Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 595

 

Н.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Энхбат,

            шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, 

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1902 01008 0027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н А, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй “өвс” мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас нийгмийн аюулын шинж чанар агуулсан мансууруулах төрлийн өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйлийг биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдэж, өөртөө болон гэр бүлийнхэндээ бие болон сэтгэл санааны хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна.

Гэр бүлийн хувьд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн гал голомтоо бадрааж, эхнэр, хүүхдийн хамтаар амьдрах болсон. Хүү маань 1 ой 5 сартай бөгөөд эхнэр маань тодорхой эрхэлсэн ажилгүй. Манай гэр бүл нь амьдралын баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай. Иймээс миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би дахин ийм зүйлтэй орооцолдохгүй, хэрэглэхгүй, цаашид сайн иргэн байж, эцэг хүний үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж амьдрахаа баталж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.А-н өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө өрх тусгаарлаж, эхнэр, 3 настай хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа амьдралд нь өөрчлөлт орж, эхнэр нь 3 настай хүүхдээ Н.А-н эцэг, эхэд үлдээгээд Солонгос улс руу явсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ..., гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн онцлог, нийгэмд учруулах аюулын шинж чанар, хор уршгийг дүгнэж, Н.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                      ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ буюу өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Н.А ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай, хуванцар савтай, ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол” илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “дельта-9 тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “А” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 37-38/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... Н.А-н өмсөж явсан хувцаст үзлэг хийхийн өмнө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураар гаргаж өгөхийг санал болгоход “байгаа” гэж хэлээд хүрэмний дотор өмссөн цэнхэр өнгийн жинсэн хүрэмний баруун талын халааснаас саарал өнгийн дугуй хэлбэртэй, хуванцар сав гаргаж ирээд “энэ дотор өвс байгаа” гэж хэлээд гаргаж өгснийг хураан авч, албаны цахилгаан жингээр жинлэхэд савны хамт 12.1673 грамм байв. ...” /хх 5/ болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

 хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...Н.А-с биологийн дээж авч, үр дүнг харахад 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн ...” /хх 9-10/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

   Шүүгдэгч Н.А-н өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 12.1673 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгайлан хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...,”, 7.1 дүгээр зүйл буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтууд нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

 Дээрх үндэслэлээр шүүгдэгч Н.А-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Н.А-н гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.