Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/03077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд00регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг,0 дугаар хороо, Метро бизнес центр 0 тоотод байрлах “F” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 0-р хороолол, 00тоотод оршин суух, Гэлэн овогт М*******ын Gд холбогдох,

4,504,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, хариуцагч М.G, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Ичинхорлоо нар оролцов.                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “F” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ****** *******, *******/ тоот үйлчилгээний зориулалтай байрыг иргэн М.Gд 2017 оны 10 сарын 10 өдрөөс 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулан түргэн хоолны чиглэлээр ажиллуулахаар түрээсэлсэн болно. Түрээслэгч нь түрээсийн төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанаас байнга хожимдуулах, хоцроох төлөх зэрэг асуудлаас болж 4,504,838 төгрөг төлөөгүй байна. Иймд бид нийт 4,504,838 төгрөгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “F” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 29 дүгээр байр, 25, 26 /*******, *******/ тоот үйлчилгээний зориулалтай байрыг G миний бие 2017 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд түрээсэлж байсан нь үнэн бөгөөд тус түрээсийн гэрээг дуусгавар болгож холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно. Мөн тус гэрээг цуцалснаас хойш 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болох үед түрээслэгч талтай харилцан тохиролцож төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд G миний бие “F” ХХК-нд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “F” ХХК нь хариуцагч М.Gд холбогдуулан 4,504,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

“F” ХХК нь М.Gтой 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч тал болох “F” ХХК нь Сүхбаатар дүүрэг, ****** тоот хаягт байрлах 119.19 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч тал болох М.G нь түрээсийн төлбөрт сар тутам 2,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8-13 дахь талд/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 318.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж зохицуулсан.

Түрээсийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргахгүй байхаас гадна уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д талууд түрээсийн 1 сарын төлбөрийг 2,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зохицуулснаар гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэгт “Түрээсийн тооцоо”-ны баримт авагдсан байх ба уг тооцооллоор 2018 оны 10 дугаар сарын байдлаар түрээсийн төлбөрт 4,504,838.71 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 16 дахь талд/

Хариуцагч 2018 оны 10 дугаар сараас хойш өөрийн Хаан банкин дахь ******* тоот данснаас нэхэмжлэгчийн Хаан банкин дахь ******* тоот дансанд 4,504,838.71 төгрөгийг шилжүүлсэн тул төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргаж, нэхэмжлэгч уг шилжүүлсэн төлбөрийг хариуцагчийн эхнэр түрээсийн байрыг үргэлжлүүлэн түрээслэхээр болсонтой холбоотой өөр гэрээний төлбөр тул хариуцагчийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.G нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “F” ХХК-ийн дансанд түрээсийн төлбөрт тооцон шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 32-45 дахь талд/

Тодруулбал, талууд түрээсийн гэрээний төлбөрийн тооцоо хийсэн 2018 оны 10 дугаар сараас хойш хариуцагч банкны 3 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

Харин хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг “түрээсийн барьцаа шинэ гэрээ” гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул уг мөнгийг хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг хариуцагчийн эхнэртэй байгуулсан шинэ гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Gоос 2,504,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “F” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Gоос 2,504,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “F” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,027 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Gоос улсын тэмдэгтийн хураамжид 55,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “F” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ