Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2016/ШЦТ/72

 


                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 171/2016/0095/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
           Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ориглбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***** овогт *****ын *****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000049 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
           Монгол Улсын иргэн, *******д төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****, ******тоотод оршин суух хаягтай боловч оршин суух тодорхой хаяггүй, Урьд:
    -***** аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн   131.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- ****** аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 
- **** аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял,
- ****** аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ***** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****ын *****, /РД: *****/,

             Холбогдсон хэргийн талаар: 
               Шүүгдэгч Б.***** нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-аар эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн ял нь өршөөгдсөн боловч ялтай байдал нь дуусаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ***** дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй “*****” нэртэй үсчний газраас иргэн **********ын хар өнгийн “Самсунг галакси гранд” загварын гар утсыг хулгайлан 250,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Б.*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан. Би ажил хийнэ гэж зорилго тавиад гарсан, зах дээр грушик хийх гэж үзсэн, тэрэг түрэх болохоор иргэний үнэмлэхээр тэрэг өгдөг тул надад өгөөгүй, орцны жижүүр хийх гэхээр аваагүй, сүүлдээ хог түүгээд түүнийгээ тушаах ажил хийж байсан. Амьдрал хэцүү байсан, урин дулаан цаг болохоор ажил хийгээд амьдрах боломж байсан. Би хог түүж яваад хуучны найзтайгаа таарсан, бид хоёр найруулсан спирт авч уугаад, би үсчинд орж үсээ засуулъя гэхэд үсчин чиний үсийг засахгүй гэж хэлээд намайг хөөсөн. Би эргээд гарах гэтэл нүдэнд тавиур дээр байгаа утас харагдсан, тухайн үед энэ утсыг авъя гэсэн бодол төрөөд л авсан. Би гадаа гараад хартал манай найз хог түүгээд явж байхаар нь ***** би утас олсон гэж хэлэхэд, энэ утас чинь шинэ гар утас байна гэж хэлсэн. Бид хоёр зах дээр очиж утсаа нэг хүүхэдтэй хүнд 40,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө *****тай ганц юм авч уугаад, гэдэс өлсөөд байхаар нь хоолонд орсон. Би хулгай хийсэндээ харамсаж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсье” гэх мэдүүлэг, 
 
 Хохирогч **********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хээтэй хорооллын ***** дүгээр байранд “*****” салонд үсчин хийдэг. 2016 оны 01 дүгээр сарын 23-нд ажил дээрээ байж байсан чинь энэ хавиар архи уугаад яваад байдаг залуу орж ирсэн. Тэгээд үс засаад өг гэхээр нь би чадахгүй ээ, гар  гээд хөөсөн. Тэгээд хажууд байсан хүнтэйгээ юм яриад зогсож байх үед нөгөө залуу гараад явсан. Хэсэг хугацааны дараа би утсаа үзсэн чинь миний “Галакси гранд” маркийн 2 симтэй гар утас алга болсон байсан. Би утсаа үсний будагны тавиур дээр тавьсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. 2015 оны 04 дүгээр сард би шинээр нь 280,000 төгрөгөөр авч байсан. Би алдсан гар утсаа эргүүлэн авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гар утас зарна гэсэн хүнтэй уулзаад тухайн хүнээс наад утас чинь ямар үнэтэй юм гэхэд тэр хүн 50,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнээс наад утас чинь элдэв буруу замаар олдсон утас биш биз дээ гэхэд тэр хүн бишээ биш, манай эхнэрийн гар утас байгаа юм. Манай эхнэрт мөнгөний хэрэг болоод гар утсаа зарчих гээд би гар утсыг нь зарах гээд явж байна гэсэн. Ингээд би тухайн хүнээс гар утсаа 50,000 төгрөг гэхэд нь 40,000 төгрөг өгөөд тэр гар утсыг охиндоо авч өгсөн. Миний охиндоо худалдаж авч өгсөн гар утас бол хар өнгөтэй, гадна талаараа хар хөх өнгийн хавтастай гэртэй, 2 сим ордог “Самсунг гранд” маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/

 Шүүгдэгч Б.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна өдөр 15 цаг өнгөрч байхад ***** дугаар баг ***** дүгээр байранд байдаг “*****” үсчний газар үсээ засуулахаар орсон. Тэр үсчний үсчин ***** намайг урьд нь хааяа үсээ үнэгүй засуулж байгаарай гэсэн тул үсээ үнэгүй засуулахаар орсон. Тэгсэн ***** цаашаа харсан нэг хүнтэй юм яриад сууж байсан, үсээ засуулах юм гэхэд засахгүй ээ яв гэсэн. Тэгээд би гарах гэсэн үсчний тавиур дээр “Самсунг” маркийн хар өнгийн мэдрэгчтэй, гадна талаараа хар хөх өнгийн хавтастай гэртэй гар утас байхаар нь хулгайлж аваад гарсан. Гараад гадаа байсан *****д /*****/ би сая гаднаас гар утас оллоо гэсэн. Тухайн гар утсыг зарахаар бирж орж хүмүүсээс асууж явсан. Тэгсэн нэг ээж охин 2 надаас тухайн гар утсыг сонирхож үзэж байгаад 40,000 төгрөг бэлэн өгөөд бирж дотор надаас худалдаж аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

 Гэрч Т.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би хог түүгээд Хээтэй хорооллоор явж байсан чинь Б.*****той таарсан. Тэгээд Б.*****той хамт найруулсан спирт хувааж уугаад салсан. Б.***** үсээ засуулна гээд явсан. Тэгээд би хогийн пункер ухаад зогсож байсан чинь Б.***** над дээр ирээд “би газраас утас оллоо” гэж хэлсэн. Тэгээд би ямар юм олсон юм гээд харсан чинь хар бараан өнгөтэй, хавтгай хар утас байсан. Тэгээд тэрийг нь зарахаар болоод бид 2 хуучин Дарханд зах уруу очсон. Тэгээд би гадаа нь зогсож байсан чинь ***** явуулын хүнд 40,000 төгрөгөөр зарчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд ***** бид 2 архи аваад уусан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.*****, насанд хүрээгүй гэрч Б.***** нарын гэрчээр өгсөн мэдүүлэгүүд /хэргийн 18-19 дүгээр хуудас/

Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 67 дугаар хуудас/

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 40-41 дүгээр хуудас/

    Эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 22 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.***** нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-аар эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн ял нь өршөөгдсөн боловч ялтай байдал нь дуусаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ***** дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй “*****” нэртэй үсчний газраас иргэн **********ын хар өнгийн “Самсунг галакси” гранд загварын гар утсыг хулгайлан 250,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/, хохирогч **********, иргэний нэхэмжлэгч Б.***** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 11-12, 14-15 дугаар хуудас/, гэрч Т.***** /хэргийн 18 дугаар хуудас/, гэрч Б.***** /хэргийн 18-19 дүгээр  хуудас/ нарын мэдүүлэг, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 01-ний эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*****т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлэн ял эдэлж байгаад өршөөлийн хуулиар үлдсэн ялыг   өршөөн хэлтрүүлсэн бөгөөд ялтай байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн учир давтан бусдын эд хөрөнгийг хулгайж бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч **********д эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/, хохирогч **********, иргэний нэхэмжлэгч Б.***** нар нь ”нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.

Шүүгдэгч Б.***** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
Шүүгдэгч Б.*****ийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

    Шүүгдэгч Б.***** нь хохирогч, иргэний нэхмжлэгч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны 5088086537 дугаартай дансанд байгаа 82,800 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297,298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***** овогт *****ын *****ийг давтан /энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа/ бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.*****т 06 /зургаа/ сар баривчлах ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.*****т оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
           
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заанаар Б.***** 25 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцсугай
      
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Хаан банкны 5088086537 дугаартай дансанд байгаа 82,800 төгрөгийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Б.*****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
 
      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХТУЯА