| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
2023 08 04 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Т.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2******** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:
Яллагдагч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2******** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Эийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өнөрмөнхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ишигийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Т.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 37, 40-43, 46-49 дэх тал/,
-Хохирогч И.Эийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 60 дахь тал/,
-Т.Бын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны орой Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, сумын төвөөс хойш 1 километрт байрлах тал газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Этэй үл ялих зүйлээр маргалдаж толгой, цээж, хөл хэсэгт цохиж, хоолойг нь боох, газарт унаган дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас И.Эийн эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, ууц, баруун ташааны зулгаралт” бүхий гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Эийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай салсан Нөхөр Батжаргал манайд ирээд танай угаалгын машинаар жаахан хувцас угаая гэсэн. Тэгээд Батжаргал гэрт угаалга хийгээд үлдсэн. Би гадуур хүнтэй уулзах гээд гарсан. Тэгээд Өнөрмөнх гэдэг найзтайгаа 15 цагийн үед уулзаад Өнөрмөнхийнд очоод 2,5 литртэй Нийслэл нэртэй пиво нэгийг хувааж ууж байхад Батжаргал Өнөрмөнх рүү залгаад байсан. Тэгээд би Өнөрмөнхийг утсаа битгий ав наадах чинь уусан согтуу байх гээд хэлээд дуусаагүй байхад Өнөрмөнхийнд Батжаргал орж ирсэн. Тэгээд утсаа авахгүй юу хийгээд яваад байгаа гээд намайг загнаад байсан. Тэгээд би Өнөрмөнхөд цагдаа дуудаад өгчих өө гэсэн тэгээд Өнөрмөнх худлаагаасаа цагдаа руу залгаж байгаа юм шиг болоход Батжаргал гараад явсан. Тэгээд Өнөрмөнх бид 2 Батжаргалыг гараад явахаар нь амьдардаг байрных нь хаалгыг дотроосоо түгжээд сууж байсан. Батжаргал Өнөрөө хаалга гээд тогшоод байсан. Тэгээд Өнөрөө найз нь байранд байдаг тул хаалга үүд нүдээд байхаар хэл ам гараад байдаг юм аа гээд хаалгаа нээж өгсөн. Тэгээд бид гурав Өнөрмөнх бид хоёрын ууж байсан пиво талаасаа доогуур байсныг хувааж ууж байсан. Батжаргал намайг элдэв муухайгаар харааж хэлсэн. Тэгээд Өнөрмөнх дахиад цагдаа дуудаад дуудлагад цагдаа 2 цагдаа ирээд Батжаргал цагдаа нартай уулзаад эргээд ороод ирсэн, цагдаа нар ч явсан. Батжаргал Өнөрмөнхөд хэдүүлээ Эсмэдэхийнд очъё гэсэн. Тэгээд бид гурав 17 цагийн үед манайд очих болоод ява мотоцикл дээр гурвуулаа сундлаад манайх руу явъя гэсэн. Тэгээд би голоор нь сундлаад нүдээ аниад явж байгаад ява мотоцикл зогсохоор нь манай гадаа ирлээ дээ гээд буух гэтэл Цогтцэций сумаас хойш 2 км тал руу гарсан. Бид 3 юм нэлээн удаан юм яриад сууж байсан юм. Өнөрөө юм ярьж байгаад би танай нөхрийг юугаар ч дутаахгүй авч явж чадна гээд Батжаргалтай үнсэлцээд суугаад байсан. Тэгээд би босож ирээд болиоч дээ гэж хэлээд босоод ирэхэд Батжаргал чи одоо юу гээд байгаа гээд намайг газар унагаад цээжний ард урд тал, толгойны баруун зүүн талаар бас хөл гар дээр намайг дэвслээд бас намайг ална гэж багалзуурдсан байсан. Би Өнөрмөнхөө Батжаргалыг аваач ээ гэхэд Өнөрмөнх тасарсан юм шиг бололтой огт босож ирээгүй. Тэгээд би зугтаад гүйхэд Батжаргал намайг гүйцэж ирээд дахиад цээжний ард урд тал, толгойны баруун зүүн талаар бас хөл, гар дээр намайг дахиад дэвслээд бас чамайг алаад хаячихъя гээд багалзуурдсан. Тэгээд би дэвхцээд Батжаргал намайг нэлээд зодсон. Үснээс чирээд бараг 500 метр явсан. Тэгээд би сүүлдээ Батжаргалаас гуйсан одоо миний хань больчхооч дээ өмнө нь чи миний хавиргыг хугалж байсан, одоо би тэсэхгүй үхэж мэднэ, одоо болъё ханиа явъя гэсэн. Тэгээд би сөхөрч суугаад гуйсан. Тэгээд Батжаргал чи одоо очоод аав, ээждээ хэлэх үү гэж асуусан. Тэгээд би аав, ээждээ хэлэхгүй гэсэн үнэн биз гэж Батжаргал асуусан. Би үнэн, хэлэхгүй гэсэн тэгээд Батжаргал бид хоёр Өнөрмөнхийг унтаж байхад нь дуудаж босгоод 21 цагийн үед сумын төв рүү ороод Өнөрмөнхийг айлд үлдээгээд, тэгээд Батжаргал намайг гэрт хүргэж хамт ирсэн. Би хашаанд орж ирээд шууд аав, ээжийнд гүйж бүх болсон зүйлээ хэлэхэд миний охиныг ийм болгоод байхдаа яадгийн гээд аав, ээжээс түрүүлээд миний охиныг ийм болгоод гээд уурлаад аав гаргахад Батжаргал явсан байсан. Тэгээд ээж цагдаа дуудсан нээх удалгүй цагдаа нар ирсэн. Аав цагдаа нарт тэр хүн зугтаад явчихлаа гэсэн...Би Батжаргалыг танина өмнө нь хамт амьдарч байсан. Одоо салаад 5 сар болж байна...Би Өнөрмөнхийнд 2,5 литрийн пиво хувааж ууссан. Батжаргал Өнөрмөнхийнд архи уусан ирсэн. Бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Би гомдолтой байна аа одоо эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж эмчилгээний зардал мөнгийг төлүүлэх бодолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өнөрмөнхийн өгсөн: “...Би Эсмэдэв найзтайгаа уулзаагүй жил гаран болсон тэгээд 2023 оны 06 дугаар сарын 26-ны Эсмэдэв манайд ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр ороод 2,5 литртэй Нийслэл нэртэй пиво хоёрыг манайд ирээд ууж байхад Батжаргал Эсмэдэв рүү залгаад дараа нь миний гар утас руу залгасан. Тэгсэн Эсмэдэв утсаа битгий ав наадах чинь уусан согтуу байх гээд хэлж дуусаагүй байхад манай гэрийн хаалгыг хүн нүдсэн. Тэгээд Батжаргал орж ирсэн. Тэгээд утсаа авахгүй юу хийгээд яваад байгаа гээд Эсмэдэв рүү загнаад байсан. Тэгээд би Батжаргалд цагдаа дуудлаа гээд худлаагаасаа цагдаа руу залгаж байгаа байгаа юм шиг болоход Батжаргал гараад явсан. Тэгээд Эсмэдэв бид хоёр Батжаргалыг гараад явахаар нь амьдардаг байрных нь хаалгыг дотроосоо түгжээд сууж байсан. Батжаргал Өнөрөө хаалга гээд тогшоод байсан тэгээд би Эсмэдэвт найз нь байранд байдаг тул хаалга үүд нүдээд байхаар хэл ам гараад байдаг юм аа гээд хаалгаа нээж өгсөн. Тэгээд бид гурав манай гэрт Эсмэдэв бид хоёрын ууж байсан пиво талаасаа доогуур байсныг хувааж ууж байсан. Батжаргал Эсмэдэвийг элдэв муухайгаар харааж хэлсэн. Тэгээд дахиад цагдаа дуудаад дуудлагад 2 цагдаа ирээд Батжаргалыг аваад гараад явсан. Удалгүй Батжаргал эргээд ороод ирсэн, цагдаа нар ч явсан. Батжаргал хэдүүлээ Эсмэдэвийн гэрт очъё гэсэн. Тэгээд бид гурав 17 цагийн үед Эсмэдэвийн гэрт очихоор болоод ява мотоцикл дээр гурвуулаа сундлаад явсан. Тэгээд би нэг мэдсэн тасарсан, тал дээр ирсэн унтаж байсан. Нэг сэрсэн эмэгтэй хүний ёо болиоч ээ гуйж байна, битгий зодооч ээ гээд уйлаад байсан. Тэгээд би боссон чинь Батжаргал Эсмэдэв рүү толгой зүүн тал руу хөлөөрөө өшиглөөд, гараараа нүүрний хэсэг рүү нь цохиж байсан. Би Эсмэдэвийн дээр нь гараад битгий миний найзыг зодоод бай гээд Батжаргалыг түлхсэн. Би тэр үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн би гэртээ ирсэн байсан. Яг юу болсон талаар сайн санахгүй байна...Ер нь байнга л зоддог байсан. Эсмэдэв өмнө 1 сартай жирэмсэн байхад нь зодоод тэгээд бид хоёр хамт аймагт очиж үзүүлж байсан. Сүүлд 5 сартай жирэмсэн байхад нь зодоод гэдэс дотроо ураг нь амьгүй болчихсон байсан гэж Эсмэдэв надад ярьж байсан. Эсмэдэв хоёр ч удаа жирэмсэн болоод тэгээд Батжаргал зодсоноос болж зулбаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ишигийн өгсөн: “...Намайг орой 19 цагийн үед гэртээ ирэхэд “...Эсмэдэв эгч Өнөрмөнх эгчийнд очих гээд гэрээсээ гараад ирээгүй байна” гээд манай хашаанд тоглож байсан ач охин тэгж хэлсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед манай охин Эсмэдэв өөрийнхөө гэртээ ороогүй шууд манай гэрт уйлаад орж ирсэн. Тэгээд Батжаргал намайг хөдөө авч явж зодсон тэгсэн Эсмэдэвийн хоолойн хэсгийн боомилсон шинжтэй хэдэн хурууны мөр гараад улайсан, зүүн талын нүд нь хөхөрсөн, уруул нь нэлээн хавдаад яз цохисон, зүүн талын хөл нь хөхөрсөн, нурууг нь чирсэн бололтой нилээд урагдсан байсан. Тэгээд би маргааш нь аймгийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартай “...И.Эийн биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, ууц, баруун ташааны зулгаралт гэмтлүүд үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Б нь хохирогч И.Эийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч И.Эийн биед “тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, ууц, баруун ташааны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн И.Эийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 11 дэх тал/
Хохирогч И.Э нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “Ишиг овогтой Эсмэдэв миний бие гомдол, хүсэлт, санал байхгүй учир шүүх хуралд оролцох боломжгүй, хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хохирогч И.Э нь шүүгдэгч Т.Баас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Бын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч И.Э нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН