Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 231

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,         

хохирогч Д.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б.Анхбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012212 дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Халхгол сум, 1 дүгээр баг, Сүмбэр 25 дугаар байр, 06 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12-108е тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Шодон овогт Батаагийн Анхбаяр /РД:ЖЙ88033174/.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12 дугаар гудамж, 91 тоот хашаанд “эгч Уранчимэгийг зодлоо” гэх шалтгаанаар иргэн Д.Отгонбаатартай маргалдан зодож, бие махбодид нь “баруун хацар яс, гайморовын хөндийн урд хана, ар хана, баруун ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, баруун зовхи, баруун хацар, хамар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Д.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал Урнаа эгч орж ирсэн. Яагаад намайг зодож байгаа юм, гар чийдэн, гар утас аваад ир гээд байсан. Юу яриад байгаа юм гэтэл эхнэр, Урнаа эгч хоёр над уруу дайраад байсан. Гараад хайлцсан боловч тоймтой юм хэлэлгүй, энд тэнд гээд байсан. Гэртээ буцаад орж иртэл эхнэр Болормаа Анхбаярыг дуудсан. Анхбаяр эхнэртэйгээ ирээд бас над уруу дайрсан. Анхбаяр намайг боогоод банди минь гэхээр нь би зууралдсан. Тэгээд боолтонд орох маягтай болсон. Тэгтэл мөргөсөн, хамар амнаас цус гарсан. Баруун нүд нулимстаад чийгтээд байдаг, хамраа тэгшлүүлэх шаардлагатай. Гомдолтой байна” гэв.   

201626012212 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Д.Отгонбаатарын: “Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Яармагт ээжийндээ байж байтал орой 21 цагийн үед нэг хүн миний утас руу залгаад “танай эхнэр гэртээ архидаад байна” гэхээр нь ээжийнхээс гараад гэр лүүгээ явсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12-91 тоот гэртээ 23 цаг болж байхад очсон. Намайг очиход манай эхнэр Болормаа гэртээ шал согтуу архи уусан шинжтэй байсан ...би хоол халааж идээд байж байхад манай хөрш Урнаа гэдэг эгч орж ирээд над руу дайраад манай эхнэрт хандаж “танай нөхөр Отгоо чинь намайг зодоод гар чийдэн, гар утас булаагаад зугтчихлаа” гэхээр нь би тэгээгүй дөнгөж орж ирээд цай уугаад сууж байна гэсэн. Урнаа эгч манай эхнэр хоёр над руу чамаас өөр зодох хүн байхгүй гээд дайраад байсан. ...тэгээд байж байтал Урнаа эгчийн дүү Анхбаяр гэх хүн Отгоотой манай хашаанд орж ирсэн. Тэгээд Анхбаяр чи яахаараа манай эгчийг зоддог юм, хөгшин настай хүнийг яаж байгаа юм, дээрэлхээд байгаа юм уу гээд Отгоотойгоо над руу дайрч хэрэлдэх болсон. ...Анхбаяр Отгоо ах хоёулаа хашаанаас гараад уулзъя гээд бид хоёр хашаанаас гарсны дараа чи ер нь яахаараа манай эгчийг дээрэлхдэг банди вэ гээд цээжнээс заамдаад авсан. Тэгэхээр нь би уурлаад чи юундаа солиороод хүн банди энэ тэрээр нь дуудаад байгаан гээд хоёулаа бие биенээ заамдаад боосон чинь Анхбаяр толгойгоороо миний баруун шанаа руу мөргөчихсөн. Тэгээд би мөргүүлээд манараад гуйваад унасан. Унаж байх үед миний хамар амнаас цус амтагдаад байсан. ...би эхнэр нь хандаж зодно гэж энийг хэлдэг юм чи миний нүүр амыг хар гэж хэлчихээд гэр лүүгээ явсан. Тэгсэн Анхбаяр араас байж бай гээд орилоод ирсэн. Тэгсэн Анхбаяр над руу дөхөж ирээд гараараа баруун шанаа руу буюу мөргөсөн газар луугаа дахиад нэг удаа цохисон. Эгчийгээ зодлоо гэж шалтаглаад зодсон. Надад учирсан гэмтлүүдийг Анхбаяр учруулсан, би одоо 623200 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-16-21/,

Гэрч Г.Отгончимэгийн: “...тэгээд Анхбаярын өөдөөс Отгоо нулимаад май энэ тэр гээд салаавч гаргаад байсан. Тэгээд Анхбаяр Отгоо хоёр хашаанаас гарч яваад буцаад хашаанд орж ирсэн чинь нөгөө Отгоо гэх хүн танай Анхбаяр намайг зодчихлоо гэсэн чинь Анхбаяр би ямар чамайг зодсон юм уу, би мөргөө л биз дээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-25/,.

Гэрч Б.Уранчимэгийн: “...Отгонбаатар, Анхбаяр хоёр хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгээд ах түй гэх шиг болсон тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Тэгээд би Болормаагийнд орсон чинь Отгонбаатар гэртээ байхгүй байхаар нь Болормаатай юм ярьж байгаад гарсан чинь Отгонбаатар үүднийхээ өрөөнд нүүр ам нь цус болчихсон угаагаад зогсож байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12002 дугаар дүгнэлтэд: “1.Отгонбаатарын биед баруун хацар яс, гайморовын хөндийн урд хана, ар хана, баруун ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, баруун зовхи, баруун хацар, хамар, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,

Б.Анхбаярын яллагдагчаар өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ байж байсан чинь манай хашааны хойно байдаг Отгонбаатар гэх хүний эхнэр Болормаа гэх хүн миний утас руу залгаад “Урнаа эгчийг Отгонбаатар зодсон байна хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгэхээр нь би Отгончимэгийг гэрээс нь аваад Болормаа эгчийнд очсон. Тэгээд Отгончимэг бид хоёр Болормаа эгчийнд очтол хашаанд нь Отгонбаатар, Урнаа эгч хоёр хамт байсан. Урнаа эгч Отгонбаатарт хандаад чи намайг цохидог нь яаж байгаан гэсэн чинь би цохиогүй гэсэн. Би Отгонбаатарыг хоёулаа хашаанаас гаръя гээд дагуулж гараад аль дээр ч бас намайг Урнаа эгчийн гэрт нь байхад таныг ууртай орж ирэхээр чинь би таныг хөөгөөд гаргаа биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь би танай эгчийг цохиогүй гэхээр нь та цохисон байна, та Урнаа эгчийн нүүрийг хараач гэхэд үгүй гээд байсан. Би Отгонбаатарыг заамдаж аваад та одоо шөнө ингэж хэрүүл хийж байхаар эндээс яваач гэсэн чинь Отгонбаатар энэ чинь манай гэр гэж хэлээд миний өөдөөс нүүр лүү шүлсээ хуримтлуулж байгаад нулимсан. Тэгсэн миний гэнэт уур хүрээд толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь Отгонбаатар цаашаа гүйж яваад цагдаа дуудна гэхээр нь би өөрөө дуудчихья гэж өөрийн дугаараас 102 дуудсан” гэх мэдүүлэг /хх-46/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, дуудлагын тэмдэглэл /хх-65/, хохирлын баримтууд /хх-53-75/, хохирлын тооцоо /хх-74/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12 дугаар гудамж, 91 тоот хашаанд “эгч Уранчимэгийг зодлоо” гэх шалтгаанаар иргэн Д.Отгонбаатартай маргалдан зодож, бие махбодид нь “баруун хацар яс, гайморовын хөндийн урд хана, ар хана, баруун ухархайн гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, баруун зовхи, баруун хацар, хамар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Анхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Отгонбаатар нь “хохиролд 623200 төгрөг нэхэмжилнэ” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар 543600 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүхийн шатанд шүүгдэгчийн төлсөн 190000 төгрөгийг хасч, үлдэх 353600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй гэх “эм тариа, унааны зардал 80000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Анхбаяр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сахалгууд овогт Далхаагийн Гончиг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гончигийг  / / цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гончигийг   жил     сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Д.Гончиг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Гончигт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Гончиг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Д.Гончигт оногдуулсан  жил  сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  /  / жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн  дугаар хэлтэст даалгасугай. 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гончигт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гончигт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР