Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0461

 

 

 

 

 

 

 

 

  2026          07           02                                    221/МА2026/0461

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нар

Нэхэмжлэлийн шаардлага:

“Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч Х.Б, хариуцагч М.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2026/0005/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Арвижих-Алтаргана ХХК-ийн Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”,  25.1.4-д “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах”, 25.1.5-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасан.

Маргаан бүхий актын үндэслэл болсон 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг “А” ХХК болон “Ж” ХХК нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтын дагуу, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, байгуулсан бөгөөд гэрээний 3.10-д  “... Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор болвол худалдан авагч тал хариуцан төлнө” гэж маш тодорхой заасан.

Одоо энэхүү гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, гэрээг дүгнэж, тооцоо нийлээгүй тул борлуулалтын орлого бус урьдчилж олсон орлогоор “А” ХХК тайлагнасан байдаг. Иймээс гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа “Ж” ХХК бүрэн хариуцаж, тайлагнан төлөх үүрэгтэй.

Гэтэл татварын улсын байцаагч нар татварын хяналт, шалгалт хийхдээ “Ж” ХХК нь татварын тайландаа үүнийг тусгасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр,  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хэрэгжиж дуусаагүй, гэрээг дүгнэж, тооцоо нийлээгүй байхад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай акт тогтоосон нь үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон гэрээний нэг тал болох “Ж” ХХК нь манай компанид мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр нууцаар төмрийн хүдрийг удаа дараа илүү хэмжээгээр ачиж, тээвэрлэсэн тул хэд хэдэн удаагийн уулзалтаар “Бидний зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр хэдэн тонн төмрийн хүдрийг ачиж авч явсан, мөн дотоодын угаах үйлдвэрт хэдэн тонн төмрийн хүдэр зарсан талаарх холбогдох баримтаа ирүүлэн тооцоо нийлсэн акт үйлдэх тухай” мэдэгдэж, акт үйлдэх талаар удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд манай компаниас авсан төмрийн хүдрийн зарим хэсгийг “Ж” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, “М” ТӨХК-ийн өртөөнд байрлах гаалийн талбайд байршуулж, хадгалуулсан байдаг. Иймд гэрээний 3.9-д зааснаар компанийн зүгээс Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтээс гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, мэдээллийг авахаар хүсэлт гаргасан боловч “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

Улмаар компанийн зүгээс гэрээний дагуу шилжүүлсэн болон “Ж” ХХК-ийн бидний зөвшөөрөлгүй авч явсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах өртөөний гаалийн талбайд байрлах төмрийн хүдрээ буцаан авахаар “М” ТӨХК-д удаа дараа очиж уулзахад “... бид танай компанитай гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр төмрийн хүдрийг өгдөггүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Ж” ХХК болон “М” ТӨХК-д холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №0000 дугаартай гэрээний 5.2-т заасны дагуу Тооцоо нийлсэн акт үйлдэхийг “Ж” ХХК-д даалгах, өртөөнд байрлах төмрийн хүдрийг буцаан өгөхийг “М” ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “... төмрийн хүдрийн татвараа төлөхийг “Ж” ХХК-д даалгах, Хандгайт өртөөнд байрлах үлдэгдэл төмрийн хүдрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэж өөрчилсөн. Уг иргэний хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч талуудын хооронд өгсөн авсан зүйлээ буцаах асуудал бий болно. Үүнтэй холбоотой бүхий л баримтууд өмнө нь хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өөрт байгаа бүхий л баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх зүйлсийг харгалзан үзэж, уг иргэний хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулж, хэрэгт хавсарган тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

3.2. Маргаан бүхий НА-20240000050 дугаартай татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой яг нэг асуудлаар давхардуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс “Т” ХХК-ийг “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэж хэрэг бүртгэлтийн 241000498 дугаартай хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Тодруулбал, “А” ХХК-ийн худалдан борлуулсан төмрийн хүдэрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг манай компани бус “Т” ХХК төлөх ёстой гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг энэхүү асуудлыг эрүүгийн журмаар хянан шалгаж байна.

Тэгэхээр маргаан бүхий актад дурдаж буй төмрийн хүдэрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “Т” ХХК болон “А” ХХК-ийн хэн аль нь төлөх ёстой болохыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлээгүй байхад татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргажээ.

Энэхүү эрүүгийн журмаар шалгаж буй асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлд шууд хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой юм. Иймээс энэхүү эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотой баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөх боломжгүй, тус хэргийн оролцогч биш тул хэрэг бүртгэлтийн 241000498 дугаартай хэрэг үүсгэсэн тогтоолыг “... Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс нотлох баримтаар гаргуулах тухай” гэсэн хүсэлт гаргасан. Гэвч шүүх уг хүсэлтийг хянан хэлэлцэж, хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн, татварын улсын байцаагчийн актад дурдаж буй 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ”-ээр худалдан борлуулсан гэх төмрийн хүдрийг “Д” ХХК-ийн зүгээс “хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр машин механизм ашиглан манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийн тээвэрлэн борлуулсан” гэх гомдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Уг гомдлын дагуу 5303 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн. Иймд уг эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэл энэхүү татварын маргааныг мөн адил хянан шийдвэрлэх боломжгүй.

3.3. Өмгөөлөгч миний бие тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохоор болсон бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас Орхон аймагт биечлэн очиж хэргийн материалтай танилцаж чадаагүй талаар дурдаж, цаашид энэхүү хэрэгт өмгөөлөгчөөр оролцох эсэх нь маань тодорхойгүй байгааг мэдэгдэн эмнэлгийн магадлагааг хавсаргасан өгсөнөөр шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Үүний дараа миний бие яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул БНХАУ-руу 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр явсан байдаг.

Улмаар “А” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ц.Г оролцох тухай хүсэлт болон Ц.Г өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт, цахим оролцогчийн баталгааг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:13 болон 11:15 цагт Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын и-мэйл [email protected] хаяг руу нийт 2 удаа явуулж, шүүгчийн туслахын гар утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ыг шүүх хуралдаанд цахимаар оролцуулалгүй, шүүхэд гаргасан хүсэлтийг нь хянан хэлэлцэж, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг зориуд хангалгүйгээр “Нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд “хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 119/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Тодруулбал, анхан шатны шүүх маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлд холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, боломжит хугацаагаар хангуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

2.1. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь дараах хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

2.2.  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2026 оны 04 сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад эхэлж, 15 цаг 30 минутад дууссан байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар оролцсон байна.

2.3. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгчөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26/14 дүгээр албан бичгээр “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ц.Г-ыг оролцуулах тухай” хүсэлтийг болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-аас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26-0421/1-1 дугаар албан бичгээр “…хэргийн материалтай танилцах боломж олгож, …шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг анхан шатны шүүх 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг 15 минутад хүлээн авсан болох нь шүүхийн дардас /хх-ийн 217 дугаар хуудасны ар талд/;

мөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн У.Б-ийн “...2026 оны 04 сарын 21-ний өдөр [email protected] гэсэн шүүхийн цахим хаягт ...өмгөөлөгч Ц.Г нь ...11 цаг 15 минутад дахин хүсэлтээ хавсаргаад мэйл илгээсэн байна. ...Хүмүүс ихтэй ачаалалтай байсан тул ...уг хүсэлтийг бүртгээгүй орхисон алдаа гаргасан байна. Уг хүсэлтийг тус өдрийн 17 цаг 10 минутад бүртгэж 17 цаг 35 минутад шүүгчид хүлээлгэн өгсөн болно” гэсэн тайлбар /хх-ийн 222 дугаар тал/-аар тус тус нотлогдож байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.”, 30.3-т “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, …;эрх эдэлнэ” гэж тус тус заасны бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах эрх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүйгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон мэтгэлцэх эрх зөрчигдсөн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

2.6. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

2.7. Учир нь нэхэмжлэгчээс “...”Ж” ХХК-тай байгуулсан дээрх гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Ж” ХХК болон “М” ТӨХК-д холбогдуулан “...төмрийн хүдрийн татвараа төлөхийг “Ж” ХХК-д даалгах, өртөөнд байрлах үлдэгдэл төмрийн хүдрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн бөгөөд уг хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч талуудын хооронд өгсөн авсан зүйлээ буцаах асуудал бий болно ... “А” ХХК-ийн худалдан борлуулсан төмрийн хүдэрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “Т” ХХК төлөх ёстой гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа” гэж тайлбарлан маргаж байхад шүүх уг захиргааны хэрэгт ач холбогдолтой дээрх баримтуудыг дутуу цуглуулсан гэж үзэхээр байна.

2.8. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцсэнгүй.

3. Иймд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА

                 ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА

                 ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ