| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/111 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/111
2023 08 04 2023/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Ц.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:
Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1000750 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,
-Ц.М-ийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 60-65, 67, 68 дахь тал/,
-Шүүгдэгч Ц.М-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Манлай дэлгүүрийн гудамд Г.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн “Тоёота приус 11” маркийн **-**УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М-ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Цогтцэций сумын төвд таксинд явж байхад 88366118 дугаараас залгаад найз нь нэг газар хүргүүлэх гэсэн юм гэхээр яваад очсон.Намайг хаана дуудсан бэ гэхээр Цогтцэций сумын Манлай дэлгүүрийн гудамжинд дуудсан. Намайг яваад очиход ганцаараа байсан. Мижиддорж миний машинд суугаад надтай хэрүүл маргаан үүсгэсэн ба намайг заамдаж гэж дайрсан, яг заамдахгүй байсан, хэл амаар доромжилсон, гичий нохой, янхан гэж хэлээд байхаар машинаасаа би буугаад явсан чинь миний машиныг унаад явсан. Би иргэн Мижиддоржид тээврийн хэрэгслээ жолоодох эрхийг өгөөгүй, Машины түлхүүрийг Мижиддорж надаас булааж авсан. Би машинаасаа буугаад явахад Мижиддорж миний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж явсан...Би өмнө Мижиддоржийг таньдаг байсан. Би өмнө найз нөхдийн холбоотой байсан.Намайг хүнтэй хардаад тайван байлгахгүй байгаа. Би Мижиддорж гэдэг хүнд хамааралгүй хүн...Миний **-**УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй жолоодож явсан. Мижиддорж надаас түлхүүрийг нь булааж аваад миний машиныг жолоодоод явсан. Надад унаж явлаа гэж огт хэлээгүй...Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй.Тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан. Тус машин бол миний эд хөрөнгө юм...Би Мижиддоржид тээврийн хэрэгслийг жолоодох эрх олгоогүй. Машиныг түлхүүрийг надаас машин дотор байхад булааж авсан. Тус тээврийн хэрэгслийг Цогтцэций сумын Цагаан- Овоогийн гудамжинд зогсож байхад унаа/\явсан. Би тухайн үед айгаад буугаад явсан. Тус машин байсан газраас зүүн чиглэлд жолоодож явсан.Машин дотор хүн байхгүй байсан...Тээврийн хэрэгслийн гэрчилгээ Баасанжав гэдэг иргэний нэр дээр байгаа. Би Энхжаргал ахын нэр дээр худалдан авалт хийгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй...миний тээврийн хэрэгслийг өмнө Мижиддорж гуйж авч унаж байгаагүй. Би тухайн хүнд өгч байгаагүй...Над руу зөндөө ярьсан.Намайг үхсэн хойно машинаа миний цогцстой олж аваарай гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1000750 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний 4.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Мийн яллагдагчаар өгсөн: “...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоогүй би түлхүүрийн нь булааж аваад машиныг хөдөлгөөд явсан.Би энэ асуудал дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.М нь бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ц.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23-404 дугаартай мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Мийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/
Шүүгдэгч нь хохирогчид автомашиныг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8 дахь тал/
Иймд шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.М-д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН