Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Г.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч Ч.Намхай, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Чинбат, Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Н.Алтан-Очир, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус заасан гэмт хэрэгт Ч.Намхайг, 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Н.Алтан-Очирыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526010306 дугаартай, 4 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингис зочид буудлын хажуугийн барилгад мужаан ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, 1 дүгээр баг, Вангийн овоо ёл, 3 дугаар гудамж, 20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Гомбоюү тэргүүн овогт Чойжилсүрэнгийн Намхай /РД:ЙР78062518/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн 18 дугаар гудамж, 014 тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Тайжууд овогт Нэргүйн Алтан-Очир /РД:ЧВ84102874/.

Шүүгдэгч Ч.Намхай нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 63б тоотод Л.Сүхбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож санаатай алсан,

мөн Ө.Баатаржавхланг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь эрүүний зулгаралт бүхий гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь 2015 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар дайраг ХХК-ийн Hi нэртэй дэн буудалд иргэн Л.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож, бие махбодид нь Дух, зүүн доод зовхи, хацар, эрүүний цус хуралт, доод уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр, мөн цаг хугацаанд иргэн Ө.Баатаржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь Хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/. 

                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Намхай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 4 дүгээр сарын 06-нд Баатаржавхлангийнд 16 цаг 40 минутын үед очсон. Баатаржавхлан, Сүхбаатар хоёр хүнд зодуулсан гээд архи уугаад сууж байсан. Бид гурав хэсэг ярилцаж байгаад би түр гараад Өлзийхутагийнд орсон. Тэнд байж байгаад буцаад ороход хаалга нь түгжээтэй байсан. Би ороод лам хүмүүс байж архи уулаа гэж шаардлага тавьсан. Баатаржавхлан чамд хамаагүй гээд гараа далайгаад босоод ирэхээр нь би эрүүн тус газар нь өшиглөсөн. Гэтэл талийгаач Сүхбаатар ишгүй хутга бариад над руу дайрсан. Би өшиглөж унагасан. Тэгээд хутгыг нь авч байхад Баатаржавхлан гаднаас орж ирсэн. Хутгатай хүнээс өөрийгөө хамгаалсан гэж бодож байна. Би талийгаачийг санаатай алсан гэдгийг зөвшөөрөхгүй. Би толгойд нь хүрээгүй. Танхайрсан гэдгийг зөвшөөрнө гэв.

Шүүгдэгч Н.Алтан-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэв.        

 

201526010306 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Л.Болормаагийн: ...Манай ээжийн дүү Батнайрамдал цаашид энэ хэрэгт явах боломжгүй болсон. Мөн манай ээж Жавзандулам Солонгос улсад эмчилгээнд явсан учраас би энэ хэрэгт хохирогчоор оролцох болсон юм. Намхай, Алтан-Очир гэх 2 хүнд гомдолтой байна. 20000000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-37/,

Хохирогч Ө.Баатаржавхлангийн /2015.04.07/: 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...Сүхбаатар, Алтан-Очир, Алтантуяа бид нар караокеноос 00 цаг болж гараад буудалд орсон. Хаана ямар нэртэй буудалд орсноо санахгүй байна. Ороод 1 шил архи уугаад шөнийн 2,3 цаг болж байсан байх унтахаар болоод байж байтал Сүхбаатар, Алтан-Очир хоёр хүүхнээ булаацалдаад Сүхбаатар Алтан-Очирын толгой уруу 2 удаа цохиод авсан. Алтан-Очир Сүхбаатарын нүүр рүү 4-5 удаа цохиод газар унагааж байгаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би Сүхбаатарыг салгаж аваад буудлаас гарах гэж яваад буудлын 2 давхрын шатнаас уначихсан юм. Сүхбаатар ламын танидаг айлд очиж хоносон. Өглөө нь Сүхбаатар ламын доод уруул дотор талдаа язраад хавдаад цус гарчихсан байсан. Би Алтан-Очирыг авчирч харуулъя гээд буудлаас Алан-Очир, Алтантуяа хоёрыг авчирсан. Алтан-Очир уучлаарай, арай муухай юм болж гээд эвлэрээд бид нар 2 шил архи уусан.

15 цагийн үед Сүхбаатар, Алтан-Очир, Алтантуяа бид нар манайд очсон. 2 литрийн пиво уугаад Алтан-Очир, Алтантуяа нар 17 цагийн үед явсан. Бид хоёр унтаад өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 10 цаг болж байхад босоод бид хоёр нэг шил архи аваад уугаад хэвтэж байтал 18 цагийн үед аав Өлзийхутаг орж ирээд загнасан. Бид хоёр унтаад өгсөн. Шөнө 01 цаг өнгөрч байхад сэрээд ус уучихаад Сүхбаатар ламыг ус уух уу гэхэд дуугарахгүй байсан. Гэрлээ асаагаад харахад түрүүлгээ харчихсан хамар амнаас нь цус гарчихсан сонин болчихсон байсан. Би айгаад аавд хэлээд цагдаа дуудсан /1 дүгээр хавтас, хх-77-78/,        

...2015 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед босоод бид хоёр шараа тайлах гээд 1 шил 0,75 л-ийн архи аваад уугаад байж байтал 11 цагийн үед гаднаас манай хамаатны Намхай орж ирээд бид гурав архиа хувааж уугаад дууссан. Намхай би барилгын ажил хийх гэж байгаа гээд 14, 15 цагийн үед гараад явсан. ...Нэг мэдэхэд бид хоёр унтаад өгсөн байсан. Тэгтэл ...гаднаас Намхай нэмээд архи уучихсан бололтой нилээд согтуу 18 цагийн үед орж ирээд намайг заяагүй муу пизда гээд агсарч байгаад та нар лам байж архи дарс уугаад зүгээр  ч ууж чадахгүй хүнд зодуулаад гээд байхаар нь би чамд ямар хамаатай юм гээд Намхайтай хэрэлдээд босоод иртэл Намхай хүрч ирээд миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь эрүүнээс цус гарсан. Би шууд үүд рүү явахад чи яаж байгаа юм гээд талийгаач хэвтэж байсан газрын толгой дээр байсан хаалгагүй түмбүшиг дотор байсан хутгыг барьчихсан босож ирж байгаа харагдсан. Намхай чи ч гэсэн заяагүй пизда архи дарс уугаад нүдүүлж цохиулаад гэж хэлээд талийгаачийг өшиглөж байсан. Яг хаана нь өшиглөснийг анзаараагүй, Намхай өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би цус гоожуулж Өлзийхүү ахын гэрт орох гэхэд Цэрмаа эгч юун бас зодоон бэ, хэнтэйгээ зодолдоод цус нөж болчихвоо, гэртээ орж цусаа угаа гээд уурласан. Би буцаад гэртээ ороход талийгаач хэвтчихсэн Намхай талийгаачийн дээр суучихсан байсан. Намхайд чи яагаад орж ирээд хүн амьтан зодоод байгаа юм бэ гэж уурласан чинь Намхай энэ чинь хутга бариад хүн алах гэж байна ш дээ гэж хэлээд зуухны хажуу руу заасан чинь манай гэрийн ишгүй хутга зуухны хажууд хэвтэж байсан. Тэгээд Намхай босоод гараад явчихсан.

...Манай аав цагдаа дуудсан. Цагдаа дуудчихаад байж байхад манай аав Намхайгийн талаар хэлээд яах вэ дээ ах дүү садан хүмүүс юм чинь цагдаад хэлэх хэрэггүй гэсэн. Тэгээд л цагдаад хэлээгүй юм. Задлан шинжилгээний хариу гарсан хойно л би Намхайн зодсноос болж Сүхбаатар нас барсан байна гэдгийг мэдээд мэдүүлсэн /2 дугаар хавтас, хх-64-65/,

Гэрч Р.Алтантуяагийн: ...Буудлын өрөөнд Жавхаа, Сүхээ ах нар архийг их хэмжээгээр уусан. Алтан-Очир тэр архинаас нь 2 удаа уусан байх. Би архинаас нь уугаагүй. Архи ууж эхэлснээс хойш 30-аад минутын дараа би бие засах гээд 00 орчихоод буцаад хаалганы хажууд ирэхэд Сүхээ ах Аагийг шахаад уулгаадах наадах чинь уухгүй байна, наадхыг чинь согтоож байгаад гурвуулаа цуварчихъя гэж хэлсэн. Намайг хаалганы ард зогсож байгааг Алтан-Очир харчихсан. Алтан-Очир Тийм юм байхгүй, би 2 сартай хүүхэдтэй, амьдралтай, та ах нь шүү дээ, дүү одоо гэртээ харина гэсэн, нөхрийгөө дуудна гэж ярьж байна лээ гэж хэлсэн чинь Сүхээ ах чи надаас энэнийг харамлаад байгаа юм уу гээд маргалдаж эхлэсэн. Сүхээ ах Алтан-Очирын 2 мөрөн дээр гараараа дараад цаашаа суу гэж хэлээд мөрөн дээр нь дараад орон дээр суулгаж байсан. ...Сүхээ ах Алтан-Очирыг орон дээр дарж аваад цээж, нүүр рүү нь цохиж байсан. Алтан-Очир босож ирээд Сүхээ ахын нүүр рүү гараараа цохисон, би хаалгаар гараад ресепшин эгчийг дуудаад эргээд харахад Сүхээ ахын 2 завжаар цус гарч байсан. Алтан-Очир, Сүхээ ах 2 хоёулаа босоод зогсож байсан. ...Жавхаа сууж байснаа босч ирээд учиргүй орилоод явж байгаад шалан дээр унаад хоёр хөлөө жийж суугаад байсан. Сүхээ ахын амнаас гарсан цусыг би гараараа арчиж өгөөд Алтан-Очирт хандаж чи яаж байгаа юм бэ ингэтэл нь цохиж байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд Алтан-Очир уучлаарай би үнэхээр тэссэнгүй гэж хэлээд өөр зүйл хэлээгүй. Жавхаа зүгээр л орилоод байсан. Үүдэнд байсан нөгөө залуу болон нөгөө эгч нар эхлээд Жавхааг аваад гарсан. ...Араас нь Сүхээ ахыг авч гарсан. Алтан-Очир өөрөө араас нь дагаад гарсан. Тэд нарыг гарснаас хойш 5 минутын дараа гадаа хүн орилох чимээ гараад байсан.

...Тэгээд өглөө унтаж байтал бөөн шуугиан болоод өрөөнд хүмүүс ороод ирсэн харахад Жавхаа, зүс мэдэх 3-4 хүн байсан. Жавхаа чи муу босоод ир, намайг ийм болгочихлоо, өчигдөр чи намайг гадаа гаргаж байгаад зодсон, чи намайг ийм болгодог хэн бэ? Гадаа гараад зодолдьё гэж байсан. ...Сүхээ ахын уруул нь хавдчихсан байна гээд өөрийнхөө уруулыг татаж харуулж байсан. Би тэгэхэд нь өчигдөр орой энэ 3 муудалцсан, тэгсэн Алтан-Очир Сүхээ ахын уруул руу нь цохичихсон, би Алтан-Очирыг дагуулаад очьё гэж бодож байсан юм угаасаа одоо хамтдаа очиж харцгаая гэж хэлээд гарцгаасан. Тэр залуучуудын нүүрэн дээр би текний хажуу талд зогсоод энэ эгчээс асуугаарай, болохгүй бол камерийн бичлэг үзэцгээе гэж хэлэхэд нэг нь энэ эгч угаасаа чамайг бараг л эрүүл байсан гэж хэлсэн, бид нар камерийн бичлэг үзсэн гэж хэлж байсан. ...Бид нар нэг айлын гадаа очоод байшинд ороход Сүхээ ах цаад талын өрөөнд газар нилээн согтуу унтаж байсан. Би очоод Сүхээ ахын мөрнөөс татаад Сүхээ ахаа зүгээр үү босоорой, наадхаа үзүүлж харуул гэхэд Сүхээ ах шал согтуу юм хэлэхгүй байсан. Алтан-Очир орж ирээд ерөнхийдөө байр байдлыг нь харчихаад Сүхээ ахыг татсаар байгаад босгоод ирсэн. Сүхээ ах босч ирээд чи ахыгаа ийм болгочихсон байна шдээ хар даа гээд уруулаа татаж харуулж байсан. Доод уруул нь хавдчихсан байсан. Алтан-Очир уучлаарай Сүхээ ахаа та өөрөө боль гээд байхад болихгүй байсан гэж хэлэхэд Сүхээ ах ахдаа нэг архи аваад өг гэж хэлсэн. Хажууд нь Жавхаа бас чи намайг ийм болгочихсон гээд орилоод байсан. Алтан-Очир би чамд нэг ч гар хүрээгүй, чи өөрөө шат руу бууж байхдаа уначихсан гэж хэлээд маргалдсан. ...Тэгээд тэнд байсан хүмүүс авч ирсэн архи, пивоо ууцгаасан. Би энэ үед Сүхээ ахыг өөрийнх нь утсаар ээж, ахтай нь яриулсан. ...Сүхээ ах ээж, ах хоёртоо болсон явдлыг хэлсэн. ...Бид нар Алтан-Очирыг ирэхээр цагдаа орно гэж ярьж байсан. Алтан-Очирыг ирэхээр нь би Сүхээ ах, Жавхаа нарыг гэрээс авч гараад Алтан-Очирын машинд суугаад Сүхээ ахын гэр рүү явсан. Замын цагдаа орно гэсэн чинь Сүхээ ах оруулаагүй. Тэгээд 16-17 цагийн үед Сүхээ ахын гэрт  очсон чинь Сүхээ ах Ах нар хаалга, үүд хадаж байж магадгүй, ах нартаа харагдмааргүй байна гэртээ орохгүй гэхэд Жавхаа манайд очиж амрая гэж хэлсэн. Энэ үед ах машинаас буугаад явсан. Би Сүхээ ах хаачих гэж байгаа юм бэ? Одоо архи дарс авахгүй шүү. Одоо харихгүй бол болохгүй Хашаа гайхаж байгаа эсвэл та Хашаатай ярь гэсэн чинь Сүхээ ах Ах нь удахгүй гэж хэлээд гэрийнхээ хойд талын дэлгүүр рүү орсон. ...Бид нар тэндээс яваад Жавхаагийнд очсон. Жавхаагийн гэрт ороод бэлэн гоймонгоо идээд, архи задлаад уух гэхээр нь би одоо болно гэж хэлээд архийг нь уулгаагүй. Пивоо задалж уусан. Тэгээд байж байтал Сүхээ ах унтаад өгсөн. Жавхаа пивоноос нилээн ууж байгаад Сүхээ ахын хажуугаар ороод унтаад өгсөн. ...Сүхээ ах, Жавхаа 2-ыг сэрээх гээд дийлээгүй. Би явлаа гээд гарсан. ...Сүхээ ах найз хүүхнийхээ араас явчихаад ирэхдээ нүүр ам нь зүгээр байсан. Харин куртикнийх нь суга, ханцуй нь оёдлоороо урагдсан байсан.

...Буудлын гадна хэн нь хэнийгээ зодож цохисныг мэдэхгүй байна. Маргааш нь Жавхаа чи намайг гадаа гаргаж байгаад зодсон гэж хэлж байсан. Сүхээ ах болохоор чи ахыгаа яах гэж ийм болгосон юм бэ гэж хэлж байсан.

...Алтан-Очир бид хоёрыг буудалд байхад Баатаржавхлан 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн үед хүмүүстэй буудалд ирэхдээ духны зүүн хэсэгт нилээд овгор хавдчихсан, цус гараад шалбарчихсан, хэв гарчихсан юм шиг шарх, гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл байгаагүй. Баатаржавхлан надтай байх хугацаандаа хүнтэй муудалцаж, биедээ өөр гэмтэл аваагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-85/,

Гэрч Л.Наранцацралын: 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад улаан малгайтай 30 орчим насны намхан залуу орж ирээд өрөө асуугаад би 3 найзтайгаа явж байгаа юм манай 2 найз лам байгаа юм. Жаахан унтуулж амрааж байгаад явуулчихаад найз охинтойгоо амрах юм аа гэж хэлээд гарсан юм. Тэгээд гаднаас өндөр нам хоёр залуу эмэгтэйтэй нилээд согтуу байдалтай орж ирээд 3 номерийн өрөөнд орсон юм. Орсноосоо хойш 10 гаруй минутын дараа эмэгтэй нь уйлаад байгаа чимээ гараад байсан. Тэгтэл хажуугийн 4 номерийн өрөөнд амарч байсан нэг залуу гарч ирээд хажуугийн өрөөний хүмүүсийг амраагаач ээ, их дуу чимээтэй байна гэхээр нь би 3 номерийн өрөөнд очоод хаалгыг нь тогштол улаан малгайтай залуу хаалга онгойлгосон. Би яасан юу болоод байгаа юм бэ? гэж асуухад нөгөө залуу зүгээр ээ эгчээ санаа зоволтгүй, ээж нь саяхан нас барчихсан юм. Тэгээд уйлаад байгаа юм гэсэн. Тэгээд би текин дээр очоод байж байтал удалгүй уг өрөөнд зодолдох чимээ гарсан. Манай хамгаалагч Батсүх найз Нарангэрэлтэй хамт очоод хаалгыг нь тогшоод онгойлгуулсан. Нөгөө 3 залуу нь хоорондоо зодолдсон байдалтай нэг лам гээд байсан намхан залуугийн амнаас нь цус гарсан зүүн талын орон дээр нь 00-ын цаасаар амаа арччихсан сууж байсан. Харин өндөр лам гэх залуу нь баруун талын орон дээр суучихсан нөгөө улаан малгайтай залуу нь өндөр лам гэх залууг чи унтаад амарчих л даа гээд хаалганы хажууд зогсчихсон, хажууд нь хамт явсан эмэгтэй нь зогсож байсан. Нөгөө 2 лам гэх залуучууд нь гэртээ харилаа гээд өндөр ламыг хөл дээрээ тогтохгүй байхаар нь би гадаа хүйтэн байна, наад хоёроо таксинд суулгаад өгөөрэй гээд хамгаалагчийн найз Нарангэрэл өндөр залуугийн араас нь түшээд гарсан. Араас нь намхан залуу нь гараад явсан. Улаан малгайтай залуу нь хамт явсан эмэгтэйтэйгээ өрөөнд үлдсэн. Би цонхоор харж байхад өндөр залуу нь дэлгүүрийн шат, газар хөл дээрээ тогтож чадахгүй унаад байсан. Гадаа юм цохих чимээ гараад байсан. Тэгтэл улаан малгайтай залуу буудлаас гараад нөгөө хоёр лам гэх залуучуудад такси барьж өгөх гээд зам дээр зогсож байгаа харагдсан. Удалгүй хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга чанга дуугараад байсан. Улаан малгайтай залуу буцаад ороод ирсэн. Тэгээд би цонхоор хартал нөгөө хоёр залуу замын голд хөлөө жийж сууж байгаад босоод саарал өнгийн приус маркийн машинтай саарал өнгийн ноосон цамцтай, 30 орчим насны залуугийн машинд суугаад яваад өгсөн. Өглөө нь буюу 4 дүгээр сарын 05-ны 10 цагийн үед нөгөө приус машинтай залуу өндөр лам гэх залуутай орж ирээд нөгөө улаан малгайтай залуу, эмэгтэй хоёрыг дагуулаад яваад өгсөн. Улаан малгайтай залуу нь эрүүл, нөгөө хоёр нь нилээд согтолттой, эмэгтэй нь халамцуу байсан. Хэн нь хэнийгээ яаж зодсон талаар хараагүй. Миний анзаарснаар улаан малгайтай залуу өндөр лам гэх залуутай муудалцаад байх шиг байсан. ...Уг хүмүүс орж ирэхэд хэнд нь ч ямар нэг шарх байгаагүй, гарахдаа жижиг лам гэх залуугийн амнаас нь цус гарсан байдалтай, өндөр лам гэх залуу ямар нэг гэмтэл байгаагүй, өглөө нь 10 цагийн үед орж ирэхдээ дух нь хавдсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-86-87/,

...Анх энэ камерийг тавихдаа өдрийг нь буруу алдаатай тохируулж тавьсан. Нэг хоногоор түрүүлж ажилладаг байсан. 2015.0.4.05-ны өдрийн бичлэг гэхэд л 2015.0.4.06-ны өдөр гэж нэг өдрөөр түрүүлж дэлгэцэн дээр нь гараад байсан. Засагдахгүй байгаа юм гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-49/,  

Гэрч Б.Батсүхийн: ...Шөнө 01-02 цагийн үед 3 тоот өрөөнөөс эмэгтэй хүн уйлах, эрэгтэй хүмүүсийн орилох чимээ гарсан. Энэ үед 4 тоот өрөөний эрэгтэй хүн гарч ирээд хажуу өрөөний хүмүүс унтуулж амруулахгүй байна гэж хэлсэн. Би эхлээд ганцаараа очоод 3 тоот өрөөний хаалгыг тогшиход улаан ноосон малгайтай, дээгүүрээ хар богино савхитай, хар цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй ойролцоогоор 165 см өндөр нуруутай, шардуу царай, туранхай биетэй 25-28 насны орчим насны залуу хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогшоо оролгүйгээр хаалган дээрээс хажуу өрөөний хүмүүс чинь амарч чадахгүй байна, орилж чарлахаа болиоч гэсэн чинь тэр залуу одоо асуудал гаргахгүй, унтаж амарчихна гэж хэлсэн. Цаана нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй орон дээр сууж байсан. Цаана нь орон дээр 2 халзан толгойтой залуу нь нилээн халамцуу харагдсан. Гэхдээ ил архи ууж байгаа харагдаагүй. Улаан ноосон малгайтай залуу, нэг эмэгтэй нь их согтуу биш, тодорхой хэмжээгээр архи хэрэглэсэн байсан. Үүнээс хойш 10 минутын дараа 3 тоот өрөөнөөс хүн зодолдож байгаа бололтой пижигнэх чимээ гарахаар нь би найз Нарангэрэл, ресепшин Цацрал нарын хамт очиход ...улаан малгайтай залуу нь улаан хүрэн өнгийн куртиктэй залуугаас холдож байсан. Хоёр зэрэгцээ орны баруун талын орон дээр цагаан саарал урт өвлийн куртик, цагаан саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн богино түрийтэй, цэвэрхэн бордуу царайтай, 165-170 орчим өндөртэй 25-30 орчим насны хүүхэн ул тавиад хусуулсан халзандуу толгойтой 30 гаран насны гэмээр царайтай, бордуу царайтай, саарал өнгийн саравчтай малгайтай, улаан хүрэн өнгийн өвлийн богино малгайтай куртиктэй, хөх өнгийн даавуун өмдтэй залуутай хамт сууж байсан. Тэр сууж байсан залуугийн доод уруул нь цус болсон, куртикнийх нь хоёр ханцуйны суга нь оёдлоороо ханзарсан байдалтай сууж байсан. Улаан ноосон малгайтай залуу нь зогсож байсан. Зүүн талын орон дээр бас халзан толгойтой 30 гаран насны 160-165 см орчим өндөртэй, нилээр туранхай шар царайтай бараан өнгийн цамцтай, хар өнгийн өмд, цагаан пүүз, залуу сууж байсан. Энэ залуу сүүлд нь буудлаас гарахдаа улбар шар өнгийн куртик, саарал өнгийн коршокон малгай өмссөн. Би ороод та нар цагийн мөнгөө өгөөд гарцгаа, хүн амьтан унтуулж амраахгүй хэцүү байна гарцгаа гэж хэлсэн чинь улаан ноосон  малгайтай залуу энэ хоёр ерөөсөө болохгүй байна, энэ хоёрыг гаргачих гэж хэлэхэд нөгөө хүүхэн бас энэ хоёр залууг гаргачих гэж хэлсэн. ...Би энэ хоёр залууг 2 давхрын хаалгаар гаргаад хаалгаа түгжчихээд хяналтын камерийнхаа дэлгэцийг хараад сууж байхад коршокон малгайтай залуу нь манай 1 давхрын дэлгүүрийн шатны тэнд бүдрээд биеэрээ тэр чигтээ унаж байгаа харагдсан. Нөгөө залуу нь камерт харагдахгүй байсан. Унасан залуу нь босч ирээд тэр хавиар явж байгаад буцаад манайх руу орж ирээд хаалга тогшихоор нь би хаалгаа тайлж өгөхөд нөгөө залуугийн дух нь нилээн том булдруутай болчихсон байсан. Тэр залуу ороодохъё гэхээр нь би хүмүүс унтаж амарч байна гэж хэлээд тэр залууг оруулаагүй. Тэгээд тэр залууг гаргачихаад засмал зам руу харсан цонхоор хараад зосгож байхад приус 11 машинтай таксинд явдаг зүс таньдаг Төгөлдөр, Ууганаа гэх хоёр залуу зам дээр ирээд Ууганаа нь манайх руу орж ирээд хөөе Сүхээ чи хойно машинаа тавьсан уу чиний машиныг нэг хүн цохиод өшиглөөд байна гэж хэлэхээр нь би би машинаа тавиагүй ээ юун машин байдаг билээ гэж хэлчихээд 3 тоот өрөөний хаалгыг тогшиход улаан малгайтай залуу хаалга тайлж өгөхөөр нь би чи Соната-5 машинтай ирсэн үү гэхэд тийм гэсэн. Тэгэхээр нь би машин тэргийг чинь цохиж өшиглөөд байх шиг байна гэж хэлэхэд тэр залуу коридорын зам руу хардаг цонхоор харчихаад өө нөгөө хоёр чинь байна гэж хэлээд ганцаараа гадагшаа гарсан. ...Нөгөө хоёр залуу зам дээр такси барих гээд зогсож байхыг нь цонхоор харсан. Цонхоор хараад байж байхад улаан малгайтай залуу, коршокон малгайтай залууг бариад байсан. Тэгээд тэр залууг хавсраад зам дээр унагасан. Дараа нь улаан хүрэн куртиктэй залууг нь барьж аваад хавсраад зам дээр унагаасан.

Нарангэрэл, Цацрал бид нар цонхоор боль боль гэж орилсон. Нарангэрэл гарч гүйгээд тэд нар дээр очоод улаан ноосон малгайтай залууг салгаад буудал руу оруулж ирсэн. Нөгөө хоёр залуу нь зам дээр үлдсэн. Би Нарангэрэлд чи эрүүл байгаа юм чинь гадаа байгаа хоёрт такси бариад өгчих гэж хэлсэн. Нарангэрэл гараад такси барих гээд гараа өргөөд зогсож байсан. Тэгээд Нарангэрэл нөгөө хоёрыг таксинд суулгачихлаа гээд араас орж ирээд унтсан.

...Анх буудлаас гарахад улаан хүрэн өнгийн куртик, саарал саравчтай малгайтай залуугийн уруулны доод хэсэг нь бага зэрэг цус болсон, куртикний суга нь оёдлоороо ханзарсан байсан. Өөр ил гэмтэл харагдаагүй. Камерааар харж байхад коршокон малгайтай залуу нь дэлгүүрийн шатны тэнд унасан тэгээд тэр залуу хаалга тогшихоор нь онгойлгож үзэхэд духны голд хавдчихсан булдруу үүссэн байсан. Би тэр залууг толгойгоороо мөргөж унасан байна гэж бодсон.

...Халзан толгойтой лам гэж хэлж байсан хоёр залуу бол нилээн согтуу байсан. Коршокон малгайтай залуу нь бол нилээн гуйвж явж байсан. Харин нөгөө хүүхэн, улаан ноосон малгайтай залуу хоёр бол их уусан шинж харагдаагүй. Буудлын өрөөнд зодоон болсныг нүдээрээ хараагүй. Орж ирэхэд л салаад сууж  байсан. Гадаа болсон явдлыг цонхоор харсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-88-90/,

Гэрч Ж.Нарангэрэлийн: ...3 номерийн өрөөнд нэг хүүхэн орилоод байсан. Наранцацрал эгч өрөөнийх нь хаалгыг онгойлгож харчихаад буцаж ирээд зүгээр байна, тэр хүүхэн чинь согтчихоод ганцаараа наад талд нь шалан дээр суучихсан орилоод нөгөө 3 нь архиа уугаад орон дуур сууж байна гэсэн. Шөнийн 24 цаг өнгөрч байхад шар алаг куртиктай лам залуу /хаалга нь онгорхой байсан/ нь өрөөндөө орилоод эхэлсэн. Зодолдож байгаа чимээ гарахаар нь ортол цэнхэр куртиктай залуу орны наад талд зогсчихсон, хүүхэн нь орны наана газар суучихсан, ногоон куртиктай залуу нь баруун орон дээр суучихсан амнаас нь цус гарчихсан байсан. Шар куртиктай лам бид нар уруу битгий хуц, ална гэхэд цэнхэр куртиктай залуу нь шар ногоон куртиктай залууг заагаад энэ миний найз охиныг оролдсон, намайг 00 ороод ирэхэд оролдож байсан гэсэн.  

Тэгээд ...өрөөний ханыг хүчтэй цохиод пизда, наахуу гээд янз бүрийн хараалын үг хэлээд орилоод байхаар нь Батсүх, Наранцацрал эгч бид 3 очоод та нар зүгээр унтчихаач гэж хэлсэн чинь шар куртиктэй лам нь бид нар руу дайраад хараалын үг хэлээд дайраад байхаар нь цэнхэр куртиктэй залуу тэр залууг унтуулах гээд татаж чангаагаад байсан.

...камерийн бичлэгээр гадаа байсан Соната-5 маркийн машины хажууд нөгөө гарсан хоёр залуу очоод зогсчихсон байсан тэгтэл нэг залуу хүрч ирээд хойд талд чинь нэг машиныг нэг залуу цохиод байна гэхээр нь бид хоёр гараад очсон чинь нөгөө ногоон куртиктэй залуу нь машины хажууд зогсчихсон, нөгөө залуу нь шатны хажууд зогсчихсон машины хойд карлан нь хонхойчихсон байсан. ...Тэгээд би цонхоор харсан чинь нөгөө хоёр залуу замын голд зогсож байсан чинь цэнхэр куртиктэй залуу очоод тэр хоёр залууг ээлжлээд нүүр рүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэр хоёр залуу цохиулчихаад зам дээр унаад өгсөн. Тэгээд удалгүй шар куртиктэй залуу нь араас нь орж ирсэн чинь духан дээр нь атгасан гар шиг том хавдчихсан, шалбарчихсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-91-92/,

Гэрч Ү.Ганбаатарын: 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө би найз Баяраа буюу Баяржаргалтай гадуур миний 9020 УНУ дугаарын приус 11 маркийн машинтай таксинд явж байгаад 05 цагийн үед Хилчин хотхоны урд хуучин төмөр замын призерийн урд байдаг хоёр давхрын зочид буудлын урд гурван хүн таксинд суух гээд нөгөө машин нь авалгүй яваад өгсөн. Баяржаргал бид хоёр аваад явъя гээд очтол Баяржаргал Жавхаа байна гэсэн. Хартал Баатаржавхлан, Сүхбаатар хоёр зодуулчихсан бололтой, нүүр ам нь хавдчихсан, шүд амнаас нь цус гарчихсан согтуу байж байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд хажууд нь байсан буудлын ажилтан гэх залуу наад хоёр чинь хоорондоо муудалцаж байгаад нэг залуу нь энэ хоёрыг зодчихсон. Зодсон хүн нь буудалд унтаж байгаа машин нь энэ байна гээд буудлын хажууд байсан Соната 5 маркийн цагаан өнгийн машиныг заачихаад буудал руугаа ороод явчихсан.

...Сүхбаатарыг гэрт нь хүргэж өгсөн чинь Сүхбаатар гэрийнхээ түлхүүрийг олохгүй байсан. Тэгээд Сүхбаатар хаалгаа онгойлгох гээд тоосгоор хаалганыхаа цоожыг цохиод онгойлгож чадаагүй. ...Сүхбаатар гэрт мөнгө байгаа, намайг тооноор ороод бурхных нь хажуу талаас 5000 төгрөг авч гарч ирээд бид нар архи авахаар онгорхой дэлгүүр хайгаад олоогүй. Тэгээд арьс ширний 60 айлд байдаг Төв-Аймаг ахын гэрт очоод Төв-Аймаг, Шарка хоёр байсан. Тэгээд Сүхбаатар, Баатаржавхлан бид гурав унтаад өгсөн.

...Тэгээд архиа ууж дуусчихаад 09 цагийн үед Баатаржавхланг босгоод одоо очиж зодсон залуугаа авч ирнэ, Сүхбаатартай уулзуулна гээд бид дөрөв буудал руу очиход буудлын хоёр давхрын булангийн өрөөнд Сүхбаатарыг зодсон гэх нэг намхан залуу нэг хүүхэнтэй унтаж байсан. Баатаржавхлан чи Сүхбаатар ахыг яаж байгаа юм бэ ахын шүд ам нь хөдөлсөн босч чадахгүй байна гээд тэгэхээр нь би чи яахаараа хүн зоддог юм бэ гэхэд нөгөө залуу би нэг л цохисон гээд байсан. Нөгөө залуу за тэгье Сүхээ ахтайгаа очиж уулзая гээд бид нар Төв-Аймгийнд ирсэн. Тэгээд Сүхбаатараас уучлалт гуйгаад байсан. Тэгээд нөгөө залуу Шарка бид хоёртой хамт архи, пиво авчирч бөөнөөрөө хувааж уусан. Нөгөө хамт явсан эмэгтэй нь та хоёр их агсам юмаа гээд Сүхбаатар, Баатаржавхлан хоёрт хандаж хэлээд байсан. ...Нөгөө залуу Сүхбаатар, Баатаржавхлан, нөгөө хүүхнээ дагуулаад машинаа асаагаад яваад өгсөн. Тэрнээс хойш тэд нартай дахиж уулзаагүй. ...Сүхбаатарын доод уруул нь дотор талдаа язраад хавдчихсан, доод үүдэн шүднүүд нь хөдөлчихсөн байсан. Баатаржавхлангийн дух нь их халцраад хавдсан, уруулын доод хэсэгт язарсан, энд тэндээ хавдсан байсан. Буудалд хамт орсон Аагийд зодуулчихлаа гээд байсан. Надтай байх хугацаандаа хэнтэй ч маргалдсан, муудалцсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-95-96/,

Гэрч Г.Жавзандуламын: 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн үед талийгаач над руу өөрийнхөө утсаар залгаад хүү нь хүнд зодуулчихлаа шүдгүй болчихлоо шүд уначихлаа гэсэн. Хэн зодсон юм бэ гэж асуухад надад хүнээ мэднэ гээд хэлээгүй. Би Баянхошуунд айлд байна гээд утсаа салгасан. Би эмнэлэг явах гэж байсан болохоор өөрийн төрсөн дүү болох Батбаяр, Батнайрамдал хоёр руу утсаар яриад талийгаач хүнд зодуулсан гэж байна та хоёр уулзаад арга хэмжээ аваадхаач гэсэн. Тэгээд манай дүү Батбаяр талийгаачийн гэрт нь очсон чинь гэртээ байхгүй гэр нь цоожтой байна гэсэн тэгээд утсаар ярихад нь талийгаач айлд байна гээд байгаа айлаа зааж өгөөгүй гэсэн. Би талийгаач руу утсаар залгаад ерөөсөө утсаа авахгүй байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-120/,

Гэрч Л.Тулгын: 2015 оны 4 дүгээр сарын 04-ний 22 цагийн үед талийгаач Сүхбаатар танайд очиж байна гэж ярьсан. Цагаан өнгийн жижиг машинтай миний таних Жавхаа гэх залуу болон жолооч нь нэг 30 гаран насны залуу, бас нэг эмэгтэйн хамт ирсэн. Талийгаач караокед хамт орьё гээд би машинд нь хамт суугаад Баянхошууны Жанцангийн автобусны буудал дээр ирээд зогссон. Тухайн үед Сүхбаатар, Жавхаа хоёр архи уучихсан байсан болохоор нь би ер нь харилаа та нар их уулгүй харицгаагаарай гээд машинаас буугаад гэр рүүгээ харихаар 8 дугаар хорооны хажууд явж байтал талийгаач араас ирээд жоохон хамт сууж байгаад явчих гэж хэлэхээр нь би ер нь харилаа та нар сууж байгаад яв гээд яваад өгсөн. Талийгаач буцаад яваад өгсөн юм. ...2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү Тэмүүжинтэй утсаар ярихад манай хүү талийгаачийг хүнд зодуулсан гэртээ байна, эрүү өвдөөд сайн ярьж чадахгүй байна гэж ярьсан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн утас руу залгаад утсаа аваагүй.

...Тухайн өдөр талийгаачтай муудалцсан зүйл байхгүй. Би ер нь архи уухаар нь дургүй байдаг юм. Гэхдээ бид хоёрын дунд ямар нэгэн зодоон цохион болдоггүй. ...Он гарснаас хойш талийгаач Жавхаатай хамт гэртээ амьдарч байсан. Талийгаач ганцаараа амьдардаг байсан болохоор архи их уудаг, тэр хоёр ер нь байнга архи уудаг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-117-118/,

Гэрч Ц.Цэрмаагийн: ...2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед би охинтойгоо гэртээ байж байтал хадам ах Өлзийхутагын хүүхэд Баатаржавхлан орж ирээд манай гэрт гал түлээд өг гэсэн юм. Чадахгүй гэсэн чинь Баатаржавхлан эмэгтэй хүнтэй ирчихээд байхад нэгнийгээ ядарч явахад тусалдаггүй гээд амандаа үглээд гараад явсан. Тухайн үед духны зүүн хэсэг нь шалбараад хавдчихсан байсан. ...Тэгээд 30 минутын дараа Баатаржавхлангийн гэрээс хүн гүйгээд хашааны хаалгаар гарах чимээ гарахаар нь би хашаанаас гараад хартал цагаан өнгийн машин явж байгаа харагдсан. Тэгэхээр нь манай машиныг шүргэчихсэн байх вий гээд машинаа хартал зүгээр байсан.

...Маргааш нь 18 цагийн үед ...нар шингэж байхад Баатаржавхлан хаалгаар Намхай ах намайг зодчихлоо гээд амнаас нь цус гарчихсан, гар нь цус болчихсон шагайхаар нь яах гээд байгаа юм бэ цаашаа цаашаа гэхэд Баатаржавхлан цаашаа эргээд явчихсан. 5-6 минутын дараа гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг чимээ гарахаар нь би гэрээс гартал Намхай согтуу Баатаржавхлангийн гэрийнх нь үүдний амбаарын хажууд хувцсаа авъя гээд зогсож байсан. Байшингаас Өлзийхутаг ах юу болоод байгаа юм бэ гарч ирж байсан. Манай гэрээс Бямбадорж эхнэртэйгээ хамт гарч ирж байсан. Би Намхайг чи одоо яв яв согтуу энүүгээр юу хийгээд байгаа юм харанхуй болохоос өмнө яв яагаад зодолдоод байгаа юм гэхэд Намхай би хувцсаа явъя гээд байхаар нь би Баатаржавхлангийн гэрийнх нь хаалгыг татсан дотроос нь цоожилсон байсан. ...тооно дээр нь очиход гэрийнх нь хоймор нэг хүн хэвтэж байх шиг байсан. ...Бид нар 23 цаг өнгөрөөгөөд унтаад өгсөн. Унтаж байтал манай хаалгыг Цэрмаа эгчээ гээд нүдээд байсан. Хаалга онгойлгоход Баатаржавхлан орж ирээд яанаа Бямбаа ахаа надтай унтаж байсан хүн бурхан болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь аавыгаа дууд гэсэн чинь Баатаржавхлан буцаж гараад Өлзийхутаг ахыг дуудаад хүрээд ирсэн. ...Өлзийхутаг ах үзсэн харснаа хэлээрэй, Намхайгийн талаар яриад яахав дээ гэсэн. ...Намхай ямар шалтгаанаар зодолдсон талаар мэдээгүй, хараагүй.

...Өлзийхутаг надад Намхайн талаар цагдаад юм яриад яах вэ гэхээр нь би урьд өгсөн мэдүүлэг дээрээ хэлээгүй. ...Намхайг ирснийг мэдээгүй, зодоон болсны дараа гадаа гарахад л мэдсэн. Намхайг хувцсаа авна гээд хашгираад байж байхад нь уулзахад согтуу бараан хувцастай байсан. Ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-125-126/,

Гэрч Г.Уранчимэгийн: Би Ар дайраг ХХК-ийн Мотел дэн буудалд менежер ажилтай. ...Манай камерийг алдаатай тавьсан ба нэг хоногоор түрүүлж гараад байдаг юм. 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэг л гэхэд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэж нэг өдрөөр түрүүлж гараад байдаг. Анх тохируулахдаа нэг өдрөөр түрүүлж тохируулаад засагдаагүй тэр чигт нь байлгаж байсан юм гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-50/,

Гэрч Л.Эрдэнэчулууны: ...Манай ээж, эгч нар шүүх хуралд оролцохгүй, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн. Намхайн талаас манайд 7000000 төгрөг өгсөн. Намхайд гомдол санал байхгүй. Баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгч байна гэх гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-205/,

Шинжээч эмч А.Амгаланболдын: ...Үүдэн шүдний сулрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Шүүх эд судлалын шинжилгээгээр цусан хураа дахь фибриний ширхгийн насжилтаар өнгөний хувирал өгдөг тусгай будгийн аргаар тогтоодог. Цусан хураа дахь фибриний үүсэлтийн өнгөний хувирлаар 0-6 цагийн хооронд шар-улбар шар, 6-12 цаг улбар шар нас бие гүйцсэн, 12-18 цаг тод улаан ягаан, 18-24 цагт улаанаас үзмэн ягаан, 24 цагаас дээш үзмэн ягаанаас саарал, 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн бол цэнхэр өнгөөр будагдсан байдлаар нь цаг хугацааг тогтоодог. Цусан хурааны цаг хугацаа нь 8-16 цаг гэдэг нь тусгай будгийн арга хэрэглээгүй цусан хурааны энгийн нүдээр харагдах байдлаар болон эд судлалын шинжилгээгээр цусан хураан дахь улаан эсийн задрал фибриний ширхэг үүсэлтийг үндэслэж тогтоосон. 6-12 цаг гэдэг бол эд судлалын шинжилгээний тусгай будгийн арга хэрэглэж тогтоосон цаг хугацаа юм. Цусан хурааны үүссэн цаг хугацааны хувьд 4-6 цагийн хооронд хэлбэлзэлтэй байж болно гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-44/,

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016.09.19-ний өдрийн 377 дугаар дүгнэлтэд:                                1. Талийгаач Л.Сүхбаатарын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, дух, зүүн доод зовхи, хацар, зүүн эгэм, бугалга эрүүний цус хуралт, доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Л.Сүхбаатар нь цогцост хийсэн тэмдэглэлээс үзэхэд 2015.0.4.07-ны 05.00 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг орчим болсон буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан байх боломжтой байна. 4. Шүүх эмнэлгийн практикт тархинд үүссэн цусан хурааны хугацааг тогтооход MSB тусгай будгийн аргыг ашигладаг ба талийгаачийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь үүсээд 6-18 цаг орчим болсон байх магадлалтай байна. Давтан магадлан шинжилгээ хийсэн шинжээч эмч нар цусан хураа тогтоох MSB тусгай будгийн аргыг ашигласан байна. 5. Талийгаач дээрх тархины гэмтлийг авснаас хойш цусан хураа ямар хугацаанд хуримтлагдах, үхэлд хүргэх зэрэг нь гэмтлийн байдал, гэмтсэн судасны хэмжээ, тухайн хүний бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд буюу цус хуралдаж, тархийг дарах хүртэлх хугацаанд ямар нэг хөдөлгөөн, идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Цус хуралдах хугацаа архины нөлөөгөөр түргэсч болно. 6. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 657, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 250, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 377 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэжээ /3 дугаар хавтас, хх-193-196/,  

Шинжээч эмч Б.Ундармаагийн: ...Комиссын гишүүд бид өмнөх дүгнэлтүүд буюу 657, 250, 377 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь талийгаачийн нас барсан цаг хугацааг 657 дугаар дүгнэлтэд 8-16 цаг, 250 дугаар дүгнэлтэд 6-12 цаг, 377 дугаар дүгнэлтэд 12-18 цаг гэж гаргасан ба бид дээрх 250 ба 377 тоот дүгнэлтүүдийн цусан хурааны хугацааг тодорхойлдог тусгай будгийн MSB будгаар гаргасан цаг илүү үндэслэлтэй гэж үзээд уг цусан хураа нь 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн. Өмнө нь гаргасан 8-16, 6-12, 12-18 цагууд эь бидний гаргасан дүгнэлтийн 6-18 цаг гэсэн цагт хамаарагдаж байгаа тул дээрх дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа талийгаачийг нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн үзлэг тэмдэглэлээс үзэхэд 2015.04.07-ны өглөө 05 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг орчим болсон ба 2015.04.06-07-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-197-198/,

...Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн эмч нас барсан хугацааг тогтоодог тул 2015.04.07-ны өдрийн тэмдэглэлд тусгасан буюу анхны үзлэг хийсэн шинжээч эмчийн Л.Сүхбаатарын нас барсан хугацааг тогтоосныг үндэслэн бид нас барсан хугацааг дүгнэлтэд бичсэн. ...Эд эсийн шинжээч Б.Ариунзул 12-18 цаг, Г.Батцэцэг 6-12 цаг болсон байна гэж дүгнэлт гаргасан учраас дээрх цагуудыг үндэслэн талийгаачийн тархины гэмтэл нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн. Энэ хоёр нь 2 өөр ойлголт. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа гэмтэл нь нас барахаас өмнө 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн нь нэг ойлголт. ...Тавьсан асуултын дагуу 5 дахь хэсэгт хариулахдаа уг цусан хураа нь ямар хугацаанд хуримтлагдсан, ямар хугацааны дараа үхэлд хүргэсэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзсэн нь бас нэг өөр ойлголт. Өөрөөр хэлбэл цусан хураа нэг цагийн дотор хуримтлагдсан эсэх, эсхүл 10 цагийн дотор хуримтлагдсан эсэхийг бид нарийвчлан тогтоох боломжгүй тул дүгнэлтэд тодорхой тайлбарласан байгаа гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-199-200/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.05.19-ний өдрийн 493 дугаар дүгнэлтэд: 1. Ч.Намхай нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ч.Намхай нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 3. Ч.Намхай нь сэтгэцийн хувьд мэдүүлэх өгөх чадвартай байна. 4. Ч.Намхай нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ /1 дүгээр хавтас, хх-187-188/,

Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 2015.08.10-ны өдрийн 897 дугаар дүгнэлтэд: 1. Баатаржавхлангийн биед тухайн үед 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, доод эрүүний зулгаралт, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. 2. Дээрх доод эрүүний зулгаралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх хоёр нүдний хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна гэжээ /2 дугаар хавтас, хх-86/,

Н.Алтан-Очирын яллагдагчаар өгсөн: ...Дахиад нэг цаг сунгасан. Алтантуяа уйлаад Сүхбаатар уруу гомдоллоод байсан. Алтантуяа гэдэг хүүхэн гараад явсан. Гарсан хойгуур нь Сүхбаатар Алтантуяаг тасрааж байгаад гурвуулаа унтчихъя гэж хэлэхэд нь би юу ч хэлээгүй. Тэндээс гараад буудал орсон. Алтантуяа бас буудалд ороод уйлаад янз бүр болоод талийгаач уруу гомдоллоод байсан. Тэгтэл буудлын хүмүүс орж ирээд чимээгүй бай гээд загнаад гарсан. Сүхбаатар, Алтантуяа хоёр 00 орлоо гээд хамт гарсан. Эргэж орж ирээд удаагүй байтал Алтантуяа эргээд ганцаараа гарахаар болоод гараагүй байж байтал талийгаач Алтантуяаг гарчихлаа гэж бодоод над руу хүрч ирээд гурвуулаа Алтантуяаг тасрааж байгаад унтчихъя гэж дахиад хэлсэн. Би Сүхээ ахаа та юу яриад байгаа юм, энэ чинь таны дүү гээ биз дээ гэж хэлсэн. Тэгтэл талийгаач Сүхбаатар намайг үгийн зөрүүгүй цохиод авсан. Би гараараа нүүрээ хамгаалсан. Баатаржавхлан хажуугаас намайг өшиглөсөн. Би орилоод босоод иртэл Баатаржавхлан хойшоо ухарсан. Тэгээд би талийгаачийг нэг удаа цохиход талийгаач хойшоогоо суугаагаараа унасан. Тэгтэл Баатаржавхлан над руу чи муу ямар овоо пизда вэ гээд дайрсан. Би Баатаржавхланг орон дээр багалзуурдаад унагаасан. Тэгтэл Алтантуяа хажуугаас орилоод бөөн юм болоод буудлын хүмүүс ороод ирсэн. Би Сүхбаатарыг татаж босгоход талийгаач надад чи ахыгаа ийм болтол нь цохичихсон байна ш дээ гэхээр нь хартал доод талын үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн байсан. ...Машиныг цохиод байна гэж хэлсэн. Тэгээд би цонхоор хартал тэр хоёр зам дээр хэвтэж байсан. Би очоод машинаа тойрч харсан.

...Өглөө нь Баатаржавхлан 3-4 залуучуудыг дагуулж ирээд өчигдөр намайг зодоо биз дээ чи миний духыг хар гээд байсан. Тэгэхээр нь би чамд гар хүрээгүй юу яриад байгаа юм гэж хэлтэл нэг нь чи өчигдөр Сүхээ ахыг зодсон байна гэж хэлэхээр нь би зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлал гуйх гэж байснаа хэлсэн. Баатаржавхлан чи намайг зодсон гээд байсан буудлын хүн намайг зодоогүй гэж хэлээд шат руу унаж байгаа бичлэгийг тэр хүмүүст үзүүлсэн. ...Тэр хүмүүс намайг чи Сүхээ ахыг юугаар цохисон бэ гэхээр нь гараараа цохисон гэж үнэнээ хэлсэн. ...Очтол талийгаач унтаж байхаар нь дуудаж сэрээтэл босч ирэнгүүтээ надад хандаж чи намайг яаснаа хардаа гээд хэлээд хартал доод талын 2 шүд нь хөдөлчихсөн, уруул нь хавдсан, зүүн шанаа хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд би уучлалт гуйсан. ...Тэгээд Баатаржавхлангийнд очоод архи, пивоо уусан. Би галыг нь түлээд гоймонгоо идээд байж байтал Баатаржавхлан, Сүхбаатар хоёр унтаад өгсөн. Алтантуяа явъя гээд бид хоёр хамт явсан. Талийгаачийг сэрээх гэхэд сэрэхгүй унтаад байсан.

...Алтантуяа бид хоёрыг Баатаржавхлангийн гэрээс явахад гэрт нь ямар нэгэн зодоон болсон ул мөр байгаагүй. Тухайн үед Баатаржавхлангийн дух дээр жоохон хавдчихсан, хавдар дээрээ жоохон шалбархайтай байсан. Өөр гэмтэл байгаагүй. Талийгаачийн хувьд уруул, эрүү нь хавдсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. ...Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 06-7-нд шилжих шөнө Баатаржавхлан цагдаатай хамт манай гэрт ирэхэд эрүү доор нь шалбархайтай, нүүр нь тэр чигээрээ хөх эрээн болчихсон нүүр ам нь болон гар нь цус болчихсон байсан. Маргааш нь цагдаа дээр уулзахад цус нь арилаагүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-223-225/,  

Ч.Намхайгийн яллагдагчаар өгсөн: 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын үед би Баатаржавхлангийн гэрт нь үлдээчихсэн ажлын хувцсаа авах гээд халамцуу очиход Баатаржавхлан, түүний найз гэх залуу хүнд зодуулсан гээд Баатаржавхлангийн зүүн талын нүд хавдчихсан, нөгөө залуугийн толгойн баруун хэсэг нь хавдчихсан, баруун нүд нь хавдаад улайчихсан, дээд, доод уруул нь дорвойгоод хавдчихсан байсан. Нөгөө залуу нь миний дээд, доод шүд хөдөлчихсөн гээд шүдээ хэлээрээ түлхээд амаа сайн ангайлгаж чадахгүй, хэлээ гаргаж чадахгүй байсан. ...Тэгээд бид гурав архи хувааж ууж дуусгаад би Баатаржавхлангийн аав Өлзийхутагийн байшинд орж Өлзийхутагтай ажилд орох гэж байгаа талаараа ярьж сууж байгаад эргээд Баатаржавхлангийн гэрт орох гэтэл дотроосоо цоожтой байсан. Хаалгыг нүдэхэд нилээн удаан байж байгаад онгойлгосон. Би гэрт ороод лам хүмүүс байж яасан их архи уудаг юм гээд тоглоом шоглоомоор хэлтэл Баатаржавхлан бид нарын ууж идэх чамд ямар хамаатай юм гээд гэрийнхээ хойморт гудсан дээр сууж байгаад босоод гараа далайгаад дайрсан. Би Баатаржавхлангийн уруул хэсэг рүү нэг удаа өшиглөсөн чинь хамраас юм уу амнаас нь цус гоожоод, цусаа гоожуулаад гараад явчихсан. Баатаржавхланг гэрээс гарч байхад найз нь чи миний найзыг дээрэлхлээ гээд хувцасны шкапны урд байсан ишгүй цагаан хутгыг бариад босоод ирэхээр нь би нөгөө залууг цээж рүү нь нэг удаа тийрэхэд нөгөө залуу арагшаа дэвсгэр дээр унаад өгсөн. Тэгэхээр нь би хутгыг гараас нь авах гээд дээр нь гараад цээжин дээр нь гараараа дарж байгаад баруун гараас нь хутгыг булааж аваад зуух руу шидчихсэн. Тэгээд дээрээс нь дараад байж байтал Баатаржавхлан гаднаас орж ирээд надад чи яаж байгаа юм бэ манай найзыг дараад унагаачихсан хүн зодох нь уу гэхээр нь би юу гэж зодуулчихсан хүнийг чинь зодохгүй харин энэ чинь намайг хутгалах гээд хутга бариад дайрлаа ш дээ гээд дээрээс нь босоод би маргааш ажилтай, явлаа гээд гэрээс гарсан. Тэгээд Цэрмаа эгчтэй таартал одоо яв гээд хувцсаа авчихаад явъя гэтэл Баатаржавхлан хаалгаа дотроос нь түгжчихээд онгойлгохгүй байсан. Цэрмаа эгч Баатаржавхлангийн гэр дээр гараад миний хувцсыг авч өгсөн. Би хувцсаа аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-238-239/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-33/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-3-14, 24-28/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-хх-35/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-36-39/, хохирлын баримтууд /1-хх-41-67/, гэрч Ж.Өлзийхутаг, Ж.Бямбадорж, О.Батмөнхдолгор, Ч.Наранбаяр, Т.Эрдэнэбат Ч.Мэндбаяр, Д.Батзаяа, Ц.Хишигхүү, Н.Энхтуяа, Б.Хишигжаргал, Г.Лхагвасүрэн, Н.Даваасүрэн нарын мэдүүлэг /1-хх-108, 129, 131, 134, 135, 137, 138, 139, 140, 142-145/, шүүгдэгч Н.Алтан-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-242/, ял шалгах хуудас /1-хх-246/, шийтгэх тогтоолын хуулбар /2-хх-7-8/, Ч.Намхайн иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-15/, ял шалгах хуудас /2-хх-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-15-20/, Ө.Баатаржавхлангийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-29-31/, шинжээчийн 377 дугаар дүгнэлт /3-хх-71-74/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /3-хх-81-85/,  шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /3-хх-201-204/, хохирол төлсөн баримт /3-хх-206/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн хүсэлт /3-хх-207/, шинжээч Н.Туяагийн мэдүүлэг /3-хх-245/, прокурорын газрын албан бичиг /4-хх-1/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /4-хх-2/, жижүүр эмчийн тэмдэглэлийн хуулбар /4-хх-3-4/ зэргийг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Somei гэх бичиглэлтэй CD 1 ширхгийг проектор ашиглан оролцогчдод үзүүлэн,  

ишгүй хутга 1 ширхэг, бор өнгийн юүдэнтэй хүрэм, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, улаан өнгийн ханцуйтай ноосон цам, эрээн дотоож эрээн оймс, Samsung маркийн дэлгэц нь хагарсан хар өнгийн гадартай гар утас 1 ширхэг зэргийг шүүх хуралдаанд тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.Намхайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.04.10-ны өдрийн 3392 дугаар дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатарын гэх цусанд 4,1%, шээсэнд 4,2%, ходоодны шингэнд 4,3% спиртийн агууламж илрэв /1 дүгээр хавтас, хх-172/ гэсэн байх боловч тухайн хэрэг гарсан нөхцөл байдалд шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байдалтай байсан ба шүүгдэгч Ч.Намхайн хувьд амь хохирогч Л.Сүхбаатарын согтсон энэ байдлыг ухамсарлан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байгаа тул Ч.Намхайг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэж дүгнэх боломжгүй байна.

Харин:

Нэгд. Шүүгдэгч Ч.Намхай нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 63б тоотод иргэн Л.Сүхбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, танхайн сэдэлтээр санаатай алсан болох нь Ө.Баатаржавхлангийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-64-65/, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ч.Намхай, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Намхай амь хохирогч Л.Сүхбаатарыг санаатай алаагүй, Ч.Намхайн амь хохирогчийг нэг удаа тийрсэн үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр цусан хураа үүссэн, амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан буюу талийгаач Л.Сүхбаатар 2015 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан байх боломжтой. Талийгаачийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь үүсээд 6-18 цаг орчим болсон байх магадлалтай гэж тогтоосон, түүнчлэн шүүгдэгч Н.Алтан-Очирын амь хохирогч Л.Сүхбаатарыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, цаг хугацаа, мөн энэхүү үйлдэл, амь хохирогчийн амь насаа алдсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул дээрх тайлбар үндэслэлгүй, мөн бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.  

Хоёрт. Шүүгдэгч Ч.Намхайг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 63б тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ө.Баатаржавхланг зодож, бие махбодид эрүүний зулгаралт бүхий гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар догшин авирласан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалаар гаргасан

- шүүх эмнэлгийн 2015.08.10-ны өдрийн 897 дугаар дүгнэлтэд ...Дээрх доод эрүүний зулгаралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /2 дугаар хавтас, хх-86/ дүгнэлт,

- шүүгдэгч Ч.Намхайн ...Би гэрт ороод лам хүмүүс байж яасан их архи уудаг юм гээд тоглоом шоглоомоор хэлтэл Баатаржавхлан бид нарын ууж идэх чамд ямар хамаатай юм гээд хоймор гудсан дээр сууж байгаад босоод гараа далайгаад дайрсан. Тэгэхээр нь би Баатаржавхлангийн уруул хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Найз нь чи миний найзын дээрэлхлээ гээд ...ишгүй хутга  бариад босоод ирэхээр нь би цээж рүү нь нэг удаа тийрэхэд арагшаа унаад өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-238/,

- хохирогч Ө.Баатаржавхлангийн ...Гаднаас Намхай нэмээд архи уучихсан бололтой нилээд согтуу 18 цагийн үед орж ирээд намайг заяагүй муу пизда гээд агсарч байгаад та нар лам байж архи дарс уугаад зүгээр байж чадахгүй зодуулаад гээд байхаар нь би чамд ямар хамаатай юм гээд Намхайтай хэрэлдээд босоод иртэл Намхай хүрч ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-64/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ч.Намхайн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ө.Баатаржавхлангийн бие махбодид ямар нэг гэмтэл учраагүй төдийгүй бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүйгээр авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.       

Иймээс шүүгдэгч Ч.Намхайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ...эрүүний зулгаралт бүхий гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Шүүгдэгч Ч.Намхайг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

2. Шүүгдэгч Н.Алтан-Очир нь 2015 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар дайраг ХХК-ийн Hi нэртэй дэн буудалд иргэн Л.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь дух, зүүн доод зовхи, хацар, эрүүний цус хуралт, доод уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар дайраг ХХК-ийн Hi нэртэй дэн буудалд иргэн Ө.Баатаржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ө.Баатаржавхлангийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-64, 3 дугаар хавтас, хх-98/, гэрч Р.Алтантуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-83, 84-85/, гэрч Л.Наранцацралын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-86-87/, гэрч Б.Батсүхийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-88-90/, гэрч Ж.Нарангэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-91-92/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-33-34/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Алтан-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

3. Шүүгдэгч Ч.Намхайн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарч байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүйг харгалзан, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.  

 

4. Шүүгдэгч Н.Алтан-Очир нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч Н.Алтан-Очирын 2015.04.07-ны өдрөөс 2015.05.08-ны өдөр хүртэл 31 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч Ч.Намхайн 2015.05.06-ны өдрөөс 2017.01.06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 611 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн 2016.09.06-ны өдрийн цаашид оршуулга болон хохирлын төлбөрийн асуудлаар би болон манай ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, Ч.Намхайд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх /3 дугаар хавтас, хх-206-207/ хүсэлт, хохирогч Ө.Баатаржавхлангийн Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /2 дугаар хавтас, хх-59/ хүсэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Somei гэсэн бичигтэй 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ишгүй 1 ширхэг хутга, бор өнгийн юүдэнтэй хүрэм, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, улаан өнгийн ханцуйтай ноосон цамц, эрээн дотоож, эрээн оймс, Samsung маркийн дэлгэц нь хагарсан хар өнгийн гадартай, 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Н.Алтан-Очирыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэгт Ч.Намхайг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Ч.Намхайг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

4. Шүүгдэгч Гомбоюү овогт Чойжилсүрэнгийн Намхайг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,

бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5. Шүүгдэгч Ч.Намхайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 /арван тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

6. Шүүгдэгч Ч.Намхайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.   

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ч.Намхайд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Намхайн цагдан хоригдсон нийт 611 /зургаан зуун арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Алтан-Очир нь 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй 1 ширхэг хутга, бор өнгийн юүдэнтэй хүрэм, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, улаан өнгийн ханцуйтай ноосон цамц, эрээн дотоож, эрээн оймс, Samsung маркийн дэлгэц нь хагарсан хар өнгийн гадартай 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж, Somei гэсэн бичигтэй 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Намхайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Н.Алтан-Очирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Намхайд авсан цагдан хорих, шүүгдэгч Н.Алтан-Очирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР

 

ШҮҮГЧИД                                        Г.АЛТАНЦЭЦЭГ

 

    Б.БАТАА