Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

     2023            08                04                                                     2023/ШЦТ/110                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Х.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2*******дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бцд холбогдох эрүүгийн 2*******дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

-Шүүгдэгч Х.Бийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49, 50, 59-64 дэх тал/,

 

-Х.Бийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

-Хохирогч Ц.Хгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоо 15-17 тоотод ээж Ц.Хтай үл ялих зүйлээр маргалдаж, хогийн шүүрээр 2-3 удаа хөл хавьд нь цохисны улмаас хохирогчийн биед “зүүн гуя, шилбэ, шагайнд цус хуралт, зүүн шагай тавхайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Хгийн өгсөн “...Би 2023 оны 06 сарын 11-ний шөнө манай хүү ажлаасаа ирэхгүй удаад байхаар нь би санаа зовоод ажил дээр нь очсон. Тэгсэн Балдандорж, Балданжав гэдэг хоёр хүүхэд маань хоёулаа согтуу байсан. Тэгээд би гэртээ авчраад та нар яагаад архи уугаад байгаа юм бэ гэхэд Балданжав унтаад өгсөн. Харин Балдандорж танд хамаагүй муу гичий минь гээд хэл үгээр доромжлоод, би чамайг тэжээж байгаа, чи дуугүй бай гээд тэгээд намайг төмөр иштэй хогийн шүүрийн ишээр зүүн талын хөлний гуя, шилбэ, өвдөгний ар тал, шагай хэсгээр төмөр хогийн шүүрийн ишийн хугартал цохисон. Тэгээд би унтаж байсан дунд хүү Балданжавын зүүн хөлөөс нь татаад энэ Балдандорж намайг алах гээд намайг зодоод байна гэхэд манай дунд хүү Балданжав босож ирээд чи миний ээжийг зөндөө олон удаа зодлоо одоо болоо юм биш үү гээд ахдаа хэлсэн чинь Балдандорж тэрнээс хойш намайг зодоогүй ээ. Доошоо хараад суугаад байсан. Би урд өмнө нь хүү Балдандоржид олон удаа зодуулсан. Тэр болгонд цагдаад дуудлага өгдөггүй байсан. Тэгээд би хүүдээ гомдоод цагдаагийн байгуулагд мэдэгдсэн...Миний биед төрсөн хүү болох Балдандорж гэмтэл учруулсан...Би тухайн үед хүүгээ архи ууссан байхыг хараад гомдоод загнасан түүнээс болж маргаан үүссэн...Тухайн үед би архи уугаагүй харин манай хүү болох Балдандорж архи ууссан байсан...Миний хүү Балдандорж нь зан араншин төлөв даруу бусадтай найрсаг нийтэч хүүхэд байсан. Сүүлийн нэг жилд огцом ууртай, архи их уудаг болсон. Эрхэлсэн тодорхой ажилгүй одоо гадуур ажилд орох гээл ажил хайгаад байгаа...Би хүүдээ сэтгэл санаагаар их гомдож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Балданжавын өгсөн “...Ээж хогийн шүүрээрээ ахын нуруу хөл таарсан газар луу нь цохиж нүдээд л байсан. Тэгсэн ах гэнэт босч ирээд хогийн шүүрийг нь ээжээс булааж аваад гэрийн урд хаалга хэсэг рүү шидсэн чинь ээж нөгөө шүүрийг нь ахиж аваад ахыг хэвтэж байхад нь цохиод загнаад л байсан. Тэгээд ах босч ирээд хогийн шүүрийг нь ээжээс булааж аваад ээжийн зүүн хөл хавьд нь 2, 3 удаа цохьсон өөр юм болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай “1.Ц.Хгийн биед зүүн гуя, шилбэ, шагайнд цус хуралт, зүүн шагай тавхайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Ц.Хгийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Ц.Хгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 06 сарын 11-ний шөнө айлд дүүтэй ажил хийж байгаад тухайн айлын ахтай хамт дүү Балданжавын хамт гурвуулаа нийлээд 2,5 литрийн Сэрүүн пиво хоёр ширхгийг уусан. Тэгээд байж байсан ээж машинтайгаа ирээд ажлаасаа буух болж байгаа юм уу явах уу гэсэн. Тэгээд би дүү Балданжавын хамт харихаар болоод гэртээ ирсэн. Гэтэл ээж намайг яагаад Балданжавт пиво уулгаасан юм бэ гэхэд би чимээгүй ороон засаад хэвтэж байхад төмөр хөгийн шүүрийн ишээр намайг цохисон. Тэгээд би ээж Хандмаатай гэр бүлийн маргаан болж би уур хүрээд ээж Хандмааг намайг цохисон төмөр иштэй хогийн шүүрээр ээжийг хэд хэдэн удаа цохисон...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна би ээжээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.Хгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Х.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч Ц.Хгийн биед “зүүн гуя, шилбэ, шагайнд цус хуралт, зүүн шагай тавхайнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/  

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Хг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Хохирогч Ц.Х нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “Миний бие Ц.Х шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хохирогч Ц.Х нь шүүгдэгч Х.Боос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Бийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Х.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Ц.Х нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН