| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/¬¬¬¬103 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/¬¬¬¬103
2023 07 21 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,
Хохирогч: С.У,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,
Шүүгдэгч: Т.Д нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Т.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ханбогд сумаас баруун тийш Оюу толгой ХХК руу явах хатуу хучилттай авто замын 3 дахь километрт **-** ӨМӨ улсын дугаартай “Тоёота Хайлукс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4.6 Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.У, Б.Ё нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв ярьсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд С.Ут 15.064.000 төгрөг, Б.Ё-д 3.730.320 төгрөг төлсөн, одоо С.У-ийн нэхэмжилсэн 5.925.018 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны дотор, С.У-ийн Голомт банкнаас авсан цалингийн зээлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.О гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Т.Д-ийнхууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байгаа. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж шүүгдэгч Т.Д-тяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Т.Днь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас эхлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа өнөөдрийн шүүх хуралдааны явцад хэргийн зүйлчлэлийн талаар буруу зүйл байхгүй. Үнэн зөв шалгасан гэдгээ хэлж байгаа. Иймээс өөрийн буруутай үйлдэлдээ чин санаанаас гэмшиж хэргийг шударгаар мэдүүлсэн байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх ангилалд багтдаг. Болгоомжгүйгээр энэ гэмт хэргийн үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт өөрийн гэм буруугийн тал дээр шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт болон ослын шинжээчийн дүгнэлт гаргасан Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай ослын дүгнэлттэй танилцаад Т.Днь санал гомдол гаргаагүй. Энэ асуудлаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруутай байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Мөн учирсан хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Ё-днийт 3.730.320 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. С.Ут нийт 15.064.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө мөн шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн сайн дураар төлж барагдуулсан байна гэх дүгнэлтэд хүрч байна. Бусад цаашид гарах эмчилгээтэй холбоотой асуудлыг энэ хоёр хүн хоорондоо ярьж тохирсон гэх зүйл байгаа. Гэвч гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудлыг шийдэхэд шүүгдэгч болон хохирогч нарын хоорондын тохиролцооны асуудал дээр тохирсон зүйлүүд байна. Мөн эмчилгээтэй холбоотой гарсан баримт материалыг хохирогч талаас гаргаж өгсөн байдаг. Үүнд миний үйлчлүүлэгч Т.Днь энэ асуудлыг хөндөхгүйгээр эмчилгээтэй холбоотой зардалд 5.925.000 төгрөгийг би төлнө гэж илэрхийлсэн боловч үүн дээр 14.286.020 төгрөгийн нэхэмжлэл гаргаж нотлох баримт гаргаж өгснөөс нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн эсэх зүйлүүдийг анхаарч үзнэ үү гэсэн саналыг оруулж байна. Нэгэнт хэдийгээр шүүгдэгч, хохирогч тал харилцан тохирсон ч гэсэн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 14.286.020 төгрөгийн эмчилгээтэй холбоотой гарсан баримтууд дотор эмчилгээтэй холбоотой баримтуудыг төлөх нь зүйтэй. Харин жишээ дурдаж хэлэхэд Сумъяа Ганбат гэх хүнд 220.000 төгрөг, Нандинцэцэг гэх хүнд 500.000 төгрөг шилжүүлсэн, Голомт банкны хуулганаас юунд юм мэдэгдэхгүй 151.000 төгрөг гэм мэтийн баримтууд байгаа. Үүнийг шүүх хуулийн өмнө шалгаж, шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн учраас нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг анхааран үзэж Т.Д-ийнтөлнө гэсэн эмчилгээний зөрүү болох 5.925.000 төгрөгөөс эмчилгээтэй холбоотой бус нотлох баримт гаргаж өгснийг хасаж тооцож өгнө үү гэсэн саналыг оруулж байна.
Харин С.Уийн цалингийн зээл болох нийт 6.703.000 төгрөгийг Т.Днь хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 05 сарын хугацаанд ямар нэгэн асуудалгүй төлж байгаа. Т.Днь өөрийн гэм буруутай байдалдаа гэмшиж хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд зээл авсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан нь цалингийн зөрүүг төлж барагдуулсан байна гэж үзэх үндэслэл болж байгаа. Цаашид ч мөн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хамгийн сүүлийн өдөр гэж хохирогчтой тохиролцож цалингийн зээлийг төлөхөө илэрхийлсэн дээр тусгайлан гаргах санал хүсэлт алга байна. Эмчилгээтэй холбоотой гарсан баримт дээр ганц хоёр зүйлийг анхааран үзэж хасаж тооцож өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Яагаад ийм санал гаргаж байна вэ гэхээр Т.Дхэдий бүгдийг нь төлнө гэсэн боловч хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэлтэй гарсан гэх нотлох баримтууд биш байгаа учраас хасаж тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У мэдүүлэхдээ:
Осол болсон өдрөөс эхлээд яръя. 2023 оны 02 дугаар сарын 22-ны шөнө гэртээ унтаж байсан. Н 22 цагт гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд намайг нэрээр хоёр, гурван удаа дуудаж сэрээсэн. Сэрээд Н золгоё гэсэн. Машинд хүмүүс байгаа гараад хоёул оруулж ирье гэж хэлсэн. Машинд Б.Ё, Т.Д нарыг оруулж ирээд цай хоол өгөөд архи өгсөн. Манайд удаагүй 30 минут суусан. 22 цаг 37 минут гэхэд Т.Д-ийнмашинд бид дөрөв ороод суучихсан байсан. Яагаад Т.Д-ийнмашинд суусан бэ гэхээр Н хэлэхдээ “...би аав ээжид хэлчихсэн байгаа, манайд дөрвүүл очиж сууя” гэж хэлсэн. Аав ээж нь настай хүмүүс байдаг учраас настай хүмүүсийг босгоод суулгачихсан юм байна тиймээс очихгүй бол болохгүй гээд тэднийд очсон. Тэгээд тэднийд очоод 23-ны өдрийн шөнийн 01 цаг хүртэл суусан. Мөн цай, хоол, архи, дарс хийж өгсөн. 01 цагаас хойш гэртээ Т.Даар хүргүүлье гэтэл Н хамт явъя гээд дөрвүүл гараад манайх руу явах замдаа Н “...мэлхий хад руу явъя” гэж хэлсэн. Бид хэд ярилцаж байгаад явахаар болоод сумаас гарсан. Сумаас гараад Оюу-толгой орсон байх түүнээс салах замаа олохгүй буцсан. Буцаж явах замдаа би унтлаа гээд унтчихсан байсан. Унтаж байхад дуу чимээ гараад хүмүүс орилолдсон. Сэрэхэд машин маань онхолдож байсан. Нэлээн удаа үргэлжилсэн. Тэгж байгаад машин маань нэлээн хүчтэй зогссон. Машинд дөрвүүл байж байсан. Тэр үед миний хөл хугараад ямар ч мэдээгүй болоод нөгөө хөл дээр нь тохогдсон байсан. Айж сандраад “...намайг буулгаад өгөөч гээд бахирсан” тэгээд Т.Днамайг Б.Ётой хамт гаргасан. Цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа эмч дуудаад Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн байгаа. Ослоос авсан бэртэл гэвэл зүүн дээд чөмгөний хугарал, зүүн шилбэний хугарал, аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмгөний хугарал, зүүн шаант шагайны хугарал гээд толгойны баруун дээд талд цохигдсон, зүүн гар хүчтэй цохигдож хөхөрсөн, гуяны дотор тал цохигдож хөхөрсөн гэх гэмтэл авсан. Ослын дараагаас одоог хүртэл шүүгдэгч Т.Донлайнаар холбогдож байсан. Өөрийн биеэр эргэж ирж уулзаагүй. Ослын дараа эмчилгээ хийлгэсэн байгаа. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 10 хоног гэмтэл согог үндэсний төвд эмчилгээ хийлгэж хөлийн хагалгаанд орсон байгаа. Дунд чөмөг, шилбэ, шагайндаа түгжээт хадаасан бэхлэгээ хийлгэсэн. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 26 хоног хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хөлийн хагалгааны дараах зовуурь их байсан. Толгой, бөөр, гуя, цээж гээд бүх зүйл өвчтэй байсан. Тэндээ зүү төөнүүр эмчилгээ тариа хийлгэсэн. Эмнэлгээсээ гараад хоёр, гурван удаа зүү төөнүүр бариа засал хийлгээд явж байгаа. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилж байгаа. Биеийн байдал маань бүрэн эдгэрээгүй, босож алхаж гишгэж чадахгүй байгаа. Цаашид бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Босох тодорхой хугацаа байхгүй. Эдгэрэлт нь тухайн хүний сэтгэл санаатай холбогдолтой. ясны эдгэрэлт бороололтод заасан хугацаа байдаггүй юм байна лээ. Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд сэтгэл санаагаар маш их хохирсон. Өнөөдрийн байдлаар Т.Д8.361.000 төгрөг өгсөн байна. 14.286.018 төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм байна. Түүнээс эмчилгээний зардалд 8.361.000 төгрөг авсан. Зөрүү нь 5.925.018 төгрөг гэж гарч байна. Үүнийг нэхэмжилж байна. Т.Днь намайг осолд орсоноос хойш миний Голомт банкны цалингийн зээлийг төлсөн ба 2023 оны 12 дугаар сарын 22-ныг дуусталх хугацааны цалингийн зээлээ шүүгдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон. Сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Уийн өмгөөлөгч Ц.Б гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмгөөлөгч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн онолын хувьд шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн байр суурийг илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэлээдгүй хавтас бүхий эрүүгийн хэрэг шүүгчийн ширээн дээр нүдэн дээр тавьсан байна. Хэргийн онолын хувьд миний үйлчлүүлэгч гэмт хэрэг биш үү энэ гэмт хэрэгт хэн нь буруутай юм, гэмт хэргийн улмаас эрүүл мэндээр, сэтгэл санаагаар хохироод үндэслэлтэй мөнгө нэхээд байна уу гэдэг талаар нэлээдгүй хэдэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлуулсанд тооцсон гэж хэлсэн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдсон хэргийн нөхцөл байдал бол гэмт хэрэг мөн юм гэж хохирогчийн өмгөөлөгч миний хувьд үзэж байгаа. Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Гэмт хэргийн улмаас хохирол болон хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлээр заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр Т.Дгэх хүн гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг дээр өмгөөлөгч миний бие улсын яллагчийн саналтай ижил байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэг өгсөнгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй гэдэг байдлаар хандаж мэдүүлэг өгсөнгүй. Гэхдээ нэг өгүүлбэр хэлсэн байгаа, гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг нийгэмд аюултай зам тээврийн осол буюу тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутай хүн Т.Дмөн юм гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Зам тээврийн ослын улмаас хэн эрүүл мэндээрээ хохирсон юм, гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэдэг нь хавтаст хэргийн 66 дугаар хуудаст авагдсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2826 тоот шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр С.Ут хүнд гэмтэл учруулсныг тогтоосон. Хүнд гэмтэл учирсан байна гэдэг нь миний үйлчлүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг эдлээд хавтаст хэргийн хүрээнд хохирогчоор тогтоогдсон. Тиймээс ч миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнтэй Т.Д-тэйтохиролцсон. Хэргийн оролцогч нар хоорондоо тохирч өөр өөрийн гаргасан эрх зүйн үйлдэл, гаргаж байгаа дүгнэлтээр нэг талаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тохирсон байна гэж үзэж байгаа. Нэгэнт хэргийн оролцогч нар тохиролцож эрүүл мэндээр хохирсон зардал, өөр бусад зардлын хэмжээ дээр тохирсон байгаа учраас хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэж дараах мөнгөн дүнг гаргаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт хохирогчийн зүгээс олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохирол эрүүл мэндийн хувьд өнөөдөр суугаа байдалд байгаа. Шүүх хуралдааны танхимд яах гэж орж ирсэн бэ гэхээр Т.Дөнөөдрийг хүртэл огт уулзаагүй, энэ хүн сууж байна уу, хэвтэж байна уу, алхаж байна уу гэдэг байдлыг огт хараагүй. Тиймээс ч миний үйлчлүүлэгч би өнөөдрийн шүүх хуралдаанд очиж эрүүл мэндийнхээ байдлыг энэ хүнд харуулъя гэдэг байдлаар тэргэнцэрт тэврүүлээд шүүх хуралдааны танхимд орж ирсэн байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан. Сэтгэцэд учирсан буюу эдийн бус хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагаад өгчихсөн байгаа. Эдийн бус хохирлыг арилгуулахаар хохирогч шаардах эрх нь Иргэний хуулийн заалтад заагаад өгсөн байдаг. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэсэн хуулийн заалт үйлчлэгдээд байдаг. Тэгэхээр энэ хуулийн зүйл заалт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд эдийн бус хохирлыг хэрхэн яаж үнэлж гаргахаар хуульд тусгайлан заагаад өгсөн байдаг. Яагаад үүнийг нээлттэй үлдээж өгөөч гээд байна вэ гэхээр Т.Дгэх хүн гэм буруугаа хэрхэн хүлээж байгаа, хохирол төлбөрөө хэрхэн төлөхөө илэрхийлж байгаа, ямар санал санаачилга гаргаж байгааг хараад өнөөдөр иргэний нэхэмжлэлийг хэлэлцүүлэхгүй нээлттэй байдлаар үлдээж өгөөч гэдэг байдлаар хандаж байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд эдийн бус хохирол, сэтгэл санааны хохирлыг 40 дүгээр зүйлийн 40.1-т заагаад өгсөн байна. Шинжилгээний байгууллага нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэсэн заалт байдаг. Энэ заалт маань 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тусгайлсан эрх бүхий шинжилгээний байгууллага гаргахаар мөрдөгдөж эхэлж байгаа. Яагаад нээлттэй үлдээж өгнө үү гээд байна вэ гэхээр Т.Д-тхолбогдох хэрэг маань шүүхийн шатанд ирчихсэн байдаг. 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлж байгаа эдийн бус хохирол гаргах шинжээчийн дүгнэлтийн зарим журмууд бүрэн дүүрэн гараагүй. Зарим журам мөрдөгдөөд батлагдчихлаа гэсэн мэдээлэл байгаа. Сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж гаргах тал дээр нэг мөр хуулийн хэрэглээ бүрэн төгс хэрэглэгдээгүй. Хэрэгжих хугацаа нь болсон боловч шүүхийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь нэг мөр хэрэглэгдээгүй, журам нь бүрэн дүүрэн гараагүй байгаа учраас эдийн бус хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү гэж хандаж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хэд хэдэн гэм хорыг нөхөн төлөхийг хуульд хуульчлаад өгсөн байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж олох ёстой байсан цалин хөлс гэдгийг гэм буруутай этгээд нөхөн төлөхийг хуульд хуульчлаад өгсөн. Мөн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сурах мэргэшихтэй холбоотой зардлыг хуульд хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс Т.Д-ыггэм буруутай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байгаа учраас эдгээр хуулийн зүйлд зааснаар С.Уийн хувьд баримтаар 14.286.018 төгрөгийн нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдаанаар нийт 5.925.018 төгрөгийг гэм буруутай этгээд буюу Т.Д-аас гаргуулан миний үйлчлүүлэгчийн хохирлыг нөхөн төлөхөөр гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Ирээдүйд гарах эмчилгээний зардлыг хэчнээн төгрөг гарахыг өнөөдөр таашгүй. Хэдэн сарын дараа хөл дээрээ босох юм гэдэг нь тодорхой бус. Өнөөдөр дээгүүрээ эрүүл мэт харагдаж байгаа ч бааж, шээхдээ хүртэл хүний асаргаанд байгаа. Тиймээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нь бидэнд харагдаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Мөн Иргэний хуульд олох ёстой байсан орлого гэдгийг заагаад өгсөн байдаг. Үүнд зээл төлөхөөр тохирсон гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Мэдээж цалин хөлсний зөрүү гэдгийг зээл төлүүлж байгаа нөхцөл байдалд холбож авч үзнэ. Ямар ч үндэслэлгүй зүйлийг нэхээд суухгүй байсан байх. Олох ёстой байсан орлого гэдэг дээр зөрүү хэмжээг тооцож дараа дараагийн удаад нэхэмжлэхийг дурдаж хэлье. Тэгэхээр нэгэнт 5.925.018 төгрөгийг Т.Дтөлөхөө хүлээн зөвшөөрсөн учраас хуулийн хүрээнд тохирсон хэмжээгээр гаргуулж өгнө үү. Т.Д-ийнөмгөөлөгч И.Оийн зүгээс хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн баримтууд үндэслэлгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ С.У нь ямар ч үндэслэлгүй мөнгө нэхээгүй гэдгийг дурдаж хэлье. Тухайн зарцуулагдсан мөнгө нь юунд зарцуулагдаад байгаа вэ гэдгийг зайлшгүй тайлбарлах шаардлага гарч байна гэж ойлгож байгаа. Хохирогч шүүх хуралдаанд орж байгаагийн хувьд өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай холбогдуулаад тайлбар хэлэх байх. Өмгөөлөгчийн зүгээс эхний дүгнэлтээ ийм байдлаар хэлье. Хэргийн зүйлчлэл улсын яллагчтай санал нэг байна гэв.
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-35 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ёгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2998 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2826 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/,
-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Д-ийняллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
-Хохирогч Б.Ёгоос гаргаж өгсөн хохирлын баримт /хавтас хэргийн 134 дэх тал/,
-Хохирогч С.Уээс гаргаж өгсөн хохирлын баримтууд,
-Т.Д-ийнгэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, арилжааны банкны дансны хуулга /хавтаст хэргийн 123, 124, 125, 128, 161, 162, 163, 164-177 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ханбогд сумаас баруун тийш Оюу толгой ХХК руу явах хатуу хучилттай авто замын 3 дахь километрт “Тоёота Хайлукс” маркийн **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.У, Б.Ёнарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 14-35 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн үед хамт ажилладаг Н манай гэрт ганцаараа орж ирсэн. Н манай гэрт орж ирэхдээ “миний гар утас руу зөндөө залгасан, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэж асуусан. Тухайн үед Н согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байх шиг байсан, Н надад хэлэхдээ гадаа найзуудтайгаа хамт ирсэн, гадагшаа гаръя гэсэн... намайг гэрээс гарахад манай хашаан дотор хар өнгийн машин зогсож байсан, би очоод хаалгыг нээхэд Д, Ё гээд хоёр залуу сууж байсан... тэгээд би Д, Ё нарыг гэртээ оруулсан, Д нар манай гэрт ороод хоол цай идэж уусан бөгөөд би гэрт хүн ирсэн болохоор архи хундагалж өгсөн... ингээд бид нар манай гэрээс 22 цаг 30 минут орчим гарсан, ... Ханбогд сумын төвд Нын гэрт очсон... Нын гэрт 2023.02.23-ны шөнө 01 цаг хүртэл суусан... намайг гэрт хүргэж өгөх замдаа бид нар мэлхий хад явъя гээд ярилцсан, замаараа бид нар Ёгийн эгчийн дэлгүүрээс 1 хроп пиво авсан байх. Тухайн үед Д машин жолоодож явсан... Ингээд бид нар Ханбогд сумын төвөөс гарсан. Ханбогд сумаас гараад Ё, Н бид гурав пиво задалж уусан, бид нар замдаа мэлхий хад явах замаа олохгүй төөрсөн ба сумаас гарахдаа Дын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд суудал зүүн гар талд зорчиж явсан, миний хажууд Ё сууж явсан.... мэлхий хад явах замаа олохгүй байхаар нь бид нар ярилцаж байгаад буцахаар болсон. Ханбогд сум руу буцах үед Д, Н нар маргалдах шиг болсон. Тэгсэн Д нилээн хурдтай яваад байхаар нь би хурдаа хас гэж хэлсэн... намайг унтаж байхад хүмүүс орилж хашгирч байгаа чимээ гарсан. Тэгээд Дын жолоодож явсан миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл онхолдож байна гэдгийг мэдсэн... би Даас юу болсон бэ гэж асуухад уучлаарай найзаа би замдаа зүүрмэглэсэн /нойр хүрсэн байна/ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ёгийн өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд гэртээ төрөл садангийнхаа хүмүүстэй хамт байсан энэ өдрийн шөнө 22 цагийн орчимд намайг гэртээ байхад хамт ажилладаг Н миний гар утас руу залгаад танай гэрийн гадаа байна гэрээсээ гараад ир гэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад очсон. Гэрээсээ гараад очиход Н, Д нар хамтдаа тухайн үед хар өнгийн суудлын автомашинтай явсан бөгөөд Н, Д нартай уулзахад Н надад хандаж хувцсаа солиод өмсөөд гараад ир. Уийн гэрт нь очъё гэсэн, тэгээд би гэртээ буцаж орж хувцсаа сольж өмсөөд гарч ирсэн. Н, Д нартай хамтдаа Уийн гэрийн очсон... Тэгээд бид нар бүгдээрээ Уийн гэрт нь орсон, Уийн гэрт нь ороод бид нар хоол цай идэж уусан, архи аягалж өгсөнг уусан, ингээд Н, Д бид нар хамтдаа Уийн гэрээс гараад Нын гэрт нь очсон. Нын гэрт нь очоод мөн хоол цай идэж уусан бөгөөд энэ хороонд бид нар хундагалж өгсөн архинаас өөр өөрсдийнхөө хэмжээнд уусан. Нын гэрээс 2023 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчимд гарсан бөгөөд Нын гэрээс гарахад Н, Д, У нарын хэн нь ч билээ сумаас зайтай байдаг "мэлхий хад" гэдэг газарт очиж үзье гэсэн. Тэгээд Дын жолоодож явсан **-**ӨМӨ улсын дугаартай Тоуоtа Hiluх маркийн тээврийн хэрэгслээр мэлхий хад явахаар болсон, уг тээврийн хэрэгслийг Д өөрөө жолоодож явсан, жолоочийн хажуу талын хэсэгт Н, арын суудал У бид хоёр зорчиж явсан. Ханбогд сумаас гараад Оюу Толгой ХХК-ийн баяжмал замын хэсгээр зорчиж явсан бөгөөд бид нар мэлхий хадаа олохгүй төөрсөн бөгөөд бид нар хороондоо ярилцаж байгаад Ханбогд сум руу буцахаар болсон, ингээд буцаад явсан... тухайн үед Ханбогд сум руу буцаж явах үед Д **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэлээд хурд хэтрүүлээд байсан 140/км цаг яваад байхаар нь хурдаа хас зөөлөн яв гэж хэлсэн, намайг ингэж хэлсний дараахан Д нь замын хажуу тал руу гарч зам тээврийн осол гаргасан, тухайн үед миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл хэд хэдэн удаа өнхөрөх шиг болсон нэг мэдсэн эмнэлэг цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан... Жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, миний бодлоор дээрх зам тээврийн осол нь хурд хэтрүүлсэн мөн Д нь нойрмоглосон байх тэгээд зам тээврийн осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нын өгсөн: “...У бид хоёр гэрээс гарч Ё, Д нарыг дуудаж Уийн гэрт нь орсон. Уийн гэрт нь хоол цай идэж уусан. Тэгээд буцаад Уийн гэрээс 23 цагийн үед гарсан бөгөөд У, Ё, Д нарын хамт манай гэрт ирсэн. Манай гэрт бид нар юм ярьж сууж хоол идсэн, мөн дундуур жижиг хундагаар архи аягалж өгсөн, уух хүмүүс нь тодорхой хэмжээнд уусан байх. Манай гэрээс бид нар 2023 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн орчимд гарсан байхаа, ...бид хоёр хоорондоо ярьж байгаад сумаас зайдуу байдаг хөдөлдөг цохио мэлхий хад явъя гэж ярьсан, Ингээд манай гэрээс гараад бид нар замаараа Уийн гэрээс пиво аваад сумаас гарсан. Энэ үед бид нар Дын жолоодож явсан хар өнгийн **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг Д жолоодож явсан. Ханбогд сумаас гараад Оюу Толгой ХХК-ийн хатуу хучилттай автозамаар зорчсон бөгөөд бид нар очих ёстой мэлхий хадаа олоогүй Оюу Толгой ХХК-ийн хажуу талд хэсэг зогсож байгаад буцаж Ханбогд сум руу явахаар болсон. **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Д жолоодож явсан, би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. У, Ё нар ар талын суудал дээр зорчиж явсан. Тухайн үед Д бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан, У, Ё нар нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би Ханбогд сум руу буцаж явах замд унтаж явсан... унтаж явахад хүмүүс хашхирч байгаа чимээ гарсан, тэгээд зам тээврийн осол гарч байгаа мэт чимээ гарсан удалгүй Д машинаас буугаарай гэсэн намайг машинаас буухад миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсонг мэдсэн... Би хамгаалах бүс хэрэглэж явсан болохоор миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.... Д тодорхой хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн... Д нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад тухайн тээврийн хэрэгсэл замаас гарсан байсан. Үүнээс болж зам тээврийн осол гарсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2998 дугаартай "...1.Б.Ёгийн биед гавлын зүүн чамархайн ясны шугаман хугарал, дух, баруун чамархайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2826 дугаартай “...1.С.Уийн биед зүүн дунд чөмөг, шаант, тахилзуур, умдаг, сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хацар, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/,
-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай “...Хариулт №1 а/ **-**ӨМӨ улсын дугаартай Тоуоta Hiluх маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Түвшинжаргалын Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хариулт №2 б/ Уг зам тээврийн осол нь **-**ӨМӨ улсын дугаартай Тоуоta Hiluх маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Түвшинжаргалын Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4.б дахь заалтыг зөрчсөний улмаас болж гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Д-ийняллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Оюу Толгой ХХК-ийн 1 хоногийн амралтаараа Ханбогд сумын төвд ирсэн.... гэрээсээ ганцаараа гарч Нтай гэрийнх нь гадна очиж уулзсан тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож очсон... Ё гээд залуу Нтай утсаар холбогдоод "яваад ир, Уийн гэрт нь очъё” гэхээр Нтай хамт Ё гэх залуугийн гэрийнх нь гадаа очсон. Ёндог гэрээс нь аваад Уийн гэрийн гадаа очсон... Уийн гэрт орсны дараа хоол цай хийж өгсөн мөн архи аяглаж өгсөн, би архи уухгүй гэтэл У намайг 3 удаа тат гэсэн тэгээд би хундагалж өгсөн архинаас 3 удаа татсан /архи уусан/, тухайн үед би согтоогүй. Уийн гэрээс гараад Нын гэрт Ё, У, Н бид нар хамтдаа ирсэн. Нын гэрт нь ирээд мөн хоол цайж идэж уусан. Н архинаас аягалж өгсөн би архинаас 3 удаа уусан, тэгээд бид нар тэднээсээ Ханбогд сум зайдуу байрлах Мэлхий хад гэх газарт очихоор явсан, тухайн үед би **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд бид нар очих ёстой Мэлхий хад гэх газраа олоогүй төөрсөн, ингээд Ханбогд сум руу буцахаар болсон. Оюу Толгой ХХК-аас Ханбогд сум руу явах хатуу хучилттай авто замаар зорчиж явсан тэгтэл миний нойр хүрээд үүрэглэсэн, тэгтэл миний жолоодож явсан машин замын хажуу руу гарч байгаа мэдрэгдсэн тэгээд хурдаа хассан 40 км/цаг хурдтай явсан тэгээд дахиад нойр хүрээд үүрэглэсэн бөгөөд нэг мэдэхэд замын хажуу тал руу гарсан. Энэ үед би **-**ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Днь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Днь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023.05.17-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. /хавтаст хэргийн 13, 14-35, 99-100 дахь тал/
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Д“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Днь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Ёгийн эрүүл мэндэд “...гавлын зүүн чамархайн ясны шугаман хугарал, дух, баруун чамархайнд зулгаралт гэмтэл” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2998 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр,
Хохирогч С.Уийн эрүүл мэндэд “...зүүн дунд чөмөг, шаант, тахилзуур, умдаг, сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хацар, зүүн тохойнд цус хуралт гэмтэл” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2826 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 57-59, 66-69 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор С.Уийг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Б.Ёнарыг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 39, 46 дахь тал/
1. Хохирогч С.Уийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 14.286.018 төгрөг нэхэмжилсэн, үүнээс шүүгдэгч Т.Днь 8.361.000 төгрөгийг гэм хорын хохиролд нөхөн төлсөн, үлдэх 5.925.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч Т.Днь 5.925.000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр, мөн шүүгдэгч нь хохирогч С.Уийн Голомт банкнаас авсан цалингийн зээлэнд 6.703.000 төгрөгийг нөхөн төлсөн, тус зээлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрч, хохирогч нь олох ёстой орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.925.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ут олгохоор, шүүгдэгч Т.Днь 5.925.000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр, мөн шүүгдэгч нь хохирогч С.Уийн Голомт банкнаас авсан цалингийн зээлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрсэн, шүүгдэгч нь хохирогчид нийт 15.064.000 төгрөг /8.361.000+6.703.000/-ийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.У нь олох ёстой орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Д-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Хохирогч Б.Ёгийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Ёнь эрүүл мэндэд учирсан хохиролд 1.439.320 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Т.Днь хохирогчийн нэхэмжилсэн 1.439.320 төгрөгийг 2023.06.26-ны өдөр, хохирогчийн зээлийн төлбөрт 975.000 төгрөгийг 2023.03.04-ний өдөр, 1.000.000 төгрөгийг 2023.03.20-ны өдөр, 316.000 төгрөгийг 2023.03.20-ны өдөр тус тус төлж, шүүгдэгч нь хохирогчид 3.730.320 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Т.Д-аас гэм хорын хохиролд нийт 3.730.320 төгрөгийг хохирогч Б.Ё-днөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ёнь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Д-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Т.Д-ыгАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Т.Днь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүй тэнсэх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг,
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Өмгөөлөгчийн зүгээс түүнд оногдуулах ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй байна.” гэх саналыг тус тус гаргасан.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 125 дахь тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, хохирогч Б.Ё-дучирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Ут учирсан гэм хорын хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Т.Д-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Днь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Т.Днь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т. Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Д-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Т.Д-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-тоногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Д-тхяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Д-ийн B,C,CE,D,М ангиллын №******* дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.925.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ут олгохоор, шүүгдэгч Т.Днь 5.925.000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр, мөн шүүгдэгч нь хохирогч С.Уийн Голомт банкнаас авсан цалингийн зээлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Т.Днь хохирогч С.Ут 15.064.000 төгрөг /8.361.000+6.703.000/-ийг, хохирогч Б.Ё-д3.730.320 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.У нь олох ёстой орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Ёнь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Д-аас тус тус жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шүүгдэгч Т.Днь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН