Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

 

  2023              06               29                                                      2023/ШЦТ/99                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Ц.Сын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 93-94 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч П.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

 

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б-ыняллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

-Х.Б-ыниргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, арилжааны банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 65-67, 69, 70, 73-89 дэх тал/,

 

-Х.Б-ынӨмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 148 дахь тал,

 

-Хохирогч Ц.Сын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 149 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Бнь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  Эрүүл мэндийн төв буюу ажлын байран дээрээ байхдаа эм зүйч ажилтай Ц.Стай эмийн захиалга өгөх асуудлаас болж хоорондоо маргалдан, улмаар бие, эрх чөлөөнд нь цохих, өшиглөх байдлаар халдаж, эрүүл мэндэд нь “зүүн мөр, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сын өгсөн “...Намайг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд эм зүйчээр ажиллаж байхад тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг байсан эх баригч Батжаргал эгч миний өрөө рүү ахлах сувилагч Нандинцэцэг, лаборант Мягмарсүрэн, бид гурвыг байхад орж ирээд надаас тариа захиалга авъя гэж хэлсэн. Тэр үед миний шээс хүрээд байсан учир 00 орлоо гэж хэлэхэд Батжаргал эгч хүлээж байя гэсэн. Тэгэхээр нь би шүдээ эмчлүүлэхээр цаг авсан байсан тул уг учир шалтгаанаа хэлэхэд Батжаргал эгч намайг загнаад эхэлсэн. Тэгэхээр нь миний огцом уур хүрээд Батжаргал эгч бид хоёр хэрэлдээд намайг цаад талын өрөө рүү орох гэхэд Батжаргал эгч ардаас хэрүүл өдөөд байхаар нь би бал бас өөрийн гар утсаа Батжаргал эгч рүү шидчихсэн юм... би Батжаргал эгчийн толгой, мөр хэсэг рүү цохиод нэг өшиглөчихсөн юм. Тэгтэл Батжаргал эгч миний зүүн мөр хэсэг рүү цохиод баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр больж хоёр тийш салсан юм... Би 00-ын өрөө орж бие засах гээд дараа нь шүдээ үзүүлэх гээд байхад Батжаргал эгч эм асууж яаруулаад уг үйлдлээс болж хэрүүл маргаан эхэлсэн... тэр үед Батжаргал эгч өөрөө намайг түлхэж миний зүүн мөр хэсэг рүү цохиод баруун хөл рүү өшиглөчихсөн юм... би тэр өдөр Батжаргал эгч рүү бал болон гар утсаа шидээд бас толгой болон мөр хэсэг рүү нь цохиод хөл рүү нь нэг өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Саруул, Батжаргал хоёрыг хоорондоо хэрэлдсэн гэж ажлын хүмүүс ярьж байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзаяагийн өгсөн: “...Тухайн өдөр Саруулаас эм тариа, захиалга авахаар эмийн өрөө рүү Батжаргалын хамт орсон. Тэгэхэд эмийн өрөөнд Саруул, Нандинцэцэг, Мягмарсүрэн нар хамт байсан. Тэгээд эм тариа авъя гэхэд Саруул би бие засаад ирье гэсэн. Тэгэхээр нь Батжаргал "Хүлээж байгаад аваад явъя" гэж хэлсэн. Тэгтэл Саруул уурлаад "Би шүдний тасагт цаг авчихсан байгаа" гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд маргалдаж байтал Саруул Батжаргал руу гар утсаа авч шидтэл Батжаргалын толгой хэсэгт онох шиг болсон. Дараа нь Саруул Батжаргал руу хайрцагтай бээлий авч шидэх гэтэл Мягмарсүрэн болиулсан. Тэгээд Мягмарсүрэн, Нандинцэцэг хоёр Саруул, Батжаргал хоёрыг болиулах гэтэл Саруул Батжаргалын толгой болон зүүн мөр хэсэг рүү цохиод бас хөлөөрөө шилбэ рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Батжаргал Саруулыг мөр лүү гараараа нэг удаа түлхээд нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид Саруул, Батжаргал хоёрыг болиулсан... Саруул Батжаргал руу элдэв янзын хараалын үгээр харааж, цохиж, өшиглөж дайраад байхаар нь Батжаргал Саруулын хөл рүү нэг удаа өшиглөх шиг болсон...” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч П.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цайны цагийн дараа яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна тухайн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын эрүүл мэндийн төв дээр буюу ажлаа хийж байгаад эмнэлгийн эм зүйч Саруулын өрөөнд ахлах сувилагч Нандинцэцэгийн хамт ороход Саруул зөрөөд бие засна гээд тэгээд бас шүдээ үзүүлнэ гээд гарах гэж байж байхад.... бид хэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болон Монгол цэргийн баярын өдрийг зохион байгуулах сайн дурын комиссын гишүүд байсан тул тэр талаар ажил зохион байгуулах талаар ярих гэж Саруулыг өрөөнд аваад орсон. Тэгээд удалгүй эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Батжаргал, үйлчлэгч Батзаяа нар эм захиалах гээд орж ирсэн. Тэгэхэд нь Саруул “би жоохон байж байгаад гаргаад өгье миний шүдний эмчид үзүүлэх цаг болчихлоо” гэхэд Батжаргал хурдан гаргаад өг гэхэд Саруул “цаг тухайд захиалгын хуудсаа өгөхгүй яасан юм бэ, би шүдээ үзүүлчихээд ирээд өгье” гэж хэлээд хэрүүл эхэлсэн. Саруул Батжаргалд эмээ цаг тухайд нь захиал гэж шаардлага тавихад Батжаргал захиалсан эмүүдээ цаг тухайд өгч бай гэж хэлээд хэрэлдэж байгаад Саруулын мөрөн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд Нандинцэцэг бид хоёр голоор нь ороод хоёр тийш нь салгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдох гээд дайраад байсан. Саруул Батжаргал руу уурандаа утас болон үзгээ шидсэн... Саруул Батжаргалын биед халдсан зүйл бол байгаа. Батжаргалын хөлөн тус газар нэг удаа өшиглөх шиг болсон өөр халдсан зүйл бол байхгүй ээ... Батжаргал Саруулд халдсан зүйл бол байгаа. Саруулын мөр хэсэгт нэг удаа цохисон, хөлөн тус газар нэг удаа өшиглөсөн, өөр халдсан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

 

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цайны цагийн дараа ...Өмнөговь аймаг Цогтцэций сумын эрүүл мэндийн төв дээр буюу ажлаа хийж байгаад эмнэлгийн эм зүйч Саруулын өрөөнд лаборант Мягмарсүрэнгийн хамт ороход Саруул зөрөөд бие засна гээд тэгээд бас шүдээ үзүүлнэ гээд гарах гэж байж байхад гэж хэлээд өрөөнд бид хэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болон Монгол цэргийн баярын өдрийг зохион байгуулах сайн дурын комиссын гишүүд байсан тул тэр талаар ярих юм байна гэж Саруулыг өрөөнд аваад орсон. Тэгээд удалгүй эх баригч Батжаргал, үйлчлэгч Батзаяа нар эмийн захиалга авах гэж орж ирсэн. Тэгээд захиалгын хуудсаа эм зүйч Саруулд “төрөх эм тариагүй болчихлоо” гэж хэлээд өгсөн. Саруул нь би бие засчхаад, шүдний эмч үзүүлчхээд танай тасгийн эмийг гаргаад өгье гэхэд одоо авмаар байна гээл хэрүүл эхэлсэн... Тэгээд би Батжаргалыг болиоч гэхэд чи байж бай гээд намайг хойш нь түлхсэн тэр хооронд Батжаргал, Саруул хоёр хэрэлдээд л байсан. Саруул уурандаа Батжаргал руу утас болон үзгээ шидсэн боловч оносон талаар мэдэхгүй байна. Эрхлэгч эмч Амартүвшин рүү Саруул утсаар залгаад дуудсан удалгүй эрхлэгч эмч Амартүвшин орж ирээд Батжаргалыг явж ажлаа хий гээд явуулсан... Саруул Батжаргалын биед халдсан зүйл бол байгаа. Батжаргалын мөр юм уу толгой хэсэгт нэг удаа цохисон, хөлөн тус газар нэг удаа өшиглөх шиг болсон... Батжаргал Саруулын бие эрх чөлөөнд халдсан...Саруулын мөр хэсэгт нэг удаа цохисон, хөлөн тус газар нэг удаа өшиглөсөн, өөр халдсан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай “1. Ц.Сын биед зүүн мөр, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр улмаас үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б-ыняллагдагчаар өгсөн: “...тухайн үед Саруул бид хоёр хэрэлдэж маргалдан бие биеийнхээ бие эрх чөлөөнд халдсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Бнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Х.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Бнь хохирогч Ц.Сын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Х.Бнь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Х.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч Ц.Сын биед “зүүн мөр, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/   

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Сыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/

 

Хохирогч Ц.С нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Миний бие Ц.С нь 2023 оны 03 сард ажлын байран дээрээ сувилагч Х.Батжаргалтай ам мурийж цагдаад гомдол гаргасан боловч тэр үед өөрийн уурандаа түрэгдэж шийдвэр гаргажээ. Би Х.Б-дямар нэгэн гомдол, санал байхгүй. Түүнээс мөнгө нэхэмжлэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 149 дэх тал/

 

Иймд хохирогч Ц.С нь шүүгдэгч Х.Батжаргалаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын зүгээс шүүгдэгч Х.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч Х.Б-ынзүгээс хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг шүүхээс харгалзан үздэг.

 

Шүүгдэгч Х.Бнь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Ц.Сын зүгээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд түүний зүй бус үйлдэл нөлөөлсөн талаар тайлбар гаргасан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Х.Б-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-доногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Хохирогч Ц.С нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН