Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

    2023             09                20                                                       2023/ШЦТ/129                                  

 

 

                             

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Хохирогч: С.С /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч: Б.Я /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: А.А/цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э,

Шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 234 дэх километрт **-**УБД улсын дугаартай Тоёота клуйгер маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ

тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-дхолбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дмэдүүлэхдээ:  

Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө. Би гурван дүүгийн хамтаар оршин суудаг, энэ байдлыг харгалзан үзнэ үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Хохирогч С.С нь шүүгдэгчтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шилжүүлсэнээс энэхүү зам тээврийн осол гарсан. Зам тээврийн осол гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учир шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлөх төлбөргүй болно. Харин иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С гаргасан тайлбартаа:

Миний хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Иргэний нэхэмжлэгч Б.Я бол миний төрсөн эгч бөгөөд зам тээврийн осол, хохирлоос болж бидний хувьд эгч дүүгийн тангараг тасрах хэмжээнд байна. Иймээс шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлөөсэй гэж хүсэж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Агаргасан тайлбартаа:

Зам тээврийн ослоос болж “Д.И” ХХК-ийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Иймээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7.510.800 төгрөг, тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу ачуулсан зардалд 700.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Я гаргасан тайлбартаа:

Миний эзэмшлийн “Toyota Kluger” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-24 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ийнөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ягийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4479 дугаартай “Хүний биед хийсэн шүүх шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дахь тал/, 

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ЗШ/09 дугаартай шийтгэврийн хуулбар, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 127-129, 143-155 дахь тал/,

 

-Э.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 113, 114, 131 дэх тал/,

 

-“Вендо” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 44473 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 193-200 дахь тал/,

 

-“Вендо” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 44472 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 204-209 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 737 дугаартай “Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ” /хавтаст хэргийн 211-213 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 234 дэх километрт “Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1.”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-24 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд байсан. Энэ өдөр би найз Энхжаргалын Дтой хамт танихгүй айлд 0.75 граммын 1 шил архи, дахин 0.5 граммын архи хувааж уусан. Ингээд би тухайн үед нэлээд согтсон байсан, найз Энхжаргалын Д мөн нэлээд согтох шиг болсон.... Д бид хоёр тухайн үед манай эгч Янжинсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй **-**УБД улсын дугаартай Тоёота клугер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан... би айлаас гараад **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоочийн хажуу талын суудал суугаад унтсан байсан би сэрээгүй, нэг сэрэхэд зам тээврийн осол гарсан байсан, **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бөгөөд намайг машинаасаа буухад Д нь **-**УБД улсын дугаартай тээврийн_хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж эсрэг урсгал руу орж машин мөргөсөн байсан. Тухайн үед миний зүүн хөлийн шагай хэсэг хөндүүртэй, явж чадахгүй доголоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.А-ийнөгсөн “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Цагаанхад суурьшлын бүсэд “Д.И” ХХК-ийн эзэмшлийн **-**УЕВ улсын дугаартай ланд 76 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан тухайн үед шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Тэгээд би жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах гээд хурдаа сааруулж замын хөдөлгөөнд оролцож байсан тэгтэл эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэл нь миний зорчиж явсан замаар урсгал сөрж ирээд мөргөсөн, тухайн тээврийн хэрэгсэл нь **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан уг тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна нэг зорчигч явсан... гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна... Манай байгууллагын зүгээс 7.528.000 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилнэ.... Тээврийн хэрэгслийг Цагаанхад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу ачуулахад 700.000 төгрөг болсон уг мөнгийг нэмж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Ягийн өгсөн “...2023 оны 03 дугаар сарын эхээр манай төрсөн дүү Содномцоодол намайг машинаа өгч байгаач унаж байгаад өгье гэхээр нь би өөрийн эзэмшлийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгч явуулсан манай дүү Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилладаг тул тийшээ миний машиныг унаад явсан. Тэгсэн 2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр манай дүүтэй хамт явсан хүн нь миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан байсан... Машинаа янзлуулж авмаар байна. гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4479 дугаартай 1.С.Сын биед зүүн шагайн дотно хашлага ясны хугарал, зүүн шилбэ, тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “Хариулт №1 а/ **-**УЕВ 3 улсын дугаартай Land Cruoser 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Амарсанаагийн Алтанжолоо нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. **-**УБД улсын дугаартай Тоуоtа Kluger маркийн тээврийн хэрэгслийн жолооч Энхжаргалын Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хариулт №2 б/ Уг зам тээврийн осол нь 38- 05 УБД улсын дугаартай Тоуоtа Kluger маркийн тээврийн хэрэгслийн жолооч Энхжаргалын Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас болж гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Д-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд ... Содномцоодол надтай уулзах гээд ирэх үедээ **-**УБД улсын дугаартай клуйгер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ганцаараа ирсэн. Содномцоодол бид хоёр уулзаад Шунхлай ШТС-ийн хажууд засвартай найз дээрээ очсон, тухайн үед Содномцоодолд нэг шил 0,75 граммын Хараа архи байсныг нь хувааж уусан. Тухайн үед Содномцоодол нэлээн согтсон байгаа харагдахаар нь би өөрөөс нь **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох уу гэж асуухад тэг тэг гэхээр нь би уг тээврийн хэрэгсэл жолоодож "Тайван Зогсоол" гэх газарт очихоор явсан. Тэгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд миний гар утас тээврийн хэрэгслийн шалан дээр унасан, гар утсаа авах гээд тонгойх хоорондоо жолооны хүрдээ эсрэг урсгал руу дарж тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн тэгээд тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан... Зам тээврийн осол гарах үед би **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дахь тал/, 

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 737 дугаартай “...1.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4479 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.С.Сын биед зүүн шагайн дотно хашлага ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн шилбэ тавхайн цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 3.С.Сын биед учирсан зүүн шагайн дотно хашлага ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн шилбэ тавхайн цус хуралт гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. 4.С.С нь зүүн шаант ясны дунд хэсэгт хөндлөн, бороололт үүссэн хуучин хугарал, чөмөгт хэсгээр металл ялтас, 2 шургаар хадсан байдалтай, тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт бага зэрэг зөрүүтэй бороолж эдгэрсэн хуучин хугарал гэмтэлтэй байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 211-213 дахь тал/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Днь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний буюу акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,  

 

Зам тээврийн осол гаргах үедээ жолооч Э.Днь 3.02 промилли согтолттой согтуурсан байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь жолоодох эрхийн мэдлээлэл лавлахаар тус тус нотлогдон тогтоогдсон. /хавтаст хэргийн 7, 149 дахь тал/

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Дийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Дболон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Нэг. Хохирогч С.Сын хохирол, хор уршгийн тухайд.

 

Хохирогч С.Сын биед “зүүн шагайн дотно хашлага ясны ташуу сэлтэрсэн хугарал, зүүн шилбэ тавхайн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4479 дугаартай, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 737 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 60-61, 211-212 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор иргэн С.Сыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн тул хохирогчийг шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Шүүгдэгч Э.Днь “Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Д.И” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Ланд крузер” маркийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд “7.510.800 төгрөгийн хохирол учруулсан” болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 44473 дугаартай шинжээчийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 193-200 дахь тал/

 

“Тоёота Ланд крузер” маркийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Д.И” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /Хавтас хэргийн 31 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр “Д.И” ХХК-ийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 36 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ань “Зам тээврийн ослоос болж “Д.И” ХХК-ийн “Тоёота Ланд крузер” маркийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Иймээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7.510.800 төгрөг, тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу ачуулсан зардалд 700.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доос “Тоёота Ланд круйзер” маркийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 7.510.800 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас “тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу ачуулсан зардалд 700.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Гурав. Иргэний нэхэмжлэгч Б.Ягийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Шүүгдэгч Э.Д-ийн зам тээврийн осол гарах үед унаж явсан “Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Ягийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Б.Яг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/

 

“Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “9.721.000 төгрөгийн хохирол” учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 44472 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан” дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 204-209 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Я нь “Миний эзэмшлийн “Toyota Kluger” маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доос “Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 9.721.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Яд олгохоор шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1041 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” зэргийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь шинжээч нарт эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулж, гарын үсэг зуруулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Э.Днь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д-дтээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэх саналыг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын төрлийн хүрээнд оногдуулах хугацааг нь багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д-дтээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-дУлаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-доногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК болон иргэн Б.Я нарын хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ, хэрхэн, ямар эх үүсвэрээс нөхөн төлөхөө нотлох баримтаар нотолж чадаагүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч Э.Днь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Д-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Хан-Уул дүүргээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доос “Тоёота клуйгер” маркийн **-**УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 9.721.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Яд, “Тоёота Ланд круйзер” маркийн **-**УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 7.510.800 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Д.И” ХХК-д олгохоор, “Д.И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.  Хохирогч С.С нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Э.Днь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН