| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/0101/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/90 |
| Огноо | 2016-03-15 |
| Зүйл хэсэг | 216.2., 261.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0101/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа
Хохирогч Т.*****, Б.*****
Хохирогч Т.*****ын өмгөөлөгч Ц.*****сүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***** овогт *****вын *****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000861 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****д төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** , ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урьд:
-****** өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,123,200 төгрөгөөр торгох ял,
-******-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ял шийтгэлтэй, ***** овогт *****вын *****, /РД:******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим *****байрны хажууд байрлах гараашаас иргэн Б.*****гийн Тоёото Ланд-80 маркийн ***** улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,
Мөн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг 20 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах 2 дугаар хорооллын асфальтан зам дээр Тоёото Ланд-80 маркийн ***** улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.3, 9 дүгээр бүлгийн 9.3, 10 дугаар бүлгийн 10.6б-д заасан заалтуудыг зөрчин жолооч Э.*****ы жолоодож явсан *****улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган, ослын газрыг санаатай орхиж зугтаасан,
2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.*****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.***** ах өөрөө машиныхаа түлхүүрийг өгч “гялс явчихаад ирээрэй” гээд надад өгсөн. Бусдын эд хөрөнгийг хулгайлах авч явах санаа, сэдэл байгаагүй. “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн хажууд зүүн гар тийшээ эргэхдээ приус 20 маркийн *****улсын дугаартай авто машинтай мөргөлдөж осол гаргасан. Тэндээсээ хөдлөөд 16 давхрын хажууд машинаа орхичихоод машинд сууж хот явсан. Хотод байж байхад нөгөөдөр нь Б.***** ахаас “машин яасан бэ” гэж мессеж ирсэн. Тэгээд холбоо бариагүй. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ахмад Төгөлдөр дээр ирж байцаалт өгч тэр өдрөө хоригдож 01 дүгээр сарын 21-ний өдөр батлан даалтад гарч ирсэн. Байцаагч солигдоод дэслэгч ***** дээр очсон. Хохирогчийнхоо хохирлыг барагдуулах гэж мөнгө хайж Шарын гол явчихаад ирсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө найзаараа машинаас гар утас болон бусад зүйлийг авхуулж түлхүүрээ ширээн дээр тавьсан. ***** хоол хийж байсан. Бид гурав хоёр рүнк архи уусан. Би даралтаа үзсэн чинь даралт ихэссэн байхаар нь даралтны эм уугаад хэвтсэн чинь унтчихсан байсан. Сэрсэн чинь манай найз ***** хаалга үүдээ түгжихгүй яагаад унтаж байгаа юм бэ гэхээр нь цаана чинь нөгөө хоёр байгаа гэхэд хэн ч байхгүй байна гэж хэлсэн. Бид хоёр ярьж сууж байгаад Зулзага явчихаад ирье гээд гарах гэтэл түлхүүр байхгүй байсан. Машиныхаа түлхүүрийг хайхад олдоогүй. Надад гараашийн нэг илүү түлхүүр байдаг болохоор түлхүүрээ аваад гарааш уруу очиход машин байхгүй, дутуу цоожлоод түлхүүрийг нь тохоод тавьчихсан байсан. Тэгээд би ***** уруу мессеж бичихэд “юун машин” бид хоёр хот явж байна гэхээр нь цагдаад өглөө шүү гэж хэлсэн. Хаалга үүд онгорхой байхад өөр хүн орж ирээд авчихсан юм болов уу гэж бодоод 02-т мэдэгдэхэд таны машин журмын хашаанд байна ирж уулз гэхээр нь очиход намайг архи уусан байна гээд эрүүлжүүлсэн. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад Ш.*****тай утсаар ярихад хотод явж байна. Одоо гарлаа, маргааш очно гэсээр байгаад сүүлдээ утсаа ч авахаа больсон. Хүүхэн олоод ирье гэж ямар ч тийм зүйл болоогүй. ***** Б.***** ахаа би таньд хүүхэн олж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад тийм юм хэрэггүй гэж хэлсэн. Шүүгдэгч Ш.*****ын ярьж байгаа бүх зүйл худлаа. Одоо Ш.*****аас 3,270,000 төгрөг нэхэмжилж байна. Дээр нь журмын хашааны мөнгө нэмэгдэнэ” гэх мэдүүлэг
Хохирогч Т.*****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр хүүхдүүдээ ээжийнх уруу хүргэж өгнө гээд явсан. Буцаж ирэхдээ над уруу утасдаж намайг нэг 80 мөргөөд зугтчихлаа хурдан цагдаад хэлээрэй гэсэн. Би тэр даруйдаа цагдаад дуудлага өгч 77-19 ногоон 80 гэж хэлээд дуудлага өгсөн. 1,853,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Хохирлоо авчихвал гомдол саналгүй” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Ш.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машиныг гараашнаас нь авч ***** бид 2 авто вокзал уруу явж байгаад 2 дугаар хорооллын уулзвар дээр урд явж байсан Приус маркийн машин зүүн тийш эргэх дохио өгөөд эргэсэн. Би тэр машины ард хоёрдугаар эгнээнд явж байсан. Нэгдүгээр эгнээ уруу дарах гэхэд машин байсан болохоор дагуулж дараад машины зүүн тал уруу нь мөргөөд шууд хоёрдугаар хорооллын замаар урд зүгт явж шороон замаар цааш явж байгаад зогсож бид 2 машинаас буугаад хуучин хороолол уруу алхаж яваад төв замаас таксинд сууж 16 давхрын урд очоод *****аас салсан. Би тухайн үед архи уучихсан байсан. Тэгээд ч осол гаргаад сандарч балмагдаад зугтчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 82 дугаар хуудас/,
Хохирогч Т.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд манай нөхөр ***** хүүхдээ ээжийнд хүргэж өгнө гээд явсан. Тэгээд удаагүй байж байтал 12 цаг 30 минутад манай нөхөр над уруу утсаар залгаад 2 дугаар хорооллын гарцан дээр ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин давхар эргээд миний машиныг мөргөөд 2 дугаар хорооллын шороон замаар ороод зугтаагаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчихөөд тэр даруй ослын газар ирэхэд манай машины зүүн талаас мөргөсөн байсан. Миний машиныг засахад 1,772,000 төгрөгийн сэлбэг, засварын хөлс зарцуулагдахаар үнэлгээ тайлан гарсан. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/
Хохирогч Б.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ***** гэгч миний машиныг миний зөвшөөрөлгүй надад хэлэлгүй авч яваад зам тэврийн осол гарган миний машинд эвдрэл гэмтэл учруулсан. Нийт 3,027,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/
Гэрч Э.*****ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим би хүүхдээ ээжийнд хүргэж өгчихөөд харих гээд Компорт буудлын уулзвараас ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу байгаль орчны уулзвар чиглэж явж байгаад зүүн гар тал уруу буюу хоёр дугаар хорооллын гарц уруу эргэх үед хойно явж байсан Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл давхар эргэж миний жолоодож явсан машины зүүн тал уруу мөргөөд замын хашлага давж зам дагуу байх ургаа модыг мөн мөргөөд зогсолгүй 2 дугаар хорооллын засмал замаар урд зүгийг чиглэж явж байгаад шороон зам уруу зугтаж харагдахаа больсон. Би үйл явдлын талаар эхнэр рүүгээ утсаар мэдэгдэж цагдаад дуудлага мэдээлэл өг гэж хэлээд замын машин зогсоож машин зугтсан зүгт араас нь явахад миний машиныг мөргөсөн Ланд-80 маркийн машин шуудуу тулаад зогсчихсон байсан бөгөөд жолооч машинаа орхиод зугтсан байсан. Цагдаагийн албан хаагчид ирж хэмжилт үзлэг хийгээд миний машиныг мөргөсөн *****улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг саатуулахаар авч явсан ” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/
Хохирогч Б.*****гийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** бид 2 Зулзага явахаар ярилцаад машиныхаа түлхүүрийг хайгаад олоогүй. *****ыг машин аваад явчихсан байна гэдгийг мэдээд юу ч гэсэн гараашдаа үзье гээд гараашийнхаа илүү түлхүүрийг аваад байрныхаа ард байх гараашдаа очиход гарааш онгорхой байсан. ***** уруу залгахад утасаа авахгүй байсан болохоор нь түүн уруу “машин аваад ир” гэж мессеж бичихэд ***** “юун машин бэ бид 2 хот орж явна, утас ярьж болохгүй байна” гэсэн хариу мессеж явуулсан. ...Ингээд цагдаа уруу дуудлага өгөхөд таны машиныг чинь жолоодож явсан хүн осол гаргасан машиныг чинь журмын хашаанд хийсэн байгаа. Та ирж уулз гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/
Гэрч Г.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****г сэрээгээд *****ыг хэзээ явсан талаар асуухад мэдэхгүй байна намайг унтсаны дараа явсан байх, уг нь найз хүүхэнтэйгээ байсан ш дээ гэж хэлсэн. Бид 2 Зулзага явахаар болоод *****гийн машины түлхүүрийг хайхад олдоогүй. ***** *****ыг машин аваад явчихсан байна. Тэгээд бид 2 гараашийн илүү түлхүүрийг аваад гарааш дээр очиход цоожийг нь цоожлоогүй тохоод үлдээчихсэн байсан. Гарааш дотор машин байгаагүй. ***** ***** уруу залгахад утасаа авахгүй байсан. Тэр ***** уруу “машин аваад ир Зулзага явах гээд байна” гэж бичихэд “юун машин бэ бид 2 хот орж явна, утас ярьж болохгүй байна” гэсэн хариу мессеж явуулсан. ***** түүн уруу цагдаад өглөө шүү гэхэд юун цагдаа вэ яагаад байгаа юм бэ та” гэсэн хариу явуулсан. Үүнээс хойш *****ын утас холбогдохоо больчихсон. Ингээд ***** бид 2 цагдаагийн 7037102 дугаарын утсаар дуудлага өгөхөд машиныг чинь жолоодож явсан хүн осол гаргасан болохоор нь таны машиныг журмын хашаанд хийсэн ирж уулз гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/
Гэрч Х.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг хартал урд явж байсан саарал өнгийн Приус машин зүүн гар тийшээ дохио өгөөд эргэхэд *****ыг тэр машины эргэсэн зүгт буюу зүүн тийшээгээ эргээд Приус мшины зүүн талыг нь шүргээд замын хашлага давж цааш яваад шороон зам уруу орж машиныг зогсоогоод бид хоёр машинаас бууж хуучин хороолол хүртэл алхаад тэндээс салж явсан.
...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бид 2 “Дөлгөөн” буудалд унтаж байхад цагдаагийн албан хаагчид ирээд *****ыг баривчлаад аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дугаар хуудас/
Гэрч С.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдрийн байдлаар би түүний хаана юу хийж явааг мэдэхгүй байна.
...батлан даалтад аваад Хонгор суманд ирж ***** эгчийн байрны гадаа түүнийг буулгаад машинаа тавиад гэртээ орж ирж байхад ***** эгч над уруу залгаад ***** алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш одоог хүртэл уулзаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/
Гэрч С.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байрны гадна бид 2 буугаад би гэр рүүгээ орсон тэгээд би түүнд чи гэрт орохгүй юм уу гэж асуухад тэр надад “бие засчихаад араас чинь оръё гээд түүнээс хойш манай гэрт ирээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/
Гэрч Д.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/
2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Замын цагдаагийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1. Т/Ландкрүзер-80 маркийн *****улсын дугаартай автомашиныг жолооч Ш.***** нь жолоодож яваад МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3-д “хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 10 дугаар бүлэг 10.6б-д “Зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ” гэсэн заалт зөрчсөн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна.
2. Т/Приус-20 маркийн *****дугаартай авто машины жолооч Эрдэнэбат овогтой ***** нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. /хэргийн 48 дугаар хуудас/
Тоёото приус 20 маркийн *****тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ /хэргийн 51-53 дугаар хуудас/
Тоёото Ланд-80 маркийн *****тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ /хэргийн 58-59 дүгээр хуудас/
Тоёото Ланд-80 маркийн *****тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 016 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 65-68 дугаар хуудас/
Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 129-131 дүгээр хуудас/
Ш.*****ыг эрэн сурвалжилсан баримтууд /хэргийн 116-119 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал /хэргийн 9-13 дугаар хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 9-13 дугаар хуудас/
Ш.*****ын согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 15 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.***** нь Б.*****гийн гэрт хоночихоод согтуудаа маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим *****байрны хажууд байрлах автогараашаас иргэн Б.*****гийн эзэмшлийн Тоёото Ланд-80 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүнтэй уулзах гэж ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах 2 дугаар хорооллын асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.3, 9 дүгээр бүлгийн 9.3, 10 дугаар бүлгийн 10.6б-д заасан заалтуудыг зөрчин жолооч Э.*****ы жолоодож явсан *****улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг мөргөж хохирогч Б.*****гийн автомашинд 2.922,000, төгрөгийн, Э.*****ы автомашинд 1,772,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2,5в-д заасан заалтыг зөрчин ослын газрыг санаатай орхиж зугтаасан,
2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.*****гийн эзэмшлийн Тоёото Ланд-80 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан хэрэгт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Ш.*****, хохирогч Т.*****, Б.***** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 27,33 дугаар хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 98 дугаар хуудас/, гэрч Э.*****, Г.*****, Х.*****, С.*****, С.*****, Д.***** нарын мэдүүлгүүд /хэргийн 40-42, 44, 45, 46 дугаар хуудас/, Ш.*****ыг эрэн сурвалжилсан баримтууд /хэргийн 116-119 дүгээр хуудас/ болон дээрх судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.*****т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч Ш.*****ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.***** нь 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр бусдын эд зүйл хулгайлсан хэрэгтээ 2015 оны 08 дугаар сарын 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэл шалгах хуудас зэргээр тогтоогдсон байна.
Гэвч Шүүгдэгч Ш.*****т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2-т мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй тул Ш.*****ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.*****ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Ш.***** нь Б.*****гийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Замын замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчин хохирогч Б.*****гийн автомашинд 2,922,000 төгрөгийн хохирол, үнэлгээний хөлс 105,000 төгрөгийн зардал нийт 3,027,000 төгрөг, Э.*****ы /Т.*****ын/ автомашинд 1,772,000 төгрөгийн хохирол, үнэлгээний зардал 70,000 төгрөг нийт 1,842,000 төгрөгийн хохирол, зардал учруулсан боловч төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.***** Б.*****гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдээгүй Б.***** өөрөө намайг “яваад ир” гэж машиныхаа түлхүүрийг өгсөн гэж байгаа боловч Б.***** машиныхаа түлхүүрийг Ш.*****т өгөөгүй болох нь хохирогч Б.*****, гэрч Г.***** нарын машины түлхүүр болон машинаа хайж байсан талаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 33, 39 дүгээр хуудас/, Б.*****, Ш.***** уруу “машин аваад ир” гэж мессеж бичихэд *****ын бичсэн “юун машин бэ бид 2 хот орж явна, утас ярьж болохгүй байна” “юун цагдаа вэ яагаад байгаа юм бэ та” гэсэн хариу ирүүлсэн мессеж /хэргийн 20-22 дугаар хуудас/, осол гаргасан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, машиныг хаяад явсан байдлыг харуулсан гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 6-8 дугаар хуудас/, хамт явсан гэрч Х.*****ын мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ш.***** нь 2016 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21, мөн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.*****ын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт *****вын *****ыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч Ш.*****т 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд багтааж, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ш.*****т оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.*****ын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ш.*****аас хохиролд 4,799,000 төгрөг гаргуулж, хохирогч ***** тоотод оршин суух ***** овогт ****ийн ***** /РД:*****/-д 1,842,000 төгрөг, хохирогч *****байрны **** тоотод оршин суух ***** овогт *****ын ***** /******/-д 3,027,000 төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*****т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.*****т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА