| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/0609/И |
| Дугаар | 101/ШШ2020/01969 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2020/01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 00дугаар хороолол, 00а байрны 00тоотод оршин суух, Ж0 овогт Г0 Гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **, өөрийн байранд байрлах, Нгазарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 02794 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 254 дугаар тогтоолоор Г.Гийн 217.718.296 төгрөг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нгазраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Г.Гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Н*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ** дуугаар давхрын 541.95 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийсэн байна. Нгазар нь “Н*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн *** дугаар давхрын 541,95 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 1,058,065,200 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1532 дугаар мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч мэдлээ. Гэтэл Нгазраас “Х*******” ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын төвийн А зэрэглэлийн 541,95 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд зээсэн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Н*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн *** дугаар давхрын 541,95 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 1,058,065,200 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2794 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлалаар Г.Г, “Н*******” ХХК нараас 217,718,296 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,246,541 төгрөгийг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Гийн “Н*******” ХХК нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөөгүй байх тул төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Н*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүтгэлтэй Чингэлтэй дүүргийн *** дугаар давхрын 541.95 мкв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18260817/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18260817/06 дугаар тогтоолоор хуаран авсан байна. Төлбөр төлөгч нар үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнэлснийг төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул “Х*******” ХХК үнэлгээчин Э.Эрдэнэбаатар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 1,058,065,200 төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1533, 4/1532, 4/1531 дугаар албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт биечлэн танилцуулан талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд эрх үүрийг тайлбарлан танилцуулсан. Дээрх үнэлгээг Иргэний хуулийн 117.1-д, 55.5-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу үнэлгээг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын дээл шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор тус тус иргэн Г.Г “Н*******” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 217,718,296 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,246,541 төгрөг, нийт 218,964,837 төгрөг гаргуулж “АБТС ББСБ” ХХК-нд олгуулахаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Н******* “ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Нгазарт хандсан. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18260817 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус хөрөнгийг битүүмжилж хурааж, шинжээч томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам болон талуудын эрхийг зөрчөөгүй, талуудад хуулиар олгосон эрх үүргийг эдлүүлсэн тул Г.Гийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд улсын бүртгэлийн ******* дугаар бүтгэлтэй, Чингэлтэй дүүргийн *** дугаар давхрын 541,95 мкв талбайтай Н******* ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тус гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлийг “... Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээг талуудын хооронд тохиролцуулах ажиллагаа хийгээгүй шинжээч томилж, уг шинжээчээр томилогдсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн” гэж тодорхойлсон.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 02794 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.Гаас 226,807,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АБТС ББСБ” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч “Н*******” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын * дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай Ү-000 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийлүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Налбанд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлалаар 226,807,544 төгрөг гэснийг 217,718,296 төгрөг гэж өөрчилж, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 00254 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6-22 дахь талд/
Уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 567 дугаартай гүйцэтгэх хуудас, 06067 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг бичиж Нгазарт хүргүүлжээ. /х.х-ийн 44-45 дахь талд/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “ ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана ...” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлын шаардлагаа гаргажээ.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөв.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 18260817/04 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2019 оны 12 сарын 28-ний өдрийн 18260817/06 дугаартай “эд хөрөнгийг хураасан тухай тогтоол”-оор дээрх шүүхийн шийдвэрт дурдсан “Н*******” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын * дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаагүй. /х.х-ийн 71, 75 дахь талд/
Тус хөрөнгийн өмчлөгч нь “Н*******” ХХК болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 70 дахь талд/
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Нгазар нь Чингэлтэй дүүрэг, * дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийг төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК-тай харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Г болон “Н*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Галсанбат нарт мэдэгдэж, улмаар тус мэдэгдэлд дурдсан хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлээгүй үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-р “Х*******” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна. /х.х-ийн 77, 80, 82 дахь талд/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар зөрүүтэй гаргасан эсхүл огт санал гаргаагүй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болох бөгөөд тухайн үнийн саналыг авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох Нгазар явуулах журамтай байна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Г.Г нь үл хөдлөх хөрөнгийн нэг м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцох талаар тайлбарлаж байсан боловч уг саналыг харгалзан үзээгүйгээс гадна төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК-иас үнийн санал авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна. /х.х-ийн 78-79 дахь талд/
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийг төлбөр авагчтай үнийн саналаа өөрөө тохиролцоогүй гэсэн үндэслэлээр шинжээч томилсон нь хуульд заасан шинжээч томилох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шинжээчээр томилогдсон “Х*******” ХХК нь Чингэлтэй дүүрэг, * дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1,058,065,200 төгрөгөөр үнэлсэн байна. /х.х-ийн 24-31 дэх талд/
Шинжээчийн дүгнэлтэд тус хөрөнгөнд явуулж байгаа үйл ажиллагааны чиглэлийг “... Н******* төвийн 2 дугаар давхарт байрлалтай, 1 том заалтай, давхартаа 00, тамхины өрөөтэй, агуулахын өрөөнүүдтэй...” гэсэн байх боловч дүгнэлтдээ өмчлөлийн тухай мэдээллийг “зочид буудал” гэсэн нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэхээр байхаас гадна дүгнэлтэд хавсаргасан шинжилгээ хийх үеийн шинжилгээний обьектын фото зургаас харахад тухайн үл хөдлөх хөрөнгөд зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Unegui.mn” цахим сайтад хийсэн үзлэгээр “Н*******” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байрлах Чингэлтэй дүүргийн * дугаар хороонд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нэг м.кв-ын зах зээлийн үнэ 3,5-8,0 сая төгрөгийн ханштай байх тул “Х*******” ХХК нэг м.кв-ыг 1,952,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт “шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон холбогдох албан тушаалтны үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх журамтай.
Хариуцагч Нгазрын эрх бүхий албан тушаалтны шинжээч томилохтой холбоотойгоор хийж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х*******” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 119/01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ”-г хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан.
Шинжээчээр томилогдсон “Х*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 119/01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ”-г шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Г.Гт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 101-102 дахь талд/
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нгазарт холбогдох нэхэмжлэгч Г.Гийн “Х*******” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 119/01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ”-г хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Гаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нгазраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ