Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1279

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“ГКП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00515 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ГКП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Ч, Б.Н нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 68 197 366 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэр төр, алдар хүндийг нөхөн сэргээж, гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах, зээлийн хүүг 15 000 000 төгрөгөөр тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Хариуцагч С.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ГКП” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ч, Б.Н нар нь тус компанитай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ00000000001031, ЗБ00000000001031, ЗБ00000000001031/А тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 4.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202002451 дугаарт бүртгэгдсэн С.Чын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 44 дүгээр байрны 21 тоотод байрлах, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь 10 336 000 төгрөгийг төлсөн. С.Ч, Б.Н нар нь 2015 оны 5 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу удаа дараа шаардах хуудас явуулж, төлбөр төлөхгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгаж, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг өөрчилсөн.

Зээлдэгч нар үндсэн зээлээ хугацаанд нь төлж багадуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 болон 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч нь хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцон С.Ч, Б.Н нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 31 915 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 262 866 төгрөг, нотариатын зардал 19 500 төгрөг, нийт 68 197 366 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ч, Б.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө. Учир нь дээрх зээлийн гэрээний үүрэгт гэрээний 1.2.2-т заасны дагуу хөнгөлттэй хүүгээр тооцон 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлийн 1 054 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 054 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 020 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1 054 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 054 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 952 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1 054 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1 020 000 төгрөг, нийт 10 336 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Иймд бидний зүгээс үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Ч, Б.Н нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...“ГКП” ХХК-ийн тогтоосон жилийн 70.56 хувийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн хүү 31 915 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 262 866 төгрөг, нийт 38 177 866 төгрөгөөс 23 177 866 төгрөгийг хасч хугацаа хэтрүүлсэн зээлийн хүүгийн нийт төлбөрийг 15 000 000 төгрөгөөр тооцох боломжтой байна. “ГКП” ХХК 2015 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр 2-3 удаа урьдчилан мэдэгдэлгүйгээр оройн цагаар гэрт маань хүмүүс ирж зээлээ төлөхийг шаардан даруй төлөхгүй бол миний орон сууцыг худалдан борлуулах тухай ярьж, өрөөнүүдийн болон эд хогшлын зургийг авдаг байсан. 2016 оны 3-4 дүгээр сард манай байрны хаалганы гадна талд том, жижиг шаардах хуудаснууд 50 гаруй ширхэгийг наасан. “ГКП” ХХК нь өөрийн санаатай хийсэн олон удаагийн үйлдлээрээ Үндсэн хуулийн 5, 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн заалтууд ноцтой зөрчигдсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэр төр, алдар хүндийг нөхөн сэргээж, гэм хорын хохирол 5 000 000 төгрөгийг “ГКП” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “ГКП” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч С.Ч, Б.Н нар эхний сарын хүү төлөлтөө дутуу төлсөн, гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний 5.1.3-т заасны дагуу зээлдэгчийн аман хүсэлтийн дагуу зээл төлөх хугацааг олгосоор байсан. С.Ч, Б.Н нар нь зээлийн гэрээтэй танилцаж, гарын үсэг зурсан. 30 000 000 төгрөг С.Чын дансанд орсон. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.5-д зааснаар зээлийн ажилтан ажил үүргийн дагуу хөрөнгийн бүрэн бүтэн байдалд чанарын хяналтаа тавьж ажилласан. Уулзах гэж очиход гэртээ байхгүй, утсаа авахгүй зэрэг тохиолдолд барьцаа хөрөнгө дээр зээлээ төлөх тухай анхааруулах наалт наасан. Нэр хүндэд халдсан зүйл байхгүй бөгөөд гэрээний заалтаа үгүйсгэж илт мэдэн будилж 5 000 000 төгрөг нэхэмжилсэн нь шударга бус. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Ч, Б.Н нараас хувь тэнцүүлэн 60 037 494 төгрөгийг гаргуулж, “ГКП” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 159 872 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002451 дугаарт бүртгэгдсэн С.Чын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 44 дүгээр байрны 21 тоотод байрлах, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498 637 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 458 137 гаргуулж, нэхэмжлэгч “ГКП” ХХК-д олгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 230 дугаар зүйлийн 230.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ГКП” ХХК-д холбогдох нэр төр, алдар хүндийг нөхөн сэргээх, гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах, хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 15 000 000 төгрөгөөр тооцуулах тухай С.Ч, Б.Н нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Ч, Б.Н нараас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 040 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, дутуу төлсөн 29 060 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10007 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид өөрчлөлт оруулсан тухай тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00326 тоот тогтоолоор авсан арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч С.Ч, Б.Н нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрт 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал нийт 10 336 000 төгрөгийг төлсөн боловч Замын-Үүдийн барилгын ажил зогссонтой холбоотойгоор зээл болон зээлийн хүүг 2015 оны 6 дугаар сараас эхлэн төлж чадаагүй. Зээлийн гэрээний үндсэн хүү сарын 4.9 хувь, жилийн хүү 58.8 хувь байгаа нь өндөр, жинхэнэ мөнгө хүүлэх хүү учраас хүүг бууруулах талаар сөрөг нэхэмжлэл, хүсэлт гаргасан боловч хангаагүй, хүсэлтийг авч хэлэлцээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь зааснаар зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой хэт өндөр тогтоогдсон гэж үзэж зээлийн ЗГ00000000001031 ба ЗГ00000000001031/А тоот гэрээний сарын үндсэн хүү 4.9 хувь байгааг 3.5 хувь болгох хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим тооцоолол, тогтоох хэсгийн зарим заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчид зээлийн хүүг 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн учраас зээлийн хүүг сарын 3.4 хувиар бодох ёстой. “ГКП” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлд гэрээний хүчинтэй байх хугацаанд төлөх хүүгийн /сарын 3.4 хувиар бодсон/ нийт хэмжээг 12 410 000 төгрөг гэж гаргасан нь нотолгоо мөн. Зээлийн гэрээнд 3 төрлийн /хөнгөлөлттэй хүү, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү/ байгааг шүүгчид анзаараагүй байх, тэд ганцхан үндсэн хүүгээр нь тооцсон.

Иймд хариуцагч С.Ч, Б.Н нараас үндсэн зээлийн хүү 12 410 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 19 664 000 төгрөгт хэтэрсэн /2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 609 хоног/ хугацааны сарын хүүг 3,5 хувиар бодоход 688 240 төгрөг, хоногийн хүү 22201 төгрөг болох ба хэтэрсэн 609 хоногт 13 520 409 төгрөг, нэмэгдүүлсэн /сарын 0,98 хувь/ хүү 2 704 081 төгрөг, нотариатын зардал 19 500 төгрөг нэмж нийт 48 317 990 төгрөг Иргэний хуулийн 452 дүгээр зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч С.Ч, Б.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулан “ГКП” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 879 376 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. 

            Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК шүүхэд хандан, хариуцагч С.Ч, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68 197 366 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг 45 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган нэр төр, алдар хүндийг сэргээж гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “ГКП” ХХК нь зээлдэгч С.Ч, Б.Н нарт 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч С.Чын өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн 44 дүгээр байрны 21 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202002451 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Дээрх зээлийн гэрээнд талууд 2015 ны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж, хугацааг мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр баталсан байна. Уг гэрээний дагуу авсан зээлийн хүүд 10 336 000 төгрөг төлсөн, мөн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болохыг хариуцагч тал зөвшөөрдөг боловч хүүгийн хэмжээг илт өндөр тогтоосон гэж марган энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хүүг шаардах эрхтэй. Гэтэл зохигчид стандарт нөхцөл бүхий гэрээний 1.2.1, 1.2.2 дахь заалтаар зээлийн хүүгийн нөхцлийг 2 өөр хэмжээгээр өөрөөр хэлбэл, үндсэн хүү 4.9 хувь, хөнгөлттэй зээлийн хүү 3.4 хувь гэж тогтоосны улмаас хүүгийн хэмжээ тодорхой бус болжээ. Иймээс Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцлийн утга агуулга ойлгомжгүй бол хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах учиртай тул талууд зээлийн хүүг 3.4 хувиар тогтоосон гэж үзнэ.

Шүүх гэрээний агуулгыг тайлбарлахдаа дээрх хуулийн зохих заалтыг хэрэглээгүйгээс хариуцагч нарын гэрээний хугацаанд зээлийн хүүд төлсөн төлбөрийн хэмжээг буруу тооцоолсон байна. Иймээс хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлбол үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 20 400 000 төгрөг /30 000 000 х 3.4%=1 020 000 х 20 сар/, нийт 50 400 000 төгрөгийн үүргээс төлөгдсөн 10 336 000 төгрөгийг хасвал 40 064 000 төгрөг төлөгдөөгүй байна. Гэвч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг 45 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх боломжтой гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул уг хэмжээгээр хариуцагч нарын үүргийг тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан диспозитив зарчимд нийцнэ.

Нэхэмжлэгч тал хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 2.3-т заасныг баримтлан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тусгахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт гэрээнд зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тусгайлан заажээ.

Талууд гэрээний 1.2.1, 1.2.2 дахь заалтаар зээлийн хүүгийн хэмжээг 2 өөрөөр тогтоосон бөгөөд гэрээний 1.2.6-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1.2.1-т заасан буюу “4.9” хувиас 20 хувь байхаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг 3.4 хувиар тогтоосон гэж үзсэн учир “4.9” хувиас 20 хувиар тооцох талуудын тохиролцоо нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгож байна. Иймд гэрээний 1.2.6, 2.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хуулиар тогтоосон дээд хэмжээг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Хэтэрсэн хугацаанд хүү авах бол энэ зээлийн үндсэн хүүгээс хэтрэхгүй байдлаар гэрээнд тусгагдсан байх шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулжээ. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нараас хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт харшлахгүй.

Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарыг хэтэрсэн хугацааны, мөн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Харин хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нар зээлийн гэрээний хүүг 15 000 000 төгрөг байхаар тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байх боловч энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргаж буй хариу тайлбар байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт оновчгүй болжээ. Харин нэр төр, алдар хүндийг сэргээж, гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00515 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “60 037 494” гэснийг “45 000 000” гэж, “8 159 872” гэснийг “23 197 366” гэж, 3 дахь заалтын “458 137” гэснийг “382 950” гэж тус тус өөрчлөн, 4 дэх заалтаас “хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 15 000 000 төгрөгөөр тооцуулах” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Ч.ЦЭНД