Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0098/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгиийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  П.Золбаяр, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Хохирогч А.*****
Шүүгдэгч Ц.***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ын *****т холбогдох 201609000018 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв..

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****д төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ******ийн хамт *****тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***** овогт *****ын *****, /РД: ******/ 

Шүүгдэгч Ц.***** нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *****дугаар багийн нутаг дэвсгэр *****-ын байрны урд талын амфальтан зам дээр *****улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Аванте Экс Ди маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.5 б, 2.7а-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн А.*****ын жолоодож явсан *****улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөнд нь 1.660.000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд.
-Шүүгдэг Ц.***** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “  Би 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр найз *****, ***** нарын машиныг нь янзалж өгөөд хамтдаа манай гэрт очиж 2 шил 0.5 грамм архи хувааж уусан юм. Тэгээд манай найз харьлаа гэж явахаар нь би эхнэрийгээ ажлаас нь авах санаатай өөрийнхөө *****улсын дугаартай аvante XD маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ***** хороололын урд талын замаар явж байтал Есүсүн сүмийн харалдаа зам дээр цагаан өнгийн прүсс маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би машиныхаа тормосыг гишгэхэд машин зогсолгүй гулгаад нөгөө машины хойноос нь очиж мөргөөд зогссон. Тэр үед миний мөргөсөн машинаас нэг эмэгтэй хүн бууж ирэхэд нь замаас гараад уулзаж тэгээд учираа олъё гэж хэлчихээд машиндаа суугаад машинаа жолоодоод *****байрны наад талын шинэ байрны урд талын зогсоол руу орж зогсоод нөгөө машиныг хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь *****байр шинэ байр хоёрын дундуур эргэх гээд явж байтал хоёр цагдаа ирж намайг шалгаад эрүүжүүлэхэд хүргэсэн юм. Тухайн үед архи уучихсан байсан болохоор ослын газраас хөдлөөд явсан байсан нь үнэн. Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зэргийн үзүүлэлт /хэргийн 59-61 дэх тал/, 

-Хохирогч А.*****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлаа тараад өөрийнхөө *****улсын дугаартай прүсс 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод замаараа ээжийгээ авах гээд ***** хороололын урд талын замаар явж байгаа ээжийгээ есүсийн сүмийн урд талаас аваад хөдлөх гэж байтал хойноос нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд машинаас буухад цагаан өнгийн avante XD маркийн тээврийн хэрэгсэл миний машины хойноос мөргөсөн байсан. Тэгээд би нөгөө машины жолоочийг бууж ирэхэд нь яаж байгаа юм бэ гэж асуухад гупер чинь хэд юм гэж асуухад нь би цагдаа дуудана гэж хэлээд машин руугаа ороход миний машиныг мөргөсөн жолооч машинаа жолоодоод явчихсан. Тухайн үед нөгөө жолооч ах намайг тохирчье гээд байсан. Тэр үед ямар нэг юм хэлээгүй юм. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд  нөгөө машины номерыг хэлээд цагдаа нар олоод бид нар цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн юм. Манай аав, ээж хоёр надад авч өгсөн машин юм. Гэхдээ нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Миний машины хойд талын гупер нь осол болсон газар нь хагараад унасан. Мөн хойд төмөр нь дотогш чихэгдэж хойд багажны хаалга хаагдахгүй байгаа. Өөр бас бус гэмтэл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний машиныг мөргөсөн машины жолооч архи уучихсан байсан. Одоо би хохирол төлбөрөө авсан тул санал гомдолгүй  нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн  15 дахь тал/, 

-Гэрч Б.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлынхаа автобуснаас Дархан их дэлгүүрийн урд талд буусан юм. Тэгээд зам дагаад алхаж байтал манай охин ***** өөрийнхөө цагаан өнгийн Прүсс 11 маркийн *****улсын дугаартай машинаа жолоодож ирээд намайг *****д байрлах Есүсийн сүмийн урд талын зам дээрээс авсан юм. Тэгээд би машинд нь орж суугаад хамгаалалтын бүсээ хийгээд хөдлөх гээд зогсож байтал түг таг гэх чимээ гараад машин ургашаа хөдөлсөн юм. Тэр үед толгой эргээд манарсан юм. Тэгээд манай охин машинаас буучихаад ээж хойноос машин мөргөчихсөн байна гэж хэлэхээр нь би машинаас буухад нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд наад гупер чинь ямар үнэтэй юм бэ би аваад өгчихье замаас гараад уулзъя гэж хэлээд машиндаа суугаад  хөдлөөд явсан  юм. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд би нөгөө машины улсын дугаарыг хэлээд цагдаа нар нөгөө машины жолоочийг барьж авсан юм...”  гэх мэдүүлэг  /хэргийн 16 дахь тал/, 

-Гэрч Н.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой постонд ажилтай байсан юм. Тэгээд орой 20 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна. Тухайн үед станцаар ***** хорооллын урд талын зам дээр осол гарсан  дуудлага өгсөн юм. Тэгээд би ***** хороололын урд замаар явж байгаад осол болсон гэх газар очиход ахлах ахлагч ***** ирчихсэн байсан. Тухайн үед ослын газар мөргөсөн машин нь явчихсан мөргүүлсэн машин нь зогсож байсан. Тэгээд хохирогчтой уулзаад зогсож байтал ***** хороололын *****байрны болон хажуу талын чөлөөнд баригдсан барилгын дундуур нэг машин хүчтэй хаазлаад явж байгаа харагдсан. Тэр үед ахлах ахлагч ***** хүчтэй хаазалж хөдөлсөн машиныг шалгая гээд хойноос нь явахад нөгөө машин ***** эмнэлгийн хашаанд тулаад буцаж эргэж ирж таараад түүнийг зогсоож шалгахад урд талын хэсэг нь эдвэрсэн байдалтай осол гаргасан машин мөн байсан. Тэгээд жолоочийн согтолтыг шалгахад 1.39 бүхэл байсан ба машиныг журмын хашаанд байрлуулж эзнийг нь эрүүжүүлэх байранд хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/, 

-Гэрч Ж.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой үйлчилгээний төв дээр ажиллаж байхад 102-оос Дархан сумын 9 дүгээр баг, Есүсийн сүмийн урд талд согтуу жолооч зогсож байсан машины араас мөргөчихөөд зугтаачихсан байна. Яваад оч гэж хэлсэн юм. Тэгээд би осол болсон гэх газар нь очиход Прүсс 11 маркийн тээврийн хэрэгсэл урдаас хойш чиглэлийн зам дээр зогссон хойд талын гупер нь хагарч дотогш чихэгдсэн байдалтай байсан. Тэр үед манай замын цагдаа хүрч ирээд бид хоёр хохирогчтой уулзаад зогсож байтал ***** хороололын *****байр, түүний хажуу талын шинэ баригдсан байрны хажуу талаар нэг машин хүчтэй хаазалж эргэж хөдлөхөөр нь *****ын хамт машинтай хөдлөөд түүний араа явахад нөгөө машин ***** эмнэлгийн хашааны мухар буланд очоод буцаад эргэж ирэхэд түүнийг зогсоогоод шалгахад урд гупер нь хагарсан осол гаргасан машин мөн байсан юм. Тэгээд жолоочийн согтуурал шалгах багажаар шалгахад согтуу байсан ба жолоочийг эрүүжүүлэхэд хийж машиныг журмын хашаанд хийсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 

-Гэрч Г.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай компани барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ц.***** нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын хугацаатай 800.000 төгрөгийн зээл авсан юм. Ц.***** нь одоо үлдэгдэл 424.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм. Манай харилцагч Ц.***** нь компанитай байгуулсан гэрээний дагуу сар бүр төлөлтөө хийж байгаа. Уг осолтой холбогдуулж манай компани иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Зээлсэн мөнгөө дуусахаар нь машиныг нь Ц.*****ын нэр дээр шилжүүлэн өгнө...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/, 

  Ц.***** нь *****улсын дугаартай Avante XD маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-т жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. 2.7 А Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заал зөрчиж, зам тээврийн осол гаргасан ба мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-т “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийнанхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх зам тээврийн ослын дүгнэлт /хэргийн 104 дэх тал/,
-Захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл /хэргийн 68 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай тэмдэглэл /хэргийн 69-70 дахь тал/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/, 
-Капитал зууч ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-36 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дэх тал/, 
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эм Д.Туяагийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хэргийн 51 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

          Шүүгдэгч ***** овогт *****ын ***** нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *****дугаар багийн нутаг дэвсгэр *****-ын байрны урд талын амфальтан зам дээр *****улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Аванте ЭксДи загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.5 б, 2.7а-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн А.*****ын жолоодож явсан *****улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөнд нь 1.660.000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.***** хохирогч А.***** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.***** Н.***** Ж.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 16,17,18 дугаар тал,зам тээврийн ослын актын дүгнэлт /хэргийн 104 дүгээр талуудад авагдсанаар  нотлогдон тогтоогдож  байна.                 
Дархан Уул аймгийн Прокурорын газраас Ц.*****ын үйлдэлд яллах дүгнэлт ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Ц.*****ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

    Шүүгдэгч Ц.***** нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч А.*****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

    Шүүгдэгч Ц.*****ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 64 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч Ц.***** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

    Шүүгдэгч Ц.***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Авантэ Экс ди маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэйг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295,296, 297, 298, 299, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг  зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг  1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.*****т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ц.*****т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  
   5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.*****ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

    6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.***** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.  .

     7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *****улсын дугаартай Аванте Экс ди маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг Ц.*****ын эзэмшилд буцаан олгосугай.  

   8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.***** нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
   10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.*****т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


`ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            П.БАТТУЛГА