Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын  бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг

иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг,

насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай, хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл, өмгөөлөгч Б.Чулуунбаатар,

насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүү, хууль ёсны төлөөлөгч Г.Сансар, өмгөөлөгч П.Отгонбаяр,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батцоож, хууль ёсны төлөөлөгч У.Халтархүү, өмгөөлөгч Ч.Содончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт З.Алтаншагай, С.Очирхүү, Б.Батцоож нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010041 дүгээр 2 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, Даргиат давхар 1 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 44 дүгээр байр, 34 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Таргуд овогт Зоосоохүүгийн Алтаншагай /РД:НИ99062611/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эмээ, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91 дүгээр байр, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт  Сансарын Очирхүү /РД:НИ99041112/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Төв аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн ангид сурдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, Даргиат даргиат 5 дугаар гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 35 дугаар гудамж, 24 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Хулд овогт Базардагийн Батцоож /РД:НИ99021215/.

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай, С.Очирхүү, Б.Батцоож нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Ганзолбоогийн эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-32 УБП улсын дугаартай “Верна” маркийн автомашиныг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон  улмаар зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, 15000 төгрөгийн үнэ бүхий бялуу, 50000 төгрөг зэргийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж, харамсаж байна. Ялыг хойшлуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж, харамсаж байна. Ял шийтгэлийг минь хойшлуулж өгнө үү” гэв.

 

201626010041 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч П.Ганзолбоогийн: “2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Москва хорооллын урдаас 20 орчим насны 3 залуу гар өргөн миний машин суусан, Тахилт явна гэсэн. Ингээд Тахилтад очоод нэг нь ахаасаа мөнгө авсан. Тэгээд Эмээлт орно гэсэн, Эмээлтэд очиход хамгийн наад талын колонкоос Төв аймаг явах унаа явдаг гэж хэлсэн. Тэгээд тэр колонк дээр ирэхэд унаа байхгүй, цаашаа түүхий эд авдаг газраас явдаг болсон байна гээд тийшээ явсан. Түүхий эдийн цэг дээр иртэл унаа байхгүй болохоор ах нь цаашаа явахгүй, мөнгөө өгөөд бууцгаа, таксины мөнгө 25000 төгрөг болсон гээд би машинтайгаа эргээд зогстол ардаас нэг залуу намайг боогоод авсан. Би суудлынхаа түшлэгийг хойшлуулаад “та нар ч болохгүй юм хийж байна даа” гээд гарыг нь тавиулах гэж оролдож байхад ард сууж байсан нэг залуу миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд урд сууж байсан залуу боолтоо битгий султгаад бай, шууд ухаан алдуул гээд байсан. Би хаалгаа онгойлгоод нуруугаараа гулсаад буух гэтэл урд сууж байсан залуу миний 2 хөлийг тэврээд сууж байсан. Би 2-3 удаа жийж хөлөө тавиулаад түлхүүрээ сугалаад зугтаасан. Машинаасаа холдоогүй байтал машины урд сууж байсан залуу гүйж ирээд намайг барьж аваад унагаагаад зодоод эхэлсэн. Би хажуугаар машин явахаар нь зогсоогоод “туслаарай” гэтэл тэр машин зогсоод жолооч нь “та нар болиоч хүн аллаа ш дээ” гэсэн чинь машины урд сууж байсан залуу “манай ах архи уучихаад агсам тавиад байна, зүгээр” гэж хэлээд тэр машиныг явуулчихсан. Тэгээд намайг чирээд жалга руу орох гэж байхад нь би куртикээ сугалаад цаашаа гүйтэл дахиад хойноос гүйж ирээд барьж аваад зодсон. Жалга руу чирэхээр нь би цамцаа сугалаад цаашаа зугтаатал дахиад хөөж ирээд жалга руу чирж оруулаад зодсон. Машины түлхүүр өг гээд нэхсэн. Би машин авч явах нь гэж бодоод машиныхаа түлхүүрийг цасан дор нуучихсан. Тэгээд намайг нэг нь харж үлдээд нөгөө 2 нь түлхүүр хайхаар машин руу явсан. Түлхүүр олдохгүй болохоор нь буцаж ирээд түлхүүрээ гаргаж өг гээд намайг дахиад зодсон. Түлхүүр нэхээд байхаар нь ойролцоо унасан байх гэтэл худлаа ярилаа гээд урд сууж байсан залуу үсдэж босгож ирээд толгой руу өшиглөсөн, би ухаан балартсан. Нэг сэртэл тэр 3 яваад өгсөн, машин байрандаа байж байсан. Машинаа асаах гэтэл аккумлятор суучихсан байсан. Түлхүүрээ аваад куртикээ өмсөөд ойролцоо байсан МТ-ийн колонк орсон, хамгаалагч нь цагдаа дуудсан.  Куртикний халаасанд байсан бэлэн 50000 төгрөг, хүүхдэдээ авсан бялууг аваад явсан байсан.

...Тэр 3 залуугаас намайг зодоогүй хүн байхгүй, гурвуулаа нийлж зодсон. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-19-22, 23/,

Гэрч Х.Бат-Эрдэнийн: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би “МТ” шатахуун түгээх станцын 103 дугаар салбарт түгээгчээр гарч байсан. Харанхуй болсон хойно нэг эрэгтэй орж ирээд 3 залууд дээрэмдүүлчихлээ гэж хэлэхээр нь би өөрийнхөө хэрэглэж байсан 86369798 дугаараас цагдаад мэдэгдсэн. Цагдаа болон гэрийнхэн нь ирээд тэр залууг аваад явсан. Орж ирэхдээ хувцас нь цас шороо болчихсон, нүүр ам нь бага зэрэг шалбарчихсан байх шиг байсан, өөр зүйл анзаараагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015.12.31-ний өдрийн 17339 дүгээр актын дүгнэлтэд: “1. П.Ганзолбоо-н биед тархи доргилт, хүзүү, чихний дэлбэн, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь сохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...хөнгөн зэргийн гэмтэлт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-35/,

Шинжээч эмч М.Золжаргалын: “П.Ганзолбоогийн хүзүүний урд хэсэгт 4,0х0,2 см, 1,0х0,3см, 0,5х0,2см хэмжээтэй зулгаралтууд нь ардаас болон аль аль байрлалаас гараар болон цамцны захаар боох үед үүсэх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-34/,

З.Алтаншагайн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим 10 дугаар хороололд Батцоожтой таарсан. Тэгээд Очирхүүг дуудаад  РС тоглоомын газар 2 цаг тоглосон. Тэгээд Хархорин ороод караокед 3 цаг дуулсан. Тэндээс гараад Очирхүү 32-ын автобусны буудал ороод найз охинтойгоо уулзсан. Бид 3 гараад Тахилт орж Батцоожийн ахынд очихоор такси барьсан. Цагаан өнгийн Верна маркийн машинд суугаад Тахилт явсан. Батцоож хүргэн ахаасаа торт, шампанскны мөнгө авсан. Тэндээс хөдлөхдөө энэ такситайгаа тохироод цаашаа Баянцогт явчихъя гэж ярьсан. Тахилтаар явж байгаад цаашаа Эмээлт ороод тэнд байрлах дэлгүүрээс торт, шампанск авсан. Жолооч ахтай Баянцогт руу тохироод явъя гэтэл тэр ах үгүй, эндээ мөнгөө төлөөд бууцгаа гээд бид гурвыг буулгалгүйгээр буцаад эргээд явсан. Би тохироод явчихъя л даа гээд 2 мөрнөөс нь татсан.

Тэгтэл Очирхүү тэр ахыг түлхээд машинаас гаргасан. Гараад очтол Очирхүү энэ ахыг аваач ээ гэхээр нь Батцоож бид 2 очтол Очирхүүгийн толгойноос цус гарчихсан байсан. Батцоож тэр ахыг бариад автал Очирхүү тэр ахын нүүр рүү 5-6 удаа цохисон. Очирхүү тэр ахтай зууралдаж байгаад жалга руу унасан. Очирхүү, Батцоож бид 2-ыг машины түлхүүрийг олоодох гэхээр нь хайгаад олоогүй буцаад очиход жолооч 4 хөллөсөн хэвтэж байсан. ...Бид 3 машин дээр очоод халааснаас нь мөнгийг би авсан, мөн тортыг нь аваад явсан. Хотод ирээд РС тоглоомын газарт хонохдоо тортыг нь идсэн, мөнгийг нь тоглоомын төлбөрт өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57-59, 79-84/,

С.Очирхүүгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Батцоож, Алтаншагай 2 тоглоомын газарт дуудсан. 2 цаг тоглоод Хархорин захын орчим караокед 3 цаг дуулсан. Тэндээс гараад найз охин Нараатай уулзсан. Батцоож, Алтаншагай бид 3 Москва хорооллын урдаас такси бариад цагаан өнгийн Верна машин зогссон. Тахилт ороод Батцоож ахаасаа мөнгө аваад тэр такситайгаа Эмээлт рүү явсан. Замдаа Батцоож шампанск авсан, замдаа тэр ахад Баянцогт руу тохироод явчихъя гэхэд тэр ах зөвшөөрөөгүй. Манай найз Алтаншагай ардаас нь гараараа хүзүүг нь ороогоод боогоод авсан атлаа боож чадалгүй алдсан, тэгэхээр би урд сууж явсан болохоор түлхээд машинаас гаргасан. Тэр ах миний толгой руу нэг юмаар цохисон толгой хагарсан. Тэгээд тэр ахтай зууралдаж байгаад нүүр лүү гараараа 5 удаа цохисон, тэр ах нүүрээ дараад үлдэхээр нь бид машины түлхүүрийг хайгаад олдохгүй болохоор нь машинаас торт авсан, куртикнээс 20000 төгрөг Алтаншагай авсан. Ингээд таксинд суугаад хотод ирээд хорооллын РС тоглоомын газар тоглож хоносон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-62-63, 73-78/,

Б.Батцоожийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөө РС тоглоомын газарт Очирхүү, Алтаншагай нартай уулзсан. 2 цаг тоглоод Хархоринд байдаг караокед 3 цаг дуулсан. Москва хорооллын урдаас такси бариад Тахилт ороод хүргэн ахаас хөдөө гэр лүүгээ торт, шампанск авч явна гээд 20000 төгрөг авсан. Тэр такситайгаа Эмээлт ороод супермаркетаас торт, шампанск авсан. Таксины жолоочтой Баянцогт тохироод явъя гэтэл жолооч дургүйцээд эндээ буу гээд байсан. Алтаншагай хойноос нь цамцны захнаас нь татсан. Очирхүү тэр ахын нүүр лүү гараараа цохисон. Ингээд машинаас буулгаад  замын хажуу руу орсон. Тэгээд айсандаа машины түлхүүр хайгаад байж байтал түлхүүр нь олдоогүй. Тэр хүнийг жалганд үлдээгээд машин дээр нь ирээд куртикний халааснаас мөнгө цухуйсан байхаар нь 20000 төгрөг авсан. Мөн машин дотор байсан тортыг авсан. Тэгээд бид гурав буцаад хот руу орж ирээд хороололд PC тоглоомын газар орж хоносон. Жолоочийн нүүрэнд учирсан гэмтлийг Очирхүү учруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-66-72/,

Гэрч З.Одгэрэлийн мэдүүлэг /1-хх-24/, гэрч У.Халтархүүгийн мэдүүлэг /1-хх-26/, гэрч Б.Ганбаатарын мэдүүлэг /1-хх-28/, гэрч Н.Дэнсмаагийн мэдүүлэг /1-хх-30/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-85-87/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-88-90/, нас тоолсон тухай тэмдэглэл /1-хх-91-93/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-хх-94-110/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-111, 126/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүү, З.Алтаншагай, Б.Батцоож нар  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Ганзолбоогийн эзэмшлийн 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-32 УБП улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгслийг авах зорилгоор Д.Ганзолбоод хүч хэрэглэн довтолж, хоолойг нь боон улмаар зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, 15000 төгрөгийн үнэ бүхий бялуу, 50.000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай, С.Очирхүү, Б.Батцоож нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Ганзолбоо “гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /1 дүгээр хавтас, хх-211/ ирүүлснийг үндэслэн шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүх ял оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахын зэрэгцээ тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв.  

Түүнчлэн насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагай, С.Очирхүү, Б.Батцоож нар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 3 хоног, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 41 хоног, нийт 44 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Сансарын Очирхүү, Таргуд овогт Зоосоохүүгийн Алтаншагай, Хулд овогт Базардагийн Батцоож нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүүг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

насанд хүрээгүй шүүгдэгч З.Алтаншагайг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батцоожийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар С.Очирхүү, З.Алтаншагай, Б.Батцоож тус бүрт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар С.Очирхүү, З.Алтаншагай, Б.Батцоож тус бүр 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т тус тус зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүүд 6 жилийн хугацаагаар, З.Алтаншагайд 5 жил 6 сарын хугацаагаар, Б.Батцоожид 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймаг дахь цагдаагийн газар болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгаж, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Г.Сансар, З.Одгэрэл, У.Халтархүү, Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд тус тус хариуцуулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүү, З.Алтаншагай, Б.Батцоож нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч С.Очирхүү, З.Алтаншагай, Б.Батцоож нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Л.БААТАР

                                    ШҮҮГЧИД                             Б.БАТАА

                                                      Г.МӨНХЗУЛ