Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0096/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, 
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн *****д холбогдох 201509000566 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** овогт *****ийн ***** /РД:****/, ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****ийн хамт ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

    Шүүгдэгч Л.****** нь 2015 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух ******ын гэрээс acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 4.3 граммын монетан гинж, 1.65 граммын монетан кулон зэрэг эд зүйлс, бэлэн 60000 төгрөг зэргийг хулгайлж, бусдад 1068675 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2015 оны 7 дугаар сарын 19-ний орой найз *****тай тамхилах гээд түүний эгч болох *****ын гэрт нь очиход хүнгүй байсан. Тэгээд гал тогооны өрөөний ар талын жижиг цонхон дээр очиход  газарт төмөр байсан. Уг төмрийг аваад цонхыг хагалж гэр дотор орсон. Ингээд би зурагтын тавиур буйдан хоёрын завсар байсан нотебүүкийг авахдаа цүнхийг нь үлдээсэн. Мөн үнэт зүйлээ хийдэг савнаас  нь монетан гинж, кулон, зүрхэн хэлбэртэй хайрцагнаас бэлэн 60000 төгрөгийг аваад хагалсан жижиг цонхоор нь гарсан. 
…дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 1075000 төгрөг өгсөн. Нотебүүкийг ломбарданд тавьсан мөнгөөрөө хувцас авч өмссөн. Гинж, кулон 2 нь хуурамч монет байх шиг байхаар нь хаячихсан.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дахь тал/, 
-Хохирогч ******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би гэрээсээ гараад өвөө ******ийн гэрт *****д хоночихоод 2015 оны 7 дугаар сарын 19-нд өдөр 12 цагийн үед манай өвөө ******, дүү ***** нар манай гэрт түрүүлээд очсон. Тэгээд би удалгүй гэртээ очсон. Гэртээ ороод байж байгаад манай гал тогооны өрөөний цонхны урд талд хөлдөөгч байдаг юм. Хөлдөөгчин дээр шилний хагархай байхаар цонх руугаа харсан чинь шил нь хагарчихсан хаалттай байсан. Тэгээд том өрөөнд ханы шкафны хажууд байдаг 2 давхарласан шүүгээ байдаг юм. Тэрний голд байсан нөхрийхөө компьютерийг үзсэн чинь компьютер нь байхгүй, харин цүнх нь байсан.  Тэгээд том өрөөний шкафанд байсан хайрцагтай монетан гинж, кулон, доод талынх нь тавиур дээр байсан улаан зүрхэн саванд байсан 60000 төгрөг бас алга болсон байсан. 
…би ***** /****/ таньдаг мөн амьдрал үр хүүхдийг нь бодоод хохирлын мөнгөө барагдуулсан учир ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашдаа *****г дахин гэмт хэрэг хийхгүй байгаасаа гэж хүсч байна.” гэх мэдүүлэг /хэргийн 10, 58 дахь тал/, 

-Үнэлгээний тайлан /хэргийн 16-23 дахь тал/, 
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 59 дэх тал/,
-Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 60 дахь тал/,
-Яллагдагч *****ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 61-62 дахь тал/, 

-Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай ломбарданд нэг өндөр шар залуу орж ирж 350000 мянган төгрөгөөр тавьж байсан. Харин тухайн үед ирэхдээ өөрөө бичиг баримтгүй эгчийн бичиг баримт гээд **** овогтой ****  гэдэг хүний нэрээр тэр зөөврийн компьютерийг тавьсан. Тэгээд манай найз **** гээд хүүхэн байдаг тэр миний утас руу залгаад “манай хамаатны дүү зөөврийн компьютероо танай барьцаалан зээлдүүлэх газар тавих гэж байна, танай ломбарданд тавьж болох уу” гэж байсан. Тэгээд л би “тэг тэг” гээд тэр компьютерийг авсан. Тэгээд компьютерых нь хугацаа хэтэрчихээр нь би ***** руу  нотебүүкний хугацаа дууссан байна гээд утсаар ярьсан чинь ***** дүүдээ хэлье гэсэн тэгснээ өөрөө ирээд хугацааг 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгуулсан. 
...хугацаа нь дуусаад дотоод журмын дагуу тавьсан хүнд нь мэдэгдсэн боловч авах боломжгүй зарж болно гэхээр нь 400000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 63 дахь тал/, 

-Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр манай дүү Номин их дэлгүүр дээр ирсэн, би тэнд ажилладаг байсан юм. Тэгсэн **** ирээд “анай, танд таньдаг ломбард байна уу?, манай нэг найз надад өртэй юм, өрөндөө надад нотебүүкээ түр ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглэж бай гэж хэлсэн”  гэхээр нь би тухайн үед ямар нэг юм бодоогүй, үнэн л юм байх гэж бодсон. Тэгээд найз ***** маань утас болон нотебүүкний ломбард ажиллуулдаг болохоор би залгаж асуусан нь үнэн. Тэгээд манай дүү ******ын ломбарданд очооп нөгөө нотебүүкээ тавьсан байна лээ. Тэгээд 10 гаруй хоногийн дараа над руу ****** залгаад “анай, нөгөө ломбарданд тавьсан нотебүүкийг сунгуулаад өгөөч, надад мөнгө байхгүй байна, цалин буухаар танд мөнгийг нь өгье” гэхээр нь би 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ******ын ломбарданд очиж 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 14 хоногоор тэр нотебүүкийг сунгуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***** нь 2015 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух ******ын гэрийн гал тогооны өрөөний цонхыг хагалан орж, acer маркийн зөөврийн компьютер, 4.3 граммын монетан гинж, 1.65 граммын монетан кулон зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө 60000 төгрөг зэргийг хулгайлж, хохирогч Т.*****д нийт 1068675 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ******ыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд “…Би ****** таньдаг мөн амьдрал үр хүүхдийг нь бодоод хохирлын мөнгөө барагдуулсан учир ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашдаа ******д дахин гэмт хэрэг хийхгүй байгаасаа гэж хүсч байна” гэх мэдүүлэг /хэргийн 10, 58 дахь тал/ өгсөн, хавтаст хэргийн материалтай танилцахдаа “өөр гомдол санал, хохирол гаргахгүй байхаар шийдлээ” гэж тайлбар бичсэн /хэргийн 81 дэх тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж хариу өгсөн /хэргийн 97 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч ******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 74 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ****** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн 60 дахь талд авагдаж ирсэн барьцаат зээлийн гэрээг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1.***** овогт *****ийн *****ыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1068675 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***** овогт *****ийн *****д эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн 60 дахь талд авагдаж ирсэн барьцаат зээлийн гэрээг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

    7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ