Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0620

 

 2018 оны 10 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2018/0620 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюу даргалж, шүүгч Ашүүгч У.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СС ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: СС ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн СС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энан, иргэдийн төлөөлөгч А.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Д******* аймгийн С******* сумын нутагт орших Ц******* овоо нэртэй 3771.56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-014162 тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 онд хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий л эрх үүргийг биелүүлэн ажиллаж, дээрх талбайд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Манай компани 2006 онд үүсгэн байгуулагдсан. Компанийн гүйцэтгэх захирал Х.Б******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан тул тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг дээрх хугацаанд төлж барагдуулж чадаагүй.

Бид компанийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдлын улмаас хугацаа хоцроож тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн баримтыг мөн дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотолсон баримтыг хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг үндэслэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичилт хийж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/7657 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Бидний зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зуйлийн 11.1.1 - 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8, 11.1.12 кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлиин 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж Ашиг малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн чиг үүргийг нарийн зааж өгсөн.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56.3. Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус заасан хуулийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасан цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөл байдал арилсан /манай компанийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгийн хавсралтаар тусгай зөвшөөрлийн төлбөр болох 27.343.810 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрийн алданги болох 2.656.190 төгрөг буюу нийт 30.000.000 (гучин сая) төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн баримтыг хавсаргасан тул хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, холбогдох нотлох баримтыг

 

хянаж, хууль зүйн үндэслэл бүхий хариуг Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлээгүй.

Гүйцэтгэх захирал өвчтэй байсан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 хүндэтгэн үзэх шалтгаан гэж 4.1.8.а өвчтэй; 4.1.8.в. өвчтөн асарсан; гэж заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тайлбарласан хуулийн ганц зохицуулалт тул Кадастрын хэлтэс нь дээрх хянан шалгах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлж, цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөл байдлыг арилгасан бөгөөд хугацаа хоцроосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс шийдвэр гаргаж ажиллагааг түдгэлзүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоож, манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхийг Кадастрын хэлтэст үүрэг болгож, гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэж мөн боломжгүй гэсэн хариу өгсөнд бид гомдолтой байсан тул дээд шатны удирдах албан тушаалтан болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б*******од 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр гомдол гаргасан.

Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан гомдлын үндэслэлдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоож, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж өгөхийг тус тус дурдсан юм.

Бидний гомдолд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа тул бид удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг, Кадастрын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн мэргэжилтэнгүүдээс хариугаа очиж лавлахад танай гомдолд удахгүй хариу өгнө, танай гомдолтой холбоотой сонсох ажиллагаа хийх гэж байна, танай гомдолд дурдсан асуудлаар хяналт-шинжилгээ хийж байгаа гэх зэрэг шалтаг хэлэн хуулийн хугацаанд хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар өдийг хүрсэн.

Бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хуулийн хугацаанаас 10 хоног хэтрүүлж тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги болох нийт 30.000.000 (гучин сая) төгрөгийг улсын төсвийн төрийн сан дахь дансанд төлсөн.

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/12 тоот албан бичгээр ирүүлж, мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр гомдол гаргахад төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 56.4 дахь хэсэгт заасан хянан шалгаж, шийдвэрлэх чиг үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж одоо болтол хариу өгөхгүй байгаад гомдолтой байна.

Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийи 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажилл*******д баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна.

Маргаан бүхий тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх шаардлагатай байсан. Ашигт малтмалын тухай хуульд заасан алдангийн хамт төлж болох 30 хоногийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон ч уг хугацааг хэтрүүлж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөр болон алдангийн хамт 30.000.000 төгрөг төлсөн. Иймд Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийн даалгавар гүйцэтгэх захирлын гарын үсгээр баталгаажиж бичигддэг бөгөөд манай компанийн захирал тухайн үед өвчтэй байсан тул хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй. Уг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж төлбөр төлсөн баримтыг гэрчилгээний ард бичиж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан.

Ашигт малтмал , газрын тосны газраас уг гомдлыг хянан үзээд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Үүний дараа Н.Б******* даргад хандахад мөн шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. Энэ хугацаанд хариуцагч талаас эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт, захирамж огт гаргаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 тоот тушаалаар СС ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ талаар нэхэмжлэгчид мөн мэдэгдээгүй. Төрийн байгууллага шийдвэр, захирамж гаргахдаа үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагатай. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын тухай хуульд заасан төлбөр төлөөгүй гэх үндэслэл арилсан байсан бөгөөд энэхүү үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг 2 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цуцалсан нь хууль бус байна.

Иймд манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХУ-014162 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д******* аймгийн С******* сумын нутагт орших Ц******* овоо нэртэй 3771.56 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын Х\/-014162 тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 онд олгогдсон бөгөөд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр СС ХХК-д шилжүүлснийг бүртгэж, ХV-014162 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичиж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар СС" ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-014162 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдпийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр СС ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- 014162 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 тоот албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/169 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

СС ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/013 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад гомдолтой холбоотойгоор тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлсээс хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт шинжилгээ хийсэн ажлын дүгнэлтээр гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг дурдсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж, нотлох баримтгүйгээр төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд СС" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ /... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Энэ нь манай захирал Х.Б******* 2017 оны 09 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өвчтэй байсан, яг юу нь өвдсөнийг би мэдэхгүй байна. Өвчтэй байна гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болно. Энэ шалтгаан нөхцлийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа СС ХХК-д шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгохгүйгээр манай компнаийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж/ тайлбарлажээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурлдаан гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Х.Б*******ыг хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлсөн/ гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэж гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг ойлгохоор заажээ.

Мөн хүндээр өвчилсөн гэдэг нь хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагтай байх, мэс засалд орох, эмчийн хяналтан дор тууштай эмчилгээ хийлгэх зэргээр өөрийн эрхийг хамгаалах боломж муутай зэрэг үеийг эмнэлэгийн байгуулагын тодорхойлолтыг үндэслэж ойлгохыг хэлнэ. Бодит байдал дээр Х.Б******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр амбулатороор шинжилгээ хийлгүүлж улмаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэгээс олгосон магадлагаа, үзлэгийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгээс олгосон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай эмнэлэгийн магадлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Үүнээс дүгнэхэд СС ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан төдийгүй захирал Х.Б*******ыг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө хүндээр өвчилсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл Х.Б******* нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө өвдсөн, өвчилсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч СС ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлж ажиллах үүрэгтэй байхад нэхэмжлэгчээс төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгааныг компанийн захирал Х.Б******* өвдсөн гэх хүндэтгэн үзэх шалтгаанаас болсон гэж тодорхойгүй тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд дээрх шалтгаанаар хугацаа хэтрүүлж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийг алдангийн хамт төлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх, уг баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох, үндэслэлгүй бол цуцалж, эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг төрийн захиргааны байгууллага хүлээсэн байна.

Энэ үүргийнхээ дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/6936 тоот мэдэгдлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлбөрөө төлөх боломжтойг, мөн Монголын мэдээ сонинд нийтэлсэнээр СС ХХК-д мэдэгдсэн байна.

Түүнчлэн хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр СС ХХК-ийн гомдолтой холбоотой хяналт шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд Гомдлыг хянан шийдвэрлэх журмын дагуу тус компанийн захирал Х.Б*******ыг дуудаж тайлбар авахад: Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг мэдэж байсан, хугацааг нь андуурсан байсан, алдангийн хамт төлөхөөр иртэл хугацаа нь өнгөрсөн байсныг мэдсэн гэх тайлбараас дүгнэхэд Х.Бабаяр нь төлбөр төлөх хугацаанд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д / Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно/ гэж зааснаас дүгнэхэд СС ХХК-ийн нягтлан бодогч эсхүл геологич нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх бүрэн боломжтой байсан байна.

Ашигт малмтал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр СС ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги ногдуулна, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан СС ХХК-ийн СС ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн баримтыг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн СС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.