Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0100/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч *****ын өмгөөлөгч Л.Цуурай, 
Шүүгдэгч Н.*****ын өмгөөлөгч Ө.Ганзориг, 
Хохирогч Б.*****,
Шүүгдэгч *****, *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****, *****нарт холбогдох 201509000904 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *****, /регистрийн дугаар: *****/, ****** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, ****** тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****ын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, 
2.Монгол улсын иргэн, *****, /регистрийн дугаар: ******/, ******өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, **** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******-ны өдөр ***** аймгийн Сум дундын шүүхийн *****дүгээр таслан шийдвэрлэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, 

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *****, *****нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ****** тоотод байрлах Б.*****гийн амбаараас 170 кг үхрийн мах хулгайлж 680,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз *****ын машиныг гэрийнх нь хашаанд засварлаж байгаад хамтдаа 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд манай эгчийнд 19-20 цагийн үед очоод аяга аарц уучхаад дүүгээсээ хоолоо хийгээгүй юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тэгсэн ***** “танай эгчийнх нь чинь махгүй болчихсон юм уу” гэхээр нь би “үгүй, урд айл идшээ хийсэн болохоор би урд айлаас өдөр мах аваад өгчихсөн гэтэл ***** надаас “мах нь хаана байгаа юм, чи мэдэх юм уу” гэж асуухаар нь би “мэднэ” гэж хэлтэл ***** “хоёулаа хулгайлчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яаж” гэтэл хоёулаа манайд очъё гэж хэлээд би хамт дагаад гэрт нь очиход ***** надад нэг гутал өгөөд түүнийг өмс гэж хэлэхээр нь би гутлыг өмсөөд гарах гэтэл надад хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй, машины тос болсон нэг цамцны ханцуй өгөөд үүнийг гутландаа угал, энэ мөр гаргахгүй гэж хэлсэн. Тэгээд би түүнийг нь углаад гарахад ***** өөрийнхөө машиныхаа дугуйны дорцовыг авч гарч ирээд бид хоёр *****гийн гэрээс мах хулгайлахаар явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод амбаарын хойд хэсэгт байрлах хашааны банзууд байхгүй, хаалга шиг онгорхой байхаар нь бид хоёр тэр онгорхойгоор нь цуг явж ороод *****гийн махаа хадгалсан амбаарыг түгжсэн жижиг цоожийг дугуйн дорцовоор нь цоожийг хөшиж эвдээд дотор нь байсан хоёр шуудай мах, 25 кг шуудайнд байсан хошного, сээр зэргийг амбаараас нь авч гараад *****ад хулгайлсан махаа өгөхөд ***** махаа хашааны завсраар аваад гарсан. Тэр хооронд би амбаарын цоожний цүүнд цоожийг нь зүүж орхичхоод *****ын араас гарахад ***** алга болсон байсан. Тэгтэл ***** удалгүй гэрийнхээ тэндээс хүрч ирэхээр нь шуудайтай махаа яасан бэ гэхэд гэртээ тавьчхаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь *****ын хамт буцаад *****ын гэр уруу очиход надад өмсгөсөн гутал, цамцны ханцуй, дугуйны дорцов гурвыг надаас буцааж авахаар нь би хувцсаа солиод шуудайтай махаа яасан гэж асуухад машины багажинд нуусан гэж хэлсэн. Тэгээд би шууд харьсан. Би тэр хулгайлсан махаар яасан гэдгийг мэдэхгүй, ***** мэдэж байгаа. Сүүлд би шинэ жилээр *****ынд очиход надад нэг том пиво авч өгсөн. Тэгээд нөгөө хулгайлсан махаараа бууз хийсэн гэж ***** надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61,63 дахь талууд/,

Шүүгдэгч Н.*****ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ***** надад манай урд талын айлын амбаарт мах байгаа гэхээр нь би *****аас “чи хаана байгааг нь мэдэх юм уу” гэхэд ***** “би мэднэ, тэдний охинтой нь цуг мах хадгалсан амбаараас нь би мах авсан юм гэж хэлсэн. ...тэгээд бид хоёр *****ын эгчийнд ороход эгч нь байхгүй, эгчийнх нь ээж нь бололтой нэг хөгшин байсан, тэгээд бид хоёрт аарц аягалж өгөхөөр нь ууж дуусаад манайх уруу бид хоёр хамт явж байхад би “найз нь өнөөдөр урд айлын амбаарт байгаа махыг авчихмаар байна” гэж хэлэхэд ***** “яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би зүгээр хоёулаа хамт явъя гэж хэлээд манайд очоод намар юм хийж байгаад үлдээсэн богино түрийтэй бор гутлыг өөрийн өмсөж явсан шөр өнгийн түрийтэй гутлаар солиод манайхаас гараад гадаа машины хажууд байсан нэг дугуйн дорцовыг аваад 20-21 цагийн орчим би хамт явж байгаад замын гол хэсэгт *****ыг хүлээгээд үлдэхэд ***** байж байгаарай гэж хэлээд доошоо эгчийнхээ гэрийн зүг явсан. Би *****ыг хүлээгээд байж байтал ***** удалгүй 3 шуудайтай мах үүрчихсэн, над дээр ирээд надад “танайх уруу хамт явъя” гэхэд би үүрсэн махнаас нь хамт өргөлцөөд гэр уруугаа хариад нэг том шуудайнд нь нөгөө 2 жижиг шуудайтай махыг хийхэд ***** надад “чи наад махаа 25,000 төгрөгөөр ав” гэхээр нь би “үгүй, би 15,000 төгрөгөөр авбал авъя” гэж хэлэхэд надад зөвшөөрсөн. Тэгээд би гэр уруугаа орж ээжээс 6,000 төгрөг авчхаад нөгөө махнуудаа хашаанд байрлах эвдэрхий хөргөгчинд хийгээд ээжээс авсан мөнгөөрөө дэлгүүрээс нэг том пиво худалдан авч, *****тай манай гэрт хувааж уучхаад ***** гэрээс гарахдаа гутлаа сольж өмсөөд гараад явсан. Би *****ыг хулгай хийж байсныг мэдэж байсан. Би *****ын хамт хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 59 дэх талууд/, 

Хохирогч Б.*****гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зулзагын голоос зүс таних Тулга гэх хүнээс сувиа үхрийн 170 кг мах 1 кг нь 4000 төгрөгөөр бодож нийт 680,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд мөнгийг нь дараа өгье гэж хэлээд махаа тэр өдөртөө гэртээ авч ирээд нам даралтын зуухны өрөөндөө хийж хонуулаад маргааш нь хойд айлын ***** гэдэг хүнд 15,000 төгрөг өгч махаа эвдүүлсэн. Махаа эвдүүлэхэд миний худалдан авсан мах нийт 5 шуудай мах болсон. Тэрнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эгч ***** хөдөөнөөс ирэхдээ надад 40 литр сүү авчирч өгөөд би тэр сүүг бүгдийг нь ундааны саванд хийж мах хийсэн амбаартаа хийсэн. Намайг сүүг амбаарт хийхэд мах байсан. Тэгээд амбаарт хийснээс хойш ер нь хэрэглээгүй, хөргөгчинд байсан махаа хэрэглэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амбаараас мах авах гэтэл мах байхгүй, алга болсон байсан. Би өвлийн идэшний махаа алдчихсан. Надад нийт 680,000 төгрөгийн хохирол учирсан. Би худалдан авсан махаа нөхөн төлүүлмээр байна, /хавтаст хэргийн 31 дэх тал/, ... 680.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөдөлмөр эрхэлж цаашид амьдарлаа авч яваарай гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг,

Гэрч Н.*****гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ***** эгч манайхаас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэг сувиа 188 килограммтай нэг кг нь 4000 төгрөгөөр бодож 752,000 төгрөг болж, үхрийн гэдэс доторхыг 25000 төгрөгт бодож өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, 

Гэрч П.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “манай эхнэрийн дүү ***** *****гийн гэрээс мах хулгайлсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, 

Гэрч Б.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү ***** 23 цагийн орчим над дээр согтуу ирээд “чи муу намайг мах хулгайлсан гэж цагдаа нарт матсан байна” гээд агсарч байгаад явсан. Ер нь манай дүү ***** тэр махыг хулгайлсан гэж би бодож байгаа. ***** хулгай гардаг өдрийн урд өглөө манайд ирээд надад цагдаад машинаа журамлуулчхаад машинаа авахдаа 400,000 төгрөг хэрэг байна. Ээжийн тэтгэврээс 200,000 төгрөг аваад үлдсэнийг нь би өөрөө нэг юм төлөвлөсөн байгаа гэхээр нь би юу юм бэ гэж асуухад таньд хамаагүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр өглөө ***** манайхаас гарч яваад шөнө нь ***** гуай махаа алдсан. Тийм учраас ***** тэр махыг *****гийн хамт хулгайлсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, 

Гэрч Д.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр намайг *****ын эгч *****ийнд ороход ***** сууж байгаад намайг гэртээ орох гэхэд ***** “танайх идшээ хийсэн юм уу, надад чанах мах өгчих” гэхээр нь “за за” би тэгж байгаад өгье, жаахан ажилтай байна” гэж хэлэхэд ***** “одоо дагаж ороод авъя” гээд араас дагаад байхаар нь би “чи байж бай” гэсэн чинь махны амбаар уруу намайг дагаад орж ирсэн. Тэгэхээр нь би идэшнээс чанах мах ямар нэг уут саванд хийлгүйгээр задгай өгөхөд ***** аваад гарсан. ***** манайхыг идшээ хийсэн талаар мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, 
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 18, 22 дахь тал/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/, Б.*****д хохирол төлбөр төлсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 40 дэх тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 41 дэх тал/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64, 65 дахь тал/, 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *****, *****нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний өдрийг шилжих шөнө Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2 дугаар байрны 20 тоотод байрлах Б.*****гийн амбаарт хууль бусаар нэвтэрч 170 кг үхрийн мах хулгайлж 680,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *****, *****нарыг бүлэглэн, бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч *****нь шүүхийн хэлэлцүүлэгт ”*****, *****нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тайлбар өгсөн, хохирол нөхөн төлсөн талаарх баримт ирүүлсэн /хавтаст хэргийн 29 дэх тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч ***** нь урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч *****нь урьд ***** аймгийн Сум дундын шүүхийн ***** дүгээр таслан шийдвэрлэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *****, *****нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дугуйн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.*****ад буцаан олгож, Нокиа 3310 маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч *****, *****нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч *****, *****нарыг бүлэглэж, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *****, *****нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****, *****нарт тус тус оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 297.6.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *****, *****нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуйн дорцовыг шүүгдэгч Н.*****ад буцаан олгож, Нокиа-3310 маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, *****нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *****, *****нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****, *****нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *****, *****нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГЭРЭЛТ-ОД