| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/1006/З |
| Дугаар | 221/МА2026/0463 |
| Огноо | 2026-07-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0463
2026 07 02 221/МА2026/0463
Т.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, С.Г нар
Нэхэмжлэгч: Т.Г
Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
Гуравдагч этгээд: Н.И
Нэхэмжлэлийн шаардлага:
“Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 333 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, С.Г, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/1006/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Г-аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасныг тус тус баримтлан Т.Г-аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9/ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үндэслэл болсон үндсэн шаардлага буюу ажлаас чөлөөлсөн тушаал нь ажил төрлийн нэр хүндэд нөлөөлөхүйц Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар 80.1.2-т заасан зүйл хэсгийг баримталсан байдлыг огт тайлбарлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд хариуцагч хариу тайлбараа гаргаж дээрх зүйл заалтыг гаргахад үндэслэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь анхан шатны шийдвэр өөрөө хуульд нийцсэн үндэслэл бүхий байх боломжгүй гарсан гэж үзэх үндэслэл байна.
3.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэл, бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Т.Г-ын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх үндэслэл нотлогдоогүй байхад шүүх нотлох баримтыг үндэслээгүй хэргийг шийдвэрлэсэн.
3.3. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр этгээдийг томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа эсэхэд шүүх хангалттай дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан асуудлыг шүүх бүрэн дүүрэн хэлэлцээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/125 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Г-ыг Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерийн үндсэн албан тушаалын хамт тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд улмаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2024/02 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.6-д “Хөдөлмөрийн гэрээний гэрээний хугацаа: Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэл;” гэжээ.
4. Маргаан бүхий захиргааны акт болох “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзээд тус төвийн Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженер Т.Г-ыг хавсран гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
5. Нэхэмжлэгч “дээрх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 /ТҮ-11/ албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин болох 648,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Т.Г-ын тухайд маргаан бүхий Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон гэх боловч шалгалтад тэнцээгүй, тухай албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу томилогдсон байх тул хамгаалагдах эрх үүсэхгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5.1. Учир нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар тус газрын орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.И-ыг ажлын туршлагыг үндэслэн, сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалтай маргаагүй.
5.2. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно:”, 42.1.8-д “албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан;”, 43.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэж тус тус заажээ.
5.3. Маргааны энэ тохиолдолд Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэдий ч уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т.Г тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх төдийгүй нэхэмжлэгч нь өөрийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын тухайд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдахгүй.
5.4. Өөрөөр хэлбэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Г-ыг Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерийн үндсэн албан тушаалын зэрэгцээ төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаа хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
6. Хэдийгээр маргаан бүхий 90 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:”, 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино;” гэж заасныг тус тус баримталсан бөгөөд Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын сонгон шалгаруулалтаар бус томилоогүй ч энэ нь хариуцагчийн санаачлагаар түр орлон гүйцэтгэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхийг хязгаарлахгүй.
7. Мөн нэхэмжлэгч Т.Г Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалд томилогдох хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад оролцох эрх нээлттэй болохыг тэмдэглэв.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дээх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ