Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

  2023             08                 07                                                     2023/ШЦТ/112                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: М.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттүвшингийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Өрнөхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганжаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

-Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

 

-Хохирогч М.Мийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 79 дэх тал/,

 

-М.Бын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн Цагаан хад суурьшлын бүсэд байрлах “Ө” ХХК-ийн кемпийн оффисын гэрт М.Мтэй үл ялих зүйлээр маргалдаж, гар утсаа шидэж, нүүрэн тус газарт оносны улмаас “тархины доргилт, хамрын салстын шарх” гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-ийн өгсөн: "... 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 18 цагийн үед хүний нөөц бүртгэлийн ажилтан над руу утсаар холбогдоод оффисын өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд яваад ортол бүх инженерүүд суучихсан байсан. Би нэг сул сандал байхаар нь очоод суусан. Тэгтэл ерөнхий инженер Б нийт инженерүүдэд хандаж М та нарыг өдөр болгон архи уудаг гэж надад хэлсэн энэ үнэн үү? гэсэн. Тэгтэл тэнд байсан инженерүүд үгүй гэж хэлсэн. Тэгтэл над руу хандаад хэн, хэн архи уусан нэрийг нь одоо надад хэл, би арга хэмжээ тооцно гэсэн. Тэгэхээр нь би тодорхой мэдэхгүй кемп дээр байгаа хүмүүс архи ууж зах замбараагүй байдал үүсээд байна шүү гэсэн... Тэгээд энэ талаар мэтгэлцээн өрнөөд тэгтэл өөрийнхөө гар утсыг миний нүүр лүү ерөнхий менежер Б шидсэн. Тэгээд миний хамарнаас маш их цус гарсан. Тэгээд та яагаад намайг цохиж байгаа юм, яагаад намайг гүтгээд байгаа юм гэж хэлэхэд битгий баашлаад бай, баримт нотолгоотой юм яриарай гээд ерөнхий менежер загнасаар л байсан...Тэгээд би зодууллаа гээд Улаанбаатар хотод байдаг Ариунболд захирал руу утсаар мэдэгдсэн. Тэгээд өөрийн цус гарч буй бичлэгийг удирдлагуудын групп мессенжер чатад тавьсан...Ерөнхий инженер Х.Өрнөх, хэмжилтийн ахлах инженер Бямбасүрэн, материалын ахлах инженер Пүрэвдорж, замын инженер Ганжаргал, талбайн инженер Ганбаяр, талбайн инженер Отгонбат, материалын инженер Баттүвшин, хэмжилтийн техникч Жаргалсайхан, хүний нөөц Мөнхдэлгэр, дотоод хяналтын ажилтан Пүрэвдагва, ерөнхий инженер Б тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттүвшингийн өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд зам барилгын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Ө ХХК”-д 2020 оны 07 сараас одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 06 сарын эхээр орой болгон болдог хуралд материалын инженер Пүрэвдорж хуралтай байна оффист ороод ир гэсэн. Тэгээд ороод сууж байтал ерөнхий менежер Б орж ирээд энэ кемп дээр хүмүүс архи, дарс ууж дотоод журам зөрчөөд байна, надад мэдээлэл ирсэн, хэн нь уусангаа шударгаар хэл гэсэн. Тэгээд бид нар бүгд архи, уугаагүй гэж хэлсэн. Тэгтэл Б инженер та хэдийг гэрчлэх гэрч байгаа гээд Мийг оруулж ирсэн. Тэгээд М рүү хандаж Б инженер чи одоо манай инженерүүд архи уугаад байна гэсэн одоо хэн нь уусныг хэл би бүгдийг нь цуглуулчихсан байна гэтэл М би инженерүүд уугаад байна гэж хэлээгүй гэсэн. Тэгэхэд Бямбадорж инженер чи инженер техникийн ажилтнууд уугаад байна гэж надад хэлсэн биз дээ гэхэд М тэгж хэлээгүй гээд энэ талаар хоорондоо маргалдсан. Бид хэд чимээгүй болоод утсаа оролдоод сууж байсан. Тэгтэл М аа гээд орилсон. Тэгээд би цочоод хартал хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд Алтанхуяг захирлыг дуудаад бид нарыг гарч бай гээд гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Өрнөхийн өгсөн: “...тус хуралд 8-9 хүн байсан бөгөөд хурлын үеэр ерөнхий инженер Б бүх инженерүүдэд хандан инженерүүд архи согтууруулах ундаа хэрэглээд байна, ямар хүмүүс нь архи уугаад байна гэж асуусан. Тэр үед инженерүүд архи уугаагүй, асуудал гаргаагүй гэж хариулсан. Тэгээд гэрчтэй гээд Мийг дуудаж оруулж ирээд архи уусан талаар маргаад байсан. М, Б инженерийн үгийг сонсохгүй даваад бахираад байсан. Тэр үед би доошоо хараад сууж байсан чинь М гэнэт хамарнаас цус гараад байна гэхээр нь харсан чинь Мийн хамарнаас нь цус гарч байсан...М тэр үед хамарнаас цус гараад байна намайг утсаараа цохичихлоо гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхдэлгэрийн өгсөн: “...06 дугаар сарын 05-ны өдрийн 17-18 цагийн хооронд инженерүүд оффисын байранд хуралдсан юм. Тэр хоёрыг хэрэлдэж байхад хуралд сууж байсан хүмүүс бүгд доошоо хараад сууж байсан. М тэр үед миний хажууд сууж байсан бөгөөд намайг доошоо харчихсан сууж байхад гэнэт Мийн нүүрэнд гар утас оноод нөгөө гар утас нь ширээн дээр унасан. Тэгэхээр нь би Мрүү харсан чинь хамарнаас нь цус гарч байсан. Би тэр үед босоод Мт алчуур авч өгөөд цусыг нь арчаад зогсож байхад Б менежер тэнд байсан хүмүүсийг гаргаад М, Б менежер нар хурлын өрөөнд үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганжаргалын өгсөн: "... Тэгээд маргалдаж хэрэлдэж байгаад гэнэт М та яаж байгаа юм бэ? Миний хамарнаас цус гарчихлаа гэж хэлж байгаа надад сонсогдсон. Тэгээд тэндээсээ хурал тараад би өөрийн амрах байрандаа очиж амарсан...Б инженер, М нар хоорондоо маргалдаж байгаад Б инженер өөрийнхөө гар утсыг шидсэн юм шиг байсан. М та яаж байгаа юм бэ миний хамарнаас цус гарчихлаа гэж хэлэх үедээ гартаа хар өнгийн гар утас барьчихсан байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбатын өгсөн: “...тэгээд би доошоо хараад сууж байтал М над руу та утас шидэж байгаа юм уу гэж хэлэхээр нь би өндийгөөд харахад М, Б инженерийн гар утсыг гартаа барьчихсан сууж байсан...Хамарнаас нь цус гарчихсан ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Алтанхуягийн өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 17 цагийн үед Өрнөх инженер над руу залгаад та оффисын гэрт ороод ирэх шаардлагатай боллоо гэсэн. ятэгээд яваад ортол Мийн хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би инженерүүдийг гар гэж хэлж гаргаад М, Б бид 3 үлдээд юу болсон талаар тодруулах гэтэл М зүв зүгээр байхад намайг зодлоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд Тэгээд Б үлдээд надад хэлэхдээ өөдөөс орилж чарлаад дуугүй бол гэхээр дуугүй болдоггүй тэгээд би ширээ цохиж байсан, яаж явж байгаад утас гарнаас гарсан юм мэдэхгүй хамрыг нь оночих шиг боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “....2023 оны 06 сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ хуралтай гэж 15 цагийн орчимд оффисын гэрт дуудсан. Тэгээд тэнд инженерүүд байсан ойролцоогоор 10-аад инженерүүд ирсэн. Хурал эхлээд ажлаа ярьж дуусчхаад тарах дөхөхөд төслийн ерөнхий инженер Б инженерүүд өдөр болгон архи уудаг гэсэн мэдээлэл надад ирсэн, энийг болохгүй гэдгийг та нар мэдэж байгаа хэн нь архи хэрэглэсэн бэ? Үнэн зөвөөр хэл би тэр хүн дээр хариуцлага тооцно гэсэн асуудал яригдсан. Инженерүүд бол бидэнд тийм асуудал байхгүй архины асуудал гараагүй гэсэн хариу өгсөн. Төслийн инженер Б би наадахыг чинь найдвартай хүнээс сонссон, баримттай юм ярина гэсэн. Тэгээд бид нар тэр хүнээ дууд гэсэн тэгтэл ХАБЭА-н инженер Мийг дуудаж оруулж ирсэн. Тэгээд Б инженер Мт хандан чи эд нарыг өдөр болгон архи уудаг гэсэн, эд нар үгүй гэж байна яг хэн нь уусан гэдгийн хэлж өг гэсэн. Тэгтэл М би тэгж хэлээгүй гэж хэлсэн. Тэгтэл Б инженер би худлаа ярьдаггүй хүн, би чиний ярьсан юмыг хэлж байна гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Б инженер би чамд шаардлага тавьж байна чи чимээгүй бай гэхэд М өөдөөс нь юм яриад байсан юу гэснийг би санахгүй байна. Нэлээн хэрэлдэж байсан тэр үед би утсаа оролдоод сууж байсан. Тэгээд гэнэт чимээгүй болсон Мийн хамраас цус гарчихсан сууж байсан. Тэр үед үйл ажиллагааны захирал Алтанхуяг орж ирээд бид хэдийг гаргасан. Тэгээд М, Б, Алтанхуяг захирал гурав үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Пүрэвдоржийн өгсөн: “...Тэгээд би тэр хоёрыг хэрэлдэж байхад доошоо хараад утсаа ухаад сууж байсан чинь М хамарнаас цус гарчихлаа гээд утсан дээрээ бичлэг хийгээд байх шиг байсан. Тэгээд би харахад Мийн хамарнаас цус гарчихсан, урд талын ширээн дээр хар өнгийн гар утас харагдаж байсан. Тэр үед М миний хамар луу утас шидээд цус гаргачихлаа гээд бахираад байсан. Тэгээд удаагүй гаднаас үйл ажиллагааны захирал Алтанхуяг орж ирээд М, Бямбадорж инженер тэр гурав үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай “1.М.Мийн биед тархины доргилт, хамрын салстын шарх гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Б нь хохирогч М.Мийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч М.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч М.Мийн биед “тархины доргилт, хамрын салстын шарх” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/  

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Мийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/

 

Хохирогч М.М нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “Миний бие Мөнхжаргал овогтой М М.Бод холбогдох хэргийн хохирогч бөгөөд миний бие тухайн иргэн М.Бод гомдолгүй. Мөн миний бие шүүх хуралд оролцох боломжгүй тул оролцохгүй байлгаж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хохирогч М.М нь шүүгдэгч М.Боос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг, шүүгдэгч М.Б нь хохирогч М.Мт хохиролд 2.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Б-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.М нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгч М.Б нь хохирогч М.М-т хохиролд 2.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН