Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0422

 

 

 

 

 

 

 

 

  2026          06           18                                    221/МА2026/0422

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Гуравдагч этгээд Н.О, түүний өмгөөлөгч Э.Т

Гуравдагч этгээд: Н.О

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Н.О

Нэхэмжлэлийн шаардлага:

Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Говил багийн Засаг дарга Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.О, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.М, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд Н.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2026/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан “Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Говил багийн Засаг дарга Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3, 56.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” Б/05 дугаар захирамжийн Говил багийн Засаг дарга Н.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.  Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч Н.О, М.Б нарын хэн аль нь хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг аваагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 316 иргэн оролцсон бөгөөд үүнээс 13 саналын хуудас хүчингүйд тооцогдож, үлдэх 303 хүчинтэй саналаас нэр дэвшигч Н.О 153 санал буюу 50,49 хувь, М.Б 150 санал буюу 49,50 хувийн саналыг тус тус авсан байхад хүчингүйд тооцогдсон 13 саналын хуудсыг саналын тоонд оруулан тооцож, хувь хэмжээг буруу тооцоолсон гэж үзэж байна.

Уг багийн Засаг даргыг сонгох сонгуульд 2 нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдолд аль нь ч олонхын санал авахгүй байх боломж байхгүй, аль олон санал авсан нь сонгогдсонд тооцогдохоор байхад Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан олонхын саналыг аваагүй гэж хуулийн дээрх заалтыг хэргийн үйл баримттай уялдуулан авч үзэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн тухайн санал хураалтад оролцсон 303 иргэний саналыг үнэгүйдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Тооллогын комиссын гишүүд хувь хэмжээг бодохдоо санал өгсөн нийт иргэдийн тооноос хүчингүйд тооцогдсон саналын хуудасны тоог хасч тооцолгүй алдаа гаргасан нь иргэдийн Нийтийн Хурлын “Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд 2 нэр дэвшигчтэй тохиолдолд Н.О 153 санал буюу 50,49 хувийн санал авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон болно.

3.2. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд тус багт харьяалалгүй 13 иргэн оролцсон нь санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хуралд оролцох эрх бүхий тухайн багийн иргэдийн нэгдсэн нэрсийг улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлэх боломжгүй тул Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программыг ашиглан тухайн багт байнга оршин суудаг иргэдийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцуулсан.

Уг харьяалалгүй гэх иргэд Говил багт байнга оршин суудаг, төрийн үйлчилгээг Говил багаар дамжуулан авдаг. Тухайлбал: н.Г гэх иргэн Говил багаар дамжуулан халамжийн үйлчилгээнд хамрагддаг.

Албан ёсоор иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэдийн нэрс улсын бүртгэлийн байгууллагаас ирдэггүй тул баг өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан иргэдийн Нийтийн Хуралд оролцуулсныг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэр бүхий 13 иргэн зөвхөн Н.О-ийг дэмжиж санал өгсөн эсэхийг тогтоох боломжгүй тул санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч М.Б-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн Говил багийн Засаг дарга Н.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ашиг сонирхлын зөрчил гарсан. Нэр дэвшигч Н.О-ийн төрсөн эгч нь тооллогын комиссын даргаар ажиллахдаа зөрчил гаргасан ... тухайн хурал явагдсан өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн багийн харьяалалгүй, өөр хотын болон өөр аймаг, сум, багийн харьяалалтай нийт 13 иргэн тухайн хуралд оролцож санал өгсөн асуудал яригддаг. Үүнтэй холбоотойгоор маргаж байгаа акт буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол 3 хүний саналын зөрүүтэй гарсан байдаг” гэж тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүх “...Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч Н.О, М.Б нарын хэн аль нь хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг аваагүй байна. Тодруулбал, Говил багийн Засаг даргад нэр дэвшигч нар нь санал хураалтад оролцсон 316 иргэдийн олонх буюу 50+1 хувийн санал авсан тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан ...Хуралд оролцсон иргэдийн...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн шаардлагыг хангах юм” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-т “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно.” гэж тус тус зааснаас үзвэл, багийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх бөгөөд ийнхүү олонхын санал авсан хүнийг багын Засаг даргаар сумын Засаг дарга томилохоор, харин санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж, томилохоор заасан.

5.2. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ “багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 316 иргэн оролцсон бөгөөд үүнээс 13 саналын хуудас хүчингүйд тооцогдож, үлдэх 303 хүчинтэй саналаас нэр дэвшигч Н.О 153 санал буюу 50,49 хувь, М.Б 150 санал буюу 49,50 хувийн саналыг тус тус авсан байхад хүчингүйд тооцогдсон 13 саналын хуудсыг саналын тоонд оруулан тооцож, хувь хэмжээг буруу тооцоолсон....” гэж тайлбарлах энэ тохиолдолд олонхын санал гэж юуг ойлгох, мөн нэхэмжлэгч М.Б болоод гуравдагч этгээд Н.О нарын хэн нь олонхын санал авсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.

5.3. Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар саналын хайрцгаас 316 саналын хуудас гарснаас 13 саналын хуудас хүчингүйд тооцогдсоныг хэний ч төлөө санал өгөөгүй гэж үзсэн, үлдэх 303 саналын хуудсаар нэр дэвшигч М.Б 150, Н.О 153 санал авсантай маргаагүй бөгөөд гуравдагч этгээд Н.О нь 153 (48,4%)-ийн, нэхэмжлэгч М.Б нь 150 (47,4%)-ийн санал авч нэр дэвшигч нарын хэн нь ч нийт хуралд оролцсон иргэдийн олонхын санал авч чадаагүй байтал гуравдагч этгээд Н.О-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргаар томилсон маргаан бүхий хариуцагчийн шийдвэр нь дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-т заасан багын Засаг даргад санал хураалтаар Хуралд оролцсон нийт иргэдийн олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэх, томилох хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн дахин санал хураалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

5.4. Аливаа сонгуулийг нийтээрээ чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр иргэд сонгуульд оролцож саналаа өгдөг. Саналын хуудас нь хүчингүй болсон сонгогчийг нийт сонгуульд оролцсон иргэд буюу сонгогчийн тооноос хасвал тэдгээрийг огт сонгуульд оролцоогүй гэж үзсэнтэй адил болох бөгөөд энэ тохиолдолд сонгуулийн нийт ирцэд нөлөөлнө.

5.5. Үүнээс гадна сонгуулийн ирцийг нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогч иргэдийн олонх ирснээр хүчинтэйд тооцож, улмаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог энэхүү зарчим нь нийтээрээ чөлөөтэй  сонгох зарчимд нийцэх төдийгүй төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын олонх зөвшөөрснөөр сонгогдож үйл ажиллагаагаа явуулах боломж бүрддэг.

5.6. Хэдийгээр 13 хүчингүй саналын хуудас тоологдсон хэдий ч тэдгээр сонгогчдоос нэр дэвшсэн 2 этгээдийн алийг нь ч сонгохыг хүсээгүй хоосон саналын хуудас өгөх нь сонгох эрхээ эдэлж байгаа сонгогчдын эрх бөгөөд тэдгээрийг нийт сонгогчийн тоонд оруулах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж буй хэлбэр.

5.7. Өөрөөр хэлбэл, сонгогч аль ч нэр дэвшигчид санал өгөөгүй бол хүчингүй санал гэж үзэх хэдий ч тухайн сонгогчийг санал өгсөн сонгогч иргэдийн олонхын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд хүчингүй санал өгсөн сонгогчдын тоог нийт санал өгсөн сонгогчдын тоонд тооцно.

5.8. Иймд нийт сонгогчийн олонхын санал аваагүй /хүчингүй саналын хуудсыг хассан дүнгээс сонгуулийн дүнг гаргаж/ нэр дэвшигч Н.О-ийг сонгогдсонд тооцож, багийн Засаг даргаар томилсон нь “нийт сонгогчийн олонхын санал авсан бол сонгогдсонд тооцох” хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

                 ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ