлхүүрийг ашиглан Л.*****ын гэрт нэвтрэн орж цул алтан бөгж, монетон гинж, циркон шигтгээтэй монетон кулон, циркон шигтгээтэй монетон бөгж, зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.070.250 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгч М.*****ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  хохирогч Л.*****ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг , насанд хүрээгүй гэрч Ц.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 32-33, 36, 37 дахь талдуудад/ авагдсанаар  нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан Уул  аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч М.*****ийг бусдын орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.***** нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.*****ийн амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдах нь  зүйтэй байна. 

Энэ хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор NOКIA маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг гар утсыг шүүгдэгч М.*****ийн эзэмшилд шилжүүлж, М.*****т өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295,296, 297,298, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                     ТОГТООХ нь:

    1. ***** овогт *****ийн *****ийг бусдын орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ***** овогт *****ийн *****ийн эд хөрөнгийг  хураахгүйгээр  2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
    
  3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.*****т оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .       
    
  4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.*****т оногдуулсан  02 жилийн  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

  5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар М.*****ийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

  6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.*****ийн тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.

  7.Шүүгдэгч М.***** нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 
 
  8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Noкio маркийн гар утсыг М.*****ийн эзэмшилд шилжүүлсүгэй 

   9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч М.*****т  өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй. 


  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

   11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.*****т өмнө авсан  бусдын батлан даалтад өгөх,  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    
                       

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА