Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/01391

 

 

 

 

 

 

 

                           2020         04       23                             

                               101/ШШ2020/01391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн 000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 000тоотод оршин суух И0 овогт До0 Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 00регистрийн дугаартай  Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух У0овогт Д0йн З,

Хариуцагч: Монгол улсын иргэн 0 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,0 дүгээр хороо, 0-р хороолол,0байр 0 тоотод оршин суух За0овогт С0ийн Т нарт холбогдох,

Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагч С.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Н надад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн дагуу 00554455 дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтай 700 мкв газар олгогдсон. Миний бие удаан хугацаагаар өвдөж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан тул найз Дарамсүрэнд миний газрын гэрчилгээг аваарай хэмээн захисан. Хэсэг хугацааны дараа Дарамсүрэнгээс миний гэрчилгээг авсан уу хэмээн тодруулахад авсан тухай хэлж байсан. Бидний хооронд ямар нэгэн өр авлага тооцоо огтхон ч байгаагүй боловч ямар нэгэн шалтаг гарган миний газар эзэмших эрхийн гэрчилгээг өгөөгүй. 2015.05.22-ны өдөр Дарамсүрэн нь Чингэлтэй дүүрэгт байрлах нотариат дээр намайг дуудан гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус нотариатын дээр Дарамсүрэн, миний болон нотариатчаас өөр хүн байгаагүй. Гэтэл миний болон миний охин Бум-Эрдэний газрын гэрчилгээг З, Номин гэх иргэдэд тус тус шилжигдсэн байсныг Нийслэлийн газрын албанаас лавлагаа авснаар  буюу 2016.08.03-ны өдөр мэдсэн. Улмаар миний бие болон охин Бум-Эрдэнэ нараас 2016.09.01-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл гаргаж 2017.12.6-ны өдөр МУ-ын Дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний охин Бум-Эрдэнийн нэхэмжлэл хангагдаж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй бөгөөд ийнхүү иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр танай шүүхэд хандаж байгаа болно. Миний бие 2015.05.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариат дээр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлнэ гэсэн санаа зорилго агуулаагүй. Тухайн үед гарын үсэг зурахдаа энэ талаар ойлголтыг Дарамсүрэн болон нотариатч нар нь өгөөгүй болно. Мөн З гэх огт танихгүй урьд өмнө уулзаж байгаагүй хүнтэй  гэрээ байгуулуулж улмаар Чингэлтэй дүүргийн газарт миний нэрийн өмнөөс өргөдөл гарган эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Эрх шилжүүлэгч Д.Н, эрх хүлээн авагч Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулсан Чингэлтэй дүүгийн нотариатч С.Т нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй мөн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасны нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан. Иймд эрх шилжүүлэгч Д.Н, эрх хүлээн авч Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус заасны дагуу уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Д.З надад шилжүүлэхээр 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар батлуулсан билээ. Ийнхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг жил гаруй хугацааны дараагаар Д.Н нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх нэхэмжлээгч Д.Н нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гуравдагч этгээд Д.Зтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэмээн үзэж нэхэмжлэгч Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Д.З би дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авч одоо өөрийн амьдрах хувийн сууцыг барьж байгаа билээ. Иймд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн Д.З надтай харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт зусланд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч С.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.Т дээрх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуульд заасны дагуу гэрчилсэн байдаг. Ийнхүү гэрээг гэрчлэх үед газар эзэмших эрхээ шилжүүлэгч Д.Н болон эрх хүлээн авч Д.З нар миний ажлын байранд өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж үзсэний үндсэн дээр нотариатын үйлдлийг хийсэн юм. Гэтэл хуульд заасны дагуу хийгдсэн нотариатын үйлдлийг нэхэмжлэгч Д.Н нь хууль зөрчсөн, нотариатын үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх зэрээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд иргэн Д.Н болон Д.З нарт өөрсдийнх нь хүсэлт зоригийнх нь дагуу нотариатын үйлчилгээг үзүүлсэн. Иймд нотариатч С.Т би нотариатын үйл ажиллагаанд хориглосон хууль бус үйлдэл хийгээгүй, Д.Н болон Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуульд заасны дагуу гэрчилсэн байх тул Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.З, С.Т нарт холбогдуулан Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
          Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Зд холбогдуулан гаргасан шаардлагыг хангуулах үндэслэлийг “... Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт дэх зуслангийн 700 м.кв газраа бусдад шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан тул найз Т.Дарамсүрэнг газрын гэрчилгээг аваарай гэж хэлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нотариат дээр найз Т.Дарамсүрэн дуудаж, өөр бичиг баримтад гарын үсэг зуруулсан гэж ойлгосон боловч газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулж, хууран мэхэлсэн ...” гэж, хариуцагч С.Тт холбогдох шаардлагыг хангуулах үндэслэлийг “... нотариатч нь гэрээ хэлцлийн талуудыг байлцуулаагүй гэрчилж, нотариатын үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан, ямар гэрээ хэлцэл байгуулж байгаа болон үр дагаврыг тайлбарлаж өгөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ...,” гэж тус тус тайлбарласан.

Нэг талаас Д.Н, нөгөө талаас Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зусланд байрлах 700 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх, нөгөө талаас эрх хүлээн авагч Д.З нь газрыг хүлээн авах агуулга бүхий хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 71 дэх талд/

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан “Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна.

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Нэхэмжлэгч нь тухайн хэлцэл байгуулах үеийн дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй, хэлцлийг байгуулахдаа хариуцагч хуурч мэхэлж байгуулсан гэж маргаж байх тул хэлцэл субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулсан бөгөөд “хуурч мэхэлж” хийсэн хэлцлийн талаар хуулийн 59 дүгээр зүйлд зохицуулсан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. ...” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар хэлцлийн нэг тал нөгөө талыг хууран мэхлэх зорилгыг анхнаасаа агуулж, үйлдлээ хийсэн тохиолдолд тус хэлцлийг субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцох бөгөөд энэ үндэслэлд дүгнэлт өгөхөд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0462 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З Э.Номин нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н, Б.Бум-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0653 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Д.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 506 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. /1 дүгээр х.х-ийн 9-21 дэх талд/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0653 дугаар магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэгч Д.Н нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Д.Зд шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, улмаар гэрээнд гарын үсгээ зурсан, ... болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнд нэхэмжлэгч Д.Н гарын үсгээ зурсан эсэх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

Хариуцагч Д.З нь “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнд гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4745 дугаар шинжээчийн дүгнэлт, нотариатын бүртгэлийн дэвтэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 73-74, 159-180 дахь талд/

Мөн гэрч Т.Дарамсүрэн “...  тухайн үед нотариатч дээр байлцаагүй, ... би энэ газраа зармаар байна гэхэд ахынхаа хүүхдэд энэ талаар хэлээд энэ хоёрыг зуучилсан” гэж шүүхэд мэдүүлжээ. /х.х-ийн 57-58 дахь талд/

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагч Д.З нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч Д.Нг хууран мэхэлж, хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “өөр бичиг баримтад гарын үсэг зуруулахаар дуудсан” гэх тайлбар болон Д.З нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нотариат дээр байлцаагүй, тус гэрээнд нөхөж гарын үсгээ зурсан гэх тайлбарууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээр дурдсан баримтуудыг үгүйсгэсэн баримтаа нэхэмжлэгч гаргаж мэтгэлцээгүй болно.

Талуудын марган бүхий 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг нотариатч гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 21.1.3 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч Д.З, С.Т нарт холбогдох Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотариатч С.Тийг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан тул түүний 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /1 дүгээр х.х-ийн 59-60 дахь талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч Д.З, С.Т нарт холбогдох Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ